ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.05.17 08:05

Бүдрагчаагийн Даш-Ёндон: Монгол хоёр их гүрний дунд байгаадаа маш сайхан, олон хөрштэй байвал олон асуудал үүснэ

Түрүүч нь 097(6199) дугаарт


Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, философийн ухааны доктор, профессор Бүдрагчаагийн Даш-Ёндонтой уулзаж хөөрөлдлөө.


-Нийгмийн баримжаатай эдийн засгийн тогтолцоо руу л орох гээд байгаа гэсэн үг үү?

-Ертөнц бол тэр рүү хөтлөх гээд байна. Яаж хөтлөх гээд байна гэхээр тогтчихсон, барьчихсан юм чинь хэцүү. Нэг хоёр дарга, нэг хоёр нам тэрийг бас хөдөлгөж чадахгүй байна. Одоохондоо яриад байгаа. Тэр яриа нь чухал юм. Хятад, Орос хоёр дэлхийн толгойд гараад ирэхийн цагт юм өөрчлөгдөнө. Монгол бол хоёр их гүрний дунд байгаадаа маш сайхан. Манайхан “Олон хөрш олон ханьтай” гээд зарим нь яриад байдаг юм байна лээ. Олон хөрштэй байвал олон асуудал үүсдэг юм. Хоёр хөрштэй бол хоёрхон л асуудал байна. Тэр хоёрынхоо дунд учрыг нь олоод байж байхад энэ хоёрыг давж бидэнд дээрэлхэх тийм амьтан байхгүй.

-Ёстой л үнэн юм даа...

-Яаж энэ хоёрыг давж бид нарыг харвах юм.

-Та “Хөөрсөн түмэн” гэж нэг ном орчуулсан даа?

-Сая чамайг орж ирэхээс өмнө нэг хүн утасдаж байна. Их оюунлаг хүн л дээ. “Хөөрсөн түмэн” номыг чинь хэвлэж өгье гэж байна. Тэр бол бас юм бодож яваа хүн байхгүй юу. Хөөрсөн түмэн гэдэг чинь хэцүү. Одоо тэр Украин энэ тэрийг чинь баллаад хаячихлаа шүү дээ.

-Баахан л өнгөт хувьсгалууд дэгдээд, аливаа улс орныг ч баллаад хаячих юм аа?

-Тийм. Тэгээд байгаа юм. Манайх хоёр их хөрштэй учраас арай гайгүй шүү.

-Бид тогоон дотроо ходоод хагалаад бужигнаад унавал хэцүүдэх байх шүү?

-Хэцүү болно шүү дээ.

-Та нийгмийн хөгжил гэж их ярих юм. Нийгэм хөгжинө гэж таныхаар чухам юуг хэлээд байна?

-Нийгмийн салбаруудын хөгжлийг уялдуулах ёстой. Нэгийг нь ч чухал гэж онцолж болохгүй. Одоо чинь болохоор “Уул уурхайгаар л Монгол Улс хөгжинө” гэсэн яриа гарчихсан. Гэтэл уул уурхай чинь хөгжил биш, сүйтгэл яваад байгаа юм. Ерэн оноос хойш манай улс хөгжсөн юм тэгвэл хаа байна. “Алт” хөтөлбөр гээд нэг юм гаргаад пижигнэчихсэн. Тэгээд Монгол нь хөгжчихсөн нь хаана байгаа юм. Ямар учиртайг би мэдэхгүй.

-Гурван хүн тутмын тэн хагас нь л машинтай болчихлоо. Энэ хөгжил биш үү?

-Хөгжил биш, биш, биш. Хүний ёс суртахуун л хөгжлийн хамгийн том үзүүлэлт байх ёстой. Мэдээжийн хэрэг, хүн бол хөгжлийг авч яваа, хөгжлийг бий болгох этгээд учраас өөрөө хөгжих ёстой. Манайд одоо яах вэ дээ, ёс суртахууны тухай үргэлж ярьдаг боллоо шүү дээ. Энэ санамсаргүй хэрэг биш. Ёс суртахуун мянга яриад чиг хөгжилтэй очиж нийлэхгүй, хүн дээрээ тусахгүй байна. Яагаад гэвэл ёс суртахууны тухай яриа чинь ерөнхий философийн тухай яриа юм. Гудамжинд нус цэрээ хаяад явж байгаа хүн дээр очиж буухгүй, энэ яриа. Энэ замаар явж байгаа нөхдийг харж байхад машин дотроосоо асаалттай тамхиа шидчихэж байна шүү дээ. Манай эхнэр унаа бариад явж байтал жолооч нь тамхиа шидчихэж байна гэнэ. “Чи яаж байгаа юм. Болохгүй шүү дээ” гэсэн чинь “Үгүй юун сүртэй юм. Цэвэрлэгч байгаа биз дээ. Ажлаа хийг” гэж байна гэсэн. Нэгнийгээ ингэж болохгүй ш дээ. Харин тэр цэвэрлэгчийн ажлыг бүр хөнгөлөх сөн гэж л бид бие биенээ бодож явахгүй бол хэцүү еэ. Бид хүний хөгжил гэж зөндөө ярьж байгаа шүү дээ. “Хөгжлийн төвд хүн байна” юу юу ч гэнэв, сэтгүүл сонин, дарга нар, бүх намууд бүгд л энэ тухай ярьж байгаа. Тэрнийхээ төлөө хийж байгаа юм байхгүй. Тиймээс одоогийн сургалтын тогтолцоогоо их тодорхой болгож өөрчлөх хэрэгтэй.

