ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2014.05.29 03:05

Бичил бизнесийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх нийслэлийн хөтөлбөрийг баталлаа

НИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор боловсруулсан бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг хэлэлцлээ.  
 Нийслэл анх удаа “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулж 2014 оныхоо төсвийг болосвруулахдаа нийслэлийн 152 хорооны 318 мянган өрхөөс санал авахад иргэдийн дийлэнх нь бичил бизнес хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тиймээс иргэдийн саналыг үндэслэн уг хөтөлбөрийг санхүүжүүлэхэд нийслэлийн 2014 оны төсөвт 15,2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Харин энэхүү санхүүжилтийг хэрхэн хуваарилах, ямар зарчмаар явагдах талаар зохицуулалт хийсэн нэгдсэн хөтөлбөрийг боловсруулжээ. Хөтөлбөрийг боловсруулахдаа иргэдийн бичил зээлд хамрагдах шаардлагатай эсэхийг тодруулсан судалгааг өргөн хүрээнд явуулсан аж.  Судалгаанд хамрагдсан өрхийн 87 хувь нь бичил зээлд хамрагдах сонирхолтойгоо илэрхийлжээ.  Хөтөлбөрт нийслэлийн 152 хороонд дунджаар 100 сая төгрөг, цаашлаад хэрэгцээнээсээ хамаарч 200-300 сая төгрөгөөр төсөл хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Энэ зээлийг олгохдоо иргэдэд зээлийн нөхцөлийг аль болох хялбарчилж, хүү бага, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр олгох юм байна.
Бичил бизнесийн зээл нь ашгийн бус учраас хүүгийн орлого нь зөвхөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардалд зарцуулагдана гэдгийг хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсгээс хэлж байлаа. Зөвхөн зээл олгоод зогсохгүй  бүтээгдэхүүнээ худалдах, борлуулах үйл ажиллагааг энэхүү хөтөлбөрөөр давхар зохицуулахаар тусгасан байна..    
НИТХ-ын ээлжит хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэн нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг баталлаа. Мөн бичил бизнесийг дэмжих сан байгуулж журмыг баталлаа. Ингэснээр олон төрлийн шат дамжлагагүйгээр зорилтот бүлгийн иргэдэд бичил бизнесийн төсөл хэрэгжүүлэх боломж олгож байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд