ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.11.22 09:11

Буцчихаж магадгүй болсон бэрд үнээ тугал нийлэх хамаагүй юм байна


“Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй” гэсэн ардын зүйр үг бий. Нүүдэлчин ахуйгаас ургасан энэ үгийг эрх баригчдад дайх гээд байна л даа. Бичих сэдэвтэйгээ уяж тайлбал буцах нь тодорхой эрх баригчдад улсын эдийн засаг хамаагүй болоод удаж байна. Нүүдэлчдийн хувьд үнээ тугал бол өрхийнх нь эдийн засаг. Цорын ганц амьжиргаа нь. Мал сүргээсээ сааль сүү, идэш махаа базааж, хүнсээ залгуулдаг онцлог аж амьдралтай ард түмний дундаас “Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй” гэсэн зүйр үг төрж, тэр үгийг нь өнөө үед буулгаж жишсэн нь цаанаа өргөн утгатай. Буцах нь тодорхой болчихсон эрх баригчдын хүнийрхүү хандлага ирэх оны төсвөөс тод харагдаж байна.

Ирэх он бол сонгуулийн жил. Ер нь сонгуулийн жилийн өмнөх төсвүүд зардал нь данхайсан, гишүүдийн тойрогтоо хуваарилах мөнгө нь эрх ямба, нөлөө сууриар эрэмбэлэгдсэн, товчхондоо улсын эдийн засаг гэхээс илүү хувь улстөрчийн дахин сонгогдох гэсэн сонирхол хүсэл нэвт ханхалсан төсөв болдог. Өнөө жилийн төсөв ч ялгаа алга. Ерөнхий сайд, Сангийн сайд тэргүүтэй мөнгө, эрх мэдэл атгасан улстөрчдийн тойрогт бусдаас нь илүү мөнгө төсөвлөгдсөн бол ирэх жил нэр дэвшихгүй нь тодорхой улстөрчдийн цөөн хэдэн тойрог айлын шоовдор хүүхэд мэт төсвийн гадна шахуу үлдэв. Улсын хэмжээнд харсан бодлого, аймгуудын онцлогт тохирсон-шийдэл энэ тэр мөн л тойргийн гадна хоцров. Хэзээнээсээ тийм байсан, МАН-ын засаг барьсан сүүлийн дөрвөн жилд ч өнгө нь өөрчлөгдсөнгүй. Товчхондоо 2020 оны төсөв ямар байх нь МАН-д хамаагүй гээд хэлчихлээ, эрх баригчид. Эрх нь дуусаад явж байгаа учраас улсынхаа ирэх жилийн төсөвт хэт хүнийрхүү хандсаныг УИХ-ын хоёр өдрийн өмнө баталсан 2020 оны төсвөөс харчихаж болно.

