ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.07.20 12:07

Баянхонгорын анхны 10- ынхан

1963 онд Баянхонгор аймагт.

Тэртээ 1954 оны зуны эхэн сар. Хөх ногооны униар цэнхэртсэн сайхан өдөр байлаа. Баянхонгор аймгийн арван жилийн сургуулийн анхны төгсөгчид тодотголтой, өд сөд нь ургаж гүйцээд үүрнээсээ нисэхийг завдан буй хорин “дэгдээхий” байжээ бид чинь. Төгсөх шалгалтаа амжилттай давчихаад бүрэн дунд боловсролын үнэмлэх, их, дээд сургуульд суралцах эрхийн бичгээ гардсан тэр өдөр. Сургуулийн захиргаа, багш нар маань биднийг хүндэтгэж цэнгүүн зохиож, цайлж дайлж билээ. Бүрэн дунд боловсрол эзэмшиж томчуулын армид шилжсэн бид сургууль багш нараараа бас өөрсдөөрөө бахархаж, багш нар маань биднээрээ бахархаж үнэт сургаалаа хайрлаж, багш сурагчидгүй л огшиж байсан торгон мөчийг яахан мартах билээ.

Цаг хугацаа яасан түргэн нисэн одож, хүмүүний амьдрал ямар амархан хувьсан өөрчлөгддөг юм бэ. Тэр дурсгалт мөчөөс хойш нэгэн жаран биднээс алслан холджээ. Өнөөдөр эргэн санахад 60 жилийн өмнөх сурагч насны амьдрал нүдэнд илхэн, сэтгэлд тов тодхон.

 Наймаас аравдугаар анги төгстөлөө хөгнөөтэй хурга шиг ижилдэн дассан эвсэг найрсгаараа, сурлага сахилга, спорт, урлагийн авьяас чадвараараа гайхагдсан хамт олон байлаа бид.

“Та нар сургуульдаа байтугай аймагтаа юм юмаар аваргалдаг хүүхдүүд байсан. Анхны сурагч та нараараа би үргэлж бахархаж явдаг шүү гэж анги даасан Л.Раднаа багш  уулзах бүртээ ярьдаг юм. Цана, тэшүүр гэдгийг бараг мэдэхгүй байсан Баянхонгор аймагт уулын спортын мастер, тоо физикийн багш Л.Раднаа, малын их эмч, тэшүүрчин Р.Сандаг зэрэг хэсэг сэхээтэн ирснээр өвлийн спортын энэ төрөл тус аймагт дэлгэрсэн юм. Аз болоход уулчин Л.Раднаа манай анги даасан багш болсны ачаар бид аймагтаа анхны цаначид, тэшүүрчид болж билээ. Л.Раднаа багш маань өдгөө УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн аав билээ.

1953 онд Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай аймаг, нийслэлийн “Туяа” нийгэмлэгийн цаначдын бүсийн тэмцээн манай аймагт болсон юм. Уралдааны эрэгтэйчүүдийн 15, 30 км-т манай С.Жамбал, эмэгтэйчүүдийн тав, 10 км-т Ц.Бадамжанцан, трамплейн харайлтад ангийн багш Л.Раднаа, манай ангийн Д.Төмөрбаатар, 1х4 км-ийн буухиа уралдаанд Халзан, манай ангийн гурван охин (Ц.Бадамжанцан, Б.Цэвэл, Д.Дорждулам) нар түрүүлснээр тэмцээний бүх төрөлд ангиараа тэргүүлж аймгийнхаа нэрийг гаргаж байсан юм.

Сурагчдын өвлийн амралтаар хацар нүүр хайрах идэр есийн жавар сөрөн хөгжмөө үүрээд Мандал, Эрдэнэцогт, Өлзийт сумдаар бид багштайгаа цанаар аялж, концерт тоглоод сургуульдаа баярын бичигтэй, өөрсдөдөө чихэр боов, үзэг дэвтрийн шагналтай ирж байсан удаатай. Бид цанаар аваргалаад зогсохгүй тэшүүрээр бусдыг урдаа гишгүүлдэггүй аваргуудтай анги байв аа. Тэд бол Ж.Адъяабазар, С.Давдай нар.

