Нийгэм
2021.02.24 09:02

БНЭУ-ын элчин сайд М.П.Сингх: Энэтхэгийг “Дэлхийн эмийн сан” гэж нэрлэж эхэлсэн

-ЭНЭТХЭГ УЛС НЬ 21 ХОНОГИЙН ДОТОР 5 САЯ ХҮНЭЭ ВАКЦИНЖУУЛСАН АНХНЫ УЛС БОЛСОНД БАЯРТАЙ БАЙНА-


Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд М.П.Сингхтэй ярилцлаа.


-Монгол Улс ковидын анхны вакцинаа БНЭУ-аас хүлээж авлаа. Хүнд хэцүү цаг үед тусламжийн гараа сунгасанд монголчууд нийтээрээ баярлаж байна. Энэ үйл явдал хоёр орны найрамдалт харилцаанд тод томруунаар тэмдэглэгдэн үлдэх үйл явдал боллоо...

-Энэ сарын 22-ны өглөө Бүгд Найрамдах Энэтхэг Улсад үйлдвэрлэгдсэн “КОВИД-19”-ийн эсрэг вакцин Монгол Улсад хүрэлцэн ирсэнд миний бие маш их талархалтай байна. 150 000 вакциныг Монгол Улын шадар сайдад гардуулан өгч шаардлагатай эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангаж, эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон “КОВИД-19” халдварын хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа цагдаа, онцгой байдал, хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг олон салбараас дайчлагдан ажиллаж байгаа зорилтот бүлгийн ажилчдын аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Уг вакцины үзүүлэлтийг сонирхож болох уу. Дэлхийн хэдэн орон энэ вакциныг сонгоод байгаа вэ. Мөн дархлаа хэдэн хувь тогтдог тухайд?

-Энэхүү вакцин нь Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага, Европын холбоо, Их Британи, Канад, Австрали, Мексик, Саудын Араб, Бразил зэрэг улсуудад хүлээн зөвшөөрөгдсөн. Энэтхэг улсын хувьд 25 оронд вакцин нийлүүлэхийн зэрэгцээ 25 оронд өөр түвшний нийлүүлэлтүүдийг хийдэг баг 130 орныг эгнээндээ нэгтгэсэн COVAX хөтөлбөрт хамрагдаж байгаа нь энэхүү вакцины нэгэн давуу тал болов уу. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын гаргасан мэдээллийн дагуу 63.09 хувийн үр дүнтэй вакцин.

-Энэтхэг улс ард иргэдээ хэрхэн дархлаажуулж байгаа талаарх мэдээллийг хуваалцаж болох уу. Astra­Zeneca вакцинаас гадна өөр төрлийн вакцин хийлгэж байгаа юу?

-БНЭУ-д “Ковид-19”-ын эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагаа 2021 оны нэгдүгээр сарын 16-наас эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 22-ны байдлаар 10-н сая хүнд эмнэлгийн байгууллагуудаар зөвшөөрөгдсөн вакциныг хийгээд байна.

Одоогийн байдлаар Энэтхэг улс нь хоёр төрлийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа ба “Serum Institute“-ийн үйлдвэрлэсэн Covishield-Astra Zeneca вакцин болон Bharat Biotech-ийн үйлдвэрлэсэн Covaxin вакцинууд юм.

Энэтхэг улс нь 21 хоногийн дотор 5 сая хүнээ вакцинжуулсан анхны улс (АНУ, Их Британи, Израиль улс 5 сая хүнд вакцин хийлгэхэд 24, 43, 45 хоног зарцуулжээ) болсонд баяртай байна. 2021 оны зургадугаар сарын сүүл гэхэд Энэтхэг улс нь эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон “КОВИД-19” халдварын хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа цагдаа, онцгой байдал, зэрэг зорилтот бүлгийн 300 сая орчим иргэнээ вакцинжуулах зорилготойгоор ажиллаж байна. Энэхүү үйл хэрэгт дэвшилтэт технологи, тусгай аппликэйшнүүд, мэдээллийн технологиудыг COWIN нэрийн дор ашиглаж байгаа болно.

-2018 онд БНЭУ манай улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосноор газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл эхэлж байв. Мөн хоёр улсын оюутан солилцоо жилээс жилд өргөжин нэмэгдэж байна. Энэ мэтээр манай хоёр улсын хамтын ажиллагаа, түншлэлийн хүрээнд явж байгаа бусад ажлуудын тухайд хураангуйлан мэдээлэл өгөхгүй юү?

-Энэтхэг, Монгол бол оюун санааны хөршүүд, стратегийн түншүүд гэдгийг та мэднэ. 2015 оны тавдугаар сард Энэтхэгийн ерөнхий сайд Шри Нарендра Модигийн түүхэн айлчлалын үеэр батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, гамшгийн менежмэнт, шинэ болон сэргээгдэх эрчим хүч, эм зүй, дээд боловсрол, англи хэл, сансар, уул уурхай, ашигт малтмал, мэдээллийн технологийн чиглэлээр Засгийн газрын 13 санамж бичиг, дөрвөн бизнесийн хэлэлцээр хийх үеэр хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шинэ алсын харааны хүрээг тохиролцсон.

2019 оны Есдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулгын Энэтхэгт хийсэн айлчлалын үеэр Засгийн газрын дөрөв, бизнесийн хоёр санамж бичгийг мөн харилцан тохиролцсон. Энэхүү төсөөллийн хүрээнд хэрэгжиж буй 8 орчим төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг би та бүхэнтэй өмнө нь хуваалцсан. Ковидын улмаас тодорхойлсон зарим төслийн явц удааширсан боловч нөхцөл байдал хэвийн болсны дараахан эдгээрийг дахин эхлүүлэх болно гэдэгт найдаж байна.

