ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2016.02.18 08:02

Бичин жилд монголчууд попуудаас болгоомжилж чадвал дээшилнэ

Гал бичин жил гарлаа. Хүн бүр л бичин жилдээ улс орноороо, айл хотлоороо, албан байгууллага, хамт олноороо ашиг орлоготой, өөдрөг сайхан байхыг дүгнэн цэгнэж суугаа. Мэдээж том зургаараа Монгол Улсын эдийн засаг ямар байна түүнээс энэ бүхэн шалтгаална. Тэрнээс улс нь урагшлахгүй байхад компани нь өөдрөг өнгөлөг байна гэж байхгүй шүү дээ. Иймд Монгол Улсын эдийн засаг ирж байгаа бичин жилд ямар төлөвтэй байхыг харъя. Эдийн засагчид, шинжээчдийн үзэж байгаагаар Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн олон улсын банкуудтай хийх хэлэлцээр эцэслэгдэж, эдийн засагт бодит үр нөлөө мэдрэгдэж эхлэх үйл явц хамгийн том хүлээлт байх нь. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.4 тэрбум долларын санхүүжилтийн гэрээг Монголын Засгийн газар болон Рио Тинто компани байгуулаад байгаа юм. Энэхүү зээлийг дэлхийн 15 банк, санхүүгийн байгууллагаас авна. Нийтдээ 5-7 жил үргэлжлэх далд уурхайн бүтээн байгуулалт эхэлбэл 3000 гаруй хүн ажлын байраар хангагдана. Жил бүр дунджаар 1.2 тэрбум ам.доллар Монголд орж ирэх боломжтой. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг бүтээж өгөх энэхүү уурхайн бүтээн байгуулалтын мэдээ бүхэн монголчуудад дефолтын айдас, долларын ханшийн хурдтай өсөлт, засаглалын хямралын тухай бодлоос нь салгаж өгч байгаа. Тэгэхээр энэхүү Оюу толгойн төсөл өнөөдөр монголчуудад ямар аминд тулсан ач холбогдолтой, үнэ цэнтэй зүйл болж байгаа нь тодорхой юм. Рио Тинтогоос олон улсад цацаж буй албан мэдээллүүдийн гол утга нь “Монгол дахь Оюу толгой далд уурхайн бүтээн байгуулалтын хөгжүүлэлт болон санхүүжилтийн төлөвлөгөөнд Монголын Засгийн газар болон Рио Тинто, Түркүоз Хилл Ресурс гарын үсэг зурснаар томоохон ахиц гарлаа. Төлөвлөгөө хувь эзэмшигчдийн хоорондох хамгийн том маргаантай асуудлуудыг анхааралдаа авч, төслийн санхүүжилтийн талаар нэгдсэн суурь ойлголтуудыг гаргалаа. Далд уурхайг ахиулах шинэ замд талууд санал нэгдсэнээр дараагийн төслийн санхүүжилтийг эцэслэх, боломжит байдлын судалгаа хийх, далд уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай бүх зөвшөөрлийг баталгаажуулах зэрэгт фокус шилжиж байна” гэж байгаа юм. Хоёр талын үл ойлголцол, маргаантай асуудлуудаар санал нэгдсэн нь томоохон ахиц мөн гэж ийнхүү дэлхийд зарласан нь монголчууд бичин жилдээ энэхүү аварга төслийнхөө эхний үр шимийг үзэх боломжтой боллоо гэсэн үг.

Үүний дараахь эдийн засгийн ойрын эерэг нөлөөллийг эдийн засагчид УИХ-ын сонгуультай холбон харж байгаа юм. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны зарцуулалт хэрэглээг нэмэгдүүлэх, богино хугацаанд эдийн засгийн идэвхжлийг сэргээнэ гэжээ. Дээр нь бичин жилийн эдийн засгийн төлөв байдалд дараахь хүчин зүйлүүд голлох нөлөө үзүүлнэ хэмээн онцолжээ. Үүнд УИХ-ын сонгууль, Мега төслүүд буюу Оюу толгойн далд уурхайн санхүүжилт, Санхүүгийн салбарын нөхцөл байдал, Барилгын салбар, Гадаад орчин гэжээ. Барилгын салбарт сар шинийн өмнө УИХ-аас найман хувийн зээлийг сэргээснээр мэдэгдэхүйц сэргэлт авчирсан. Үүнийг дагаад банк санхүүгийн салбарт эерэг өөрчлөлт гарч тус салбарын цусны эргэлт сайжрах төлөв рүү оржээ. Банк санхүү-барилгын салбар хоёр нь өнөөдөр нэг зоосны хоёр тал болчихоод байгааг хүмүүс харж байгаа.

