ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.06.07 08:06

Бидний мэдэхгүй Турк орон (III)


2016.07.15-ны халдлагын үеэр бөмбөгдөлтөд өртсөн Төрийн ордны байр

Бидний өмнө түргэн түргэн алхаж яваа эрхэм бол Туркийн үндэсний их хурлын гишүүн, Турк-Монголын парламентын бүлгийн дарга Махмет Эрдоан юм. Монголд хэд хэдэн удаа ирж байсан, “Би бол Монгол Улсыг Туркт төлөөлж байгаа нэгж” гэж ярих дуртай энэ эрхэм Турк-Монголын парламентын бүлгийг арав гаруй жил тэргүүлж буй туршлагатай нэгэн. Тэрбээр биднийг 2016 онд Туркт болсон цэргийн эргэлтийн үеэр парламентын ордон руу буудсан ор мөрийг үзүүлэх гэж дагуулан яваа юм. Туркийн Үндэсний парламентын ордон хоёр том барилгатай, нэгэнд нь 500 гаруй гишүүдийнх нь өрөө сэлт байдаг бол нөгөө нь хуралдааны танхим бүхий байр. Эхний онилсон сум тэрхүү хоёр барилгын яг голд нь унасан бөгөөд ойр орчмын модыг булга татсан харагдана. Сумны хонхорхой гаргасан хэсгийг майхан зоогоод хамгаалчихсан байна. Хойдхон талд байх парламентын ордны яг орой дээр дараагийн сум тусчээ. Тэр нь Ерөнхий сайдын өрөөний орчим бөгөөд аз болж хүн өртөөгүй гэнэ. Барилгын дээврийн нэг хэсэг өм цөм хонхойсныг тэр чигээр нь үлдээжээ. Хажуугийн хана, цонх, шил нэлэнхүйдээ үйрч унасны ул мөр одоо ч тод харагдана. Хожим хойч үедээ энэ үйл явдлыг битгий мартаарай гэж, тус халдлагын үеэр амь үрэгдсэн гэм зэмгүй иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэх гэж сумны ор мөрийг тэр чигээр нь үлдээжээ.

2016 оны долдугаар сарын 15-нд болсон цэргийн эргэлт бол ард түмнийхээ өөдөөс гал нээсэн аймшигт үйл явдал болсон хэмээн албаны хүмүүс онцлон ярьж, танилцуулж байсан. Махмет Эрдоан ч “Турк улс терроризмтэй тэмцэх ажлын хүрээнд ФЕТО байгууллагатай ч мөн тэмцэж байна. ФЕТО бол Туркийн хэвлэл мэдээлэл, хууль хүчний байгууллага, боловсролын салбарт ч гүн гүнзгий нэвтэрч чадсан байгууллага” хэмээн ярьж байв.

Ер нь Монголын сэтгүүлчдэд Туркийн зүгээс хоёр зүйлийг тайлбарлаж байсны нэг нь ФЕТО хэмээх байууллага юм. Монголын сэтгүүлчдийн баг Монгол-Турк улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өмнө тус улсад ажилласан бөгөөд ТИКА буюу Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг, тус улсад суугаа манай Элчингийнхэн энэ хөтөлбөрийг зохион байгуулсан юм.