-Дэлхий дахинд одоогоор коронавирусийн эсрэг вакцины хүртээмж, олдоц ховор байна. Мөн БНЭУ олон сая хүн амтай хэр нь манай улсад ийнхүү тусламжийн гараа сунгаж буйд талархаж байна. БНЭУ-ын Эрүүл мэндийн салбарын хөгжил болон манай хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны тухайд асуумаар байна. Өмнө нь танай улсаас манай улсын эрүүл мэндийн салбарт томоохон тусламж дэмжлэг үзүүлж байсан шүү дээ?

-Энэтхэг Улс бол эрүүл мэнд, эмийн салбартаа дэлхийн тэргүүлэгч орнуудын нэг гэдгийг та зөв хэлсэн. Энэтхэгийн эрүүл мэндийн салбарын 2019 оны статистикаар 3000 эм зүйн компани, 10,500 үйлдвэрлэлийн нэгж, АНУ-ын FDA-ийн зөвшөөрөгдсөн 2 дугаар байгууламж, Азидаа 4 дүгээр байранд ордог эмнэлгийн төхөөрөмжийн зах зээл, дэлхийн нийт экспортын 20 хувь, эмчилгээний 60 категорийн 60,000 ерөнхий брэнд байдаг. Энэтхэг нь эм эмийн бүтээгдэхүүнийг дэлхийн хэмжээнд хангадаг бөгөөд Энэтхэгт үйлдвэрлэсэн 500 төрлийн эмийн идэвхтэй орц найрлага (API) байдаг бөгөөд 150 улс руу Энэтхэгээс вакцин импортолдог бөгөөд дэлхийн хоёр дахь том эм, биотехникийн боловсон хүчин юм.

Бид бүгд ковидын цар тахлын өвчинтэй тулгараад байгаа сүүлийн хэдэн сарын хугацаанд Энэтхэг улс эм, вакцинаар хангаж, дэлхийн 100 орчим оронд эрүүл мэндийн туршлагаа хуваалцаж чадсанаар Энэтхэгийг ‘Дэлхийн эмийн сан’ гэж нэрлэж эхэлсэн. Энэтхэг, Монгол Улсын хоорондох хүн амын тоо эрс ялгаатай байгаа ч Монгол Улсыг төв болгон ашиглах, өндөр өртөгтэй, өрсөлдөх чадвар сайтай ерөнхий эм, бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмжийг экспортлох зорилгоор хөгжүүлэх боломжтой. Монголд эрүүл мэндийн салбараа хөгжүүлэхэд нь туслахын зэрэгцээ Эрүүл мэнд, Эмийн салбар дахь хоёр талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжууд байна.

-БНЭУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжил сүүлийн жилүүдэд хэрхэн өргөжин хөгжиж, хүчирхэгжиж байгааг энэ дашрамд манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Тийм шүү. Энэтхэг улс нь өнгөрсөн 20-н жилд дэлхийд хамгийн хурдан өсч буй эдийн засгаараа танигдаад байгаа бөгөөд сүүлийн зургаан жилд хийгдсэн бодлогын өөрчлөлтүүд, бий болгосон дэд бүтэц, эрчимтэй үйлдвэржилт, татварын шинэтгэл, “Энэтхэгт үйлдвэрлэв болон ур чадвар хөгжүүлэх хөтөлбөрүүд”, шууд тэтгэмжүүд, эрүүл мэндийн хувьсгалт тогтолцоо болон сайжруулалт, санхүүгийн оролцооны тогтолцоогоор зэргээр дамжуулан нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийн үр ашиг нь Энэтхэгийн нийгмийн хэсэг бүрт хүрч чадсан.

Манай Ерөнхий сайдын 2024 он гэхэд одоогийн 2.7-н их наяд доллар буюу дэлхийн 5 дахь том эдийн засгаас Энэтхэг улсыг 5 их наяд долларын эдийн засагтай болгох төлөвлөгөө нь хүрч болох зорилт юм. Ковидын нөлөөн байнгын мэдрэгдэж буй одоогийн эдийн засгийн орчныг удирдахын тулд өнгөрсөн онд манай Засгийн газар 266 тэрбум ам.долларын урамшууллын багцыг “Өөртөө итгэх итгэл” буюу (Atamnirbhar Mission) хөтөлбөрт зориулан төсөвлөсөн.

-Өнгөрсөн хугацаанд манай хоёр улсын хамтын ажиллагаа ямар салбарт түлхүү хөгжиж ирсэн бэ. Цаашдаа ямар салбарт хамтын ажиллагаа өргөжин хөгжих боломжтой гэж бодож байна вэ?

-БНЭУ нь Монгол Улстай хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд Дорноговьд 1.5 сая ам.доллар буюу дотоодын хэрэглээний 3/4-ийг үйлдвэрлэх хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд 1.236 тэрбум ам.долларыг баталсан. Нэмж дурдахад бид 2021 оны зун 20 сая долларын өртөг бүхий 5000 орчим мэдээллийн технологийн монгол мэргэжилтэнг бэлтгэх хүчин чадал бүхий Мэргэшсэн технологийн төвийн барилгын ажлыг эхлүүлэхээр зорьж байна.

Дараагийн хоёр жилд бид Зайсан толгойд Энэтхэг-Монголын найрамдлын сургууль болох Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулахаар төлөвлөж байгаа бол ойрын хугацаанд сүүн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, эм, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, Монголоос Энэтхэг рүү шууд нислэг хийх зэрэг ажлуудын талаар ярилцаж байна.

Онцлох нийтлэлүүд