ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.08.19 07:08

Бартаат замын “ХАНХҮҮ”

“Сайн байна уу” гэсээр нүдээрээ инээсэн туранхай бор залуу хаалга тайлж өглөө. Тэрээр орноосоо босоод удаагүй бололтой “Та нарыг хүлээгээд сууж байлаа” гэсээр угтав. Өглөөний 09.00 цагийн үед “Танайд өнжье” булангийнхаа энэ удаагийн зочныд яаравчлан очсон нь энэ. Түүнийг олон улсын хэмжээний мастер, Монголоос төрөн гарсан Ази тивийн  анхны аварга Э.Халиунболд гэдгийг хэлэхэд таатай байна. Энэ нэрийг сонсмогц уншигч түмэн мото спортын Халиука гэдгээр нь андахгүй биз ээ. Учир нь тэрээр Монголд мото спортын ямар л тэмцээн уралдаан болно тэргүүн байрт л ордог тамирчин. Зөвхөн Монгол гэлтгүй гаднын олон тэмцээн уралдаанд эх орныхоо нэрийг гаргаж мотоциклийн бартаат замын уралдаан буюу мото кросс төрөлд манлайлагч нэгэн билээ. Түүний аав Ш.Эрдэнэбилэг, ах Ууганбаяр гээд гэр бүлээрээ мото спортын Монголын нэртэй тамирчид. Тиймээс энэ удаа хурдны хаадынд ийн зочилсон хэрэг. Э.Халиунболд “Олимп” хотхонд хоёр өрөө байранд ганцаараа амьдардаг юм байна. Харин биднийг очих үед аавындаа байсан юм. Гэрийн эзэн Ш.Эрдэнэбилэг хөдөө ажлаар авсан гээд эзгүй байлаа. Харин Халиукагийн ээж Н.Энхжаргал  мэнд мэдээд цай унд авчрахаар гал тогооны өрөө рүү орж харагдав. Халиунболд эхээс гурвуулаа. Түүний ахыг олон улсын шүүгч, нэгэн үе мотоциклийн бартаат замын уралдаанд өмнөө тамирчин оруулдаггүй байсан Ууганбаяр гэдгийг спорт сонирхогчид мэднэ. Тэрээр гэр бүлээсээ өрх тусгаарласан ч биднийг очих үед ирсэн байв. Харин эгч Ундраа нь Японд амьдардаг ажээ. Зочны өрөөнд нь дүүрэн цом, өргөмжлөл, медаль харагдана. 

Энэ бол аавынх нь амжилт. Харин хоёр хүүгийнх нь өөрсдийнх нь гэрт байдаг гэнэ. “Манай харчуул бүгд мотоцикльд хоббитой. Охин маань энд байхдаа хүртэл мотоцикль сонирхдог байлаа. Харин эгч нь мотоцикль сонирхох нь битгий хэл айгаад араар нь ч сундалж явдаггүй”  хэмээн эзэгтэй Н.Энхжаргал хөөрөлдөв. Н.Энхжаргал нөхөр, хоёр хүүгийнхээ уралдааныг үзэхээр олон ч тэмцээн уралдаанд дагаж явдаг байсан гэнэ. Уралдааны замыг нүдээр харах, биеэр туулах хоёрын хооронд тэнгэр газар шиг л ялгаа байдаг талаар тэрээр ярив. Энгийн хүн уралдааны бэлтгэсэн замаар хэд алхаад л цуцаж, энхэл донхол руу нь хөл алдаж гишгэхээс эхлээд үнэхээр хэцүү гэдгийг тэрээр ярив. Хэдий өөрөө сонирхдоггүй ч нөхөр, хүүхдүүдээ дэмжиж, ар талын албыг нь сайн авч явдаг “фэн” нь гэсэн. Хоёр хүү нь ээжийгээ хамгийн сайн хөгжөөн дэмжигч гэж магтах аж. Ууганбаяр, Халиунболд хоёр ч мотоспорт бол хамгийн эрсдэлтэй, хурд хүч, тэсвэр тэвчээр шалгасан хүнд спорт гэдгийг хэлж байлаа.

