ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.06.01 01:06

Бидний мэдэхгүй Турк орон (II)

Анкарад очоод үдээс хойш жижиг хоолны газар орвол хүнгүй эл хуль байлаа. Учир нь ислам шашны мөргөлийн сар буюу Рамадан сарын үеэр бид очиж таарчээ. Өглөөн гэгээнээс эхлээд үдэш харанхуй болтол шашиндаа үнэнч хүмүүс юм идэхгүй, ус ч уухгүй, тодорхой цагуудад мөргөлийн уянгалаг дуу хаа холоос цуурайтан сонсдоно. Цайны газрын зөөгч залууст захиалга өгөх гэж бага зэрэг будилсан нь цаана хараад зогсож байсан хоёр турк бүсгүйн инээдийг барав бололтой. Алчуураар толгойгоо ороосон гуч гаруй насны хоёр бүсгүй гэдэгнэж годгонон инээлдэх нь бидэнд ч хөгжилтэй байв. Турк бол хоолны гайхалтай соёлтой орон ажээ. Хонь, тахиа, загас, үхрийн махыг янз янзаар амттай шарна. Хоолны өмнө заавал ногооны хачир, салат зооглох бөгөөд ширээн дээр бяслагийг хичнээн янзаар нь өрнө. Сүү, тараг их хэрэглэдгийг тэдний зоогийн ширээнээс харж болно. Манайхан таргийг сүүгээр шингэлж уудаг шиг, тийм шингэн таргаа байнга хэрэглэнэ. Гудамжинд нь дөнэр төрөл төрлөөрөө байна. Хонины гэдсээр хүртэл хийж байна лээ. Монголчуудын хувьд хоол таарахгүйн зовлон байхгүй, мах их хэрэглэдэг ард түмэн юм. Монголоос мах авна гэвэл өөрсдөө малаа вакцинжуулж, эрүүл гэдгийг нь бататгаж байж авах боломж бий гэлээ. Анкарагаас хурдны галт тэргээр хоёр цаг гаруй яваад Эскишехир хэмээх жижиг хотод Монголын өргөмжит консул Илхан Косей биднийг хүлээн авлаа. Инээд алдсан, үе дамжсан бизнесмэн энэ эр өргөмжит консулынхаа ажилдаа тун сэтгэл хангалуун явдаг бөгөөд чин сэтгэлээсээ ажлаа хийдэг нь илт. Туркт сурдаг монгол оюутнуудын спортын наадмыг энэ хотод зохион байгуулдаг, энд сурдаг монгол оюутнууддаа хэрэгцээ шаардлага гарвал тусалж дэмждэг, харваас халгиж цалгисан сайхан сэтгэлтэй эр. Илхан Косей жил бүр өөрийн компанийнхан болон хамтрагчид, найз нөхөд, монгол оюутнуудаа оролцуулан хүлээн авалт хийдэг нь биднийг очих үеэр таарчээ. 250 хүний суудалтай том ресторанд нар жаргаагүй байх үеэс хүмүүс уван цувсаар ирлээ. Үүдэнд нь манай консул бүх хүнээ хүндэтгэн өргөмжит хүлээн авч оруулна. Эрчүүд голдуу зочид дүүрэх үеэр харанхуй болж, нэг залбирч аваад бүгд хоолоо идлээ. Зөөгч нар талх, ногоо, сүү тарагнаас гадна зутан шөл, шарсан махыг таваг тавгаар нь зөөж гүйлдэнэ. Зоог хоёр цаг орчим үргэлжилж, зочид хоолоо идэж дуусаад, талархлаа илэрхийлэн гарсаар танхим дороо эзгүйрлээ. Манайхны ийм зоогт сархад сөгнөөстэй, халамцуу эрчүүд хаа сайгүй байдаг бол туркүүд сайхан хооллож аваад тарж одоцгоох нь содон харагдаж байлаа. Манай өргөмжит консул маань Эскишехирт сурч байгаа 10 гаруй монгол оюутныг бас урьсан байсан. Тэд хэзээний танил ажээ. Энэ хот Турктээ жижигт тооцогдох ч 900 мянга гаруй хүн амтай. Гурван том их сургуультай болохоор залуус ихтэй ажээ. Онгоцны мотор, хөргөгч зэргийг үйлдвэрлэдэг НАТО-гийн ханган нийлүүлэгч томхон үйлдвэр байдаг гэх мэт технологид суурилсан аж үйлдвэр хөгжжээ. Мөн Туркийн соёлын төв хот гэж хэлж болохоор юм. Аялаг тавлаг байдлаараа Анкарагийн дараа эрэмбэлэгддэг цэвэрхэн хот ажээ. Гэмт хэрэг зөрчил бараг гардаггүй гэдгээрээ алдартай. Ямартаа л хар шөнөөр эмэгтэй хүн ганцаараа явахад ямар ч аюулгүй гэж тайлбарлаж байхав.

