Нийгэм
2020.11.26 08:11

​БИЗНЕС ЭРХЛЭГЧИД: Засгийн газар жоомоо устгах гээд байшингаа шатааж байна!

Өнгөрсөн хавар Фэйсбүүкт “Бизнес эрхлэгчдийн нэгдэл” групп байгуулагдсан юм. Энэ нэгдэл COVID-19 цар тахлын улмаас үүсч буй эдийн засгийн хямралыг давах, эрсдэлийг бууруулах бодит хөнгөлөлт үзүүлэх, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах, төсвийн тодотгол хийхийг Засгийн газраас шаардсаар байна. Одоогоор уг нэгдэлд 10 мянган гаруй гишүүн нэгдээд байгаа бөгөөд бизнес эрхлэгчид өөрт тулгараад буй асуудлуудаа нийтэд дэлгэжээ.

А.Б: 2019 оны 11 дүгээр сараас хойш орлого тасарсан

Би аялал жуулчлалын бизнес эрхэлдэг. 2019 оны 10 дугаар сард хамгийн сүүлд аялагчдадаа үйлчилгээ үзүүлсэн. 2020 онд ажилчдаа хадгалж үлдэх зорилгоор хоолны газар ажилуулсан. Нэг ёсондоо 2019 оны 11 дүгээр сараас хойш орлого тасарсан гэсэн үг. Одоо бол бүр Дархан хот шиг локлож байгаад хурдан энэ өвчнийг дараад аваасай л гэж бодож байна даа.

Т.Н: Миний төлсөн татвар багадаагүй...

Би 20 настай их сургуулийн 3 курсийн оюутан хичээлийнхээ хажуугаар сургалтын төв ажиллуулж өөрийнхөө хэрэглээний зардлыг олохоос гадна хуримтлал үүсгэж эхэлсэн.

Тэгээд хууль зүйн мэдлэг дутмаг учраас сургалтын төвийн дансаар биш өөрийн дансаар төлбөрөө авдаг байлаа. Нэг удаа суралцагчийн маань ар гэрээс албан байгууллагын данс биш л бол бид төлбөрөө төлөхгүй гэж гомдол мэдүүлэхэд нь сургалтын төвийнхөө дансаар мөнгө авсан. Яг энэ үеэс л бүх зүйл дээр төр төмөр нүүрээ харуулж эхэлсэн татвараас зайлсхийсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэж торгууль болох 3.5 сая төгрөгийг төлж барагдуулсан.

Одоо энэ хөл хорионд хамаг үйл ажиллагаа зогсчихсон. Түрээслүүлэгч тал түрээсээ төл гэж ярьж байна. Ашигласан өдрүүдийнхээ түрээсийг төлсөн ч гэрээгээ сайтар унш чи бүтэн төлөх ёстой төлөхгүй бол алданги тооцно гэж хатуурхан сууна. Одоо дахиад л эрүүгийн хэрэгт орох уу үйл ажиллагаа явуулахад яагаад ийм хэцүү олон төрлийн дарамттай учирдаг юм бэ.

Одоо хангалттай. Хамсан дээрэмдэж, хахуульд алдсан төсвийн мөнгийг хөдөлмөр шингэсэн хөлсөөрөө би нөхмөөргүй байна.

Б.Э: Орлогогүй, урсгал зардал бүгд урсдагаараа урсаж байна

Яах вэ. 11/11-с эхлээд 12/1 хүртэл нэг ч төгрөгийн орлогогүй, урсгал зардал бүгд урсдагаараа л урсаж байна. Яах вэ, байз.

О.Е:Манай түрээслэгч төлбөрөө бүтэн авна гэсэн

Мэдэх юм үнэндээ алга манай түрээслүүлэгч орос хүн байдаг. Түрээсээ бүтэн авна гэсэн ядаж байхад рублиэр тооцож авдаг ойролцоогоор 3 сая төгрөг, чанга байна.

Б.Ж:Хөл хорио дундаж давхаргыг санхүүгийн сэхээн амьдруулах тасагт хэвтүүллээ

Саяхан нүүрний номын нэгэн чухал найз хэлж байсан юм. "Монголд дундаж давхарга гэж ганц машин, ганц байртай, хадгаламжгүй иргэдийг хэлнэ. Гэр бүлийн хэн нэгэн гишүүн нь хүндээр өвдөх, хорт хавдар тусвал байгаа бүгдээ зараад юу ч үгүй үлддэг. Хадгаламж үгүй, санхүүгийн бие даасан чадвар үгүй бид өөрсдийгөө дундаж давхарга гэж нэрлэдэг" гэж Bat-Orgil Turbold Burged бичсэн байна билээ.