Тодруулж хэлэхэд алдагдал нь хэдэн зуун тэрбумаар биш, хэдэн их наядаар хэмжигдсэн төсөв батлагдаад байна. Төсвийн зардлыг нь задлаад харахаар ичмээр хөгийн зураг харагдана. Манай сонин өмнө нь гүйцэтгэх засаглалын тэргүүний тойрогт төсвийн хөрөнгө оруулалтын дөрөвний нэг шахуу нь явчихаж байна гэж шүүмжилж бичсэн удаатай. Тойргийн хуваарилалтаас халиад харахаар сум бүрд соёлын төв барина, нэг сумынх нь улаан булан тэрбум төгрөгөөр хэмжигдэнэ гэсэн бодит кейс бий. Улаан булан, улсын театр шинэчилнэ гэсэн тодотгол дор 700 тэрбум төгрөг зарцуулна гэдэг шуудхан хэлэхэд ядарсан эдийн засагтай жижигхэн Монголд хэтэрхий том тансаглал. Сайнаар хэлбэл тансаглал, саараар хэлбэл тэнэглэл л дээ. Улаан булан, Драмын театрын хэдэн барилга ирэх жилдээ баригдаад дуусдаг бол хамаа алга. Ядаж л театр нь хэдэн жуулчин татаж, аялал жуулчлалын салбарт орж ирэх долларын хэмжээ бага ч гэсэн хувиар өсөх байх. Харамсалтай нь ирэх жилийн төсөвт мөнгө нь туссан соёл урлаг чигийн барилгууд 2020 ондоо ашиглалтад орохгүй. Дутуу хугас барьсан болоод зардал нь дараа жилдээ шилжинэ. Шуудхан хэлэхэд 2021 оны төсөвт нэрмээс болж, төвөг удна. Улаан булан, театрын шинэхэн барилга эдийн засагт таван төгрөгийн нэмэргүй гэсэн хатуу үнэн бий. Ийм дэмий барилга үйлдвэрлэхийн оронд үйлдвэрлэл барьсан бол хамаа алга. Үйлдвэр баривал ажлын байр бий болно, татварын орлого өснө, хувийн хэвшил хүчирхэгжинэ, эдийн засаг тэлнэ гэсэн давуу тал бий. Улаан булан, театрын барилга ашиг олохгүйгээс гадна илүү зардал нэмнэ. Жилдээ цагаан сар, шинэ жилээр л иргэд нь цуглаж дуу хуур болох сумын шинэхэн клубт гэхэд адаглаад манаач авах хэрэг гарна. Халаалтын мөнгөний зардал үүснэ. Товчхондоо тэрбум төгрөг зарлагадаж босгосон сумын улаан булан дэмий зардал үйлдвэрлэсэн объект болж хувирна. Эдийн засагт нэмэр болохоосоо нэрмээс болно гэсэн үг. Ямартаа ч ирэх жилийн төсөвт соёлын төв барина гэж нэр заагдсан сумдад 2020 оны гуравдугаар сараас барилгын ажил эхлэх байх. Сонгуулиас хэдхэн сарын өмнө болох учраас сумын соёлын төвийн барилгын ажил сүртэй нээлттэй эхлэх нь ойлгомжтой.

Цаг хугацааг цаашлуулаад харъя. Сумандаа улаан булангийн тэрбум төгрөг тусгуулсан гишүүн ирэх сонгуульд өрсөлдөөд ялагдлаа гэж бодъё. Ирэх хавраас бүтээн байгуулалт нь эхэлсэн улаан булангийн барилгын ажил долдугаар сард нам зогсох нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гэдэг шиг тодорхой үнэн. Ялагдсан намын аль нэг гишүүний санаачилсан ажил явж өгдөггүй нийтлэг зовлон бий. Өнгөрсөн жилүүдийн түүхийг сөхвөл ийм жишээ өчнөөнөөрөө гараад ирнэ. Товчхондоо сүртэй нээлттэй эхэлсэн соёлын төвийн барилга үхмэл хөрөнгө болоод дуусна. Өөдрөгөөр харах гээд үзье. МАН ирэх сонгуульд яллаа гэж бодъё. Хатуухан хэлэхэд МАН ялаад бүтээн байгуулалт үргэлжлэхгүй. Эдийн засгийн бодит байдлыг эрүүлээр хардаг хэн ч ингэж хэлнэ. Төсөв хэцүүхэн байгаа учраас тодотгол хийхээс аргагүй гээд сумын төвийн улаан булангуудын ажлыг царцааж орхино. Тэгээд дөрвөн жилийн дараа засгийн эрхээс буухаасаа өмнө мөнгө төсөвлөж барилгын ажлыг нь дуусгах байх. Мэргэн түргэндээ ингэж бичээд байгаа юм биш л дээ. Өнгөрсөн хорь, гучин жил бид яг ийм замаар явсаар өнөөдөртэй золгосон.