ААВД НЬ ХАРАМСАЛТАЙ ЯВДАЛ ТОХИОЛДСОН Ч ХӨВГҮҮДИЙГ МОХООСОНГҮЙ 

Энэ гэр бүл удмаараа мото спортын тамирчид гэдгийг дээр хэлсэн. Учир нь Эрдэнэбилэгийн аав Шагдарсүрэн анхны мото спортын клубийг Сэлэнгэ аймагт үүсгэн байгуулж байсан түүхтэй. Мото спортод төрсөн түүний шавь хүү Эрдэнэбилэг, гавьяат тамирчин Баасанжаваас эхлээд олон бий. Аавынхаа хоббиг өвлөж авсан Эрдэнэбилэг гуай 1990-ээд оны эхээр ёстой мото спортод шуугиулж явсан нэгэн. Тэрээр бүх ард түмний спартикиадын 16 удаагийн аварга төдийгүй авто машины “Батхүлэг” уралдааны анхны аварга юм байна. Мөн улсын дээд амжилт тогтоогч, авто машины олон улсын  уралдааны хүрэл медальт, Буриадын хошой аварга гээд түүний амжилтыг дурдвал нэлээд хэдэн хуудас цаас хөвөрнө. Эрдэнэбилэг 1996 онд дэлхийн цомын уралдааны гуравдугаар байранд явж байгаад хүнд бэртэл авч тэргэнцэрт насаараа суух болсон билээ. 

Энэ аймшигт явдлыг эргэн дурсвал дэлхийн цомын мастер раллид уралдаж явсан Эрдэнэбилэг Францаас Монголын нутгаар дамжин уралдах үедээ осолдсон юм. Үүнийг тэрээр “Замын ялихгүй бартаанаас болоод гэмтсэн. Энэ уралдаан миний сэтгэл зүрхнээс хэзээ ч арчигддаггүй” хэмээн ярьсан байдаг. Энэ бол хурдны хаадын гэр бүлд тохиолдсон хамгийн аймшигт явдал. Түүнээс хойш ээж нь хоёр хүүгээ уралдах бүрт сэтгэл нь байнга зовних болжээ. Гэхдээ гэнэтийн тохиолдсон явдал энэ гэр бүлийг мотоциклиос хөндийрүүлж чадаагүй юм. Хоёр хүү нь аавынхаа хүслийг гүйцээхээр уралдсан уралдаан бүртээ түрүүлж байсан нь Эрдэнэбилэгийг их спортдоо эргэн ирэх шалтгаан болсон юм. Одоо Эрдэнэбилэг Техник спортын төвийн мото спортын ахлах дасгалжуулагчаар ажиллаж Монголын мото спортын үе үеийн тамирчдыг бэлтгэн гаргаж байгаа. “Аавынхаа ослоос болоод ч тэр үү өөрийг тань раллид уралддаггүй, зөвхөн мото кросс төрөлд уралддаг гэж хүмүүс яриад байдаг” гэж асуухад “Яг ч тэгж ойлгож болохгүй. Миний сонирхол бол мотоциклийн бартаат замын уралдаан. Мэдээж нас ахиад ирэхээрээ Дакар раллид уралддаг Батболд, Болдбаатар ах нарынхаа араас орох байх” гэв. Батболд, Болдбаатар нар бол Дакар раллид уралддаг Монголын шилдэг тамирчид юм.