Ямар ч улсын хувьд аюулгүй байдлаа хангахын тулд тероризмтэй тэмцэх зайлшгүй шаардлагатай байдаг. Туркийн зүүн өмнөд хил буюу Сиритэй хиллэдэг бүсэд байдал ээдрээтэй хэвээр байгаа тухай албаны хүмүүс мэдээлэл өгч байв. Тухайлбал, Сирийн чөлөөт армид сүүлийн жилүүдэд гадны улсаас хүмүүс ирж ихээр элсэж байгаа. Өдгөө 1500 гаруй дайчид энэ армид идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Төв Азийн улсаас Сирийн чөлөөт армийг зорьж ирэгсэд олон гэнэ. Мөн энэ армийн зүгээс элдэв өдөөн хатгалга, террорист ажиллагаа явуулах аюул бий. ФЕТО хэмээх байгууллагыг Туркийн Засгийн газраас террорист үйл ажиллагаа явуулдаг, 2016 оны цэргийн эргэлтийг зохион байгуулсан хэмээн албан ёсоор зарлаад байгаа юм. Фетталлах Гулений удирддаг энэхүү байгууллага 2016 онд Засгийн газрын ордон руу буудаж, цагдаа, телевизийн байрыг эзэлж, Ерөнхийлөгчийн ордон руу дайрсан. Хамгийн эмгэнэлтэй нь ард түмэн рүүгээ буудаж энгийн 250 гаруй иргэн амь үрэгдсэн хэмээн тайлбарлаж байсан. Шашны номлогч Фетталлах Гулен гэдэг хүн өдгөө Америкт амьдардаг бөгөөд “энэ үйл ажиллагааг зохион байгуулаагүй” хэмээн албан ёсоор мэдэгдээд байгаа ч баривчлагдсан хүмүүсийн 98 хувь нь Гулений үүрэг даалгавраар ийм зүйл хийсэн гэж мэдүүлсэн гэлээ. Цэргийн эргэлт гарснаас хойш Туркийн төрийн албанд маш том цэвэрлэгээ хийж, ойролцоогоор 10 мянган хүнийг баривчилжээ. Үүний дотор 300-гаад сэтгүүлч байгаа нь тэдний тайлбарласнаар Гулений даалгавраар төрийн эсрэг ажиллаж байсан хүмүүс гэнэ. Аль 40 жилийн өмнөөс Гулен дотоодоо төдийгүй дэлхийн олон оронд турк сургуулиудыг олноор байгуулсан бөгөөд оюутнуудаа дотуур байрандаа авдаг нь боловсролоор дамжуулж шинэ улсыг бий болгох гэсэн бодлого байсан хэмээн үздэг байна. Тиймээс ч гадаадад байгаа турк сургуулиудыг татан буулгах, тэнд ажиллаж байсан багш нарыг Туркт шилжүүлэх зэрэг хүсэлтийг улс орнуудад тавиад байгаа аж. Манайд ч ийм үйл явдал өрнөж, турк сургуулийн захирлыг хулгайлах гэлээ гэсэн дуулиан шуугиан болж байсныг уншигчид санаж байгаа биз ээ.

* * *

Туркийн Гадаад хэргийн яамныхан Монгол Улсын Элчин сайд Р.Болд болон тэдний багийг бусад улс орнуудын элчингүүдээс хамгийн идэвхтэй ажилладаг, дөнгөж өчигдөрхөн бид уулзалт хийсэн хэмээн онцолж байна лээ.

Турк-Монголын парламентын бүлгийн дарга Махмет Эрдоан

Дэлхийн сонирхол Ази руу чиглэж байгаа энэ үед Турк-Монгол Улстай илүү өргөн хүрээнд харилцаа холбоотой байх сонирхолтой байгаа аж. Монгол Улсыг Туркээр дамжуулж барууны орнуудад нээх, Монголоор дамжиж Турк Азийн орнуудад гарах бүрэн боломжтой гэж тэд үзэж байна. Өдгөө хамтын ажиллагааны олон яриа хэлэлцээр үргэлжилж байгаа ч зарим асуудал бидний санасан хэмжээнд хүрэхгүй байна хэмээв. Учир нь өнгөрсөн онд Монгол-Туркийн хоорондын худалдааны эргэлт 30 сая орчим ам.доллар байгаа нь чамлахаар үзүүлэлт юм. Үүнийг 300 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлж байна. Хоёр улс газар нутгийн хувьд хол оршдог, тээврийн асуудал шийдэгдээгүй байгаа нь худалдааны эргэлтэд нөлөөлж байна гэв. Үүнийг шийдэхийн тулд Монгол Туркийн хооронд шууд нислэг хийж байгаа “Туркиш эйрлайнс”-ийн нислэгийн тоог нэмэх, онгоцны багтаамжийг томруулах шаардлагатай гэж тайлбарлаж байлаа.

