ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.01.15 09:01

Бас л нэг баланкан дээрх гарын үсэгт барьцаалагддаг албан тушаал бий болох нь ээ

Өнгөрсөн 28 жилийн түүхэнд Улсын Их хурлын дарга бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө буусан тохиолдол Монголын парламент ёсонд хоёрхон бий. Эхнийх нь 2000 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентыг даргалж байсан Л.Энэбиш гуай нас барсан. Дараагийн тохиолдол нь одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Их хурлын дарга байхдаа Үндсэн хууль зөрчсөн учир хугацаанаасаа өмнө огцорсон. Дээрх хоёр тохиолдлоос бусад үед Их хурлын дарга нар албан үүргээ дөрвөн жилийн сонгуульт хугацаандаа бүрэн гүйцэтгэсэн байдаг. Харин Н.Энхбаяр 2004 оны сонгуулийн дараа Их хурлын дарга болж улмаар 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж байсан.

Тэгвэл 1990 оноос хойших 28 жилд Монгол Улсын Засгийн газар 17 удаа солигдсон билээ.

Засгийн газар ийнхүү 17 удаа солигдож, үүнээс 10 Ерөнхий сайд хугацаанаасаа өмнө огцорсон. Үндсэндээ П.Жасрай, Н.Энхбаяр хоёр л дөрвөн жилийн хугацаагаа бүрэн дуусгасан юм. Бусад үед Засгийн газар хэдхэн сарын нүүр үзээд огцорч байсан. М.Энхсайхан, Н.Алтанхуяг нарын хоёр жилийн хугацаатай Засгийн газар урт хугацаанд ажилласан гэдэгт нь багтах жишээний. Засгийн газар ийм тогтворгүй, харин парламент нь тогтвортой байхын гол нууц Монгол Улсын Үндсэн хуулинд байгаа. “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж Үндсэн хуулиндаа зааж өгсөн. Ерэн хоёр оны шинэ Үндсэн хуулиараа дархлан баталгаажуулж өгсөн парламент ёс бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Дэлхийн улс төр судлалын нэртэй эрдэмтэн судлаачид “Парламент ёс бол тухайн улс орны өнө мөнхөд орших тусгаар тогтнолынх нь баталгаа мөн” гэж баримт нотолгоотойгоор хэлсээр ирсэн.

Ингэж шинэ Үндсэн хуулийг баталсан эрхмүүд парламент ёсыг тогтвортой байлгахыг тал бүрээс нь бодож баттай суулгаж өгчээ. Хэрвээ парламент засаглал тогтворгүй байвал Монголын төр ямар ч дархлаагүй, бат суурьгүй ганхаж эхэлнэ гэдгийг төрийн албанд бүхий л насаараа зүтгэсэн эрхмүүд, төр нийгмийн нэртэй зүтгэлтэн, эрдэмтэн профессорууд сайтар мэдэрч байжээ. Тиймийн учир парламент засаглал руу яаж ч дайрч, юугаар ч цохиж далайлгасан Монгол төр унахааргүй, монгол төрийн бат бэх байдалд алдахааргүй ийм л хуулийн заалтуудыг Үндсэн хуулиндаа тов тодорхой тусгаж өгсөн байна.

Ухаандаа, Монгол төрийн хууль тогтоох дээд байгууллагаа Улсын Их хурлыг даргалж байгаа хүн нас барсан, эрүүл мэндийн шалтгаан, өөр ажилд шилжин ажиллах, гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон талаарх хууль шүүхийн байгууллагын тогтоол шийдвэр гарсан, мөн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан тохиолдолд огцорно гэж заасан. Эдгээр заалтаас бусад үед огцорвол хууль бус болно гэж баталгаажуулж өгсөн юм.

Харин Монголын парламент ёсны энэ дархлаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан хуулиар эцэс болох нь ээ дээ, янз нь. Х.Баттулга Ерөнхийлөгч “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлнэ”, “Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө” гэсэн хуулийн төслийг Их хуралд өргөн мэдүүлээд байгаа. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд Засгийн газрын зүгээс хоёр санал өгсөн байна. Тэр бүрийг хуулийн төсөлдөө тусгаснаа мэдэгдсэн. Засгийн газрын санал нь маш тодорхой. “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор тавьж тогтоолын төслийг өргөн мэдүүлснээр УИХ хэлэлцэн ёсоор болгосон бол чөлөөлнө” гэсэн заалт байна. Ийнхүү Монголын парламентын дархлаа алдагдаж, өнө мөнхөд оршин тогтнох тусгаар тогтнолынх нь баталгаа ганхаж эхлэв бололтой.