АХЫГАА ГАДАГШ ЯВСАН ХОЙГУУР МОТОЦИКЛИЙГ НЬ УНАЖ НАСАНД ХҮРЭГЧДИЙН АВАРГАД ТҮРҮҮЛЖЭЭ 

Ах дүү хоёр хоорондоо яг л найзууд шиг дотно юм. Ахыгаа үг хэлэхэд Халиука ихэд хүндэтгэн хүлээж авна. Төрсөн ах дүү, тэгээд адилхан мото спортын хоббитой, олон улсын хэмжээний тамирчид. Ууганбаяр “Аав бид хоёрын эдэлж хэрэглэж байсан зүйлс гараашид байгаа. Нэг их хэрэглэхээ байсан. Харин Халиукагийнх л гэрээр дүүрэн байна даа” гээд инээв. Халиунболдын аав, ах нь мотоциклийн хорхойтнууд байсан учраас аль бага байхаасаа л тэрээр мото спортод хөл тавьсан нь тодорхой. Өдгөө Халиука 25 настай. Түүнийг ах нь “Манай дүү дөрвөн настайдаа л мотоцикль унаж сурсан. Энэ нь Монгол Улсад бага болон өсвөр насны хүүхдүүд мото спортоор хичээллэх үндсийг тавьснаар зогсонги байдалд ороод байсан Монголын мото спортын үсрэнгүй хөгжлийн суурь нь болсон төдийгүй тив, дэлхийн топ тамирчид төрөн гарах үндэс болсон” гэж ирээд л дүүгээрээ бахархаж байгаа нь нүдэнд нь тодроод ирнэ. Ууганбаярын хувьд дүүгийнхээ өмнөх үеийн шилдэг тамирчин гэхэд болно. Тэрээр мото спортын мастер, мөн анхны олон улсын шүүгч, мотоциклийн бартаат замын уралдааны улсын аваргын мөнгө, хүрэл медальт, холын зайн ралли уралдааны улсын аваргын мөнгөн медальт, Сибирийн аваргын багийн хүрэл медальт төдийгүй   2000-аад онд авто машины төрөлд гурав, дөрвөн ч  удаа уралдаж хоёрдугаар байр болон шагналт байрт шалгарч байсан аж. Түүнчлэн эх орноо төлөөлөн Азийн аваргын уралдаануудад уралдаж байжээ. Харин тэрээр гадагшаа хэсэг хугацаанд явахаар болж уралдааныхаа мотоциклийг үлдээсэн гэнэ. Ахыгаа эзгүй хойгуур Халиука мотоциклийг нь унаж насанд хүрэгчдийн улсын аваргад анх удаа уралдаж түрүүлжээ. Энэ бол 2003 он. Тэрээр 14 настайдаа улсын аваргад түрүүлэв. Энэ уралдаан түүнд урам зориг өгч мото спортод эргэлт буцалтгүй оржээ. Одоо харин ах, аав хоёр нь түүний хамгийн сайн дасгалжуулагчид. Ер нь бол гэр бүлээрээ Монголын мото спортыг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж яваа хүмүүс юм.

АМЖИЛТААР БЯЛХСАН ЗӨВХӨН ТҮҮНИЙ ОРОН ЗАЙ

Ингээд энэ гэр бүлийн их спортын түүхийг эргэн дурсах зуур нар хэвийж Халиука ч ажилдаа явах дөхлөө. Тэрээр ажилдаа ойрхон гээд “Олимп” хотхонд ганцаараа амьдардаг юм байна. Гэртээ хонодог ч аав, ээждээ дээрээ зав л гарвал очдог гэнэ. Ингээд ажлынхаа хувцсыг өмсөх ёстой гээд гэрийн зүг хөдлөв. Бид ч түүнтэй хамт гэрт нь очихоор явав. Цахилгаан шатанд сууж долоо гэсэн давхрын товчлуурыг дарлаа. Ингээд хаалгаар ормогц нэлэнхүйдээ цомоор чимэглэгдсэн өрөө өөдөөс угтлаа. “Хичнээн цом байгаа вэ. Аавынд чинь байснаас их юм аа” гэхэд “Тоогоо алдсан. Аав тавиур нэмж тавина гэсэн амждаггүй. Багтахгүй болохоор нь цонхон дээр өрчихсөн байсан юм. Та нарыг ирнэ гэхээр чинь энд өрөөд тавьчихлаа” гээд нүдээрээ инээв. Түүний амжилтыг зөвхөн өрсөн цомоос нь харахад л тодорхой. Тавиур дээгүүр битүү өрж, гал тогооны шүүгээн дээгүүр үргэлжлүүлэн өрөөд, багтахгүйг нь шалан дээр жирийтэл тавьсан байв. Эдгээр цомыг хараад түүгээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Харин тэрээр их даруухан инээмсэглэж цомуудаа тэдэн онд, тийм тэмцээнээс авсан хэмээн тайлбарлах аж. 