Хоёр улсын эдийн засгийн эргэлтийг сайжруулах үүднээс Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа. Энэ чиглэлийн хоёр дахь уулзалт удахгүй Анкарад болно. Туркууд монголчуудтай хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой юм. Хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлэхэд дээд хэмжээний уулзалт маш чухал байдаг. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд ийм уулзалтыг хоёр талаас ярьж байгаа аж. Хамгийн сүүлд буюу 2018 онд М.Энхболд УИХ-ын дарга байхдаа БНТУ-д айлчилсан бол өнөө жил Батлан хамгаалахын сайд Н.Энхболд албан айлчлал хийсэн байна. Туркийн одоогийн ерөнхийлөгч Эрдоган 2013 онд ерөнхий сайд байхдаа Монгол Улсад айлчилж байсан юм.

Туркийн үндэсний авиа компани болох “Туркиш эйрлайнс” хоёр улсын хооронд долоо хоногт гурван удаа шууд нислэг үйлдэж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Одоо тэд долоо хоногт таван удаа том онгоцоор шууд нислэг хийх санал тавьж байгаа бөгөөд ингэснээр хоёр улсын худалдаа төдийгүй аялал жуулчлал нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн зорчигчид тав тухтай нисэхээс эхлээд онгоц цагаасаа хоцрох, ачаа үлдэх зэрэг чирэгдэл гарахгүй гэж байв. Өдгөө жижиг онгоцоор нислэг хийх үед заавал Киргизэд бууж шатахуунаа цэнэглэдэг нь алдагдал хүлээдэг, зорчигчдод ч хүндрэлтэй байдаг аж. Энэ талын яриа хэлэлцээр үргэлжилж байгаа юм байна. Монгол Улсын хувьд “Туркиш эйрлайнс” том онгоцоор долоо хоногт таван удаа нислэг үйлдэх юм бол МИАТ-ийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй хэмээн болгоомжилж буй бололтой. Харин Туркийн талаас МИАТ-ийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хамтарч нислэг хийх зэрэг бүхий л боломжийг санал болгож байгаа гэлээ. Хэрэв том онгоцоор олон удаагийн нислэг хийх юм бол тийзний үнэ хямдрах сайн талтай аж.

Турк улс хүн амынхаа талтай тэнцүү хэмжээний буюу 40 сая жуулчин жилд хүлээн авдаг. Аялал жуулчлалаасаа 30 тэрбум ам.доллар олдог нь дэлхийд дээгүүрт ордог үзүүлэлт юм байна. Өнөө жил үүнээс ч илүү их жуулчин хүлээж авна гэж төлөвлөжээ. Туркүүд ч хэдэн саяараа гадагшаа аялдаг. Хэрэв “Туркиш эйрлайнс”-ийн том онгоц хоёр улсын хооронд олон удаагийн нислэг хийх юм бол Туркэд ирж байгаа жуулчид Монгол руу ирэх боломж нээгдэнэ. Мөн туркүүдийг өвөг дээдсийнхээ нутаг руу очиж үзэх аяллыг зохион байгуулж болно хэмээж байсан нь боломжийн сонстож байлаа. Өнгөрсөн онд 3000 орчим турк иргэн манайд ирсэн бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 4500 турк ирсэн нь жуулчдын тоо өсөх магадлалтайг харуулж байгаа аж. Монголын сэтгүүлчдийн баг Стамбулд байх “Туркиш эйрлайнс”-ийн төв байраар орж танилцлаа. Нийт 335 онгоцтой, үйл ажиллагааныхаа цар хүрээгээрээ Европдоо нэгд, дэлхийд 10-т ордог том авиа компани. Энэ үеэр Турк Улсад суугаа Монголын Элчин сайд Р.Болд тус компанийн удирдлагуудад саналаа хэллээ. Санал ч юу байхав дээ, өмнө нь ярьж тохирсон яриа хэлэлцээр яагаад ажил хэрэг болохгүй байгаа талаар нэлээн шүүмжлэлтэй, хатуухан яриа өрнүүллээ. Элчин сайд Р.Болд ““Туркиш эйрлайнс”-ийн нислэг хоцордог, ачаа хоцордог, хоол муу, монголчуудад муу үйлчилдэг гэсэн гомдол их ирдэг. Үүнийг яаж шийдэж байна. Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэгт онгоцны доторх зааварчилгаа, үйлчилгээг турк, англи, монголоор зарлах тохиролцоонд хүрсэн. Тэр яагаад одоо болтол хэрэгжихгүй байна вэ. Яагаад та нар хэлсэн ярьснаа биелүүлэхгүй байгаа юм. Компанийнхаа Монголын талыг хариуцсан хүмүүсээ дууд” хэмээн албан ёсны хатуухан шаардлага тавьсан нь хамт явсан бидэнд тун бахархалтай байлаа. Хэлэх үгээ хэнд ч хэлж чаддаг, хамтын хэлэлцээрийн үр дүнгээ шахаж шаарддаг туршлагатай, мэдлэгтэй дипломатчийн зангараг тэнд бүрэн дүр зургаараа харагдаж байсан юм. Үүний хариуд “Туркиш эйрлайнс”-ийн удирдлагууд “Хоол, үйлчилгээгээрээ манай компани дэлхийд дээгүүрт ордог. Таны хэлсэн асуудлыг нягтлан судалъя. Бишкекээс Монгол хүртэл англи, монголоор зарлаж байгаа” хэмээн учирлаж байсан. Элчин сайд “Бикшекээс Улаанбаатар хүртэл биш, Стамбулаас Улаанбаатар хүртэл зарлах гурван хэлний нэг нь монгол байх учиртай” хэмээн сануулсаар гарав.