28 жилийн хугацаанд 17 удаа Засгийн газар солигдсоны гол учир нь Ерөнхий сайдаа огцруулъя гэж шийдсэн УИХ-ын гишүүн албан баланкан дээрээ гарын үсэг цуглуулаад л гүйцээ. Ерөөсөө л албан баланкан дээрх гишүүдийн гарын үсэг л засгийн хувь заяаг шийддэг. Хэрвээ УИХ-ын гишүүдийн олонх Их хурлын даргыг огцруулна гэх хуулийн төслөөр цаашид Монголын төр явбал ямар янзын дүр зураг харагдах нь ойлгомжтой. Их хуралд дунджаар 25 гишүүнтэй сөрөг хүчин байя гэж бодъё. Сөрөг хүчний намын нөхөд дургүйгээ хүрэхээр бүгд гарын үсэг зураад Их хурлын даргаа огцруулна гэж дайрна. Эрх барьж буй намд урвагч гэсэн нөхөд бичигдээгүй хууль шиг байдаг.

Аль ч засгийн үед 13 урвагч ёс мэт байсан. 1996 оны Ардчилсан засгийн үед До.Ганболд тэргүүтэй хөдөөгөөс сонгогдсон 13 нөхөр эрх баригч намынхаа эсрэг ажиллаж сөрөг хүчин болж байсан. Дараа нь хуучны “ху” одоогийн Ардын намын үед Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Д.Одбаяр, Л.Пүрэвдорж, Т.Ганди, А.Цанжид, Ч.Авдай нарын 13 нөхөр М.Энхболдын Засгийн газрыг сөрөг хүчинтэйгээ нийлээд унагаж байсан. Улс төрийн хонзогнолын эзэд болсон “Элсний 13”, “Хотын 13” одоо тэгээд “ЖДҮ-гийн 13”, “Их хурлыг бойкотолсон Засгийн газрын 13” гээд олон тодотголтой урвагчид байсаар байна. Сөрөг хүчний 25 гишүүн дээр, эрх барьж буй намын 13 урвагч нэмэгдэхээр төрийн хувь заяа ойлгомжтой болоод ирнэ. Их хурлын даргыг унагах процесс Ерөнхий сайдыг огцруулахаас амархан болоод ирнэ.

Ерөнхий сайд яг цагаа тулах юм бол өөрийн гишүүн сайдуудтай, хамгаалагчидтай байдаг. Их хурлын даргад тийм өмөөрч хамгаалаад улаан нүүрээрээ хаацайлж дайраад байх хүн байхгүй. Ерөнхий сайд шиг хэн нэгэнд сайдын зөөлөн суудал амлаж албан тушаалд томилдоггүй болохоор тэр. Ийм л бодит дүр зураг харагдаж байна. Үүний үр дүнд Их хурлын даргыг огцруулна, огцруулахгүй гэсэн төрийн хямрал мөнхөд үргэлжилнэ. Парламент ёсны гол тулгуур болсон спикер хамгийн сул дорой, сөрөг хүчнийхээ намын барьцаанд байдаг, хэнд ч хэзээд хүссэн хуулийг нь баталж гаргаад өгөхдөө тулсан, жинхэнэ шүдгүй арслан болж хувирна. Юун төрт ёс, төр оршихуйн баталгаа байх вэ. Захын нэг гишүүн нохой шиг боорлож, чамайг огцруулна даа гэж өмнөө суулгаж байгаад гөлөгнүүлж байдаг ийм өрөвдөлтэй, өчүүхэн, хамгийн хэврэг албан тушаал болох нь мэдээж.

Тэгэхээр Монголын парламент одоо Ерөнхийлөгчийн барьсан хуулийг батлахгүй байх хэрэгтэй. Эсвэл М.Энхболд парламент ёсыг хамгаалж, өөрийгөө золигт гарган огцрох өргөдлөө өгөх хэрэгтэй. Тэгвэл энэ хуулийг батлах, цаашид хэрэгжүүлэх шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл, М.Энхболдын асуудлыг хэлэлцэн огцруулах шийдвэр гарсны дараа уг хуулийг хүчингүй болгох ийм л гаргалгаанууд харагдаад байна. Эцэст нь хэлэхэд, Монголын төрийг барьж байгаа Монгол ардын нам, Ардчилсан нам, Ерөнхийлөгч өө, та нар Монгол төрд ямар өстэй болоод Монгол төрийг доройтуулах, гутаан доромжлох ажлыг байнга хийгээд байдаг юм бэ. Монгол төр тогтвортой байж Монгол Улс өнө мөнхөд оршин тогтнох нь та бүгдэд огтоос хэрэггүй юм гэж үү?

Онцлох нийтлэлүүд