ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.04.18 08:04

Билэгийн Дамдинсүрэнгийн зээ хүү Л.Энхцогт: Өвөө минь Төрийн дуулал, “Учиртай гурван толгой”, “Хэнтийн өндөр ууланд”-ыг бичсэн хөгжмийн суутан


Б.Дамдинсүрэн зээ хүү Л.Энхцогтын хамт. 1960-аад он

Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, удирдаач Билэгийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Монголын соёл урлагийн алтан үеийн нэрт төлөөлөгч, хөгжмийн театрыг үндэслэгч, төрийн дууллын зохиогч, дуурийн урлагийг үндэслэгч Билэгийн Дамдинсүрэнгийн зээ хүү, Б.Дамдинсүрэн сан-гийн тэргүүн Лхаасүрэнгийн Энхцогттой уулзаж хөөрөлдлөө.

-Өвөөг тань Монголын шинэ үеийн хөгжмийн их суутан гэдгийг ард түмэн мэднэ. Аль нутгийн хүн байв?

-Миний өвөө Билэгийн Дамдинсүрэн 1919 онд хуучнаар Дархан чин вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Үнэгтий хэмээх газар мэндэлсэн. Богд хаант Монгол Улсын үед төрсөн хүн шүү дээ. Яг нарийн яривал өвөөгийн маань аав Өмнөговь зүгийн харьяат хүн байсан юм билээ.

-Билэг гэж овоглодог хүн нь үү?

-Үгүй ээ. Билэг гэдэг хүн бол өвөөгийн ээж нь байгаа юм. Ээжээрээ овоглосон хүн. Учир юу гэвээс эцэг нь өвөөг их бага байхад өөд болсон байдаг. Манай ээж тэгж ярьдаг байсан. Тав зургаан настайдаа Нийслэл хүрээнд шилжин ирж, 1924-1928 онд Гандан хийдэд шавилан суусан юм билээ. Төв гандангийн Жанрайсиг шүтээний зүүн урдхан талд хурууны хээтэй дуганын багана байдаг шүү дээ.

-Хурууны хээний аяар нэл тос болчихсон нэг модон багана байдаг, байдаг...

-Ээ дээ, тэр чинь өвөөгийн шавилан сууж байсан дуганын багана байгаа юм. Өөрөө тэгж ярьдаг байсан. Тэр багананд амьд сэрүүн ахуйдаа цагаан сарын битүүн, шинийн нэгэнд заавал ч үгүй очиж тойрдог байлаа. Битүүний урд өдрөөс цагаан сарын шинийн нэгний өглөө хүртэл зэтэр хурахад очиж сууна. Бодвол өөрийнхөө бага насыг дурсдаг байсан биз дээ.

-Түвдээр ном унших уу?

-Түвдээр, худам монголоор уншиж, бичнэ ээ. Хийдээсээ гараад гурван жил бага сургуульд суралцсан байдаг. Өвөө 1931-1934 онд “Монгол тээх”-эд жолоочийн дагалдангаар ажиллаж байгаад Улсын төв театрт шалгуулан дагалдан хөгжимчнөөр орж алдарт хуурч Д.Түдэв, С.Түвдэн, лимбэчин Л.Маам, шанзчин Д.Ишдулам, О.Дашдэлэг нараар хөгжимдөх арга ухаан заалган суралцаж эхэлсэн байдаг. Өвөө багадаа нэг лимбэ олоод тэрийгээ засч додомдон янзлаад тэрэн дээрээ ганц нэг хөөрхөн аялгуу оруулаад сурчихсан байсан гэдэг. Тэгээд айлын найран дээр лимбэдэж байхыг нь Түдэв гуай олж хараад шалгуулахыг хүссэн юм билээ.

-Дамдинсүрэн гуай ах дүү олуул уу?

-Өөрийнх нь төрсөн дүү Лувсандорж гэж хүн байсан. Дундговь аймгийн Адаацаг суманд мал маллаж байгаад өөд болсон. Хамт авахуулсан зураг энэ тэрээс харахад их төстэй шүү. Дуурийн театрын жижиг хэрэгслийн нярваар ажиллаж байсан Цэрэндорж ах бол өргөмөл дүү нь. Өвөөгийн ээж хүрдэн дээрээс олсон ч гэдэг билүү, сонин түүх яригддаг л байсан.

-Таны эмээтэй хэдийгээр гэр бүл болсон бол?

-Манай эмээ Цэрэндулам гэж Бөмбөгөр ногоон театрын хөгжимчин хүн байсан юм билээ. Хийл, хуучир зэрэг утсан хөгжим тоглодог байж. Эмээ цэл залуухан бурхан болсон. Миний ээж Д.Дамдиндулам айлын ганц охин. Долоо наймхан настай өнчирч хоцорсон гэдэг. Ээж маань 1939 онд төрсөн хүн. Түүнээс хойш өвөө гэр бүлийн хүнтэй болоогүй юм гэсэн.

-Ганц охиноо хойдох урдахын гар харуулахгүй л гэсэн байх даа, зайлуул?

-Эр хүний дотор янз бүрийн л бодол байсан биз. Ахиж гэр бүл зохиолгүй ганцаар явсаар 1992 онд бурхан болсон доо. Ээж нэгдүгээр арван жилийн сургуулийг дүүргээд Хятадын Бээжингийн их сургуулийг 1966 онд төгсөж ирээд “МОНЦАМЭ” агентлагид хятад хэлний орчуулагчаар ажилласан. Тэндээсээ цэргийн хүн болж хуучны Нийгмийг аюулаас хамгаалах яаманд тэтгэвэртээ гартлаа ажиллаад гадаад хэлний “Цог” дээд сургуульд профессор болтлоо багшилсан даа. Би айлын ууган нь. Энхмаа, Сувдаа гээд хоёр охин дүүтэй дээ. Ээжийг урд сурах үед өвөө хэлний бэлтгэлд нэг ангид суралцаж байсан сонин тохиолдол байдаг юм. (инээв. Л.Б)

-Б.Дамдинсүрэн гуайн анхны уран бүтээл хэдэн онд төрөө бол?

