ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.05.07 10:05

“Би хөгшнөө тийшээ яаж ганцааранг нь явуулах вэ дээ”

Гэгээн ариун хайр, гал халуун дурлал, хайртынхаа төлөө амь насаа ч хайрлахгүй тэмүүлж, тэмцэлдсэн түүх, домгуудыг хүн төрөлхтөн мэддэг. Ном, зохиолд гардаг хайрын түүхүүдийг унших дуртай мөртлөө тийм хайр бодит амьдрал дээр байдаггүй гэх хүмүүс бий.

АНУ-ын Охайод амьдарч байсан Фэлүмлээ гэх гэр бүлийн хайрын түүх дэлхий нийтийн анхаарлыг татаж “Хайр гэдэг чинь энэ шүү дээ” гэх өгүүлбэрийг нэгэндээ сануулахад хүргэж байна.

1944 он. Кеннет Фэлүмлээ гурван жил үерхсэн хонгорхон Хэлендээ гэрлэх санал тавьжээ. Тэр хайртай бүсгүйдээ энэ саналыг тавих гэж олон сарын өмнөөс бэлтгэж, хэлэх үгээ эвлүүлж чадахгүй тэвдэж. Хэлен нь “Надтай гэрлээч. Үлдсэн амьдралаа надтай өнгөрүүлэхийг зөвшөөрөөч” гэх гуйлтыг амьсгал даран сонсохдоо зүрх нь золтой л зогсчихоогүй гэнэ. Учир нь Хэлен энэ хэдэн үгсийг хайртай залуугаасаа сонсохыг тэсэн ядан хүлээж байжээ. Ингээд хосууд 1944 оны хоёрдугаар сарын 20-нд хуримаа хийж, гайхамшигт хайрын түүхээ бадраажээ.

Фэлүмлээ, Хэлен хоёр гурван охин, таван хүүтэй өнөр өтгөн айл болжээ. Хэлен хүүхдүүдээ асрах, гэр орноо авч явах их ажилтай. Харин Фэлүмлээ гэр бүлээ тэжээхийн тулд шаргуу хөдөлмөрлөнө.

Хосууд амьдралын төлөө чадах чинээгээрээ зүтгэж, зовохдоо зовж жаргахдаа жаргаж байсан ч хэн нь ч “Би ядарч байна. Энэ амьдралаас залхаж байна” гэж гомдоллож байгаагүй аж. Тэднийхтэй хөрш байсан айлууд “Фэлүмлээгийнхэн ер бусын айл байсан. Тэднийхнийг хэрэлдэж, чанга дуугаар ярилцаж байсныг хэзээ ч хараагүй. Эхнэр нөхөр ямар эв найртай, биедээ халамжтай байх ёстойг тэр хоёроос л хардаг байлаа” хэмээн дурссан байна.


Он цаг улирч үр хүүхдүүд нь тусдаа гарч, Фэлүмлээ, Хэлен хоёр гэртээ үлджээ. Фэлүмлээ 1983 онд төмөр замаас тэтгэвэртээ суужээ. Ингээд тэрээр гэргийгээ дагуулаад 50 муж улсаар аялах уртын урт аян замд гарчээ. Тэд дандаа автобусаар аялсан байна. Фэлүмлээ “Онгоцоор явбал байгалийн сайхныг харж чадахгүй, сонин сайхан зүйлийг өнгөрөөчихнө. Автобусаар явбал бүхнийг харна. Хайртай хүнтэйгээ сайхан зүйлийг хамтдаа харах нь хамгийн том жаргал байдаг” хэмээн тухайн үед хүүхдүүддээ хэлж байжээ.

Тэрээр “Би өөрийгөө ганцаар байгаагаар ер төсөөлж үзээгүй. Хүн хайртай хүнээ хэзээ ч ганцааранг нь юманд явуулж болохгүй. Хэзээ ч ганцаардуулж болохгүй” хэмээн хөвгүүддээ захидаг байж. Эхнэрийнхээ дулаан амьсгал, зөөлөн гар, энхрий харцыг юу юунаас ч илүү хайрлаж, сэтгэлийг нь сэвтээхгүйн тулд бүхнээ зориулдаг нэгэн байжээ.

