ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.08.16 09:08

Батлан хамгаалах салбар доголдсоноос болж монголчууд энх цагт эрлэгийн хаалга татсаар байх уу

Батлан хамгаалах салбар балагтай байна. Бөх хүн удирдаад ийм болгочихов уу, угаасаа ийм юм уу. Ямар ч байсан сүүлийн нэг жилийн дотор энэ салбарт юм, юм л боллоо. Бидний аюулгүй байдлыг батлан дааж байгаа салбарынхан харуулдаа зогсвол хөлөө хөлдөөж, хилээ эргэвэл усанд живдэг болчихож. Буу алдсан, гранат дэлбэлснийг нь өгүүлвэл бүр ч аймшигтай. Тавдугаар сараас хойш гуравхан сарын дотор хоёр ч дэлбэрэлт болж гурван хүн хайран амиа алдаж арав гаруй хүн өрөөл татанхай болжээ. Эхлээд батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй эр цэргүүд амиараа хохирдог байсан бол одоо энгийн малчин ардууд хүртэл өртөж үхэх болсон байна. Хамгийн сүүлийн жишээг өгүүлбэл тавхан хоногийн өмнө тэсрэлт болдогоороо болж, амь эрсдэдгээрээ эрсдэлээ. Наймдугаар сарын 4 буюу өнгөрсөн баасан гаригт Таван толгойн цэргийн баазын ойролцоо сум тэсэрчээ. Мэдээллийг нягталбал батлан хамгаалах салбарынхан сумаа хээр гээснийг хоёр малчин олоод оролдож байгаад дэлбэлчихсэн юм байна. Нэг нь газар дээрээ нас барж нөгөө нь эмнэлэгт үхэл, амьдралын зааг дээр байгаа. Дөнгөж 40 гаруй насны эрс ийнхүү амиараа, эрүүл мэндээрээ хохирчихоод хэд хоног өнгөрч байна.

Гэтэл дахиад л хариуцах эзэн гардаггүй. Ямар сургуулилт, дадлагын үеэр, хэн, хэзээ хариуцлага алдаж гээсэн сумыг малчид олов гэдгээс эхлээд маш нарийн дэс дарааллаар хяналт шалгалтын ажил явуулах ёстой байх. Энэ сум тавдугаар сарын 3-ны өдрийн байлдааны сургуулилтын үеэр хаягдсан байж болохыг ч хүмүүс мэдэж л байгаа юм билээ. Ийм байтал салбарын удирдлагууд дахиад л өөрсдийгөө өмөөрч, өрвөлзөөд эхэлжээ. Би чамд хайртай кинонд “Дэлгэр өөрөө л ширээн дээрээс уначихсан юм байна лээ” гэдэг шиг “Цэргийн ангийн хориотой бүсэд малчид нэвтэрснээс боллоо” ухааны юм яриад эхэлчихэж. Салбарын сайд нь ч “Таван толгойд хамгийн сүүлд Хааны эрэлд 2017 энхийг дэмжих ажиллагааны сургуулилт болсон. Энэ үеэр уг нь галт зэвсэг хэрэглэдэггүй л дээ” хэмээн гайхасхийн өгүүлж байгаа нь ч өөрийгөө өмөөрч байна гэхээс өөр зайлах газаргүй. Өмнө нь болсон тэсрэлтийн үеэр ч Б.Бат-Эрдэнэ сайдын амнаас ийм л тайлбар хөвөрч байсан.

Өмнөх гэдэг нь тавдугаар сарын 11-нд Таван толгойн цэргийн баазад гранат дэлбэрч ахмад М, ахлагч А нар амиа алдаж, найман цэрэг хүнд шархадсан хэргийг хэлж байна. Ажлын сахилга бат, хариуцлага алдагдсанаас гранат дэлбэрч ийм эмгэнэлт явдал тохиосон. Бас Орхон аймаг дахь 186 дугаар ангийн байлдагч сургалтын гранаттай буруу харьцсанаас сохор доголон болсныг хүмүүс бараг мэдээгүй. Тухайн үед Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд хариуцлага тооцож огцруулахыг ард түмэн ямар их шаардлаа. Гэтэл сонгуулийн үр дүн сөрөг гарахаас айсан эрх баригчид асуудлыг үнэндээ юман чинээ тоолгүй өдий хүрсэн. Үүний төлөөсийг малчид амиараа, эрүүл мэндээрээ төлж байгаа нь энэ бололтой. Ерөөсөө Таван толгойн цэргийн ангийн бааз гэх энэ газарт террористууд үүрлэчихсэн юм шиг байсаар удлаа. Тэндээс тэсрэлт, дэлбэрэлтийн чимээ тасрахаа байгаад, хүн ард үхэж хорогдоод бас л удсан. Одоо Таван толгойн цэргийн бааз, бусад цэргийн ангиудын ойролцоох тэр газар нутгуудад хичнээн галтай сум, цэнэгтэй гранат хэвтэж байгаа бол. Түүнийг нь хүүхэд багачууд, энгийн ардууд олоод тэсэлж, дэлбэлэхээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй байна. Ингэж чадвал энх цагт иргэнээ хөнөөдөггүй батлан хамгаалах салбар бий болно. Гэхдээ салгалаад сумаа гээгээд, гранатаа өөр дээрээ шидээд байдаг цэргүүд бэлдсээр байвал асуудал хэзээ ч сайжрахгүй.