Гадаад орчин гэдэгт олон хүчин зүйлс нөлөөлж байна. Чингис бонд бол Монголыг харах гадныхны нэг баримжаа байсаар байна. Ер нь бол гадна ертөнц Монголоос Оюу толгой, Чингис бонд хоёрыг харж байгаа. Бичин жилийн тухайд энэ хоёр тун дажгүй байх нь. Оюу толгой хөдөлсөн, Чингис бондоор манай улс дэд бүтцийн салбартаа мэдэгдэхүйц ахиц гаргасан. Бичин жилдээ Монголын бүх аймаг засмал замаар холбогдох нь Чингис бондоо “юм” болгож чадсанаа гадныханд харуулна гэсэн үг. Тэдний итгэлийг сэргээнэ гэсэн үг. Гадны шууд хөрөнгө оруулалт буурч мөнгөний урсгал татарсан өнгөрсөн жилүүдэд Чингис болон Хөгжлийн бондын мөнгөөр тодорхой хугацаанд нөхөж ирлээ. Аливаа улсын эдийн засгийн өсөлт хөгжил гадны хөрөнгө оруулалтаас их шалтгаалдаг. Хөрөнгө оруулалт их байх тусам эдийн засгийн өсөлт өндөр болно. Өөрөөр хэлбэл аж үйлдвэр, соёл боловсрол гээд бүхий л салбар хөгжих үндэс тавигддаг. Манай улсын хөрөнгө оруулалт, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 2011 онд 60 хувьтай байсан. Өнөөдрийн байдлаар энэ харьцаа 30 хүрэхгүй хувьтай боллоо. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа нь эдийн засгийн хөдөлгүүр ажиллахгүй байгаа хэрэг. Тэгэхээр хөрөнгө оруулалт татах бодлого нэн тэргүүний асуудал юм. Эдийн засагт олон салбар бий. Аль салбарт ямар хөрөнгө оруулалт татах гэдэг нь тус тусдаа өөрт тохирсон бодлого шаарддаг. Нийтлэг нэг зүйл бий. Энэ нь бизнесийн орчин буюу татварын бодлого тогтвортой байх явдал. Монгол бол дэлхийд ганцхан хөрөнгө оруулалт татдаг газар биш. Сүүлийн үед Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг улс хөрөнгө оруулалт татах нь ихэссэн. Тухайлбал, Вьетнамд "Самсунг" корпораци гар утасны үйлдвэрээ нээлээ. Тус улс энэ үйлдвэрийг нээхэд төрөл бүрийн татварын хөнгөлөлт үзүүлсэн. Манайх ч ялгаагүй олон улсын ийм л жишгийг дагаж хөрөнгө оруулалтын таатай орчныг ирэх бичин жилд бүрдүүлэх ёстой. Төрөөс авах хамгийн түрүүний арга хэмжээ энэ ч байж магадгүй. Дээр нь манай улсын эдийн засаг дэлхийн эдийн засаг, гадны орнуудын үндэсний мөнгөн дэвсгэртийн ханшийн өөрчлөлтөөс болж савладаг байдлаас гарах шаардлагатай. Энэ жилээс эхлэн Монгол Улс эдийн засгийн бүтцээ өөрчлөх ёстой гэдгийг шинжээчид хэлж байгаа юм. Оны өмнө үйлдвэржилтийг дэмжихээр болсныг олон улсад сайнаар хүлээж авчээ. Гэхдээ манайх шиг бэлэн мөнгөгүй улс аль салбарт түрүүлж үйлдвэрээ хөгжүүлэх, хэнд дэмжлэг үзүүлэхээ оновчтой төлөвлөх нь чухал гэдгийг тэд бас хэлж байна. Монгол Улсын хувьд хөдөө аж ахуйн салбараа түшиглээд үйлдвэрлэл хөгжүүлбэл эдийн засагт нааштай дүр зураг гарна. Үүнийг Монголын эдийн засгийн хөгжлийн давуу тал гэж харж болно хэмээн дэлхийн эдийн засгийн форумаас үзсэн байна лээ. Эдийн засагчдын дүгнэж байгаагаар манай улс өнгөрсөн жилийнхтэй адил инфляцид нийлүүлэлтийн гаралтай, эрэлтийн талын хүчин зүйлс аль аль нь төдийлөн хүчтэй нөлөө үзүүлэхгүй гэнэ. Инфляци Монголбанкны зорилтот түвшинд буюу 7-8 хувьд очих магадлал өндөр. Оюу толгойн далд уурхайн тоног төхөөрөмжийг эс тооцвол, импортын хэмжээ өсөхгүй тул долларын эрэлт тогтвортой байна гэжээ. Зэсийн экспорт өснө, мөн далд уурхайн санхүүжилтийн валютын урсгал нэмэгдсэнээр ханшийн огцом савлагаа явагдахгүй, харьцангуй тогтвортой байх боломжтой аж.

