ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.10.06 11:10

Будант өдрийн буурал морь

Өглөө гадаа гартал өвдгөөр татам манан суунаглаж, уулын орой бүдэг бадагхан харагдана. Зуслангийн айлууд арай л босоогүй бололтой нам гүм. Анир чимээгүйд гэнэтхэн адууны зөөлхөн тургилах чимээ сонсогдоод, өтгөн манандундаас сугаран гарах шиг нэгэн буурал морь манай урд замаар уруудан аажуухан явсаар эргээд саарал мананд сарнин уусах мэт замхран алга боллоо. Будан дундаас гарч ирсэн энэхүү буурал морь, сэтгэлд маань үе үехэн бодогдсоор байдаг нэгэн дурсамжийг санагдуулсанд өөрийн эрхгүй хоолой минь зангирав.

Одоогоос нэлээд олон жилийн өмнө нөхөр маань эрдмийн зэргээ хамгаалах гээд толгой өөд татах завгүй ажиллаж байсан тэр жилүүд санаанаас минь гардаггүй юм. Хоёр жаахан бор хүүтэй манайх гэдэг айл модон дунд умбасан Австралийн хөдөөний жижигхэн хотод амьдарч байв. Оюутны амьдралын жилүүдэд бага хүү маань мөлхөж, том нь дөнгөж сургуульд орж, үсэг холбож, бичиг сурч байлаа.

Нэгэн орой бид хэд нөхрийн багш, өвгөн профессорын гэрт оройн зоогонд уригдаж очсон юм. Таягаа тулсан бууралпрофессор яг өөрийнхөө дүр төрхөд зориуд тохируулан тааруулсан мэт, эртний хуучин загвартай тос даасан сайхан байшингийнхаа үүдэнд биднийг тэврэн угтаж авлаа. Нүд алдам цэлийсэн эдлэн газрынх нь баруун хэсэгт томоо гэгчадууны хоосон хашаа харагдана. Үүдээрээ дүүрэн морины тах битүү эгнүүлэн хадсан хүнд гэгчийн хүрэн хаалгаа дэлгэн биднийг гэртээ оруулав. Гэрээр нь дүүрэн шарсан тахиа, чанасан эрдэнэ шишийн содон үнэр, барьсан талх, агшаасан будаа,улаан дарс, тамхины утаатай холилдон хамар цоргино. Уртаас урт модон ширээн дээрээ том том хүнхэр тавагнуудад хоолоо ундаа овоолон тавьсныг үзвэл эмэгтэй хүний эвлэг гар дутаж буй нь илт хэдий ч хоол нь амттай гэж жигтэйхэн. Урдаас харансуух өвгөн багш инээх тоолондоо амнаасаа ганц нэг цагаан будаа унагаана. Гээгдсэн будаа бөмбөрсөөр энгэрийг нь шүргэсэн буурал сахал дээр нь тогтсон ч бөнжийн санжигнах нөгөө хэдэн будаа нь унана гэж үгүй, байнга л нүдэнд өртөнө. Би өөрийн эрхгүй сэм сэмхэн нөгөө хэдэн будаа нь унасан эсэхийг харж шалгаад, сүүлдээ тэсэлгүй нөхөртөө шивэгнэв. Нөхөр маань ч "уучлаарай" гэж хэлээд эгдүүтэй харагдаад байсан хэдэн будааг эвтэйхэн аваад хаячихав. Ирсэн цагаасаа хойш өвгөний сахлаас нүд салгахгүй хараад байсан хүү маань:

-Та шөнө унтахдаа сахлаа хөнжил дотроо хийдэг үү эсвэл хөнжлийнхөө гадуур гаргадаг юм уу? хэмээн ихэд нухацтай асуулаа. Буурал профессор хэсэг бодолхийснээ :

- Би нээрээ сахлаа яаж унтдаг юм болоо хэмээн ихэд инээж, "энэ олон жилүүдэд надаас хэн ч ийм энгийн мөртлөөих хэцүү асуулт асуугаагүй юм байна шүү" хэмээж байсан юм. Тэгээд маргааш нь сургууль дээрээ нөхөртэй маань уулзаад"Өнгөрсөн шөнө олигтой унтаж чадсангүй, сахлаа хөнжил дотроо нэг хийж үзлээ, гаргаж бас үзлээ" хэмээн хангинатал инээж байсан гэдэг.

