ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2014.06.21 10:06

Бид агуу том хоёр гүрний дунд амьдардаг азтай улс

Сүүлийн үед телевизүүдээр, тухайлбал, захиалгат нэвтрүүлэг хийдэггүй гэж өөрсдийгөө рекламддаг “Монгол” HD телевизээр арьсны өнгөөр ялгаварлахыг дэвэргэсэн, эрлийзүүдийн эсрэг дайн зарласан шинжтэй нэвтрүүлэг цацагдлаа. Цаашид дээрх нэвтрүүлэг өөр бусад олон телевизээр давтан гарах байх. Ямар учиртай болохоороо ингэж хөрөнгө мөнгө зарцуулан, цаг зав гарган ийм нэвтрүүлэг бэлтгэж, цацна вэ. Монголчууд нарийн царигтай төмөр зам тавибал хятадууд асар олноороо орж ирнэ гэсэн далд санаатай, энэ ажлыг дандаа хятадын эрлийзүүд санаачлан хийж байгаа гэдгийг баталсан маягтай нэвтрүүлэг юм байна.

Энэ нэвтрүүлэг тэр ч謬гээрээ Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчжээ. Шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг Монгол Улс Үндсэн хуулиараа хориглосон. Мөн НҮБ-аас даян дэлхийд зарласан арьсны өнгө, үндэс угсаагаар нь ялгаварлаж болохгүй хэмээх Түгээмэл тунхаглалыг үл тоож, нэвт зөрсөн, үндсэрхэг үзлийг дэвэргэсэн, хоосон хийрхэл ханхлуулсан нэвтрүүлэг болжээ. Үүнийг нийтэд цацаж байгаа тухайн телевизийнхэн чөлөөт хэвлэлийн хөгжилд хэр том чөдөр тушаа болж байгаагаа мэдэж байгаа болов уу. Гэхдээ энэ тусдаа хэрэг. Харин бид үнэхээр халгаж хаширламаар дайснуудын дунд амьдардаг ард түмэн үү. Монгол Улс дэлхийн хэт том хоёр гүрний дунд оршин байдаг маань харин ч азтай юм биш үү. Үүгээрээ бахархах ч ёстой. Газар нутаг, хүн ам, хөгжил дэвшил, улс үндэстнүүдэд нөлөөлөх нөлөөллөөрөө дэлхийд тэргүүлдэг Америк, Орос, Хятад гэсэн гурван их гүрний хоёртой нь айлсан амьдардаг нь бидний давуу тал. Ямар ч улс үндэстэнд Үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, газар нутгаа бүрэн бүтэн байлгах бодлого, сонор сэрэмж бий. Гэхдээ өнөөдөр бид хоёр хөршөө арай л хэтийдүүлэн муулж, хардаж байдгийн тод жишээ дээрх нэвтрүүлэг юм.

Нарийн царигтай төмөр зам тавибал Монгол орон хятадаар дүүрч, эзлэгдэх шахуу зүйл болно гэсэн ойлголтыг эндээс төрүүлэх гэж хичээжээ. Тэгвэл Богд хааны үед бүр төмөр зам тавихыг эсэргүүцэж байв. Монголчууд төмөр замаа ажиллуулж чадахгүй, галт тэрэгний зогсоолын суурин бүрт хятадууд дүүрч, гадаадын колони орон болно хэмээн сурталдаж байж. Өнөөдөр Монгол Улс төмөр замтай, түүгээрээ урд хөрштэйгээ 65 жилийн турш харилцаж байна. Хятадууд орж ирээд эзлээд суусан юм алга. Төмөр замаа бид Оросын тусламжтайгаар тавьсан. Тэгээд Оросын колони улс болоогүй л байна. Энэ мэтчилэн бид яагаад хоёр хөршөөсөө айж, хий хардах солио тусаа вэ.

Бид ямар айлын хоттой хонь туугаад явчихдаг шиг хүний 200 охин үрийг хулгайлж алга болдог “Бохо Харам” мэтийн харгис бүлэглэл бүхий улстай хиллэж суудаг биш. Бид буруу үйлдэл хийлээ гэж охидоо чулуугаар цохиж алчихаад инээлдэж зогсдог шашны хэт үзэлтэй улстай хил залгадаггүй. Өдөр бүр болдог тэсрэлт дэлбэрэлт, буун дууны золиосонд гэм зэмгүй хүүхэд хөгшид хэдэн арваараа энддэг дайн самуунтай улстай бид айлсан амьдардаггүй. Бидний хөрш Орос, Хятад гэдэг энэ хоёр том гүрэн бол ичих нүүртэй, хайрлах нэртэй, ёсзүйтэй, хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагатай улс.