Ганцаараа байдаг болоод ч тэр үү энэ гэрт зөвхөн түүний л гэх эд зүйлс харагдана. Тэрээр мотоциклийнхоо хажуугаар төрийн албан хаагчийн үүргийг гүйцэтгэдэг аж. Тэмцээн уралдаангүй үедээ бусад залуусын л адил ажлаа хийнэ. Тэрээр ЦЕГ-ын Төрийн хамгаалалтын тасагт цагдаа зохицуулагч ажилтай. Төрийн тусгай айлчлалын үеэр хамгаалалтад зогсоно гэсэн үг. Энгийн үед замын хөдөлгөөнийг зохицуулна. Энэ ажилдаа ороод нэлээд удаж байгаа юм билээ. Цагдаагийн малгайгаа ихэд хүндлэн тавиур дээр тавьсан харагдав. Тэрээр Цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамт олны өмнөөс мото кроссын төрөлд уралдаж хошой алтан медаль хүртэж байсан юм байна. Ажлын хамт олон нь түүнийг аливаа тэмцээний үеэр их дэмжиж ажилладаг талаар тэр ярив. Ам нээх бүртээ л мотоциклийн талаар ярих аж. “Түүнээс найз охинтой юу” гэж асуухад жаахан ичингүйрч “Байгаа. Мото спортод 30 наснаас хойш уралдахад зохимжгүй. Одоо надад тавхан жил л байна. Энэ хугацаанд өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх бодолтой байна. Харин дараа нь гэр бүлээ төлөвлөх байх” гээд аядуухан хэлэв. Ярианаас  нь  хүсэл тэмүүлэл, эрч хүч сонсдох мэт энэ залуу өнгөрсөн хугацаанд Монголын мото спортын түүхэнд олон амжилтыг эвдсэн аж. Тухайлбал, мотоциклийн бартаат замын төрлөөр Монгол Улсаас төрөн гарсан анхны Ази тивийн аварга, Ази тивийн аваргын таван мөнгөн медаль хүртсэн,  Монгол Улсын  хамгийн залуу, хамгийн олон удаагийн улс, хот, спартакиадын аварга, анхны өсвөрийн тамирчин, анх Монгол улсаас Дэлхийн аваргад өрсөлдсөн тамирчин, АНУ-ын аваргад анх уралдсан, суперкросс төрлөөр анх дэлхийн аваргад уралдсан ба Монгол улсаас анх мэргэжлийн тамирчин болсон гээд л хөвөрнө. Одоо тэрээр Монголын автомото спортын холбооны шигшээ баг, Техник спортын төв, “Монголын үндэсний авто мото спортын клуб”-ийн тамирчин билээ. 

Э.Халиунболд хамгийн анх 2001 онд Ази Номхон далайн орнуудын АШТ-ий өсвөрийн ангилалд  V байрт орсон бол хамгийн сүүлд Орост болсон Дорнод Сибирийн уралдаанаас хошой медаль хүртжээ. Сүүлийн тэмцээнээс хүртсэн хоёр цомоо сонирхуулангаа уралдааны үед тохиолддог эрсдлүүдийн талаар яриагаа үргэлжлүүлэв. 

