ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2018.01.11 02:01

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин хэвлэлийн бага хурал хийв

БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд яриа хэлэлцээг цааш үргэлжлүүлж, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин өчигдөр мэдэгдсэн байна. Тэрбээр хоёр Солонгосын төлөөлөгчид 2015 оноос хойш анх удаа өнгөрсөн мягмар гаригт яриа хэлэлцээ хийснээс нэг хоногийн дараа мэдэгдэл хийсэн нь энэ. Мун Жэ Ин юуны өмнө Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд би энх тайвныг хангана” гэдэгт найдаж байна. Тэрбээр хоёр Солонгос дээд хэмжээнд зохион байгуулсан уулзалтынхаа үеэр Умард Солонгосын тамирчдыг Өмнөд Солонгосын Пхёнчан хотноо болох өвлийн олимпод илгээхээ мэдэгдэж, хоёр улсын хоорондох хурцадмал байдлыг намжаах зорилгоор батлан хамгаалах салбарын яриа хэлэлцээ хийхээр болсныг онцолжээ. Үүнээс гадна Мун Жэ Ин тодорхой нөхцөлтэйгөөр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзах боломжтойг онцолсон байна. БНСУ-ын Ерөнхийлөгч оролцсон хэвлэлийн бага хурлаар 20 минутын турш үг хэлж, дараа нь сэтгүүлчдийн асуултад нэг цаг орчим хариулжээ. Энэхүү хуралд гадаад, дотоодын 250 гаруй сэтгүүлч оролцжээ. Мун Жэ Ин үүрэгт ажилдаа орсноос хойш 100 дахь өдрөө анхны хэвлэлийн хурлаа зохион байгуулсан нь энэ. Тэрээр энэхүү хэвлэлийн бага хурлаар хийсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагнажээ. Хэвлэлийн хурлыг тус улсын үндэсний гурван телевиз болон кабелийн хоёр телевиз, интернэтээр шууд дамжуулжээ.

Онцлох нийтлэлүүд