ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2018.07.27 04:07

БНХАУ-руу гурил экспортлох хүсэлтэй байна

БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газрын дэд сайд Цинь Ижи тэргүүтэй хяналтын байгууллагын төлөөлөгчид саяхан манайд оронд ажиллаж хүнсний аюулгүй байдал, хоёр орны хоорондын экспорт, импорт, ЖДҮ-ийг хөгжүүлэх талаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулетай ярилцаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Гадаад, дотоодын ААН-үүдийг бүртгэж, итгэмжлэл-баталгаажилт олгох, аж үйлдвэр, хүнсний бараа бүтээгдэхүүний чанарын хяналт, Монополын эсрэг зохицуулалтыг хэрэгжүүлдэг БНХАУ-ын Засгийн газрын тохируулагч агентлаг болох Зах зээлийн хяналтын газар (State Administration for Market Regulation)-ын дэд сайд Цинь Ижи айлчлалынхаа хүрээнд хийсэн уулзалтын үеэр манай хүнсний болон мах үйлдвэрлэгч ААН-үүд БНХАУ руу бүтээгдэхүүнээ экспортлоход эрх олгох, стандарчилал, хэмжилзүй, итгэмжлэл-баталгаажилт зэрэг чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж эрэлхийлж байгаагаа илэрхийлсэн юм. Үүний өмнө хоёр талын хооронд байгуулсан Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө харилцан тохиролцох талаар уулзах үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле хоёр улсын ХАА-н салбарт хамтарч ажиллах тодорхой саналуудаа илэрхийлсэн юм. Тухайлбал, ХАА-н гаралтай органик хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, БНХАУ руу зөвхөн адууны мах экспортлоод зогсохгүй үхэр, хонь, ямааны махны экспортлох хүсэлтэй байгаа тул түр хоригийг цуцлахыг хүссэн. Мөн Монгол Улсаас БНХАУ-д буудайн гурил, хөх тарианы гурил экспортлох саналыг холбогдох газарт уламжилж өгөх, Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн асуудал хариуцсан газартай дэд сайдын түвшний ажлын хэсгийн уулзалтыг ойрын хугацаанд хийх хүсэлтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн хивэг үйлдвэрлэж буй ААН-ийн үйл ажиллагаанд хянан магадлагаа хийх, хүнсний аюулгүй байдал хангасан бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх тал дээр хамтарч ажиллах санал тавилаа. Уулзалтад Монголын талыг төлөөлж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл, ХХААХҮЯ-ны ЖДҮ, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэг нар оролцсон юм. БНХАУ-ын талаас, Хятадын гэрчилгээ, магадлан итгэмжлэлийн удирдлагын газрын дэд дарга Лиу Вейжүн, Хэмжилзүйн газрын дэд дарга Дү Юүэжүн, Гадаад хамтын ажиллагааны газрын дэд дарга Ма Вэншиү нарын албаны хүмүүс байлцав. Монголын талаас Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл мал эмнэлгийн салбарын үйлчилгээг шинэ шатанд гаргахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, малын эмч бэлтгэх, мэргэшүүлэх тал дээр хамтарч ажиллах хэрэгтэй байна гэсэн бол ХХААХҮЯ-ны ЖДҮ хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулалтаар дэмжиж экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, ЖДҮ-ийн зориулалттай тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээс, бусад санхүүгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах боломж олгох, бизнес эрхлэгчдэд зориулсан богино, дунд, урт хугацааны сургалтад хамруулах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэргээр өөр өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд хэд хэдэн санал тавьсан юм.
БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газрын дэд сайд Цинь Ижи эдгээр тодорхой саналыг хамтран ажиллах төлөвлөгөөндөө тусгах боломжтой эсэхийг сайтар судлан үзээд, ойрын хугацаанд хариу өгөн, зарим саналыг холбогдох газарт уламжлахаа илэрхийлэв.

Онцлох нийтлэлүүд