2000-2014 он хүртэл тасралтгүй улсын аварга болсон цом өрөөстэй харагдана. Нэг хэсэг тэрээр төрөлдөө өрсөлдөгчгүй байсан учраас олон улсын тэмцээнд орох бэлтгэлээ ганцаараа хангадаг байсан гэнэ. Одоо харин шинэ залуу тамирчид гарч ирсээр байгаа аж. Хэдий шилдэг нь ч “Гараанаас гарч байгаа тамирчид бүгд миний өрсөлдөгч” хэмээн даруухан загнах. Мото спорт эрсдэл өндөртэй хүнд спорт учраас тэр болгон хүмүүс хичээллээд байдаггүй бололтой. Бас өртөг өндөртэй. Хананд өлгөсөн жааз руу зааж “Энэ миний хамгийн анх өмсч уралдсан хувцас. Одоо уралдааны арав гаруй хувцастай болсон” гээд хувцасны шүүгээнээсээ нэг өмд гаргаж ирлээ. Уг өмд хэсэг газартаа түлэгджээ. Учрыг асуувал олон улсын уралдааны үеэр мотоциклийнхоо янданд түлчихсэн гэнэ. Уралдааны үед осолдсон тохиолдолд мотоцикльдоо дарагдах, янданд нь түлэгдэх энүүхэнд гэнэ. Уг нь гаднын уралдаанд очоод мотоцикль түрээсэлж уралддаг болохоор нэг их эвдрэл гараад байдаггүй аж. Учир нь олон улсын нэртэй уралдаанд очиж уралдахдаа заавал мэргэжлийн мотоцикль түрээсэлдэг гэсэн. Дор хаяж 1500 ам.доллараар түрээслэнэ. Харин уралдааны шагнал тэрнээс ч баг байдаг гэнэ. Америкийн шагнал өндөртэй уралдаанд орж болох боловч өртгийг нь дийлдэггүй аж. Америкчууд асар үнэтэй, чанартай мотоцикль унадаг байна. Яагаад гэвэл мото спорт хөгжчихсөн оронд хамгийн сүүлийн үеийн мотоцикль худалдаанд хараахан гарч амжаагүй байхад л тамирчдадаа зориулаад нэмэлт тоноглол хүртэл хийгээд аваад өгчихсөн байдаг аж. Нэг удаа Халиунболд дэлхийн аваргад уралдах үед түүнийг Америкийн тамирчин хараад “Чи наад мотоцикльтойгоо уралдаж үхэхээр шийдээ юу” гэж ихэд гайхаж байжээ. Тэд бол мото спортод юугаа ч хайрлахгүй, бас боломжийн амьдралтай хүмүүс байдаг ажээ. 

Харин манай тамирчид нэг тэмцээнд орохын тулд дунджаар 50 сая төгрөг хэрэгтэй болдог. Энэ мөнгийг мото спортыг дэмждэг “Алтай констракшн” зэрэг компаниас гаргадаг гээд тусалж дэмждэг ах нартаа баярласнаа илэрхийлэв. Энэ мэт мото спортын эргэн тойрон дахь сонин хачныг ярих зуур түүнээс хэдэн мотоцикльтойг нь асуусан юм. Тэрээр 6000-7500 ам.долларын үнэтэй хоёр уралдааны зориулалтай мотоцикльтой аж. 

Түүний утас дуугарав. Сүүлийн үед дугуй сонирхох болсон гэнэ. Амралтын өдрүүдэд найзууд нь дугуй уная гэж утсаар ярьсан бололтой.  Арван жилийн хэдэн хүүхдүүд түүнийг танихгүй дугуй унахыг нь хараад “Та чинь харин овоо дугуй уначихаар ирээдүйтэй харагдаж байх чинь” гэж ёжлоод авчээ. Тэрээр “Би ч хөөрхөн хэдэн багш нартай болсон шүү” гэв. Ингээд түүний ажилдаа явах цаг болж бид ч төрийн ажил цалгардуулахгүйн тулд өндөрлөв. 

Дашрамд дурдахад манай тамирчин дэлхийн долоон удаагийн аварга тамирчныг эгнээндээ нэгтгэсэн “AXO” брэнд, Италийн “SURFLEX” брэндийн АНУ дахь нүүр царай тамирчин болоод амжжээ. Мөн Японы “Dirt Freak” компанийн нүүр царай тамирчин юм байна. 

 

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд