ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Өдрийн сонины дугаарт
2017.07.18 11:07

Баян гэдэгт нь биш хууль мөрддөггүйд нь л нийгмээрээ хорсдог юм

Ам доллор зурган илэрцүүд"Гацуурт”-ын Л.Чинбат Нүхтэд иргэдтэй газар булаацалдаад эхэлж гэнэ. Иргэдийн авчихсан газрыг үнэ цохиж булааж авах гэж байна гэсэн агуулгатай жиргээ, пост сүүлийн өдрүүдэд харагдах боллоо. Энэ мэдээллийг сонссон олон дургүйлхэж байна. Нүхт хэн нэг мөнгөтэй хүний өмч биш учраас, газар өмчлөх, эзэмших эрх нийтэд нээлттэй болохоор дургүйцэж байгаа хэрэг л дээ. Дархан цаазтай Богд хан уулын амыг дурын нэг мөнгөтэй нөхөр өөрийн мэт сэтгэж, зоргоор авирлаад байх нь мэдээж хэнд ч таатай санагдахгүй. Олноороо ундууцах нь зүй ёсны асуудал. Дахиад хэлэхэд Нүхтийн газар бол аль нэг баян эрхмийн өмч биш. Сая дэгдсэн шуугианы тухайд нэрээ бодмоор юм даа гэсэн бодол л төрж байна.

“Гацуурт”-ын захирал эрүүл хүнс үйлдвэрлэж, ургуулдаг буянтай, хэрэгтэй бизнес эрхэлдэг. Энэ мэтээр эерэг өнцгөөс нь яривал их юм бий. Энэ удаа Л.Чинбатын сайн бүхнийг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ эцсийн хатуу үнэн гэвэл тэр өөрийнхөө төлөө ажиллаж, өөртөө ашиг олохын тулд зүтгэж байгаа бизнес эрхлэгчдийн л нэг. Үүнийг нь төрөөс үнэлж хөдөлмөрийн баатар хүртэл өгөөд байхад эцэс хожим нь “намайг хэн хэлэхэв, нохойг хэн тоохов” гэсэн шигээ аяглаж сууна. Ганц Л.Чинбат ч биш манай баячуудын гаргадаг аяг л даа. Нүхтийн газар булаацалдсан явдал сүүлд дуулдсан мэдээ учраас жишээ татсан юм. “Гацуурт”-ын захирал юу дутсан гэж улс төрд орох вэ, юу дутлаа гэж телевизээ зарах вэ гэж яриад сууж байсан удаатай. Энэ удаа юу дутлаа гэж газар булаацалдаж байгаа юм бол? Өнгөрсөн жилүүдэд өрнөсөн олон олон явдлыг ажаад хараад суух нь ээ Монголын баячууд үнэхээр феодал болж. Төр засгийг хууль, шүүх, цагдаатай нь худалдаад авчихаж байна.

Хүн гэдэг агуйгаас гараад л нийгэмшсэн төрөлтөн. Төдийгөөс өдий хүртэл нэг хэсэг нь баян чинээлэг, нөгөө зарим нь ядуу тарчиг аж төрсөөр ирсэн. Тэглээ гээд халаас нимгэн нь мөнгөтэй хөрөнгөтэйдөө хорсоод сүйд болсон юм байдаггүй. Нийгэм олонхиороо нэг л тохиолдолд мөнгөтэй, хөрөнгөтэй нөхдийн эсрэг хөдөлж, чинээлэг хэсэгтээ дургүйлхдэг. Баячууд нь хуулиа дагахгүй, шударга бус авирлаад байхаар тэгдэг юм.

Төр засгийн бодлогыг анзаарах нь ээ сүүлийн хорь гаруй жил баячуудыг улам мөнгөжүүлэхийн төлөө явсан гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Баячууд нийгмээ чирдэг, эгэл жирийн иргэд тэдний хүчээр ажилтай орлоготой аж төрдөг гэсэн гоё уриан дор мөнгөтэйчүүдийг улам мөнгөжүүлэх аян өрнөөд бараг гучин жил болох гэж байна. Гэтэл өнөөдүүл нь жаахан мөнгөтэй болоод ирэнгүүтээ титэмгүй ноён болчихсон зовлон бий. Мөнгөтэй хэсгийн өмнө төр нь цагдаатайгаа бөхөлзөж байна. Залуус нь төгсөлтийн баяраараа iphone, баярын өдрөөрөө “parker” бэлгэнд авчих санаатай нахилзаж, балчрууд нь мөхөөлдөсхөн горьдсон шигээ гүйлдэж байгаа нь энэ нийгмийн гашуун ч гэлээ үнэн. Жаахан хэтрүүлэгтэй ч гэсэн бидэнд танил болчихсон дүр зураг гэдэгтэй уншигч авхай та санал нийлэх байх. Нийгмээрээ дагаж, бөхөлзөөд байхаар өнөөдүүл нь сагаж гүйцэж. Сагаж дэвэрснийг нь сүүлд өрнөсөн үйл явдлуудаас төвөггүй харчихаж болно. Ийм шударга бус явдлыг олон жил харсан ард түмэн дургүйцсээр бас л олон жил боллоо. Одоо тэсрэхэд бэлэн байна. Цөөн хэдэн баячуудын эрх ашиг гурван сая иргэдийн эрх ашигтай харьцуулах аргагүй өндөр байхаар арга ч үгүй. Дахиад “Гацуурт”-аар жишээ татахад баргийн аавын хүү авч чадаагүй, жирийн иргэн ном журмаар нь хөөцөлдөөд ч барахгүй газрыг тоглоом барина гээд л авчих жишээний. Ийм утгатай мэдээ нэг хэсэг цацагдсаныг уншигчид санаж байгаа байх. "Тэр газарт хэдэн тоглоом өрөөд өөрийнхөө бизнесийг цэцэглүүлнэ дээ" гэж олноороо ярьж, хардаж суухаас хэтрэхгүй байгаа нь мөн л өнөөгийн нийгмийн гашуун үнэн. Мөнгөтэйгөөрөө аархсан ийм явдал ганц, хоёроор тогтохгүй бий л дээ. Сүүлд болсон явдал учраас "Гацуурт"-ын захирлыг дахиад жишээ татчихлаа.

Түрүүн хэлсэн дээ, ядуусаа аваад явчих болов уу хэмээн найдсандаа төр засгаас баячуудыг дэмждэг гэж. Монголд баян нь ядуугаа авч явдаггүйг бидний сүүлийн гучин жилийн түүх гэрчлээд өгнө. Дэлхийн мундаг улсаас гоц муудаа ингээд байгаа юм биш л дээ. Монголд 100 мянга, 200 мянга, 500 мянган хүнийг ажлын байраар хангахаар том үйлдвэрүүд хөгжих боломжгүйд хамаг учир байгаа юм. “Самсунг”, “Тоёото” шиг аварга үйлдвэр барьж өчнөөн зуун мянган хүнийг ажилтай орлоготой дажгүй амьдруулах боломж байхгүй учраас тэр л дээ. Шалтгаан нь тун энгийн. Монгол шиг жижигхэн зах зээлд ийм том үйлдвэр барих боломж хэтээсээ байхгүй. Барилаа гэж бодоход урд, хойд хоёр хөрш маань биднээс тоож юм авахгүй. Авахгүй гэдгээ ч ил, далд хэлсээр ирсэн, хэлж ч байгаа. Тэгэхээр нийтээр нь сайхан амьдруулахын тулд цөөн заримыг нь баяжуулах гэж мянган сайхан дэмжлэг үзүүлээд нэмэргүй гэсэн үг. Хэдхэн гэр бүл мөнгөжөөд л үр ашиг, өгөөж шимгүйгээр дуусах бодлого.

