ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.10.12 03:10

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд Төрийн дээд одон, медаль гардууллаа


Нэгдсэн үндэстний байгууллага /НҮБ/-аас дэлхий даяар 14 газарт энхийг сахиулах үйл ажиллагаа явуулж, дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэх ажиллагаанд нь оролцож байна.

Монгол Улс 2002 оноос эхлэн энхийг сахиулах ажиллагаанд нэгдэж, өнөөдрийг хүртэл 17 мянга гаруй “цэнхэр дуулгатан”-г энхийг сахиулах ажиллагаанд оролцуулсан байна.

Тэдний төлөөлөл болох Монгол Улсын Зэвсэгт хүчний 8-р ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Өмнөд Судан улс /БНӨСУ/-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, энэ долоо хоногт эх орондоо ирсэн юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр төрийг өндөрт өргөж, үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад Төрийн дээд болон салбарын одон, медаль гардуулах ёслол өчигдөр Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын жагсаалын талбайд боллоо.

Ёслолын ажиллагаанд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг болон Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд, энхийн сахиулагчдын ар гэрийнхэн оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Энхийн төлөө медалиудаар шагнагдлаа.

ШАГНАЛ ГАРДУУЛЖ ДУУССАНЫ ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ Х.БАТТУЛГА НИЙТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД БАЯР ХҮРГЭН:

Эрхэм генерал, офицер, ахлагч нар аа,

Энхийг сахиулагч цэрэг дайчид аа

Монгол цэргийн төрөлх дайчин чадварыг үйл хэргээрээ нотлон харуулж, ажиллагаанд оролцсон газар нутгийн иргэдийн талархлыг хүлээж, тэдний НҮБ-ын энхийг сахиулах хүчинд итгэх итгэлийг улам нэмэгдүүлж, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах их үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан өндөр хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн Та бүхэнд монголын ард түмний нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.

НҮБ-ын бүрэн эрхт гишүүн Монгол Улсын гадаад нэр хүнд өсөж, олон улсын түвшинд өндрөөр үнэлэгдэх, улс орныхоо аюулгүй байдал, оршин тогтнохын баталгааг бэхжүүлэхэд энхийг сахиулагч Та бүхний үйл хэрэг, хичээл зүтгэлийн хувь нэмэр их билээ.

НҮБ-аас Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явуулж буй, тухайн улсад төдийгүй бүс нутагт тогтвортой байдлыг бий болгоход онцгой ач холбогдолтой “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын энхийг сахиулагчид голлох үүрэгтэй оролцож, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэл, сахилга зохион байгуулалтаараа бусад орнуудын ижил түвшний цэргийн багуудад үлгэр дуурайл болж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч болон хүчний командлалаас удаа дараа сайшаагдсан тухай мэдээг хүлээн авахдаа Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд ямагт таатай байдгаа энд онцлон тэмдэглэе.

Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн мото буудлагын батальон нь НҮБ-ын мандатаар заагдсан үүргээ амжилттай гүйцэтгэхийн зэрэгцээ орон нутгийн иргэд рүү хандсан бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн ажлуудыг амжилттай зохион байгуулж, монгол дайчдын эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг гадаадын цэргийн алба хаагчдад илтгэн харуулсан нь бахархалтай.

Монголын төр өнөөдөр энхийн үйлсэд хүчин зүтгэж, эх орныхоо даалгаврыг нэр төртэй биелүүлсэн эрэлхэг хөвгүүд, охидоороо бахархаж, зүтгэл гавъяаг нь үнэлж төрийн одон медалиар шагнах гэж байна.

Энхийг сахиулагчдад Төр засгаас даалгасан хариуцлагатай үүргээ амжилттай гүйцэтгэх боломжийг бүрдүүлж өгдөг дайчдын гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд талархал дэвшүүлж, бүгдэд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор монгол цэргийн хийморь үеийн үед мандан бадрах болтугай” гэлээ.



Онцлох нийтлэлүүд