Энэ удаан үргэлжилж байгаа хөл хорио дундаж давхаргын иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, гар дээрээс наймаа хийдэг, хоол үйлчилгээний салбарт ажилладаг иргэд, аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн сэхээн амьдруулах тасагт хэвтүүллээ.

Доод хэсгээ эргэж, мөд сэхэхгүйгээр ядуурал руу шууд түлхлээ дээ.

Үр дагаврыг бодолцохгүй шийдвэрүүдийн хор уршиг сэтгэцийн эрүүл мэнд, гэр бүл, бизнес, хүмүүс хоорондын харилцаа холбоо, хойч үеийн боловсролд нөлөөлсөн одоо ч нөлөөлсөөр цаашид илэрсээр ч байх болно.

Энэ постыг өчигдөр шөнө 10 өнгөрч байхад бичсний дараа иргэдээс шууд орлогогүй, ажилгүй, хүнсгүй, байрны түрээсээ төлөх мөнгөгүй байна гэсэн коммент болон хувь мессеж ирж байна.

Бизнес эрхлэгчдийн нэгдлийнхэн бид хэлэлцэх ярих биш алхам хийх цаг нэгэнтээ болжээ.

Э.Б: Зээлийн хүүг царцаа, банкны шинэчлэл хий

Ажилгүй, орлогогүй иргэд яаж хүү төлөх вэ? Үндсэн зээлийг хойшлуулсан нэртэй 6 сар зөвхөн хүү төлнө! Манжийн дарлалын үеэс ялгаа алга!! Энэ нөхдүүд хэний төлөө ажиллаад байна аа! 30 жил дарлууллаа! Мөнгө хүүлэгч луйварчдыг зайлуулаачээ!Лхагвасүрэн огцор! #зээл, зээлийн хүүг царцаа!! #банкны шинэчлэлийг хий!

М.М:Удах тусмаа татвар төлөгчдийн нөхцөл хүндэрнэ

Бүтэн жил бид масктай ажиллаж, гараа ариутгаад мөнгө төлж орчиндоо халдваргүйжүүлэлт хийлгэж ажиллаж сурсан. Гэтэл гэнэт гарсан өвчин шиг хандаж байгаа нь хэцүү байна. Удах тусмаа татвар төлөгчдийн нөхцөл хүндэрч, хэвийн ажиллагаандаа эргэж орох гэж цаг хугацаа шаардах юм билээ.

М.Э:УОК-ын шийдвэрүүд жонхууг нь хутгаж байна

Сайн байцгаана уу. Хөл хорионд ороод бараг 14 хонолоо энэ хугацаанд Улсын онцгой комиссын гаргаж байгаа шийдвэрүүд гэж үнэн жанхууг нь хутгаж байна. Цар тахал дөнгөж 14 хоногийн өмнө гараад ирчихсэн юм шиг сандралдаад л хөл толгойгоо олохгүй гүйлдээд өмнөөс нь ичиж үхлээ. Өнгөрсөн 11 сарын хугацаанд яг юу хийж байсан бэ? Ямар ч төлөвлөгөө бэлтгэл байхгүй, өөрсдийн хариуцлагагүйн улмаас улс орондоо ковид алдчихаад одоо бид та нарын төлөө л гэх юм. Мэдээж та бүгдийн хийх л ёстой ажил. Ажлаа хариуцлагагүй хийж байгаагийн чинь үр дүнд ядуу зүдүү ард иргэд улс орны төсвийг бүрдүүлэгч жижиг дунд бизнес эрхлэгчид л хохирч байна зарим нь дампуурч байна.

Б.Ц:Монголд дундаж давхаргын 300-400 мянгахан хүн хөдөлмөрлөж байна

За ийм мэдээлэл боловсруулаад завгүй байсан юм аа. Хараадахдаа, тэгээд санаа оноогоо хэлээрэй

Монгол Улс 3.296.866 хүн амтай.

