ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.06.02 07:06

“Бүтээн байгуулалтын цаг”-т гудамж төслийн удирдлагууд оролцлоо

Гудамж төсөл нь авто замын сүлжээний уулзваруудыг шинэчлэн засах, шинэ зам, гудамжийг бий болгож, авто замын сүлжээний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Энэ төсөл нь  “Хотын төв”, гэр  хороололд  инженерийн дэд бүтцийг цогцоор шийдэх “Гэр хороолол”, “Хурдны зам” төсөл гэсэн гурван хэсгээс бүрддэг гэж “Гудамж” төслийн захирал Б.Батболд хэллээ. 2013 онд нийслэлд 18 уулзварын шинэчлэл, Чингэсийн өргөн чөлөө болон Хүй долоон худагийн Монгол наадмын цогцолборт  50 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ.  
Шинэчилсэн уулзваруудаас гарч байгаа хэмнэлт, эдийн засгийн үр өгөөжийг тооцоход цаг хугацааны болон шатахууны хэмнэлт, машин техникийн эвдрэл элэгдлийн хэмнэлтээс нэг уулзварт 1-1,3 тэрбум төгрөг, нийт 19,3 тэрбум төгрөг хэмнэгдэж байна.
Энэ онд Улаанбаатар хотод 12 уулзварыг шинэчилнэ. Өргөтгөл шинэчлэл нь эхлээд байгаа 100 айлд л гэхэд  зорчих хэсгийн эгнээг нэмэгдүүлэхээс гадна бүх чиглэлдээ саадгүй зорчих боломжтой болгож, хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.  
Мөн Энэбишийн өргөн чөлөө, ахуйн үйлчилгээний уулзвар болон “Цэцэг” төвийн уулзварыг дөрвөн замын уулзвар болгон өргөтгөснөөр автозамын ачаалал тодорхой хэмжээгээр буурна гэж тооцоолжээ.  
Хурдны зам дэд төслийн хүрээнд “Туул” болон “Сэлбэ” хурдны замын техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийсэн байна. Зургадугаар сарын 16-нд гүйцэтгэх компаниудтай гэрээ байгуулж, замын ажил эхэлнэ гэж “Гудамж” төслийн захирал хэллээ  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.    

Онцлох нийтлэлүүд