ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.09.17 11:09

БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ба сэтгүүлч Н.Өнөрцэцэг

УИХ - ын гишүүнн Ц.Гарамжавын эзэмшлийн “Монполимет” компани улсад их хэмжээний хохирол учруулсан гэх асуудлаар түүнтэй ярилцлаа.


-Сүүлийн үед таныг Монголбанкны Эрсдэлийн сангаас зээлээ төлүүлсэн гэдэг асуудал яригдаж эхэллээ. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ярьж буй зүйл хэр үндэслэлтэй вэ?

-Сүүлийн үед ийм явдал болж, нэг том гэмт хэрэгтнийг илрүүлсэн мэтээр нийгэмд намайг харлуулах гэж оролдож байна. Хэвлэл мэдээллийн байгууллага ард иргэддээ үнэн зөв мэдээллийг хүргэхийн тулд нотлох баримттай ярих ёстой шүү дээ.

Ер нь сэтгүүл зүй улс төрийн зорилгоор хэн нэгний нэр хүндэд халдаж, гэмгүй байхад нь гэмтэн болгодог шинэ технологитой болсон нь харагдаж байна. Өдгөө УИХ-ын гишүүдийн нэр хүнд тааруу байгааг ашигласаар л. Ер нь цаашдаа гишүүн болох хүн олдох юм уу гэмээр нэр хүнд нь буурч байна.

Улстөрчдийг авлигачин, гэмт хэрэгтэн мэтээр харуулж байгаа энэ ташаа ойлголтыг, ашиглаж, хүн бүрийг буруутгах гэж оролдож байна. Тухайн өдөр би маш их стресстэй байсан. Шатаар өгсөөд нэлээд амьсгаадчихсан, өрөө рүүгээ алхаж явтал тэр эмэгтэй гэнэт гараа өргө гэж байгаа юм шиг л “10 тэрбум” гээд л хашхираад гараад ирсэн. Би тэр хүнээс үнэхээр цочсон.

Сүүлийн үед энэ нэр бүхий сэтгүүлч эмэгтэй миний талаар янз бүрийн зүйлс яриад яваад байгаа юм. Ц.Гарамжав гишүүн гэр рүүгээ зам тавиуллаа л гэнэ. Гэтэл тэр зам бүхий нийтийн эзэмшлийн талбайг олон жил авсан хууль бус, мафи маягийн этгээдүүдийг хамгаалж тийм мэдээлэл тавьсан юм билээ.

Миний хувьд тэр талбайд зам тавихыг дотроо л дэмжиж явсан болохоос тавиулсан юм байхгүй. Дараа нь Ц.Гарамжав гишүүн гэмт хэрэг хийсэн байна гээд гэнэтхэн үсрээд гараад ирсэн. Гэх мэтчилэн энэ хүн сошиал орчноор энэ бүх худал мэдээллүүдээ тарааж, сошиалд намайг харлуулах гэж оролдож байгаа.

-Тэр “10 тэрбум” төгрөг ямар учиртай юм бэ?

-Нэгдүгээрт, манайх хэзээ ч Монголбанкнаас зээл авч байгаагүй. 2000-аад оны эхээр Монголд Алт-1 хөтөлбөр хэрэгжиж байсан. Монголбанк тэр үед уул уурхайн компаниудтай Металл арилжааны гэрээ буюу олон улсын зах зээл дээр үнийн ирээдүйн өсөлт дээр тулгуурласан нэмэлт ашгийг олох гэрээ байгуулж байсан.

Тухайн үедээ 10-аад компанитай 2003 оноос эхлээд ийм гэрээ байгуулж ажилласан. 2003 он гэдэг чинь талийгаач Ц.Чулуунбат ерөнхийлөгч байх үед юм. Түүний эхлүүлсэн уг арилжаа нь дэлхийн зах зээл дээр амжилттай хэрэгжсэн. Түүнийг зургаан жил Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаад ажлаа өгөхөд УИХ-аар түүний хийсэн энэ ажлыг сайшааж, шагнал урамшуулал өгч байсан юм билээ.