Япон, Солонгос баячууд олонтой улс. Гэхдээ тэнд манай баячууд шиг аархалдаа шатсан нөхөд байдаггүй. Баячууд нь энгийн даруухан, нам жим, нууцлаг амьдардаг. Мэдээж хуулиа дагаж аж төрдөг. Эвгүй гишгэж, аягүй аашилбал иргэд нь хяргачих гээд байдаг учраас тэр. Нууцлаг, нам гүм амьдралыг нь баян байгаагийнх нь төлөөс гэчихэд хэтрүүлсэн дүгнэлт болохгүй. Америкт ч тийм. Тэрбумтан нь ч, тэнүүлчин нь ч хуулийн дор зэрэгцэн амьдардаг. Манайд бол эсрэгээрээ. Мөнгөтэй бэлтэй нь өнгөн дээрээ хуулиа ягштал биелүүлж амьдардаг мэт дүр эсгэдэг ч хөшигний цаана төсөөлөмгүй худал хуурмаг, үл тоолт, дээрэнгүй дураараа авирлал нуугдаж байдаг. Монголын баячууд ингэж галзуурдгаа, олонхыг үл тоон дээрэнгүй авирладгаа болих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол мөнгөтэй хэсгийг үзэн ядаж, хорссон, тэдэнд илт дургүйцэж бухимдсан давхарга бий болчихож. Бүр цаашлуулж яривал баячуудыг шүүмжлээд байгаа хэсэг ядуу хоосон нөхөд биш. Юмны учрыг олж хужрыг тунгаах хэсэг, мөнгөтэй нөхдөд дургүйлхээд байна. Шударга бус нь хэтрээд байгаа учраас нийгмийн боддог, сэтгэдэг хэсэг ийм хандлага гаргаад байна л даа. Хурдан морь, хөлстэй бөх энэ тэрхэнд хэдэн саяар нь мөнгөө зардаг сэтгэлгээнд нь дургүйлхээд байгаа юм. Гэтэл дэлхийн тэрбумтнууд яадаг билээ. Энгийн даруухан аж төрж, дэлхийг өөрчлөх хэмжээний сэтгэж байна. “IKEA”-гийн босс Ингвар Кампрад энгийн амьдардаг тэрбумтнуудын наад захын жишээ. Тэр хэдэн тэрбумаар нь олдог хэрнээ автобусаар зорчиж, хамгийн хямд буудалд бууж, ажилчдадаа бичгийн цаасыг ар өвөргүй ашигла гэж үүрэгддэг. Харамчдаа биш дэлхийн бүх юм хэмжээтэй гэдгийг ухаарсан учраас, даруухан амьдрах хэрээр цэнхэр гаригтаа, оршин буй орчлондоо ээлтэй аж төрнө гэдгийг ойлгочихсон болохоор “этгээд” авирладаг юм. “Майкрософт”-ын Билл Гейтс байна. Жил бүр сая ам.долларын татвар төлдөг энэ эрхмээс “Daily mail”-ийн сэтгүүлч “Та хүүхдүүддээ хэдий хэмжээний хөрөнгө өвлүүлж үлдээх вэ” гэж асуухад “Тэд маань жирийн л хүүхдүүд. Их хөрөнгө мөнгө өвлүүллээ гээд сайн юм болохгүй. Тус бүрт нь 10 сая ам.доллар л өгөх болов уу. Энэ хэдийгээр бага мөнгө ч гэлээ тэд замаа өөрсдөө олох хэрэгтэй” гэсэн хариу өгсөн байдаг. “Майкрософт”-ын эзэн бүх хөрөнгөө “Билл, Мелинда Гейтс”-ийн сандаа зориулна гэж ярьдаг. Энэ сан нас баралтын тоогоороо хорт хавдрыг давдаг хижиг өвчний эсрэг вакцин гаргахад хамаг анхаарлаа хандуулж байгаа. Ухаалаг тэрбумтнуудын жагсаалтад “Тесла”-гийн Элон Маск бардам багтана. Тэр байгаль бохирдуулдаг нүүрс, газрын тосны хэрэглээг огцом хумих цахилгаан машинд халаасан дахь хэдээ зардаг. Өрнийн орнууд баячуудаа хүндлээд байдаг нь цаанаа ийм учиртай.

Баячуудыг эсэргүүцээд байгаа нь хөрөнгийг нь хурааж улаан коммунист царайлна гэсэн үг мэдээж биш. Жирийн иргэдтэй адил хуулиа мөрдөөч ээ л гээд байгаа юм. Дахиад хэлэхэд хуулийг уландаа гишгэж, дээрэнгүй, увайгүй аягладаг баячуудтай улсын иргэд л мөнгөтэй хэсгээ дургүйцэн хардаг. Хуулиа дагадаг, ухаалаг хандлагатай баячуудтай улсын иргэдэд ийм сэдэл огтоос төрдөггүй нь булзах аргагүй үнэний нэг. Айхавтар орны баячууд өөр дэлхийг бүтээх гэж том харж байхад Монголын баячууд улсаа хөмрөх дээрээ тулаад байгаа нь бас булзах аргагүй үнэн билээ.

Ц.ТҮВШИН

Онцлох нийтлэлүүд