Нийгэм
2014.12.31 03:12

Булганчууд шинэ жилээ АРХИГҮЙ, АЙРАГТАЙ тэмдэглэжээ

Булган нутгийнхныг адуу, айраггүйгээр төсөөлөх аргагүй. Тэр дундаа Булганы Сайханы айргийн амт шимтийг мэдэхгүй монгол хүн ховор биз ээ.

Улаанбаатар хот дахь Булган нутгийнхны шинэ жил өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн байна. Булган хангай уулсаар овоглодог нутгийн зон олны шинэ жилийн баяр архи дарсгүй, тун ч сайхан болжээ. Булган аймгийн залуучуудын холбооноос өнөө жилийн шинэ жилийн үйл ажиллагааг өмнөх жилүүдийнхээс нэлээд онцгой "архигүй, айрагтай" тэмдэглэх санаачлагыг гарган ийн ажил хэрэг болгосон байна.

Тэд нутгийн брэнд бүтээгдэхүүнээрээ баярын ширээгээ чимжээ. Ширээ бүр дээр хултай айраг мэлтэлзэл, Булган хангай нугийнхан айргаа сөгнөн улиран одсон оныхоо амжилт бүтээл, алдаа оноог дэнслэн нэгэн үдшийг өнгөрөөсөн байна. Манайхан шинэ жилийн баярыг юу байна түүгээрээ тэмдэглэдэг улс. Идэж уухаараа хүртэл өрсөлдөнө. Хамгийн үнэтэй архи, дарсаар баярын ширээгээ чимэглэх гэж хичээдэг. Харин өнөө жил Булганчуудын санал санаачлага өвөрмөц хийгээд нүдээ олсон зүйл болжээ.

Хямралын энэ үед хамаагүй хямд үнээр баярын ширээгээ мялаах боломж бий гэдгийг харууллаа. Энэ санаачлагыг дараа дараагийн шинэ жил олон газрууд авч хэрэгжүүлэх биз ээ. Өнө эртнээс нааш монголчууд аливаа баяр ёслолд айргаа ууж, дэмбээдсээр ирсэн сайхан уламжлалтай. Энэ сайхан уламжлалыг өнөө цагт хэрэгжүүлсэн Булган нутгийн залуус анхдагчид болж байна.

Онцлох нийтлэлүүд