Чулуунбат талийгаачийн дараа Ц.Батсүх гэдэг хүн Монголбанкны ерөнхийлөгч болсон. Тэгэхдээ тэр арилжаанд оролцсон компаниудын гэрээг өөрсдөд нь мэдэгдэлгүй цуцалсан. Үүний дараа арилжаанд оролцсон компаниудын тавьсан арилжаагаа үргэлжлүүлэх хүсэлтийг ер хүлээж авахаа больсон. Тухайн үед миний үүсгэн байгуулж байсан аж ахуйн нэгж авлагатай байсан. Өөрөөр хэлбэл ашигтай ажиллаж байсан гэсэн үг л дээ.

Гэтэл түүнийг зориуд өглөгтэй болгох тийм зүйлийг яаж хийснийг сайн мэдэхгүй байна.

Тухайн үед Монголбанк өөрөө арилжаанаасаа алдагдалд орсон. Энэ алдагдлаа тэр металл арилжаанд оролцож байсан компаниудыг төлөх ёстой гэсэн хуурамч тоог санаатайгаар гаргаж ирээд тэр тоогоо компаниудаар хувааж төлүүлэхийг оролдсон.

Компаниуд эхлээд учраа олоогүй л дээ. Тиймээс энэ мөнгийг төлж эхэлсэн. Манай компани ч төлсөн. Гэтэл энэ маргаан 10 гаруй жил явсан болохоор бид сүүлдээ үүнийг судалсан. Яагаад бид нар мөнгө төлөх ёстой билээ гээд өмгөөлөгч, хуульчид аваад Монголбанктай учраа ололцох гэж олон албан бичгийн нүүр үзсэн. Монголбанк тухайн үед бид нарыг буруутгасан.

Гэхдээ биднийг шүүхэд өгөөгүй л дээ. Арилжаанд оролцсон аж ахуйн нэгжүүд угаасаа шүүхэд өгөх эрхгүй байсан. Ингээд энэ хэрэг 10 гаруй жил үргэлжилсэн. Сүүлд нь компаниудаа дарамтлаад байхаар нь бид нар нэлээд шахаж эхэлсэн.

Улмаар Монголбанк биднийг 2015 онд шүүхэд өгөөд шүүхээр өөрсдийнх нь дотоод үйл ажиллагааны зохион байгуулалтын буруугаас үүссэн байна гэдэг нь илэрч дийлэнх компаниуд шүүхээр цагаатгагдсан. Банкны дотоод зохион байгуулалтаас үүссэн алдагдлыг компаниуд хүлээх ёсгүй юм байна гэж цагаатгаж шүүхийн шийдвэр тогтоол нь хэрэгжсэнээс хойш 10 гаруй жил өнгөрчээ.

Энэ бол 16 жилийн өмнө болсон Монголбанк, аж ахуйн нэгжүүдийн хоорондох хамтран ажилласан гэрээнээс үүссэн алдагдлын маргаан юм. Одоо ч гэсэн Монголбанкны валютын хэмжээг нэмэгдүүлдэг Металл арилжааны гэрээг явуулах хэрэгтэй.

-Яагаад А.Батсүх ерөнхийлөгч энэ арилжааг цуцалсан юм бол?

-Бид үүнийг судалсан. Энэ бол санаатайгаар Монголбанканд алданги үүсгэж, бид нараар төлүүлэх гэсэн үйл ажиллагаа байсныг сүүлд мэдсэн.

-Ер нь ямар ч гэрээ байсан нэг тал нь нөгөө талдаа мэдэгдэлгүй цуцлах эрх зүйн үндэс байхгүй биз дээ?

-Мэдээж. Гэрээндээ гэрээг цуцлахаар бол нэг сарын өмнө мэдэгдэх ёстой гэж заасан байсан. Тооцоо нийлсэн актыг 2006 онд хийчихсэн байгаа. Тэнд "Монполимет" компани нэг сая гаруй долларын авлагатай байгаа.

-Ер нь Эрсдэлийн сангаас зээлээ төлүүлэх боломжтой юу?

-Аль ч банканд дотоод үйл ажиллагааныхаа алдагдлыг төлөх Эрсдэлийн сан байдаг. Монголбанк өөрсдийнхөө үйл ажиллагааны алдагдлыг эрсдэлийн сангаасаа хаах ёстой л доо.

-Одоо та Монголбанканд өртэй юу?

-Ямар ч өр байхгүй. Харин ч өөрсдийнхөө олборлож байсан металлаар Монголбанканд ашиг өгч байсан. Эргээд үзэхэд баримттай байгаа.