Үүнээс:

- 0-18 насны хүүхдүүд 1.261.070 хүн

- 55-с дээш насныхан буюу тэтгэвэрийнхэн 374.428 хүн

- төрийн бүх хэлбэрийн албан хаагчид буюу төрөөс цалинжигсад 198.463 хүн

- хөгжлийн бэрхшээлтэй 105.730 хүн

- гадаадад байнга оршин суудаг 19.470 хүн

- гадаадад ажиллаж байгаа 144.483 хүн

- насанд хүрсэн ял эдэлж байгаа 12.651 хүн

- гадаадад ял эдэлж байгаа 124 хүн

- малчин 285.482 хүн

- орон гэргүй тэнэмэл 4.789 хүн

- мансуурагч болон архины хамааралтай 64.000 хүн

- 3 саяас дээш орлоготой буюу хүнээс хоол гуйчихгүй "баячууд" 222.561 хүн

За эдгээрийг нийт хүн амаасаа хасахаар 603.615 хүн байна. Эндээс ажил хийх сонирхолгүй, дэл сул явдалтай, залхуу хойрго, ажил хийх чадваргүй нөхдүүдийг багцаагаар хасчихъя. Ямар тийм судалгаа хийсэн биш Монгол Улс. Тэгэхээр ойролцоогоор 300-400 мянгахан хүн үлдэнэ. Эдгээр улс чинь л яг одоо Монголд байгаа хувиараа ажил эрхэлдэг, амьдрахын төлөө зүтгэдэг, үр хүүхдээ тэжээж байгаа дундаж давхаргынхан шүү дээ. Эд нарыг л энэ хөл хорионы үеэр доош нь гулгуулаад нэн ядуу, ядуу бүлэгт оруулчихвал Монгол Улс дуусаа. Тэгэхээр хавтгайрсан халамж бус энэ хэдэд зориулсан төрийн бодлого хэрэгтэй байна!!!!

Энэ хүмүүсийг хангалттай дэмжээд дээрээс нь хариуцлага үүрүүлчихвэл дэлхий даяар нүүрлэж байгаа эдийн засгийн хямралыг хохирол багатай туулчихмаар санагдах юм.

Тэгэхээр миний санал бол эхлээд төр засаг өөрөө хороо, багаар нь дамжуулаад ганцхан өдрийн дотор энэ хүмүүсээ бүртгээд гаргаад ирмээр байна. Дараа нь 20-50 сая хүртэлх төгрөгийн төсөл бичүүлж аваад гэрээ хийгээд төслийг нь санхүүжүүлчихмээр байна л даа. Улсаас 800 тэрбум төгрөг л гарна. Хүүгүйгээр эргэн төлөгдөх нөхцөлтэй байж болно. Юу юм бэ энэ мөнгө, коронагийн үед өнгөрсөн хавар л олон улсаас өгсөн хандивын мөнгөний тал нь шдээ. Гэхдээ энэ төсөлдөө шаардлага тавина, хөл хорионы үед хэрэгжиж болохоор, мөн өөрийн өрх гэр, үр хүүхэд, ах дүү нарын хэдэн хүнд тусалж дэмжиж болох цар хүрээ зэргийг нь харгалзана гээд. Амьдралын төлөө явж байгаа хүмүүс алт шиг санаанууд элбэг гаргаж чадна дөө. Ажил хийдэг хүнд л оюун ухаан байдаг шүү дээ.

З.А: Зээлийн хүүг тэглэхийг шаардаж байна!

Хорио цээрийн үед бүх төрлийн зээлийн хүүг тэглэж, үндсэн зээлийн эргэн төлөлтийг ямар нэгэн болзолгүйгээр хойшлуулж өгөхийг шаардаж байна!

Ч.Б: Ковидоор л үхчихгүй бол өөр юугаар үхэх нь төр засагт хамаагүй

Миний л бодол шүү. Төр засаг хорт хавдраар хүн үхэх, хатгаагаар үхэх, хөлдөж үхэхийг тоохгүй. Харин ковидоор л үхэж болохгүй шүү гээд байгаа юм шиг. Хэн нэгэн ковидоор үхчихгүй бол өөр юугаар үхэх нь, амьдрал нь яаж дордох нь хамаагүй бололтой. Нэг зүйлийн төлөө бүх зүйлийг золиосолж байна.

Б.С: Засгийн газар жоомоо устгах гээд байшингаа шатааж байна

Нөгөө жоомоо устгахын тулд байшингаа шатаадгийн үлгэрийг Засгийн газар амьдрал дээр харуулж байна.

Н.Т: Алхам алхмаар бизнесийн үүд хаалгаа нээ

Алхам алхмаар бизнесийн үүд хаалгаа нээ. Ковидтой зэрэгцэн амьдрахаас өөр гарцгүйг ойлго.