-Халхын голын дайны үед 1939 онд Ж.Дорждагвын шүлгээр “Халх голын бургас” хэмээх анхны дуугаа зохиож өөрөө дуулсан нь баримтат кинонд орсон байдаг. Түүнээс хойш “Малчид”, “Шинэ жил”, “Сүхбаатарын туг”, “Монгол нутаг”, “Энх тайвны төлөө эхийн дуу” зэрэг дөч гаруй нийтийн дуу бичсэн юм билээ. Тавин нэгэн онд ардын жүжигчин Л.Мөрдорж гуайтай хамтран Төрийн дууллыг бичиж тухайн үеийн Чойбалсангийн шагнал буюу төрийн шагнал авсан. Нөгөө төрийн шагналаа “Ийм нэгэн хаан байжээ” жүжгийн хөгжмөөр авсан шүү дээ.

-Олон ч жүжгийн хөгжим туурвисан байх шүү?

-Өвөө 1941-1954 онд Улсын төв театрт хөгжмийн удирдаачаар ажиллаж байхдаа “Шарай голын гурван хаан”, “Хатанбаатар Магсаржав”, “Мандухай сэцэн хатан”, “Талын баатар”, “Амарсанаа”, “Цогийн идэр нас”, “Ийм нэгэн хаан байжээ”, “Жаргалыг хүссэн Мөнхөө”, “Зам”, “Далан худалч” зэрэг хөгжимт жүжгийн аялгууг зохиосон хөгжмийн театрын үндэслэгч хүн л дээ. Хамгийн сүүлд “Чингүнжав” дуурь бичиж байгаад гүйцээж чадаагүй. Монголын үндэсний анхны дуурь болох “Учиртай гурван толгой” дуурийн хөгжмийг 1942 онд зохиосон. Шинэ цагийн хөгжмийн манлай болсон эл бүтээлийг судлаачид “Ардын дуунаас ургасан цэцэг” хэмээн өндрөөр үнэлсэн байдаг юм. Өвөө 1954-1956 онд ЗХУ-ын Ленинград хотноо Н.А.Римский-Корсаковын нэрэмжит хөгжмийн дээд сургуульд хөгжмийн зохиолчийн ангид О.С.Чишко багшийнхаа удирдлага дор суралцсан. Өвөөгийн намтар их адал явдалтай баян түүхтэй. 1955-1956 онд шоронд суусан байгаа юм. 1956-1957 онд Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт уран сайхны удирдагч, 1957-1958 онд Улсын хөгжимт драматик театрт уран сайхны удирдагч, 1958-1962 онд БНХАУ-ын Бээжин хотноо Хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид багш Жан Дэн Шаны удирдлага дор суралцан төгссөн. Төгсөж ирээд Улсын дуурь бүжгийн театрт наян нэгэн он хүртэл хөгжмийн зохиолч, найруулагч, 1981-1982 онд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт уран сайхны удирдагчаар ажилласан.


-Киноны хөгжим ч нэлээд бичсэн байх?

-“Цогт тайж” киноны хөгжмийг дөчин таван онд Л.Мөрдорж гуайтай хамтран бичсэнээс хойш “Нөмрөг хадны цуурай”, “Ичээнд нь”, “Солонгын таван өнгө”, “Хүний сайхан сэтгэл”, “Өнөр бүл”, “Говь Хянганд тулалдсан нь”, “Сахиул уу, сахиус уу”, “Фронтод явах өргөдөл”, “Ацаг шүдний зөрөө”, “Хөх өвсний нуур хөлгүй”, “Сэрүүн дуганы мөхөл”, “Аянгат цагийн дууль”, “Эцгийн голомт” зэрэг олон киноны хөгжмийг бичсэн байдаг. Өвөө наян хоёр оноос хойш арван жил “Монгол кино” үйлдвэрт хөгжмийн ерөнхий редактороор ажилласан даа. Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн даргаар ч ажиллаж байсан. Өвөө “Жаргалын зам”, “Тэмцэл”, “Амарсанаа”, “Мартагдашгүй 42 хоног” дууриуд, “Шуурга”, “Нуурын домог” бүжгэн жүжиг, “Хэнтийн өндөр ууланд” хийлийн гоцлол, төгөлдөр хуурын аяз, “Хасбаатар” симфони найраглал, “Миний эх орон” симфони удиртгал зэрэг олон шилдэг бүтээл туурвисан Монголын хөгжмийн урлагийн тулгын чулууг тавилцагчдын нэг байж дээ. (санаа алдав. Л.Б)

-Б.Дамдинсүрэн сан-гаас тэгш ойн жил нь юу хийхээр төлөвлөв?

-Манай сан Монголын урлагийн ажилтны холбоо, УДБЭТ, УДЭТ, Монгол Улсын консерватори, “Монгол кино” нэгтгэл, Төв аймгийн Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театртай хамтран уран бүтээлийг нь сэргээн тавих, тоглолт хийх, баримтат кино бүтээх, ном гаргах, уран бүтээлийн ноотоор нь цомог хэвлэх, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна.

“Монгол туургатан” театрын өмнө талд Төрийн дууллын хөшөөг босгохоор ярьж байгаа. Хамгийн эхэнд Б.Дамдинсүрэнгийн 100 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурлыг энэ сарын 11-нд хийнэ дээ.


Онцлох нийтлэлүүд