Уг нь дэлхийн орнуудын батлан хамгаалагчид иргэнээ, цэргээ хамгаалахын тулд чандлан мөрддөг аюулгүй ажиллагааны стандарт, норм норматив гэж бий. Өнөөдөр гээсэн нэг сумыг олж устгах бүү хэл өнгөрсөн дайнаас үлдсэн үй олноор нь устгах төхөөрөмж болоод дайсныхаа зэвсгийн агуулахыг ч илрүүлэн аюулгүй болгож чаддагаараа тэд биднээс илүү. Манайхан өнгөрсөн дөрөвдүгээр сард тийм том сургамж өгөх үеэр “Би яагаа ч үгүй” хэмээн өмөлзөхийн оронд ийм бэлээхэн, өмнө нь ч хэрэглэдэг байсан стандартаа мөрдөөд, сахилга батыг нэг номерт тавьж чадсан бол ийм явдал давтагдана гэж юу байх билээ. Үндсэндээ сургалт болгоны дараа тусгайлсан ажлын хэсэг гарч, хайгуул устгалын бүлэг ажиллуулан, сургалтаас үлдсэн тэсэрч дэлбэрэх зүйлсийг устгаж, акт баримт үйлдэх ёстой. Үүнээс өмнө хэн гэдэг цэрэг хэдэн сум аваад хэдэн хонгио хүлээлгэж өгөв гэдгийг нь ч нягталж байх учиртай. Дөрөвдүгээр сард ч энэ стандартыг мөрдөөгүйгээс болж цэргүүд үхсэн бол саяын хэрэг ч үүнээс л болж. Ийм энгийн хэрнээ хамгийн хариуцлагатай стандарт буюу ердөө буу сумаа, гранат бөмбөгөө тоолчиход болохоор асуудал юм байна. Энэ бүхэн Монгол Улсын батлан хамгаалах салбарын ажлын хариуцлага ямар түвшинд байгааг дахин дахин сануулаад байгаа юм.

Яагаад арга хэмжээ авч асуудлыг залруулахгүй байгааг Б.Бат-Эрдэнэ сайд л мэднэ. Өөрийнх нь толгойгоороо хариуцаж буй салбарын цэргүүд тасаг тасгаараа байг гэхэд нэг хоёроороо, тав гурваараа амь эрсдэчихээд байхад ядаж нэг удаа уучлалт хүссэнгүй. Бас асуудал гарвал нэг нь нөгөөгөө өмөөрч, хаацайлаад өнгөрдөг явдал жишиг болчихлоо. Уг нь гадны орон нэг л цэрэг нас барахад Японд бүр будааны үнэ өсөхөд салбарын сайд нь хариуцлагаа үүрээд бууж л байдаг юм билээ. Тэгэхээр салбараа удирдаж чадахгүй байгаа хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүмүүс ухамсартайгаар хариуцлагаа хүлээдэггүй юм бол хүлээлгэдэг механизм байгааг санах хэрэгтэй. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэрэг гарсан өдөр холбогдох хүмүүсийг дуудаж уулзаад хамгийн түрүүнд “хариуцлага” гэж хэлсэн байна лээ. Гэхдээ өнгөрсөн хаврынх шиг хоёр хүний амь тэнцүү 500 мянган төгрөгийн торгууль бол хариуцлага биш шүү. Ер нь дайраад ирсэн дайснаа даран сөнөөх учиртай гранат бөмбөг, буу сум Монгол цэргийг, Монгол иргэнийг устгах болоод удаж байгааг бодох цаг нь аль хэдийнэ болчихоод байгааг анхаарна уу.


Онцлох нийтлэлүүд