Хагас, бүтэн сайнд бид ангиараа Баруун булгийн мөсөн дээр очиж өнжин хонон гулгацгаана. Эсгий гутал дээрээ дээс, сураар оосорлосон “Какск” тэшүүрээ түлээний модоор тэвхдэж бэхлээд, монгол дээлийн ханцуйг шамлан, хормойгоо эргүүлж бүсэндээ хавчуулчихаад л: 

Ган тэшүүрийн ирэн дээр

Гар хүргэхийн аргагүй ээ

Галтай цогтой залуус бүгдээрээ

Гар гараасаа барилцан хурдалцгаая.

Толь шиг тунгалаг мөсөн дээр

Тоглон наадацгаая бүгдээрээ

Далавчгүй нисэх мэт

Даанч сайхны нь хэлээд яах вэ…

хэмээн хоолой нийлүүлэн дуулж, хөтлөлцөн хөлсөө гартал хурдлахад нүүр, нүд хөмсөг цавцайн цантаад цаанаа л нэг жавхаа төгс байдагсан. Тэр үеэ эргэн санахад,  “Аз жаргал дүүрэн хонгорхон бага нас минь” хэмээн дуу алдмаар болдог юм. Бидэн шиг цанаар аялж, хөдөөгийн хөдөлмөрчдөд урлагаар үйлчилж явсан анги хамт олон өнгөрсөн жаранд гараагүй юм билээ.

Манай ангид урлаг спортын авьяастан олон байсаан. С.Давдай, Ч.Шарав-Арилдий хоёр баян хуурдаж, М.Сүрэнхорлоо аман хуур, хулсан хуураар, М.Сүрэнхорлоо, Ц.Бадамжанцан хоёр мандолинаар хоршиж, Балдангийн Лхагваа пляск товшиж бусад нь дуулна, бүжиглэнэ, шүлэг уншина. Э.Жамъян “Хүрэн толгойн сүүдэр” танхим дүүргэн цангинуулахад үзэгчид алга нижигнүүлэн ташиж, хөгшид нулимс мэлтрүүлэн байж дахиулдагсан. Оюуны спорт шатар, даамаар бол С.Халзан, С.Давдай, М.Сүрэнхорлоо, С.Даваа, С.Жамбал нар аймагтаа дээгүүр ордог шаггүй тоглогчид байсан шүү!

2013.01.09. Улаанбаатар зочид буудалд. Ангийн багш Л.Раднаа, Дорждулам, Б.Цэвэл, С.Халзан, М.Сүрэнхорлоо нар.

Арван жилээ амжилттай төгссөн анхны хорь бид амьдралын хорин өөр замаар алхсан хэдий ч сурагч насны үерхэл нөхөрлөл маань холдож хөндийрөөгүй ээ. Сурлагаар манийгаа манлайлагчийн нэг Ц.Жамбал маань Москвад сурч барилгын материалын үйлдвэрийн инженер болсон. Биднээс гадаадад суралцсан ганц нь. Бас ангиас төрсөн төрийн сайд ганц нь ч Ц.Жамбал. Тэр хорин тавтайдаа Монгол Улсын Барилгын яамны орлогч сайд, хорин долоотойдоо тус салбарынхаа сайд, хоёр ч удаа Ардын Их Хурлын депутатаар сонгогдож явсан “онцгой” эр. Салбаруудын тэргүүнээс эхлээд Ардын хувьсгалын ойн ба Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одон түүний энгэрт гялалздаг байв. Хамгийн ажилсаг, ухаантай, нөхөрсөг, даруу болохоор түүнийг маань бурхан арай л эрт аваад явчихсан даа. 

Манай онцчуулын нэг М.Чундар бол арван жилийн боловсролыг долоохон жил сурч Онц төгссөн онцгой IQ-тай нөхөр. Гадаадад сургахаар хуваарилахад “би Монголдоо л сурна” гэж зөрүүдлээд Анагаахыг ангийн найз Ж.Адъяабазар, Ч.Шарав-Арилдий хоёртойгоо хамт сурч төгссөн. Төгсөөд аймагтаа анхны их эмчээр очсон. Ч.Шарав-Арилдий, М.Чундар хоёр маань хоёргүй сэтгэлээр хонгор нутгийнхандаа хорь гучаад жил үйлчилж, олон мянган хүнд эрүүл энхийн жаргал бэлэглээд хорвоогоос одсон хоёр доо. Гурав дахь эмч Ж.Адъяабазар эмчийн диплом өвөртөлмөгцөө алс баруун хязгаарын Баян-Өлгий аймагт хөлгийн жолоо залсан. Казак түмэнд сайн эмч гэдгээ мэдүүлж байтал ЭХЯ төвд дуудаж Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт ажиллуулсан. Тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр олон жил ажилласан. Ер нь мэдээгүйжүүлэлтийн талаар бол монголдоо л нэг номер.