* * *

Туркүүд цайгаа хандалж, нэг их таатай тухтай уух юм. Цайны ханд бэлтгэх арга нь ч өвөрмөц. Энгийнээр хэлэхэд хандаа маш өтгөн хийж, усаар шингэлж таатайхан ууна. Цай чанах тусгай жижиг зуух хүртэл байна лээ. Турк цайг хэрэглэж сураагүй хүн хэт өтгөн уувал толгой эргэж, дотор муухайрна, зүрх ч эвгүйрхэх талтай. Харин уугаад байвал амтанд нь орчих шинжтэй, тааламжтай амттай. Туркүүд цайгаа дундаа тавьчихаад, махаа шарж идэн хууч хөөрч суудаг. Гэр бүл, найз нөхөд хаана ч ийм төрх харагдана. Омголон халуун цустай энэ ард түмэн дайламтгай найрсаг зантай. Харилцааны тал дээр албан ажлын харилцаанаас хальж найз нөхөд болоод байдаггүй. Ажлын хамтрагч бол тэр хэв маягаас хазайхгүй гэсэн зарчмаар явдаг хүмүүс ажээ. Туркт гутал, хувцас хунар бусад орноос хавьгүй хямд ажээ. Анх тэд алдартай б р э н д ү ү д и й г д у у р а й ж хуулбарлаж хийдэг байжээ. Тэр нь удаан хугацаанд давтагдсаар байгаад өдгөө үндсэн брэнд бүтээгдэхүүнээсээ ч хавьгүй илүү чанартай болсон байна. Даавууны чанар, хувцасны өмсгөл, биед таатай байх зэрэг нь тун давгүй. Манайхан Туркээс бараа зөөдөг болсноор барааны чанарыг нь сайн мэддэг болсон. Дунджаар Туркээс авчирсан нэг жинсэн өмд манайд 80- 100 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг бол Стамбулын томхон худалдааны төвд хийц загвараасаа шалтгаалаад дунджаар 25-50 мянган төгрөгийн хооронд байх жишээтэй. Анкарад үүнээс арай хямд, Эскишехирт бүр хямд байдаг гэнэ. Гутал, цамц гээд бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүн иймэрхүү л үнэтэй байх юм билээ. Харьцангуй үнэтэй байдаг зүйл нь архи, дарс, шар айраг. Холоос зөөж ирж байгаа болохоор Монголд үнэ өртөг нэмэгдэх нь аргагүй биз. Харин туркүүдийн хүсээд байгаа том онгоцыг өдөр бүр нисгэвэл карго зөөх хэмжээ нэмэгдэж, үнэ багасна. Тэр хэрээр турк бараа Монголын зах зээлд хямд ирнэ. Монголын бараа бүтээгдэхүүнийг Туркт, цаашаа Европод хямд зардлаар гаргах боломжтой гэж тэд тайлбарлаж байсан.


