ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2018.04.11 02:04

Барселона аваргуудын лигийг орхилоо

Аваргуудын лигийн таван удаагийн аварга Испаний Барселона шөвгийн наймд Италийн Роматай таарч эхний тулаанд 4:1-ээр илүүрхэж их шөвөгт шалгарах болзлоо бараг л хангаад байв.

Рома клубийнхэн тоглолтын эхнээс л довтолж зургаа дахь минутанд эхний гоолыг оруулж чадсан юм. Даниел Де Россигийн талбайн төвөөс дамжуулсан бөмбөгийг дамжуулсан бөмбөгийг Босни довтлогч Эдин Жеко гоол болгов. "Хонгилын үзүүрт" гэрэл харсан тэд уулгалан довтолсоор байсан нь хоёрдугаар үеийн 58 дахь минутанд үр дүнгээ өгч Барсагийн хамгаалагч Фике өөрийн талбайдаа Александр Колоравыг өшиглөж унагасныг шүүгч гярхай ажиглаж 11 метрийн торгуулийн цохилт заасан юм. Үүнийг багийн ахлагч Де Росси гоол болгож нийлбэр дүнг 4:3 болгож ойртуулав. Одоо тэндэнд дараагийн шатанд шалгарахын тулд ганц л гоол шаардлагатай байв. Хэрэгтэй байсан гоолыг 82 дахь минутанд Моналас оруулж Ромаг их шөвөгт оруулсан юм.

Ийнхүү энэ улиралд таарсан өрсөлдөгч бүрээ шүүрдэж байсан Барселонагийн гайхалтай улирал аваргуудын лигийн шөвгийн наймд хүрээд дуусч байна.

Өнөө шөнө эзэн хааны Реал мадрид Испаний нэр төрийг хамгаалахаар Италийн Ювентусын талбайд зочлох бол Севияа Германы Бавариа Мьюнхентэй тоглоно.

О.ДАШНЯМ

Онцлох нийтлэлүүд