“Өөр улсын нутагт байгаа хөрөнгөө хамгаалах гэж хятадууд цэрэг хөдөлгөдөг хуультай” гэдэг ойлголтыг хэсэг хүмүүс нийтэд түгээж айлгах гэж их үздэг. Ингэж зэвсэглэж дайрсан тохиолдол хаана гарсан юм бэ. Хятадын түүхийг бичсэн Г.Киссенжер “Хятад улс түүхэндээ гадагшаа дайраагүй. Тухайн улсын хүсэлтээр цөмрөн орж байсан” хэмээн дүгнэсэн байдаг. Тэд гадагшаа бусдын хүсэлтээр дайрлаа гэхэд буцаад гараад явчихдаг ажээ. Урд хөрштэйгээ дайтаж муудаж байсан түүх бидэнд зөндөө л бий. Ойрхных гэвэл 1919 онд Богд хаант Монгол Улсын нийслэл Хүрээнд Хятадын цэргүүд дайран орж эзэлсэн байдаг. Үнэндээ энэ бол автономит төр байгуулагдахад Монгол түшмэд “шавь хошууныхан даварлаа, үүний оронд Хятадын харьяат байсан нь дээр” хэмээн өөрсдөө бичиг барин давхилдсаны үр дүн нь. 1950-иад оны Хятад Энэтхэгийн хил дээрх Гималайн тулгаралт байна. Хилийн маргаантай тэр бүст хоёр улсын цэрэг тулгарч, хятадууд илт дийлж, нөгөө талаа бут цохисон. Тэгсэн хэрнээ буцаад хуучин хилийн зааг дээрээ ухарч очсон түүх байдаг. Тун саяхны жишээ гэхэд Хятад Японы хоорондох арлын маргаан байна. Хятадууд бүгдээрээ очоод шаахайгаа шидэхэд дүүрчих тийм жижиг арлыг эзлээд авахад ядах юмгүй мэт. Гэхдээ тэд дипломат ёсыг баримтлан гэрээ хэлэлцээр хийгээд л сууж байна. Гэтэл манайхан Монголд байх Хятадын хөрөнгө оруулалттай хоёр нүүрсний уурхайг хаахад л өмнөөс баахан зэвсэгтэй цэрэг ороод ирэх юм шиг сурталдаад байгаа.

Шатахууныг хойд хөршөөсөө 100 хувь авбал колони улс нь болно хэмээн нэг хэсэг нь цуурдаг. Одоо Оросын түүхийг Крым, Ук­раинаар жишээлэн ярьж бай­гаа. Жинхэнэдээ Крымын тө¬лөө оросууд цусаа урс­ган дайтаж явжээ. Орос хөв­гүүдийн цус, ясаар олдсон газар нутаг. Сүүлд оросууд Украинд энэ нутгаа бэлэглэж, одоо буцааж авч байгаа л хэрэг. Монголчууд бид өөрсдийгөө адилтгаж зүйрлээд байх юмгүй.

Монголчууд бид хий юм хардаг өвчтэй хүн шиг л бол­чихож. Хий хоосон зүй­лээс болгоомжилж, хардаж сэрдсээр байгаад бүтээж байгуулах боломж, хайран цаг хугацаагаа үрж байна. Яг ийм хардлагаас болоод төмөр замаа тавьж чадахгүй долоон жилийг алджээ. Өөр олон бүтээн байгуулалт хар сэр, талцал, нэг зүйлийг зориудаар дэвэргэн хөөргөдгөөс болоод саатаж гацаад байгаа. Одоо үүнийгээ больж ажил хийе. Улс орноо хөгжүүлэх, өөд нь татах, санах сэрэх, бүтээн босгох их ажил өмнө маань байна. Бүдүүн ч бай, нарийн ч бай юуны өмнө төмөр замаа тавья. Эрдэмтэд нь нийлж нэгдэж эдийн засгийн үндэслэл, тооцоогоо гаргаад, нэг санаа, нэгдмэл хүчээр ажлаа эхэлье. Түүнээс биш зүгээр байгаа хоёр хөршөө хий сэрдэж, бие биенээ эрлийз хурлийз, үндэс угсаагаар дуудаж хэрэлдээд Монгол Улс хөгжихгүй. Ийм хэрүүл даамжирвал улс үндэстнийг хагаргах, хуваах аюул дагуулна.

Төрийн эрх барьж байгаа нам эвсэл ч гэсэн хэт нэг талыг барилгүй, бодит бай­далд тохирсон зөв бодлого баримтлах цаг хэдийнэ бол­жээ.

Онцлох нийтлэлүүд