-За яаж өөрчлөх вэ?

-Ёс зүйн хичээлийг философийн зузаан сурах бичгээр биш бага, дунд сургуульд байхад хэлж байх учиртай. Чиний үед байсан юм уу, үгүй юу, бидний үед “Сурагчийн дүрэм” гэж байлаа.

-Байсан шүү...

-Сурагчийн дүрэм “Хичээл дээр ширээ тохойлдон лаглайн сууж болохгүй” гээд эхлэхээр чинь л цаашаа бол бүх юм цээртэй, хориотой, зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй болоод явчихаж байна аа даа. (инээв. сур) Хүний тухай ярихад хамгийн түрүүнд сургалтын талаар ярих хэрэгтэй. Хоёр дахь нь эрүүл мэндийн салбар байгаа. Хүн эрүүл байж байж ихийг бүтээж хөгжинө. Ер нь хүний настрийн гэдэг чинь эрүүл мэндээсээ л хамаардаг. Бие нь муу байгаа хүн бүр нурмайчихдаг. Ажлын чадваргүй болно. Эрүүл мэнд муудаад ирэхээр тухайн хүн “Энэ муу нийгэм юу юм, чёрт” гэж бодож байгаа ш дээ. Эрүүл мэндэд мөнгө хүрэхээ байна. Гадаадад явах мөнгө нь өндөр. Ийм учраас эрүүл мэндийн салбарыг дээд зэргээр хөгжүүлэх ёстой.

-“Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэдэг чинь л хөгжлийн гол философи юм биш үү?

-Наадахь чинь хөгжлийн том философи. Фидель Кастро өөрийнхөө тогтолцоог яаж удаан тогтоож чадсан бэ гэвэл “Куба улсыг эрүүл мэндийн гүрэн болгоно” гэж уриа дэвшүүлж, тэрийгээ биелүүлсэн. Кубын иргэн хэзээ ч гадаадад очиж эрүүл мэндийн шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэдэггүй. Одоо ч тийм л байгаа. Эрүүл мэндийн салбар дотроо эхэлж барьж авсан юм нь шүд. Шүд эсэн мэндийн бат хаалга, эрүүл мэндийн нэг том шалтгаан юм байна шүү дээ. Шүдний эмчилгээгээр Кубыг давах улс байдаг юм уу мэдэхгүй. Тэр хүн үүнийг л олоод харчихсан байгаа юм. Бидэнд энэ бүхнийг зангидах төрийн нэгдсэн бодлого чухал. Ингэхийн тулд нэг л хүнээр удирдуулах ёстой гэж зарим хүн ярьдаг юм байна лээ. Тэгэх ч бас хэрэггүй л дээ. Ер нь нийтээрээ санаа нийлэх шиг сайхан юм хаа байх вэ. Энэ бүхнийг яриад байвал их юм бий дээ.

-МАН-ынхантайгаа ойр байгаа юу?

-Ойрдоо очиж чадаагүй л байна.

-Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумандаа ойрхон очив уу?

-Ах дүү, хамаатан саднууд нутагт байгаа байгаа. Аав, ээж хоёр байхгүй болчихсон болохоор тийшээ тэгтлээ ч их очоод байхгүй юм. Нутаг явна гэхээр ач зээ нар гэсэн золигнуудыг чирч явах хэрэгтэй болно. (“Золигнуудыг” гэхдээ их л хайрласан шинжтэй цаанаа жаргалтай инээв. сур)

-Танайх олон хүүхэдтэй айл уу?

-Ач, зээ нараа оруулаад гэр бүлээ тоолбол арван гурван айл болчихоод байгаа. Амьдрал тэгээд сонин доо. Нэгийг нь дагуулаад явчихаар нөгөөх нь урвайчихдаг. Тэгэхээр тэр адилхан юмнуудыг чинь алийг нь гэх вэ, бараг зуслан дээрээ хэвтэж байсан нь дээр болчихоод байдаг юм.

-Та философийн ухааны доктор хүн. Яруу найрагч, гүн ухаантан Д.Урианхайн ганц хүний хөдөлгөөнийг юу гэж боддог бол?

-Би Урианхайгийн найз доктор Лувсандамбын Дашнямд “Та нар нэг юм хэлэх гээд байдаг. Хэлээд байгаа юм чинь амьдралтай яаж авцалдах вэ” гэж хэлдэг юм. Тэд Монголын ч юм уу, бас нэг тийм ардын философи юм уу, нэг тийм нэгдсэн юм гаргах гэж бодоод байх шиг байгаа юм.

