ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2017.07.10 10:07

Бурхны шашны үүсэл Сантад эхэлж Монголд дэлгэрсэн түүх

Монгол Улсад шарын шашин дэлгэрэх үндсийн үндэс нь Сант сумаас эхтэй. Өвөрхангай аймгийн Сант сумынхан ингэж онгирч болно. Энэ тухай өгүүлэхийн тулд Чингис хаанаас хойших түүхийн шарласан хуудсыг сөхөж, гэрч баримтуудыг төнхөх хэрэгтэй болдог. Түүхээс харвал Чингис хаан 1220 онд Их Монгол Улсын нийслэлийг Аураг ордноос Хар хорум хот руу шилжүүлэн байгуулах зарлиг гаргаж байж. Улмаар Өгөдэй хаан албан ёсны нийслэлээ болгон өргөмжилж, хөгжүүлж эхэлсэн. Өвөрхангай аймгийн Сант сум Хар хорум хоттой ямар холбоотой вэ гэвэл өнөөдөр Улаанбаатар хот Төв аймгийн нутаг дэвсгэр дээр байгаатай агаар нэг. Одоогийн Сант, Өлзийт, Есөнзүйл, Хужирт, Хар хорин сумыг багтаасан Илдэн бэйлийн хошуу нь хэдэн зууны турш төрийн гал голомт болж байсан бөгөөд Сант сум хамгийн урд зах нь буюу үүд, хаалга нь билээ. Монголчуудын мандан бадралын үеэс эхлээд, хагарал бутрал, уруудан доройтлын үед ч төрийн гал голомт хэдэн зууны турш энэ л хошуунд байсаар байсан.

Чингис хаанаас хойших Өгөдэй хаан, Гэсэр жалайр Хунтайж, Эрхий мэргэн хаан, Түшээт хан Гомбодорж, Чахундорж, Өндөргэгээн Занабазар нарын Монголын үе үеийн түүхэн хан, хаад, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн бууж, мордож, өвөлжиж хаваржиж явсан газруудын нэгд өнөөгийн Сант зүй ёсоор орно гэж амбицлах гээд байгаа юм. Энэ Илдэн бэйлийн хошуу хэмээх уртаашаа 100, өргөөшөө 30 орчим километр нутаг их онцлогтой. Хойгуураа Өндөрсант уул, Орхоны хөндий, Эрээний хавирга, Шанх уул, Дуут гол гээд хангайн бүс, дунд хэсгээрээ Сангийн далай, Баруун, Зүүн, Өлзийт хайрхан гэх мэтээр хээрийн бүс, урдуураа Домбон, Зээрэнгийн говь гэх мэтээр говийн бүстэй. Ер нь тал хээр, говь, хангайн бүс ийм ойрын зайд хосолсон нутаг Монголд тийм ч олон биш.

Намрын намарт манай нутгийн томчууд буюу хамгийн л өндөр насыг насалсан хэсэг өвгөд морь унан, айл хэсэж шимийн охь, нэрмэл хүртэж, улаа бутарсан шигээ хонхортоо хонон өнжин хэсдэг байлаа. Тэгж явахдаа Жамсран, Дажаа, хуушуур Даш, сахал Даш гээд өвгөд хөгшид нүдэнд үзэгдтэл хууч хөөрдөгсөн. Хуучин цагт монголчууд энэ нэгдлийнхэн шиг суурин шахуу байгаагүй. Наанадаж 100 километрийн цаад руу нүүдэллэдэг байсан. Эзэд, хаад, түшээдийн торгон сүргийг зундаа Хар хорум хот орчимд буюу хаадын сэрүүн ордон хавиар хариулж, намартаа одоогийн Өлзийт, Есөн зүйл сумын нутагт идээшлүүлж өвөл, хавартаа өнөөгийн Сант сумын нутгаар адгуулдаг байсан гэдэг. Ингэж жилийн дөрвөн улиралд гурван бүс дамжуулан тууварладаг нь малын тарга тэвээргийг тогтоож барихтай холбоотой асуудал. Тарган мал гэдэг нь чанартай мах бөгөөд хаадын хоол. Тэр том хүмүүсийн идээ, унд яаж муу байж болохов. Манай нутгийн энэ хужир мараа чинь... гээд л ярьж өгнө. Хар хорумд төвхнөсөн хаад урагшаа Сантын нутагт очиж өвөлждөг байсан хамгийн сүүлийн гэрч нь Түшээт хан Гомбодоржийнхон буюу Өндөргэгээн Занабазарын төрсөн түүх. Түшээт ханых 1635 онд шинээр мэндлэх хүнээ хүлээсээр хангайн бүсэд намрын улирлыг барсан гэдэг. Цаг хавчиж цас их унасан учраас урагш өвөлжөө рүүгээ нүүдэллэсээр өнөөгийн Сант сумаас хойш 15 орчим километр зайд буюу өнөөгийн Зүйл сум Есөнзүйлийн булаг Тав толгойн орчимд тухайн оны намрын сүүл сарын 25-ны өдөр ирэхэд Ханджамц хатнаас нэгэн хүү төрсөн нь Өндөр гэгээн Занабазар байсан гэдэг.

Үүний түүхийн зэрэгцээ бас нэг хэлэгдэх зүйл нь Хар хорум хотоос Бээжин хүртэлх тэмээн жингийн төв зам нь Сант сумын цариг багийн Холбоо нэртэй хоёр толгойн яг орой дээгүүр гардаг байсныг сантынхан андахгүй. Тэрүүгээр Хубилай хааны их нүүдэл, Хятадыг төвхнүүлэх аян дайны их цэрэг явж байлаа гээд гөрдчихсөн ч нэг их хол зөрөхөөргүй яг төв зам нь байсан байгаа юм. Манай нутгийнхан ч ингэж л ярьдаг байсан. Тэмээн жингийн тэр жим 1950 он хүртэл баларч арилалгүй байсныг манай нутгийн тэр цаг үеийн төлөөллүүд хэлдэг байлаа.

Түүх үүгээр дуусахгүй. Бэйлийн хошууны ноёны хаваржааны туурь, Чахундорж ханы үхрийн зэлний гадас, Мянган цоохор адуут ханы гүүн зэлний чулуу гэх мэтийг ч ам уралдуулан ярьцгаасаар ирсэн. Яг хаана байдаг нь одоо бүр мартагдсан. Хүмүүс ч тоож ярихаа больсон байна. Зэлний гадас гэдэг нь олон арван унага, тугалыг нэг дор зэллэхээр гадсаа суга татчихаад болдоггүй байсан бололтой юм. Тиймээс нутгийн бөхчүүд, адуучид, үхэрчдээрээ өндөр, урт чулуу авчруулан гадас хийж тэндээ олон зун, намрын турш гүүгээ, үнээгээ барьсаар нутгийн ардуудын дунд домог болон үлдсэн хэрэг. Гадас нь тэр хавьцаа байдаг гэсэн яриа байсан болохоос байгааг нь үзэж судалсан, шинжилж тогтоосон юм үнэндээ байхгүй. Тэр гадас, буурь, тууриуд он улирах тусам хөрсөнд дарагдаж алга болсоор өнөөдөр овойж, гозойж байгаа зүйл манай нутагт лав байхгүй болсон. Харин Мянган цоохор адуут ноёны адуугаа хурааж бүрэн эсэхийг нь шалгадаг байсан гэх Далын их хонхор, Олон худгийн хөндий гэх газрууд ямар нэртэй байсан тэр хэвээрээ л байна.