Ирэх жил эдийн засаг хэцүүхэн байна гэсэн таамаг яагаад гараад буйг хар үгээр, ганцхан жишээгээр тайлбарлая. Доллар олдог цөөхөн бүтээгдэхүүний маань дийлэнх зэс, нүүрсэн дээр төвлөрдөг. Ирэх онд нүүрсний үнэ уруудах таамаг голлож байгаа. Зэсийн хувьд ханш нь өндөр байх таамаг давамгайлж буй ч Оюу толгой дээрээ улстөржиж, гүний уурхайн бүтээн байгуулалтыг уях эрсдэл хэвээрээ байгааг мартаж болохгүй. Сонгууль дөхсөн ийм үед улстөрчдөөс ямар ч авир гарч мэднэ. Уул уурхайтай байлдсан гишүүд эх орончийн дүрээр харагдаж, олонхид таалагдах магадлал өндөр байгаа нь булзах аргагүй үнэн. Өмнөх сонгуулиудаар ийм дүр эсгэсэн нөхөд санал аваад парламентад ороод ирсэн учраас шаргал ордонд суугаа хэд Оюу толгой дээр ямар ч жүжиг тавьж мэдэх эрсдэлтэй. Хэрвээ Оюу толгойн эсрэг попролт хүчээ авбал зэсээс ахиу доллар олно гэсэн төлөвлөгөө нурж мэднэ. Зэсийн экспорт төлөвлөснөөрөө үргэлжиллээ гэхэд өнөөхөндөө гадаадын хөрөнгө оруулалтын ганц урсгал шахуу болчихсон яваа Оюу толгойн бүтээн байгуулалт зогсвол гаднаас доллар орж ирэхээ болих өндөр эрсдэл бий.

Одоо гол өнцөг рүүгээ оръё. Ирэх онд эдийн засаг эмзэг байх магадлал өндөр гэж болгоомжлоод яваа шалтгаан нь зэс, нүүрс, Оюу толгой биш. Монголын аж ахуйн нэгжүүдтэй хамаатай нэг том асуудал байна. Өнгөрсөн жил зээл 26 хувиар өссөн. Харин энэ жилийн эцэст гурав, дөрөвхөн хувийн өсөлттэй гарах магадлал өндөр гэж эдийн засагчид онцлоод эхэлчихсэн. Өнгөрсөн есөн сарын байдлаар есөн хувийн өсөлттэй байсан зээл оны сүүлээр өмнө хэлсэнчлэн гурван хувь руу уруудах нь тодорхой болчихож. Түрүү жилийн сүүлийн улиралд цалин, хэрэглээний зээл их хэмжээгээр гарч байсныг өнгөрсөн оны статистикаас харчихаж болно. Харин энэ жилийн хувьд ийм төрлийн зээл гарахгүй. Эдийн засагчид зээлийн өсөлтийг гурван хувь руу уруудуулж таамаглаад байгаагийн цаад шалтгаан нь энэ. Зээл хумигдах тусам компаниудын үйл ажиллагаа хумигдаж ашиг нь багасна, компаниудын орлого багасах хэрээр төсөвт төлөх татварын хэмжээ буурна. Төсөвт төлөх татварын хэмжээ багасахаар өмнө онцолсон улаан булангуудын барилгын ажил царцах магадлал өндөрсөөд ирнэ.

За тэгээд худалдааны дайн, Брексит, Ойрхи дорнодын асуудал гээд дэлхий тайван биш гэсэн том өнцөг бий. 2008 оных шиг, магадгүй тэр үеийнхээс ч айхавтар хямрал ирэх жил тохиож магадгүй гэсэн таамгийг цэнхэр гаригийн шинжээчид ам уралдуулан хэлж суугаа. Гадна талд ийм том асуудлууд байна. Дотоод байдал ч аятай биш байгааг өмнө дурдсан. Муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр саарал жагсаалт гэсэн том зовлон бас бий. Ийм нөхцөлд төсвийг хэдэн их наядын алдагдалтай баталчихаж байгаа парламент, Засгийн газар, эрх баригчдыг буцах бэртэй жишихээс өөр арга алга. МАН-ын хувьд сүүлийн үед өрнөж буй үйл явдлыг анзаарах нь ээ ирэх сонгуулиар ялагдах магадлал өндөр харагдаж байгаа. Нэгэнт ялагдах юм чинь яасан ч яах вэ гэсэн хандлагаа сая төсвийн хуулиар баталчихлаа. Эрх баригчид улсынхаа эдийн засгийг бодсон бол өнөө жилийн төсөв арай өөр өнгө зурагтайгаар батлагдах байсан юм. Наад зах нь л бид 2021 оноос бондын том төлбөрүүдээ төлж эхэлнэ.


Онцлох нийтлэлүүд