* * *

Турк улс аялал жуулчлалаа хөгжүүлж чадсаны нууц нь хувийн хэвшлээ хангалттай дэмжиж чадсаных ажээ. 1970-аад оноос улсын мэдэлд байсан газрыг хувийн хэвшилд түрээслэх ажиллагааг эхлүүлжээ. Түрээсэлсэн компаниуддаа төрөөс хөнгөлөлттэй зээл олгож эхэлснээр зочид буудал олноороо бий болжээ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр гаднаас жуулчин ирвэл ая тухтай байлгах байр саваа ингэж бэлдэж чаджээ. Ингэснээр 1.5 сая ор бүхий 10 мянга гаруй өндөр зэрэглэлийн зочид буудалтай болсон байна. Дараа нь жуулчдын очих дуртай түүхийн болон байгалийн хосгүй үзэсгэлэнт газруудаа танилцуулж, сурталчилж эхэлсэн байна. Газарзүйн өвөрмөц тогтоцтой, далай тэнгисийн эрэг, түүхийн ховор дурсгалт газар ихтэй энэ улс жуулчдыг соронзон мэт татсаар байна.

Монголын хувьд турк жуулчдыг татах нэгэн сайхан сэжим нь “Өвгөдийн нутгаа үз. Түүх дурсгалтай нь танилц” хэмээн урих явдал юм. Орхоны хөндий дэх Билгэхан, Культегин, Налайх дахь Тонюкикийн зэрэг хөшөө дурсгалыг үзэх сонирхох хүсэл туркүүдэд бий. Ямартаа л тэд хоорондоо “Монголд очсон хүнийг жинхэнэ турк боллоо гэж бод” хэмээн ярилцдаг байхав. Ер нь түүхийн баларсан жимээр аялж, сонин хачныг өөрийн биеэр үзэх сонирхол хэн хүнгүй дуртай байдаг хойно. Дашрамд дурдахад, туркүүдтэй холбоотой Монголын нутаг дахь дээрх хөшөө дурсгал хүрэх засмал замыг Туркийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан байдаг.

Турк улсын тухай бид өөрсдийгөө дажгүй сайн мэдлэгтэй гэж боддог. Нэг үеэ бодвол Туркийн тухай бидний мэдээлэл хавьгүй их байгаа ч яг тулаад ирэхээр ерөнхийлөгч Эрдоган болон Туркиш эйрлайнсийн шууд нислэг, турк хувцас хунар гээд цаашаа хэтэрдэггүй мэт. Бидний сайн мэдэх хэрнээ огт мэддэггүй Турк орны талаар дараагийн нийтлэлдээ үргэлжлүүлэн хүргэх болно.


Онцлох нийтлэлүүд