Бас нэгэн ам дамжсан домог бий. Тэр нь шарын шашны үүсэл Сантаас эхлэлтэй тухай. Улмаар Автай сайн хантай холбогдоно. Автай сайн хан 1554 онд төрж 1588 онд нас барсан гэдэг нь он цагийн тухайд 1500 оны сүүл хагаст өрнөсөн үйл явдал бололтой юм билээ. Нэгэн намар Автай сайн хан идэш улааны цагаар, ан гөрөө эргүүлж явсан гэхээр намрын сүүл, өвлийн эхэн сар аргын тооллоор арваннэг, арванхоёрдугаар сар хавьцаа юм болов уу. Харуй бүрий буухтай уралдан Илдэн бэйлийн хошууны Зүүн хайрханы оройд гарчээ. Одоогийн Есөнзүйл сумын нутаг. Тэгэхэд цас бударч шуурга эхэлж байлаа. Зүүн хайрханы оройгоос харахад тээр урд их галын дөл улалзан байсан аж. Автай сайн хаан дагуул, хиа нарынхаа хамтаар тэр зүгт довтолгосоор мичид голлох үест нөгөө түүдэгт хүрсэн байна. Яваад очтол ширээ чулуун хадны нөмөрт харь өмсгөлтэй хоёр эр, дагуул Монголын нэгэн нөхрийн хамт байжээ. Харь хувцастай нь Энэтхэг хүмүүс байсан гэлцдэг бөгөөд дагуул Монгол гэдэг нь одоогийн Дээд Монгол, Хөхнуурын монгол ч юм уу лав л Халх хүн байгаагүй бололтой. Харин Ширээ чулуун гэх газар Сант сумын төвөөс баруун хойд зүгт бий. Харь хүмүүс шашин номын ажлаа дэлгэрүүлэхээр тандалт хийж яваагаа дуулгасан гэдэг. Тэд уулзаж шуурга намдтал ярилцсаар Автай сайн хаан тэдний оюун санааны гэгээрэлд сэнхэрч эргэн уулзах өдөр, цагаа тохирон салцгаасан байдаг. Ийнхүү Автай сайн хаан шарын шашны тагнуулуудтай Ширээ чулууны нөмөрт шуурган дунд уулзаж ярилцсаны хойд зунаас эхлэн өмнөд этгээдэд буюу Төвд, Энэтхэгт хэд хэдэн удаа зорчиж, лам хуврагууд, бурхан тахилыг олноор залсны дунд Очирваань бурхныг өөрийн биеэр авчирч байсан түүхтэй. Бас манай нутгийн өвгөдийн хуучилдагаар Автай хаан бөөгийн хэрэглэлээ гээж гэсэн өгүүлбэр бий. Тэр нь эрдэмтдийн өгүүлдгээр бөөгийн шүтлэгээ орхиж гэдэг ч манай нутагт яригддагаар бол өөрөө бөө хүн байсан гэлцдэгийг энд өгүүлье.

Монголчууд шарын шашинд хэт ихээр мунхарч харанхуй дорой болсон гэж түүх сургадаг. Ийм он цагийн хэлхээнд Автай хааны эл уулзалт амнаас ам дамжин яригдсаар ихээхэн хуудуутай болон үлдсэн байжээ. Тухайлбал “Автай хааныг Зүүн хайрханы орой дээрээс түүдэг гал харчихаад Ширээ чулуунд давхиж ирэхэд шарын шашны лам хуврагууд номын хүчээр орон зайд шилжин ирчихсэн цай чанаад сууж байсан. Тэр их цасан шуурганаар лам тэрлэгтэй даарахгүй байсан гэнэ билээ... Энэ номын хүч гэдэг үү” гэх мэтээр ёстой цуурцгааж байсан байгаа юм. Ингэж л Автай хааны хурц хараа, сониуч зангийн үрээр шарын шашны Монгол дахь үүсэл Сант сумын Ширээ чулуун хэмээх газар тавигдсан түүхтэй юм билээ. Харин цаашаа яаж хөгжсөнийг Монгол түмэн мэднэ.

Өнөөгийн Сант сумын тухайд гэвэл 1931 оны Засаг захиргааны өөрчлөлтийн үр дүн. Сант гэх үгийн тухайд оноосон нэр гэхээс өөрөөр нэг их тайлбар байдаггүй. Шашны төлөөллүүд “сан” гэдэг үг бол ариун гэсэн утгатай гэх нь бий. Тэгээд сан буюу ариун гэдэг үгэн дээр Т үсэг нэмэхээр Сант буюу Ариунт гэсэн утгатай үг гарахаар байдаг.


Онцлох нийтлэлүүд