Түүнийг Эрүүлийг хамгаалах Яам, нэгдсэн хоёрдугаар эмнэлэг нь хүний гавьяат эмч болгохоор олонтаа тодорхойлж байсан. Тухайн үед шалгуур хатуу байлаа. Ажлаараа болзол хангасан хэдий ч ар гэрийн будилаанаас болоод гавьяатын оосороос атгаад алдчихсан юм аа тэр. Гэхдээ Монгол төрийн хамгийн том нь болох Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, бусад бүх одонг “түүчихсэн” хүн шүү манай Адъяа эмч.

Тоо физикийн хичээлд толгойлдог М.Сүрэнхорлоо, Балдангийн Лхагваа, Г.Даш гурав Их сургуулийн тоо физикийн ангийг төгсцгөөсөн. М.Сүрэнхорлоо Монгол улсын гео-физикийн анхны инженер. 1958 оноос усны системийн байгууллагад 34 жил ажиллахдаа эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист усны цахилгаан хайгуул хийж, хүн ам, малын бэлчээр усжуулах ажилд онцгой хувь нэмэр оруулсан юмдаг. Түүний ажлын үр дүнг хамгийн товчоор, тоон үзүүлэлтээр хэлбэл 34 жилийн 3768 хоногийг хүнд хэцүү нөхцөлд хээрээр гэр, хэцээр дэр хийж явж цахилгаан хайгуулын 459670 цэг хэмжиж, түүнийг хийхийн тулд дэлхийг бүслүүрээр нь дөрвөн удаа тойрсонтой тэнцэх 113840 км замыг туулж, 681 уст цэг тогтоож, 70607 хавтгай дөрвөлжин км талбайг усжуулсан байдаг юм. 1958-1968 онд цахилгаан хайгуулын бригадын дарга, инженерээр ажиллахдаа байгууллага, иргэдийн захиалгаар говь хээрийн бүс, отрын бэлчээр, мал тууврын зам дагуу, төв суурин газарт цахилгаан хайгуул хийж инженерийн хийцтэй гүн өрмийн болон богино яндант худгийн 225 уст цэг илрүүлж 14400 хавтгай дөрвөлжин км талбайг усжуулжээ. Тэр энэ их ажлыг амжуулж явахдаа дуулж, хөгжимдөж, дэмбээдэж ардын язгуур урлагийг ард түмэнд түгээж явсан авьяас билгийн ундарга болсон “этгээд”. М.Сүрэнхорлоо дэмбээгийн, хулсан хуурын улсын аварга цолтой ганц хүн шүү дээ ангийнхан дундаа. Түүний хөдөлмөрийг төр засгаар үнэлүүлж Гавьяат усжуулагч болгохоор усны байгууллага хэд хэдэн удаа тодорхойлсон юм билээ. Гэвч гавьяатын оронд “одон” олгосоор нөгөө гавьяат нь “будаа” болчихсон болохоор үндсэн байгууллага нь гомдолтой байдаг гэсэн.

Балдангийн Лхагваа чинь бидэн дундаа нисэхийн инженер ганц хүн байсан юм. Тэр иргэний нисэхийн төв, орон нутгийн байгууллагад насаараа ажиллахдаа мэргэжил, мэдлэгээрээ улсын урдаа барьдаг инженер байсан. Г.Даш маань Батлан хамгаалах Яаманд цаг уурын инженерээр ажиллахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажилд шамдаж, газарзүйн шинжлэх ухааны дэд докторын зэргийг 1990 онд хамгаалсан. 1993 онд “Хурын шим” төвийн суурийг тавилцаж, уг төвийн албаны даргаар ажиллаж байсан. Түүний хөдөлмөрийг төр, засаг үнэлж Цэргийн гавьяаны одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнасан. М.Даш маань бүтээн туурвих ид насан дээрээ 1996 онд бурханы оронд явсаан. 