-Энэ тайлбараа тухайн үед сэтгүүлчийг асуухад яагаад хэлж болоогүй юм бэ?

-Ордны гурван давхарт дөнгөж гарч ирээд амьсгаагаа ч дарж амжаагүй байхад хүн цочтол нэг их муухай дуугаар “Та 10 тэрбум төгрөгийн зээлээ Монголбанкаар төлүүлсэн байна” гэхээр гэнэтхэн цочирдоод тухайн үедээ нэлээд бухимдлаа.

Түүнчлэн ярьсан юм нь миний мөн чанарын эсрэг байсан. УИХ-ын гишүүн болоод би 60 мянган хүнийг төлөөлж ажиллаж байгаа. Энэ хүмүүсийн амьдралыг яаж сайжруулах вэ, энэ нийгэмд тулгамдаж байгаа хүнд асуудлуудыг хэрхэн дээрдүүлэх вэ, ямар хуулийг яаж зөв батлах вэ гэх мэт зүйлийг бодож байхад “Чи зээлээ төлүүлчихдэг хүн байна” гээд гэнэт гараад ирэхээр хүний уур хүрч, бухимдана шүү дээ. Тэгээд тэр хүнд хэлэх үгээ хэлсэн.

УИХ-ын гишүүн гээд үгээ хэлж чадахгүй гүжирдүүлээд байх нь миний зан биш. Би түргэн зантай хүн. Хаана ч хэлэх үгээ хэлнэ. Хүн болгонд таалагдах миний зан биш. Миний үүсгэн байгуулсан оффис дээр түймэр гарсан. Энэ үеэр бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ирж сурвалжилсан.

Журмын дагуу гал сөнөөгчдийн зогс гэсэн газар сэтгүүлчид зогсож тэр үйл явдлыг үнэн зөвөөр сурвалжилсан. Гэтэл тэр сэтгүүлч эмэгтэй угаартаад ухаан алдчихсан хүнийг ярилцлага өг гэж зодох нь холгүй ярилцлага аваад л.

Энэ мэтчилэн буруу мэдээлэл цацах гэж оролдсон. Угаартсан хүмүүсийг доромжилсон. Би бас тухайн үед дотроо ийм гомдолтой явсан л даа. Тэгээд л бухимдсан сэтгэлээ тэр хүнд гаргасан.

-АТГ-т таныг шалгуулах гэж байгаа гэсэн. Энэ 10 тэрбумын асуудалтай холбоотой юу?

-Тийм. Нийгэмд байгаа эрүүл бус үзэгдлүүдийг АТГ шалгаж хариуцлага сахилга батыг илрүүлж байвал сайн. Хэн дуртай нь өөртөө таалагдахгүй нэгнийг АТГ-т шалгуулж байвал буруу. АТГ намайг шалгах байх. Үр дүнг нь шударга үнэнээр мэдээлэх байлгүй дээ. Шударга үнэнийг тогтоогоод өгөөсэй л гэж бодож байна.

-Та шалгуулахдаа бэлэн байна уу?

-Мэдээж. Харин ч сайн шалгаад өгөөсэй гэж бодож байна.

Н.Өнөрцэцэг: Ц.ГАРАМЖАВ ГИШҮҮН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ АШИГЛАЖ 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨЛӨЛТӨӨС ЗАЙЛСХИЙСЭН БАРИМТ ХӨДӨЛШГҮЙ

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.


-УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын төлөх ёстой 13.6 тэрбум төгрөгийг Монголбанк төлсөн гэх баримт дэлгэгдээд байна. Энэ өр зээлийн асуудалд Монголбанкны эрх бүхий албан тушаалтнууд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид ашиг сонирхлын үүднээс хандсан байх боломжтой гэж үзэж байна уу?

-Боломжтой. Сэтгүүлч бид хардах эрхтэй. Гэхдээ энэ удаад би хардаагүй. Нээлттэй байгаа мэдээлэл дээр дүгнэлт хийж мэдээлэл гаргасан. Мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс УИХ-ын гишүүн Ц.Гарамжаваас өөреөс нь тодруулга авахад тэрбээр няцаагаагүй.