Хэлен нөхөртөө өөрөөсөө ч илүү итгэсээр ирсэн тухайгаа ач охиддоо ярьдаг байсан аж. Хүүхдүүд нь “Аав маань тэтгэвэрт гарсан цагаасаа эхлээд ээжийг минь бүр илүү халамжилж эхэлсэн. “Гэр бүлийнхээ төлөө зүтгэсээр чамайгаа гээхээ дөхөж” хэмээн хэлээд духыг нь үнэрлэдэг байсан” тухай дурссан байна. Нэгнийгээ хамрын шуухинаа хүрэхэд сандарч “Намайг орхих гээ юу” хэмээн биедээ гомдоллодог байсан гэнэ.

Гэвч хайраар дүүрэн энэ амьдралд төгсгөл ирж Хэлен өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд 92 насандаа хорвоогоос оджээ. Ханиа алдсан Фэлүмлээ хэнтэй ч юу ч ярилгүй шөнөжингөө эхнэрийнхээ дэргэд суусан байна. Маргааш өглөө нь тэрээр хувь тавилантайгаа сая л эвлэрч хүүхдүүддээ “Ээж нь явчихлаа. Энэ яваа насандаа намайг ээжийг чинь ганцааранг нь хаашаа ч явуулж байгаагүйг та нар мэднэ. Ээжийг чинь тийшээ яаж ганцааранг нь явуулах вэ дээ” хэмээн хэлээд гурван цагийн дараа Фэлүмлээ амьсгал хураажээ. Аав, ээжийнхээ хайрын гайхамшигт түүхийг хүүхдүүд нь дурсан ярьж “Аав, ээж хоёр маань хэзээ ч салж байгаагүй. Тэд нэгнийгээ муухай үг, үйлдлээр гомдоож байсныг бид хараагүй. Хайр нь нас нэмэх тусам улам нялхарч, харцаараа нэгнээ ойлгодог болчихсон байсан. Өглөөний цайгаа уухдаа гар гараасаа барилцан, оройн хоолон дээр  “Ийм сайхан хайр заяасан тандаа баярлалаа” хэмээн бурханд залбирцгаадаг байлаа. Аав маань ээжийг харанхуй шөнөөр ганцааранг нь гаргах нь бүү хэл гудамжны үзүүр дэх хачиртай талхны мухлаг руу ганцааранг нь явуулахыг хүсдэггүй байсан. Тэд хаашаа ч явсан хамт байдаг байлаа” гэж тэднээрээ бахархаж байгаагаа илэрхийлжээ.

Ууган хүү нь “Аав маань энэ бүхэнд бэлэн байсан. Ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан. “Чамайг энэ орчлон дээр үлдээж ганцаардуулахгүй” гэж ярьж байсныг нь сонссон. Магадгүй аав минь үхлээ хойшлуулаад ээжийг минь эхэлж үдсэн байх. Аав маань ээжид хайртайгаа эцсийн хоромд нь хүртэл ингэж мэдрүүлсэн. Бидний аав ээжийг минь ганцааранг нь явуулахыг хүсээгүй болохоор 15 цагийн дараа араас нь одсон” хэмээн санаа алджээ.

70 жил ханилан амьд­рахдаа нэгнээ хайрын дээдээр хайрлаж, насан эцэстлээ тангарагтаа үнэнч байсан хосын хайрын энэхүү түүх өнөөдөр хүн төрөлхтөнд “Хүний амьдралд үнэнч хайр гэж бий. Зөвхөн үлгэр, түүх, ном зохиолд байдаг зүйл биш” гэдгийг нотоллоо. “Бидний хайрыг үхэл л салгана” хэмээн дурлалт хосууд ярилцдаг. Гэтэл энд өгүүлсэн Охайогийн үнэнч хосуудыг үхэл ч хүртэл салгаж чадсангүй.

Д.ГАНСАРУУЛ

Онцлох нийтлэлүүд