2004 оны тавдугаар сар. Зүүн гар талаас ангийн багш уулчин Л.Раднаа, хичээлийн эрхлэгч Л.Сандаг, М.Сүрэнхорлоо

Бид хориос хамгийн олон буюу долоо нь багшийн мэргэжлийг сонгосон. Тэд бол С.Давдай, С.Халзан, Б.Цэвэл, Баатарын Лхагваа, Ц.Бадамжанцан нар. Арван жилдээ орос хэлийг онцгой сонирхож, түүндээ онцоос өөр дүн авдаггүй С.Халзан сонирхлынхоо дагуу Багшийн дээдийн орос хэлний ангид орж суралцсан. Бас л хонгор нутгаас төрсөн орос хэлний анхны багш. С.Халзан Өлзийт, Баянцагаан сум, аймгийн төвийн сургуулиудад арваад жил багшилж, олон зуун хүүхдийг гадаад ертөнцөд нэвтрэх хөлтэй, хэлтэй болгосон ачтай багш аа. Дараа нь нийслэлд дэвшин ирж, Боловсролын хороо, Яамандаа төв, хөдөөгийн сургуулиуд хариуцсан мэргэжилтнээр насны тэтгэвэрт гартлаа ажилласан Ардын боловсролын Тэргүүний ажилтан билээ.

Манай Б.Цэвэл бас Ардын боловсролын тэргүүний ажилтан цолтой ажил, мэргэжлээрээ явсан газар, уулзсан хүн бүхэндээ багш болсон нэгэн бий. Тэр 1958 онд Багшийн дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын ангийг төгссөнөөс хойш насны тэтгэвэрт гартлаа нийслэлийн 14-р сургуульд багшилсан, амьдралдаа ажлын байраа солиогүй ганцхан хүн дээ. Сайн багш, авьяаслаг дуучин, уран үйлчин гээд л Цэвэлийг магтан алдаршуулах зүйл олон.

Манай долоон багшаас С.Давдай бас онцгой авьяас билигтэй нэгэн байв. Түүхийн багшийн мэргэжилтэй түүнд мэдэхгүй чадахгүй ажил гэж үгүй. Бүх төрлийн хөгжмийг чадамгай эзэмшиж, гайхалтай хөгжимдөнө. Гар, сагсан, одон бөмбөгөөр хэнтэй ч өрсөлдөхөд дийлдэж байгаагүй гэвэл худлаа болохгүй ээ. Тэр  наяад он хүртэл хонгор нутагтаа төв, хөдөөгийн сургуулиудад багш, захирлын алба хашиж, очсон сургууль болгоноо тэргүүний болгож байсан юм.

Наяад оны эхээр нийслэлд ирж, МАХН-ын Төв Хорооны ерөнхий хэлтэст бичиг хэргийн ажилтан болоод удалгүй тасгийн даргаар дэвшиж, Монгол Улсын хэмжээний бичиг баримтын үлгэрчилсэн загварыг гаргаж мөрдүүлсэн нь одоо ч хэрэглэгдэж байгаа. Аливаад авхаалжтай, нягт нямбай, хатуу чанд шаардлагатай С.Давдай маань хийж бүтээх ид насандаа хорвоог орхисон нь даанч харамсалтай.

Балдангийн Лхагваагийн амидаа Баатарын Лхагваа бол сурагч ахуй цагаасаа үг дуу цөөтэй, дэндүү даруухан, тэгэхдээ хичээл, ажлын алинд нь ч хувиа тавьдаггүй хөөрхөн бор хүү байлаа. Даруухан болохоороо ярихаас илүү биеэр хийж бүтээж үзүүлэхийг бодсон биз. Тэр зураг хөдөлмөрийн багш болсон. Хот хөдөөд олон шавьтай, олон хүнд амьдралаа авч явах насны мужаан, дархны мэргэжил олгосон гартаа ур дүйтэй, ухааны сум нь урт нэгэн байсан даа, Лхагваа минь. Өнөөдөр бас л биднийхээ дунд алга. Ангийн гурван найз охины хамгийн их авьяастай нь Ц.Бадамжанцан. Урлаг спортын амжилтаар аймагтаа л гайхагдаж байсан. Цана, тэшүүр, гар бөмбөг, одон бөмбөг гээд амжилт үзүүлээгүй спортын төрөл түүнд бараг байгаагүй. Сургуулийн концерт ч манай Бадамжанцангүйгээр болж байсныг санахгүй байна. Тэр дуулна, шүлэг уншина, бүжиглэнэ. Утсан хөгжим сайхан тоглочихно. Тэр их авьяас нь багшийн хөдөлмөрт нь их тустай байсан байж таарна. Хэдэн жилийн өмнө тэнгэрт хальсан найз минь биднийгээ бурханы орноос харж л байгаа байх даа.