Баримт ярья. Энэ бол шүүх.мн гээд шүүхийн албан ёсны сайт дээр байгаа мэдээлэл. “Монполимет” ХХК нь 10,615,924,551 төгрөгийн төлбөрийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй учир Монголбанк Сүхбаатар Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд нэхэмжлэл гаргасан.

“Монполимет” ХХК нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75.2.1-д заасан нэхэмжлэл гаргах хөен хэлэлцэх хугацаа (3 жил) өнгөрсен учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах хариу тайлбар гаргасан байна.

Сүхбаатар Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн шүүгч С нь 2016 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 230 тоот шийдвэрээрээ “Монполимет” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарын дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Уг шийдвэрт Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, эрх бүхий албан тушаалтнууд давж заалдах гомдол гаргаагүй учир шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж “Монполимет” ХХК нь 10,615,924,551 (арван тэрбум зургаан зуун арван таван сая есөн зуун хорин дөрвөн мянга таван зуун тавин нэг) төгрөгийг Монголбанканд төлөх үүргээсээ чөлөөлөгдсөн байна. Ц.Гарамжав гишүүн хөөн хэлэлцэх хугацааг ашиглаж 10 тэрбум төгрөгийн төлөлтөөс зайлсхийсэн баримт хөдөлшгүй гэдгийг хэлье.

-Ц.Гарамжав гишүүний зүгээс ямар нэгэн өр зээл Монголбанкаар төлүүлээгүй гэсэн байсан.

-Өөрийгөө өмгөөлөөд ярихаар өр төлөгддөг юм биш. Ц.Гарамжав гишүүн хэрвээ өөрөө буруугүй бол гарч ирээд хэвлэлийн бага хурал хийчих зоригтой байх ёстой. Хөдөлшгүй баримтын өмнөөс яаж ч уснаас хуурай гарах гээд чадахгүй гэж бодож байна.

Эрхэм гишүүн өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа бол тооцоо нийлсэн акт үйлдэж өрөө төлнө гэж гарын үсэг зурахгүй байсан. Мөн хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээ хаалгахгүй байлаа.

-Таныг өөрийг нь шантаажилж байна. Мөн цаана нь зохион байгуулалттай хүмүүсийн захиасаар над руу дайрч байна ч гэх зүйл яригдаж байна. Энэ тухайд?

-Эрх мэдэлтэй хүмүүс, дарга нар, УИХ-ын гишүүдийн ганц ярьдаг зүйл нь энэ.

Ямар ч баримтгүйгээр сэтгүүлчдийг тэд ингэж гүтгэдэг. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав намайг шантаажчин гэж харлуулж сошиал медиад их хэмжээний мөнгө төлж өдөр, шөнөгүй над руу дайрч байна. Бүрэн эрхтэй, алтны том компанитай, намтай, фракцтай бүлэглэлийн эрх мэдэлтэн яаж бусдыг харлуулж чаддаг юм бэ гэдгийг биеэрээ мэдэрч байна.

Гэхдээ би хэзээ ч энэ асуудлыг орхихгүй, бичсэн нийтлэлийнхээ үр дүнг үзтэл сурвалжилна Би түүнийг шантаажлаагүй Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг сэтгүүлчийн ажил үүргээ гүйцэтгэх явцад зориудаар нөлөөлж нэр төрд халдаж байгаад өргөдөл гаргаж Эрүүгийн хуулийн дагуу шийдүүлнэ.

-Гишүүний зүгээс шүүхээр явна гэж байсан шүү дээ. Энэ асуудлын талаарх нэмэлт баримт сэлт бий юу?

-Ц.Гарамжав гишүүн өмнө нь намайг нэг удаа хуулийн байгууллагаар шалгуулахаар өргөдөл гаргасан. Би баримтуудаа авч очоод байцаалт өгөөд тэр хэрэг хэрэгсэхгүй болсон. Одоо дахиад хуулийн байгууллагад өгөх байх, би баримтуудаа авч очоод мөн л байцаалт өгнө.

Нас барсан иргэдийн зээлийг төлөх ёстой Эрсдэлийн сангийн мөнгөөр яагаад "Монполимет" ХХК-ийн зээлийг хаасан бэ гэдэг асуултад өнөөдрийн байдлаар ямар ч албаны хүн хариулаагүй байгаа.

Б.Амартүвшин

Б.Номин

Онцлох нийтлэлүүд