Ирэх бичин жилийн энэ бүх эерэг хүчин зүйлсэд ганцхан зүйл л “гай” болж магадгүй хэмээн шинжээчид үзэж, ярьж, сануулж, сэрэмжлүүлж байгаа юм билээ. Энэ нь өнөөх л улс төрийн орчин дахь попууд буюу популистууд. Үнэхээр улс оронд хямрал нүүрлэж байгаа нь бодитой юм бол тухайн улс орон ийм цаг үед популистуудаас л болгоомжилж, сэрэмжилдэг дэлхийн практик байна. Тэд л улс орныг, ард түмнийг муу дээр муу нэмэр, муухай дээр улцан болгож сүйрлийн ирмэг дээр аваачдаг ажээ. Тийм болохоор Монголын ард түмэн хямралын ийм цаг үед поп улстөрчдийн үнэн нүүр царайг таньж, тэдний худал хуурмаг үгнээс хол байж, улс орны хөгжил, өөрсдийн амьдралын сайн сайхан, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхныг бодитой харах хэрэгтэй болдог. Хямралын үед массын сэтгэл зүй хүчтэй удирдагч, сод хүн, стандарт зан үйлийг хүсэмжлэх хандлагатай болдгоос популистууд ихээхэн газар авдаг нь манай улс төрийн практикаас харагдаж байгааг улс төр судлаачид бичих болжээ. Ийм үед популистууд улс төрийн үйл ажиллагаанд суурилахын оронд олны сэтгэлийг хөөргөж, сэтгэл хөдлөлд тулгуурлан нэр хүндээ олж авдаг тухай бичиж байна. Популистуудын стратегийн онцлог нь засгийн эрх авах өөрийн боломжит үйлдэл, түүнээс гарах үр дагаврын талаар ерөөс боддоггүй. Түүний хувьд хамгийн олон саналыг авах явдал л чухал аж. Олон түмний сэтгэл зүй тогтворгүй тул түүнд тохируулан популист улстөрч ухамсар, зорилгогүйгээр нэгээс нөгөөд үсчих нь түгээмэл. Иймээс популизм ялахад тоталитар дарангуйлал тогтох нь олонтаа гэсэн зэвүүн тодорхойлолтыг тулхтай улстөрчид ярьж бичиж, болгоомжлуулах боллоо. Улс оронд хямрал нүүрлэж болно, үүнээс болж монголчууд тоталитар дэглэм рүү, коммунизм руу л ухарч болохгүй. Ялангуяа хямралыг ашиглах гэсэн популистуудаас болж ухрах гэвэл шившиг.

Тэгэхээр Монголын эдийн засаг, гадны хөрөнгө оруулалт бичин жилдээ таатай сайхнаар үргэлжлэх нь тодорхой байна. Айл өрх, ард иргэдэд асуудал байгаа бол жаахан л тэвччих. Тэвчээртэй байгаа ард түмэн, улс орноос дэлхий нүүр буруулж байгаагүйг наад зах нь япон, солонгосчуудын түүхээс бид харж байна. Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил саарсан байж болох ч Америк, Европын эдийн засгийн өсөлт тогтвортойгоор нэмэгдэх хандлагатай болсныг мэдээлэх боллоо. Дэлхийн том эдийн засгийг дагаж бусад улс орнууд том жижиг гэхгүй өсөж, дэвжиж байдаг. Монгол ч ялгаагүй тэднээс хамаарна. Гэхдээ монголчууд биднээс хамгийн их шалтгаална.

Онцлох нийтлэлүүд