54 жилийн дараа уулзав.

Д.Төмөрбаатар гэж манай ангийн цор ганцхан эдийн засагч. Эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэргийг социалист нийгмийн үед амжилттай хамгаалсан нөхөр дөө. Тэр төрөлх аймагтаа төлөвлөгөөний комиссын орлогч даргын алба хашиж байсан. Хожим нь Улаанбаатар зочид буудлын даргаас авахуулаад аль нэг газар, ямар нэг “хурган” даргын алба хашсаар байгаад насны тэтгэвэртэйгээ золгосон. Нэг үгээр хэлэхэд “даргын одонд” төрсөн хүн.

С.Даваа, Ж.Сэрчин хоёр маань орон нутагтаа багш, баг, бригадын дарга “сэтэртэй” явсаар насыг элээсэн. Уулзаж ярилцаж сэтгэл бодлоо хуваалцах хүсэл хэн бүхэнд маань байсан ч газрын хол, усны урт, ажил албаны нөхцөлөөс болоод тэр хоёр минь бидэнтэйгээ ховорхон л уулзаж байж дээ.

Ц.Жамбалын амидаа С.Жамбал бол арван жилдээ цанын аваргаар (бүсийн) шалгарч шуугиулж явсан одтой эр.

-Би цагдаа болж та нарыгаа хамгаална гэж сурагч цагаасаа ярьдаг байсан С.Жамбал маань мөрөөдлөө биелүүлж, цагдаагийн хурандаа, онц сэргийлэгч болтлоо нийслэлийн сэргийлэх байгууллагад хүчин зүтгэсэн. Жаран хэдэн онд нийслэлд тохиолдсон их үер усны аюулаас олон хүний амь аварч, олон зуун саяын өртөг бүхий эд хөрөнгийн хохирол учрахаас хамгаалж, амь биеэ үл хайрлан зүтгэж явсан гавьяатан байсаар идэр залуудаа нарт хорвоог орхисонд нь бид гүнээ харуусаж явдаг юм.

Хүн ардад өдөр тутам амин хэрэгтэй чухлаас чухал мэргэжил эзэмшсэн хүн бол манай С.Цэдэнбалжир байлаа. Тэр нийслэлийн гэр хорооллын цахилгаанчнаар насан туршдаа ажилласан. Уг хүн нь даруухан, ажилдаа үнэнч болохоороо үйлчлүүлэгчид нь түүнд дандаа “онц” дүн тавьж, их сургуульд сураагүй ч инженерийн дайтай цахилгаанчин гэж үнэлдэг байсан юм.

Анх олсон малын эмчийн мэргэжлээ сэтгүүлчийнхээр сольж, ажил мэргэжлээсээ “урвасан” ганц нөхөр бол энэхүү тэмдэглэлийг тэрлэгч би билээ. Хэдийгээр мэргэжлээсээ урвасан “нүгэлтэй ч” анхны 20-ийнхоо нэр, алдрыг цаасан дээр үлдээж байгаадаа мэргэжлээрээ би бас бахархнам.

Улиран одсон жаран бидэнд ихийг өгч бас багагүйг авчээ. Өгөө аваатай хорвоогийн жамыг яалтай билээ. Биднийг төгсөхөд 30 настай байсан төрөлх сургуулийн минь 90 жилийн ой энэ жил тохиож байна. Мянга мянган хүүхдийн оюуны мэлмийг нээж амьдралынх нь чиг замыг заадаг эрдмийн их уурхай-төрөлх сургуульдаа ойн баярын мэнд дэвшүүлж, эрдэм мэдлэгийн далай их амжилтыг анхны 10-ынхны нэрийн өмнөөс хүсэн ерөөе.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч 

Даваагийн Дорждулам


Онцлох нийтлэлүүд