ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.09.18 03:09

Бэлгийн цөөнх “Тэгш эрх, бахархлын өдөр”-ийг маргааш тэмдэглэнэ

ЛГБТ гэдэг товчилсон үгийг задалбал лесбиян, гей, бисексуал, трансжендер гэсэн утгыг илэрхийлдэг. Бэлгийн цөөнхүүд хоёр дахь жилдээ тэмдэглэх гэж буй “ЛГБТ Тэгш эрх, бахархлын өдрүүд”–ийн талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийнхэнд хандлаа. ЛГБТ төв энэ талаар үйл ажиллагаа явуулдаг Монголын анхны байгууллага бөгөөд өнгөрсөн жилээс эхэлж бэлгийн цөөнх хүмүүсийг нийгэмд илүү таниулж, дуу хоолойгоо хүргэх үүднээс дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэдэг энэ өдрийг манай улсад тэмдэглэж эхэлжээ. Тухайн өдрүүдэд бэлгийн цөөнх хүмүүсийг ямарваа нэгэн байдлаар  ялгаварлан гадуурхахгүй байх, тэднийг тэгш эрхтэй болохыг зарлах зэрэг  олон үйл ажиллагаа явагдах юм байна. “ЛГБТ Тэгш эрх бахархлын өдрийн” нээлт маргааш 19 цагаас Гламур галлерейд болно.

ЛГБТ төвийн гүйцэтгэх захирал Н.Анараа “Монгол улс нь ижил хүйсийн харилцааг 1986 он хүртэл гэмт хэрэгт тооцдог байсан бол 2000 оноос эхлэн ЛГБТ хүмүүсийн шууд болон дам ажилладаг төрийн бус байгууллагууд нээгдсэнээр энэ талаарх хүмүүсийн бодол бага ч гэсэн өөрчлөгдсөн. Гэсэн хэдий ч өнөөдөр ЛГБТ хүмүүс гэмт хэргийн золиос болсон хэвээр л байна.  Төрөөс ийм хүмүүсийг хүлээн зөвшөөрсөн хууль удахгүй батлагдана гэдэгт итгэж байна, ЛГБТ хүмүүс бусадтай л адил хүн” гэлээ.

Онцлох нийтлэлүүд