Цаад санаа нь нэг тийм юм байх шиг байгаа юм. Гэхдээ хэцүү. Явсаар байгаад тэгээд юу болох нь вэ. Бас дахиад л “Төр нэгдсэн нэг уураг тархитай болох хэрэгтэй” гэсэн рүү л орж ирнэ шүү дээ.

-Манай их хааныг судалсан эрдэмтэд олон. Зарим нь алуурчин талуурчин байсан гэх юм. Дэлхийн олонх хүн Чингис хааныг маань газар дэлхийд бууж ирсэн тэнгэрийн бошготой эгэлгүй хүн байж гэх нь байх юм. Та түүхч хүнийхээ хувьд чухам аль талд нь байр суурьтай байдаг бол?

-Чингис бол энэ дэлхийн хамгийн аугаа хүний нэг мөн. Тэрэнд бол ямар ч эргэлзээ байхгүй. Энэ Монгол нутаг дээр чухам юу үлдээснийг яг хэрэг дээрээ өнөөгийн бид мэдэхгүй. Зарим хүн ганц сургууль соёл ч байгуулаагүй гэх маягтай юм ярьсан байна лээ. Тухайн үед ямар сургууль байгуулж байсныг бид мэдэхгүй. Манай Монголын нутаг дээр, газрын доор бүхэл бүтэн хотууд хэвтэж байгаа. Найман зуун жилийн өмнө, бараг мянгаад жилийн өмнөх юм би ярьж байна шүү. Нэгэн мянга есөн зуун хорин нэгэн оныхоо юмыг мэдэхгүй хэвтэж байж тээр тэнд очиж “Чингис тийм байсан, ийм байсан. Алаанч хядаанч” гэж донгосох шаардлагагүй. Чингис бол өөрийгөө, улс орноо л хамгаалж байсан хүн. Түүнээс биш сууж байснаа гэнэтхэн ухасхийж “Алив хурдал, одоо нэг байлдахгүй бол бүр уйдчихлаа” гэж амь нь тэмцэж байсан хүн биш шүү. Аюул хаана байна, хаанаас заналхийлж эхэлж байна, тэрийг л дарна. Чингисийн аян дайн бол эзлэн түрэмгийлэх биш, хамгаалах бодлогоо дэлгэрэнгүй явуулсан илбэн тохинуулалт. Тэгээд явж явж бид одоогийн энэ Монголын хавтгай дээр үлдсэн. Энэ дээр юутай үлдэв гэхээр хоёр сайхан хөршийн дунд монгол хүн монгол цусаараа байж байна шүү дээ. Энэнээс илүү яах юм. Чингис бол дэлхийн төдийгүй Монголын хамгийн их хүн мөн. Зарим номон дээр бичиг мэддэггүй байсан гэж бичдэг юм. Би бол үүнд гайхаад л байгаа юм. Нэг хүний тэмдэглэлд Чингис “За, чи наадахаа сайхан бичээд хавтаслаадах. Би дараа эргэж харна аа” гэсэн байгаа юм. Үгүй энэ чинь, бичиг мэддэггүй хүн ингэж хэлдэг юм уу. Сонин л байгаа юм. Өөрөө нэг их ном сэлт бичээд, сургаал айлдвар гаргаж явж байсан нь хаашаа юм, мэдэхгүй. Гэхдээ хэлж байсан үг нь нарийн юм байдаг л юм шиг байна лээ.

-Хэл бичгийн ухааны доктор, ардын багш С.Дулам “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэдэг үг манай хааных биш ээ, Хятадын их сэтгэгч Күнзийн суртал байгаа юм гэж цахимаар сануулсан байсан?

-Мань хүний (Чингис хааны. сур) хэлсэн үг тодорхой биш шүү дээ. “Чингисийн арван гурван алтан сургаал” ч гэх шиг нэг юм яриад л, нөгөө “Их засаг”-ийг нь дурдацгаагаад байдаг. Чингис “Их засаг”-ийг хийх нь хийсэн гэж байгаа юм. Бүрэн эхээрээ хаа ч байхгүй. Энд тэндээс хүний дурсамж, ном зохиолд байдгаас бөөгнүүлээд нэг юм ярьж байдаг. Ямартаа ч Хятад болон Азийн их том гүрнүүдээс эрдэмтэй чадалтай хүмүүсийг авч ашиглаж байсан нь тодорхой. Хэрвээ над шиг нэг дурак байсан бол Хятадын их эрдэмтэн Чанчунь бумба хаа байсан Дундад Ази руу очиж манай их хаантай уулзахгүй л байсан. Тэр чинь Алтан улс, Сүн улсын хаад ордондоо урихад очоогүй хэтийдсэн их даяанч хүн байсан шүү дээ. Тэр өвгөнийг очихоор уулзаад баахан юм асуугаад харилцан ярилцаад байдаг чинь эрдэмтэй соёлтой хүний л хэрэг биз дээ.

-МАХН-ыг удирдаж явсан Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал хоёрыг шүүмжлэх улс ч мэр сэр байх юм?

-Маршал Чойбалсан, Цэдэнбалыг байтугай мар мархийж суугаа бид хоёрыг муулах болсон цаг үе шүү дээ.


Онцлох нийтлэлүүд