* * *

Эртний түүхт Стамбул бол асар том хот. Уул, дов толгод дамнан бүхэл бүтэн хоёр тив дамнан сунайна. Ази, Европ тивийг заагласан Босфорын хоолойг асар том гурван гүүрээр холбож, хотоо холбожээ. Орой ажил тарахын орчим Европ тив чиглэсэн замын ачаалал ихэсдэг. Өглөө эсрэгээрээ хүмүүс Ази тив рүү ажилдаа яарч, замын ачаалал нэмэгддэг байна. Гэсэн ч тэр үеэрээ таг зогсохгүй, бага хурдтай ч гэсэн хөдөлгөөн урссаар л байдаг. Замын голоор бас нэг зам байх нь тусгай замын автобус зорчих зориулалттай. Хоёр талаар нь торон хаалт татсан байх бөгөөд зорчигчид шатаар дээш гарч ирж сууна. Ямар ч түгжрэл, гацаагүй маш хурдан явах хүмүүс энэ автобусыг сонгож болно. Алдарт Босфорын хоолойн ус хөхрөн цэлэлзэх нь гайхалтай үзэсгэлэнтэй. Хоёр эргээр нь хувийн хаус, ресторан, үйлчилгээний газрууд ярайна. Энд газар, байшин, үйлчилгээ хамгийн үнэтэй. Эрэг дагуух зогсоол дээр жижиг онгоцнууд давалгаан дунд дайвалзан эгнэн зогсох нь цэнхэр усандаа гарахаар яаран яаран байна уу даа гэлтэй. Энэхүү жижиг завь бол амралт зугаалгын унаа бөгөөд Туркэд ирсэн жуулчид хөлөглөн үзэсгэлэнт хоолойгоор аялна. Мөн төрсөн өдөр, хуримын ёслол ч завин дээр болдог. Дээрээ гурав дөрвөн давхар барилга бүхий том том ачааны хөлөг онгоц усан хоолойгоор байнга зөрнө. Усны урсгалаасаа болдог уу том онгоцнууд үдээс өмнө нь нэг чигт, үдээс хойш нөгөө чигт явдаг. Өөрөөр хэлбэл, том хөлөг онгоцнууд зөрөлдөн давхидаггүй гэсэн үг.

***

Хүн амынхаа тал хувьтай тэнцэх хэмжээний жуулчин авдаг энэ улс 2019 онд бүр их жуулчин авна гэж төлөвлөжээ. Туркийн үзэсгэлэнт байгаль, хосгүй сонин түүхийн дурсгалт газруудаар аялж, далайн эрэг дээр наранд биеэ шарж, дэлгүүр хоршоо хэсэх жуулчдаас тэд бас л өөр хэлбэрээр “мөнгө салгахаар” шийджээ. Тэр нь эрүүл мэндийн аялал жуулчлал. Аялангаа эрүүл мэнддээ анхаар гэсэн үг. Анкара хотод л гэхэд зургаан том блок бүхий Европ тивдээ хамгийн томд орох нүсэр эмнэлэг үүдээ нээж байна. Хотод байх томхон эмнэлгүүдээ нэгтгэн, шинэ барилгад нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд тоног төхөөрөмжүүдийг ч шинэчлэн сольжээ. Эмнэлгийн дээд зэрэглэлийн өрөөнүүд нь тансаг зэрэглэлийн зочид буудлаас ялгаагүй. Хурлын танхим, зочны, унтлагын буюу сахиурын, гал тогооны гээд дөрөв таван давхар сэлүүхэн өрөөнүүдтэй. Энгийн өрөөнд ч мөн 2-3 өвчтөн хэвтэх бөгөөд саруулхан тохилог ажээ. Эмнэлгийн блокуудын хооронд явах шаардлага гарвал дотроо жижиг оврын машинаар давхина. Алхана гэвэл хамаг цагаа барж, төөрч мэдэхээр том.Үүн шиг 15 том эмнэлэг цаашид барихаар төлөвлөж байгаа гэнэ. Туркийн улсын эмнэлгийн үйлчилгээ нь Европынхоос 30- 40 хувь хямд ч үйлчилгээний чанараараа илүү гарна уу гэхээс дутдаггүй байна. Сүүлийн үед манайхан ч гэсэн Туркэд эмчилгээ хийлгэх нь нэмэгдэж байгаа бөгөөд Солонгос, Тайландын эмнэлгээс хавьгүй хямд тусдаг, эмчилгээ, үйлчилгээний чанар өндөр хэмээн онцлох хүн олон байв. Тиймээс тун удахгүй Туркийн улсын эмнэлгийн төлөөлөгчийн газар Улаанбаатарт үүд хаалгаа нээхээр яриа хэлэлцээр эхэлжээ.

Үргэлжлэл бий

Онцлох нийтлэлүүд