З.С: Төр VS Хувийн хэвшил- Ард нь үлдсэн ард түмэн

Ардчилал ялсанаар Хувийн хэвшлийн эрх чөлөө нээгдэж том том шилэн барилга, хэдэн мянган машин техник, үйлчилгээ нээгдэж Улсынхаа тусламжгүйгээр урагшилсаар өдийтэй золголоо. Улсын гэх үйлдвэрүүд хаагдаж, цөөн хэд нь нурах шахсан хуучин барилгадаа түүхээ ярьсаар үлдсэн байна. Улсын одоогийн хөгжлийг Хувийн хэвшлийн татвар, хувиараа зүтгэж байгаа иргэдийн орлого, Гадны оронд хөдөлмөрлөж цалингаа эх орон луугаа явуулж байгаа залуусын хүч өдий зэрэгт босголоо.

Эх орны толгойд заларч улсын төсвөөсөө өндөр орлоготой эрхэм дарга нар юу хийв?

Ганзагын наймаанд гахай үүрч вагон дамжсан иргэд, хайртай бүхнээсээ холдож нүдэндээ нулимсаа дүүргэн мөнгөний хойноос явах цэл залуухан эрчүүд хүний нутгийн хамаг мууг хийж, эх орондоо гоморхох эрхгүй ажилласан, өтөл насандаа жарган суух байсан хөгшид тэтгэврийн мөнгөө хаман эмийн санд очерлож, зээлээ төлсөөр хэдэн хүний нас дуусав?

Бидний нэрлэгдгээр гадны жуулчид нь энгийн хүмүүс, харин энэ насан дээр монгол хүмүүс гадны оронд жуулчлаад явдаг нь хэд вэ? Улсаасаа өндөр орлоготой дарга нартаа гомдолгүй энэ олон жил өөрсдийн бор зүрхээрээ зүтгэж боломжоо бий болгосон мянга мянган залуус наймаа хийж, үйлдвэр байгуулж, шилэн барилгууд барьсаар өнөөгийн төрхөнд очлоо.

Улс юу хийв?

Албан тушаал нь өртөг үнэтэй, бүх албан тушаалд нь мөнгө олох шаанстай, хүн бүр мэддэг ч хүлээн зөвшөөрчихсөн нийгэм...

Хувийнхан бол гомдох эрхгүй, тэтгэмж тусламж авах эрхгүй цаг наргүй зүтгэнэ, өөр сонголтгүй.

Цалин, татвар, шимтгэл, суутгал, зөвшөөрөл, шалгалт, урсгал зардлууд тэгээд ашиг уу?

Бүх нийтийн хорио цээрт Улсын байгууллагууд, ажилчид болоод л байна уу?

Харин хувийн хэвшлүүд, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа залуус, зах дээр ачаа зөөж гэртээ хоол авдаг ирдэг чинь, өдрийн орлогоороо амьдардаг мянга мянга өрхүүд нам суучихлаа.

Жижиг том гэлтгүй бүгд зээлээр амьдарч, болгож байгаа аж ахуй нэгжүүд яах вэ, дахиад зээлээ аваад болгох л байх, харин ард үлдэх ажилчид маань хэцүүдлээ.

Сарын цалингаа өдөртөө хуваан хүргэдэг, нялх үр гэр бүлээ авч яваа, өвчтэй хэн нэгнийгээ асарч тэжээж байгаа бүх хүн хэцүү байдалд орлоо.

Бид цалин өгөх тэнхээ байхгүйдээ хараад харамсаад зүрх шимширч байна.

Энэ олон сар, хоногийн уртад бүх эрсдийг туулаад гарсан байгууллагуудаа биш гэхэд сар бүр татвар, НДД төлдөг ард иргэдээ, төр хувийн хэвшил гэж ялгалгүй ажиллаж байгаа хүмүүсээ төр бодсонгүй.

Улсад битгий хэл жижиг байгууллагад ч эрсдлийн хуримтлал бий. Гэтэл яагаад улс бодитоор иргэддээ юу ч хийхгүй, дугарахгүй өдий хүрэв?

Сайн санаат залуус, сайн дурынхан, сайхан сэтгэлтэй хүмүүс бусаддаа тусалж байна, хоол хүнс, түлээ дөхүүлж байна. Улсын том дарга нар харин хаа байна?

Сонгуулиар гудам дүүрэн байсан тэр самбаруудаа ядаж өгч шатаалга, нэг цаг ч гэсэн түлнэ.

Хэлж байсан үл амлалт чинь одоо хэрэгтэй байна. Ард иргэддээ тусал. Аж ахуй нэгжүүдээ дэмж. Ийм болохоор хайран залуус харь орныг зорьж, эх орондоо итгэх, найдах зүйлгүй боллоо. Гомдох, итгэл тасрах, гэрэлт ирээдүй үгүй энэ нийгэмд өрийн дарамтнаас өөр юу байна?


Д.САРУУЛ

Онцлох нийтлэлүүд