Хоолны дараа бид хэд сайханүнэртэй халуун цай ууцгааж, сэтгэлд дотно дулаан яриа өрнүүлэн, өвгөн багш тамхиа уугиулан татангаа Монгол орны маань тал нутаг, хурдан морьдын тухай, мөн өөрийн хайртай буурал мориныхоо тухай ярьж удтал сууцгаав. Хүүхдүүд мааньч аль хэдийн унтаадөгсөн харагдана. Бидний яриа хөөрөө өндөрлөх тийшээ хандаж байтал өвгөн багш маань "Баяраа би танай гэргийд хэдэн зураг үзүүлье" гээд миний гараас хөтлөн явсаар, шалнаасаа тааз хүртэл битүү ном өрсөн томоо гэгчийн өрөөнд орууллаа.Миний хамгийн хайртай, үнэтэй, нандин зүйлс маань энэ дээ хэмээн хурдан буурлынхаа олон сайхан зургийг үзүүлэхэдханаар дүүрэн жаазлан өлгөсөн олон арван зургуудаас нь хоёр зураг л яахын аргагүй анхаарал татаж байлаа. Гоолигхон биетэй залуухан,царайлаг бүсгүй төгөлдөр хуур тоглонгоо турьхан мөрөн дээгүүрээ эргэн харж, оч гялалзсан мэт нүдээрээ ялдамхан инээмсэглэх нь цаанаа л үзэсгэлэнтэй, сэтгэл татам. Нөгөө нь сайхан буурал морь уралдаж байгаадхалтиран унаж,хүзүүгээ хугалан үхэж байгаа зураг. Ганцхан нулимс дусаасан, тэр том сайхан нүднээс үхлийн аймшиг, тэсэхийн аргагүй шаналсан өвдөлт,аргаа барсан байдал мэдрэгдэх мэт. Морины тунгалагхан том хар нүдийг үгээр илэрхийлэх юм биш... Зургийг харах тутам миний сэтгэл хачин оргиж, бүх бие минь сэртхийн, нуруу минь хүйт даах мэт болов. Хэдэн хором бид хоёрын хэн нь ч дуугарсанүй. Би ёстой хүчээр л амаа нээж:

- Энэхөөрхөн бүсгүй, бас сайхан буурал морь таны хамгийн ... гэж арай хийж хэлээд хоолой зангиран, дуу гарч өгсөнгүй тул чимээгүйхэн зогслоо.

- Тиймээ, эхнэр маань хөгжимчин байсан.Би түүнийгээ алдахад хөл дээрээ арай чамай л зогсож байлаа. Гэтэл дараа нь хурдан буурал маань намайг орхилоо. Энэ бүхнээсээхагацахад сэтгэл гэдэг чинь эзгүй,цуурай татам хоосордог юм билээ, их хэцүү хэмээн зангирсан хоолойгоор өгүүлэв. Өвгөний буурал сахал дээр шүүдрийн дусал адил хэдэн нулимс гялтаганан харагдана. Сахлаас нь цэрвээд байсан би өөрийн мэдэлгүйалгаараа нулимсыгнь зөөлөн арчаад, өвгөний гараас хөтлөн өрөөнөөс гарав. Машиндаа суухаар гарахад өвдөг хүрэм манан татжээ.Бу дан дунд үүдэндээ зогсон биднийг үдэнгараа даллан зогсох тэр сайхан хүнийг эргэн эргэн харж, сэмхэн урсахнулимсаа арчсаар явж билээ.

Д.Аззаяа

Онцлох нийтлэлүүд