ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.12.09 10:12

Бумрунград эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээнд сэтгэл хангалуун байна

Бумрунград эмнэлэгт эмчлүүлээд ирсэн Удирдлагын академид багш Ё.Батсүхтэй ярилцлаа.

-Та анх ямар оноштой байсан бэ. Монголдоо эмчлүүлж болохгүй байсан уу?

-Миний зүүн хөлний шилбэний гадна талаас товойж гарсан зөөлөн эдийг анх Хавдар судлалын үндэсний төвд "атерома" гэсэн таамаг оноштойгоор биопсийг (3х2х1 см хэмжээтэй) хагалгаа хийж авхуулсан юм. Хагалгаа хийлгэснээс хойш сар гаруй хугацаанд хагалгааны шарх идгэхгүй улмаар шүүс ихээр гарсан. Мөн биопсийн шинжилгээний хариу гарахгүй нэлээд удсан юм. 14-21 хоногийн дотор гардаг эсийн шинжилгээний хариу 36 хоногийн дараа гарсан л даа. 36 хоногийн дараа дермато-фибро-саркома нэртэй хорт хавдрын эс илэрсэн гэсэн. Тухайн үед их гайхсан. Үнэндээ бол итгээгүй. Худлаа юм шиг санагдаад нягталж үзье гэж бодсон.

Нэгэнт ийм онош гарсан учраас энэ талаар би маш олон эмч нартай уулзаж зөвлөлдсөн. Эмч нар энэ төрлийн хорт хавдрыг хэрхэн эмчилдэг тухай дэлхийн стандартыг мэдэх хэрэгтэй, мөн хорт хавдрын эсийг хагалгаагаар бүрэн авсан эсэхийг хэрхэн батлах, хорт хавдар үсэрхийлсэн үү гэдэгт илүү анхаарал хандуулах хэрэгтэй гэж зөвлөсөн.

Энэ төрлийн хорт хавдрыг эмчлэх дэлхийн стандарт эмчилгээ нь хавдрын эс байгаа үүрнээс эргэн тойрон 4-6 см зайтай эрүүл эсийг хамтад нь авах. Хэрэв үүнээс бага хэмжээтэй авбал хорт хавдар дахих магадлалтай гэсэн. Харин хорт хавдрын эс үлдсэн эсэх, бас үсэрхийлсэн үү гэдгийг мэдэх боломжтой PET/CT гэсэн нэртэй шинжилгээний аппарат дэлхийд байдаг гэж мэдсэн. Гэтэл манай улсад энэ аппарат аль ч эмнэлэгт байхгүй нь харамсалтай.

Ихэнх улс оронд хэрэв хорт хавдрын эс хүний биед үлдсэн бол туяа болон химийн эмчилгээ хийдэг юм байна. Түүнээс гадна туяа эмчилгээ хийхдээ хүний аль хэсэгт, хэдийн хэмжээтэй талбайг, бүр нарийн тодорхойлбол эсийн түвшинд нь хэдэн давтамжтайгаар шарах вэ гэдгийг нарийн тогтоосны дараа эмчилгээгээ хийх ёстой байдаг юм билээ. Монгол улсад энэ боломж нь байхгүй, миний мэдснээр бараг бүтэн биеийг шарчихдаг нь маш том асуудал. Бас химийн эмчилгээний хувьд хорт хавдрын амьд эсийг генийн түвшинд судалж байж химийн тариагаа сонгож, давтамжийг нь тодорхойлоод тарьдаг юм байна лээ. Энэ бас л Монгол улсад байхгүй, хөгжөөгүй, тэр байтугай хорт хавдрын эсийг нарийн тодорхойлох нэмэлт урвалж бодисууд нь байхгүй юм байна лээ. Онош нь тодорхойгүй эргэлзээтэй болохоороо интернэтэд шинжилгээний хариугаа байршуулж, гадаадын эмч нараас асууж оношоо тодруулж эхэлсэн. Гэхдээ энэ гадаадын эмч нартай санал солилцож байгаа нь сайн ч, яг ийм төрлийн хорт хавдар байна гэдгийг тодорхойлоод өгчихдөг урвалж бодис нь Хавдар судлалын үндэсний төвийн эмгэг судлалын лабораторт байхгүй. Ийм шалтгаануудын улмаас л Монголдоо эмчлүүлэх боломж хязгаарлагдмал байлаа.

-Яагаад Бумрунград эмнэлгийг сонгов. Өмнө нь мэддэг байсан юм уу?

-Хорт хавдартай гэсэн оношийг сонсноос хойш монголд байгаа нилээд олон гадаадын нэр хүндтэй эмнэлгүүдийн төлөөлөгчийн газарт хандсан. Эдгээрийн дотроос Бумрунград эмнэлгийг сонгох хэд хэдэн шалтгаан байсан. Эхлээд ямар ямар шинжилгээ болон эмчилгээг хэр хугацаанд хийх вэ. Оношлогоо, эмчилгээний зардал хэд болох вэ. Эмчилгээнээс гадуурх бусад үйлчилгээнүүд, дээрээс нь миний хүсэлтийн талаар хэр хурдан хариу өгч байна вэ гэх мэт үзүүлэлтүүдийг гол болгосон.

Уг эмнэлгээс надад хариу ирэхдээ миний дээр бодож байсан шалгууруудыг хангасан байсан. Өөрөөр хэлбэл, уг өвчний тархац болон үлдэгдлийг оношлох PET/CT болон MRI шинжилгээ, мөн цус болон бусад ерөнхий шинжилгээнүүдийн талаар, түүнээс гадна уг өвчнийг эмчилэх дэлхийн стандарт бүхий хагалгаа хийх санал, хагалгааны дараах нөхцөл байдлын талаар тодорхой бичсэн байсан. Дээрээс нь эмчилгээнээс бусад үйлчилгээнүүд болох нисэх онгоцны буудлаас тосож авах, эмнэлэгтэй ойролцоо байдаг зочин буудлуудад өрөө захиалж өгөх, шаардлагатай гэвэл зочид буудлаас эмнэлэг хүртэл хүргэж өгч авах үйлчилгээ, эмнэлэгт үйлчлүүлэх үед орчуулагч үнэ төлбөргүй, эмчилгээний түүх болон оношлогоо, шинжилгээний хариуг цаасаар болон CD-ээр авах боломжтой зэрэг олон зүйлийг дурьдсан байсан. Бас эмнэлэгт очоод хэзээ, хэдэн цагт эмчтэйгээ уулзахыг хүртэл миний өмнөөс хийж өгсөн.

-Өөр гадаадын эмнэлэг рүү явсан уу. Үнийн хувьд ямар байсан?

-Надад нэг л эмнэлэг сонгож эмчлүүлэх нөхцөл байсан учраас дээрх үзүүлэлтүүдээрээ нэгийг л сонгосон. Бусад эмнэлгүүд хариу ирсэн л дээ гэхдээ зөвхөн оношлогоо хийх зардлаа л бичсэн байсан. Онош хэрхэн гарахаас хамаарч дараагийн эмчилгээ тодорхой болох учраас одоогоор ийм тийм эмчилгээ хийнэ гэж хэлэх боломжгүй гэж байсан л даа. Олон улсын нэр хүндтэй эмнэлэгүүд хэзээ онош нь тодорхой, баталгаатай болоогүй цагт ямар ч эмчилгээ хийдэггүй юм байна лээ. Бумрунградад очиход бас л тийм байсан. Заавал онош тодруулж, баталгаажуулсны дараа эмчилгээ хийсэн. Гэхдээ солонгос эмнэлэг болон Бумрунград эмнэлэгийн оношлогоо өртөг нь ойролцоо юм билээ. Харин Европын орнуудын эмнэлэгүүдийн оношлогооны өртөг нь Азийн орнуудынхаас бараг хоёр дахин өндөр байсан.

-Тайландад хэзээ очсон бэ. Эмчилгээнд хэр хугацаа шаардав. Ямар эмчилгээ хийлгэсэн бэ?

-Бумрунградаар эмчлүүлэхээр төлөвлөчихөөд бараг бэлтгэл ажил гэж 20-иод хоног зарцуулсан. Тэгээд энэ оны аравдугаар сарын 6-нд яваад 23 хоноод ирсэн. Тэнд очоод эмчтэйгээ уулзах графикийнхаа дагуу уулзаад маргааш өглөө нь PET/CT аппаратаар шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний хариу нь шинжилгээ хийлгэснээс хойш цагийн дараа гарсан. Харин нэг хэрэгтэй зүйл нь эмчтэйгээ уулзаж байхдаа оношлогоо хийлгэсний дараа хэзээ эмчтэйгээ эргэж уулзах вэ гэдгээ тохирч, цаг авч байсан. Манай улсын нэгдсэн эмнэлэгүүд шиг үүр шөнөөр оочирлож, эмчдээ үзүүлэх гэж цаг авахын төлөө тулалдахгүй нь амар. Тэгээд нэг хоноод эмчтэйгээ дахиж уулзаад, эмч шууд хагалгаа хийнэ, хагалгаанд хэзээ хийх боломжтой вэ гэж асуусан. Учир нь оношлогооны аппаратаар зүүн хөлний шилбэний хажуу талд 4.5 см урттай, 1.8 см өргөн, 0.8 см гүн үлдэгдэл байгааг оношилсон.

Хагалгаанд аль болох богино хугацаанд орох санал хэлэхэд шууд маргааш өглөөний зургаан цагт хагалгаа хийхээр болсон. Хагалгаа хийх эмч маань хагалгаа хийхээс өмнө шалгах ёстой нилээн хэдэн зүйлүүдийг шалгаж, мөн хагалгааны дараа хэзээ эмчтэйгээ дахиж уулзах, боолт хэрхэн хийх, ямар хоол, ямар дасгал хөдөлгөөн хийхийг хүртэл зааж өгсөн. Тайландын энэ нэр хүндтэй эмнэлэгт хагалгаа хийхээс өмнө бөглөдөг анкет болон анхааруулах ёстой зүйлүүдийг бичсэн гурван нүүр орчим материалыг хүртэл монгол хэлээр орчуулаад бэлдсэн байсан. Надад эмнэлэгийн нарийн мэргэжлийн нэр томъёо, хэллэгийг хэрхэн ойлгох талаар ямар ч хүндрэл гараагүй. Харин тэр анкет дээр нэг зүйл их сонин байсан. Тамхи татдаг хүн байвал эмч нь хагалгаа хийхээс татгалзах эрхтэй гэсэн байсан. Тамхи хагалгааны дараах шархны эдгэрэлтийг удаашруулдаг учраас хэрэв та тамхи татдаг бол хагалгаа хийхээс өмнө дор хаяж дөрвөн долоо хонгийн өмнө тамхи татахаа зогсоосон байх ёстой гэсэн байсан.

-Эмнэлэгийн үйлчилгээ хэр байв. Хэвтэж эмчлүүлсэн үү?

-Эмнэлэгийн үйлчилгээ бол гайхалтай. Өглөө зургаан цагт хагалгаанд ороод орой найман цагт эмнэлгээсээ гарсан. Зүүн хөлний шилбэний хажууд учраас ямар нэг үйл хөдлөл хийхэд заавал хөлний булчин хөдлөдөг юм байна лээ. Тэгэхээр хагалгааны шарханд цус хурах, хавагнах, чинэрэх сөрөг үзэгдлүүд илэрдэг учраас хөлөө дээш нь сойж, шагайн хэсгээрээ аль болох хөдөлгөөн хийж цусныхаа эргэлтийг сайжруулж байх хэрэгтэй шүү гэж эмч зөвлөж байсан даа. Тэрнийхээ тусламжтайгаар хагалгааны дараах зовиургүй үндсэндээ дөрөв хоноод шарх эдгэсэн шүү.

-Таягтай очоод таяггүй ирсэн гэсэн. Үр дүнгийн хувьд хэр байв?

-Хагалгааны дараа оёдолтой шарх бүрэн нийлээгүй үед гишгэж явах эрсдэлтэй байдаг учраас монгол эмч нар таяг тулж аль болох хөндөхгүй байх хэрэгтэй гэж зөвлөж байсан. Тэгээд ч миний шарх эдгэхгүй удаж байсан, гишгэхээр хөндрүүлээд байсан учраас таяг тулах хэрэгтэй болсон л доо. Харин Бумрунградад очоод хагалгааны дараа долоо хоноод бүх оёдолоо авхуулаад, хоёр долоо хонгийн дараа гэхэд гишгээд л явсан. Гишгэхээсээ өмнө нь хөлний цусны эргэлтийг сайжруулах, хөлний булчинг сэргээх дасгалуудыг хэвтэж байхдаа хийсэн. Тэгээд дахиад нэг долоо хоног явж дасгал хийгээд, эмчтэйгээ уулзаж, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар зөвлөлдөөд ирсэн.

-Одоо биеийн байдал хэр байна. Сэтгэлд нийцсэн эмчилгээ хийсэн үү?

-Одоо биеийн байдал сайн байна. Хөлнийхөө булчингийн үйл ажиллагаагаа сэргээх гэж дасгал хийж байгаа. Таяг тулаад хөдөлгөөн хийхгүй нэг сар болоход хөлний булчин суларчихдаг юм байна. Тайландын эмч нар намайг бараг хоёр сар орчим дасгал хөдөлгөөн хийж байж хуучин хэвэндээ орно гэсэн. Хамгийн чухал зүйл гэвэл хавдрын үсэрхийлэл байхгүй гэдгийг нотолсон явдал. Мөн хагалгаагаар бүрэн авсан учраас химийн болон туяа эмчилгээ хийхгүй нь сайн мэдээ болсон. Тайландын Бумрунград эмнэлэгийн хамт олон, Монгол дахь Бумрунградын төлөөлөгчийн газрын эмч нарт, Arthi Kruavit эмч, Даваасүрэн эмч, монгол орчуулагч нартаа, надад үнэтэй зөвлөгөө өгсөн монголын эмч Анар, Баянмөнх, Энхтуяа, Одонтунгалаг нартаа, миний төлөө санаа зовж, тусалж дэмжсэн Удирдлагын академийн хамт олон, захиргаанд, Хан-Уул дээд сургуулийн ангийн хамт олон болон Дархан-Уул аймгийн арван жилийн ангийн хамт олонд, Ах дүү, хамаатнууд, найз нөхөддөө маш их баярлалаа.

-Давтан үзлэгт орох гэж дахиж явах уу?

-Эмч урт хугацааны хяналтад орох ёстой талаар надад онцолж хэлсэн. Тиймээс зургаан сарын дараа MRI шинжилгээ хийх хэрэгтэй гэсэн. Үндсэндээ зургаан сарын дараа очиж шинжилгээ хийлгэх төлөвлөгөө байгаа.

Онцлох нийтлэлүүд