Цаг үе
2014.06.03 11:06

Бүх гүйлгээг дансаар хийдэг болчихвол үл хөдлөх хөрөнгө биш данс барьцаалах боломжтой

-БОДЛОГО НЬ ХЭРЭГЖЭЭД ЭХЭЛЧИХСЭН УЧРААС АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ТОГТВОРЖИНО-

Төрийн банкны гүйцэт­гэх захирал Д.Батсайхантай ярилцлаа.

 -“Хадгаламж” банкийг Төрийн банкинд шилжүүлээд бараг жил болох гэж байна. Тухайн үед шүүмжлэх хүн олон байсан. Ер нь энэ алхам хэр зөв шийдэл байсан гэж та боддог вэ?

- Өнгөрсөн оны  долдугаар сарын 22-нд Хадгаламж  банкийг Төрийн банк руу шилжүүлэх болсон нь түүхэн шийдвэр байсан гэж боддог. Өмнө нь арилжааны банкууд бие биедээ нэгдэх, шилжих процедур олон удаа болж байсан ч Хадгаламж банкны хувьд Монголбанк асуудлыг түрүүлж харж, хүндрэхээс нь өмнө  арга хэмжээ авч чадсан. Үр дүн нь ч сайн байгаа. Би танд хэр зөв шийдвэр байсныг хэдхэн тоогоор хэлье. Төрийн банк руу Хадгаламж банк  шилжсэний дараахан 1.2 их наяд төгрөгийн  активтай байсан. Гэтэл одоо манай банкны актив 1.9 их наяд төгрөгт хүрлээ. 60 хувиар өссөн гэсэн үг. Татан төвлөрүүлсэн хөрөнгийн  хэмжээ гэхэд л  50 гаруй хувиар өссөн. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 45 хувьд хүрч монголбанкны  шалгуур үзүүлэлтийг 80 гаруй хувиар давуулж биелүүллээ.

-Хадгаламж банкийг нэгтгэхээс өмнө Төрийн банк хэр ашигтай ажиллаж байсан бэ. Банкууд нэгдсэний дараа хэр хугацааны дараа ашигтай ажиллаж эхэлсэн бол?

 -Хадгаламж банкийг шилжүүлэх шийдвэр гарахаас өмнө Төрийн банк  сардаа нэг тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Өмнө нь Хадгаламж банк сардаа 2-5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг байсан.  Шилжүүлсний дараа ашигтай ажиллаж эхэлсэн үе гэвэл өнгөрсөн оны  есдүгээр сар. 

Хоёр сарын дараахнаас л үр дүн нь гарсан гэсэн үг. Төрийн банк 2013 оны эцэст долоон тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол энэ оны эхний таван сард 11 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Хадгаламж банкны өөрийн хөрөнгийн үзүүлэлт тухайн үед Монгол банкнаас тогтоосон стандарт шаардлагыг хангаж чадахгүй хэмжээнд очсон байсан юм. Тэгвэл өнөөдөр энэ  асуудал хэвийн боллоо. Төрөөс нэг ч төгрөг гаргалгүй энэ  өөрчлөлтийг хийсэн нь л хамгийн сайн  үр дүн гэж би хардаг.  Өмнө нь банкуудыг эрсдлээс хамгаалах  гэж төрөөс мөнгө гаргадаг байсан шүү дээ. Нэг зүйлийг онцолж хэлэхэд Хадгаламж банкны харилцагчдын эрх ашгийг хамгаалж чадсан нь тоогоор хэмжих аргагүй том үр дүн. Хадгаламж банк тэр хэвээрээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн  бол дампуурах эрсдэлд орж, 1.7 сая харилцагч 900 гаруй тэрбум төгрөгийн хохирол амсах байсан. Гэтэл өнөөдөр ямар ч харилцагч нэг ч төгрөгийн хохирол амсаагүй харин ч харилцагчийн санхүүгийн үзүүлэлтүүд сайжирсан.

-Ингэхэд хуучин Хадгаламж банкинд ажиллаж байсан хүмүүсээс цомхотгосон ажилтан бий юу?

 -Байхгүй. 3300 гаруй ажлын байрыг хадгалж авч үлдсэн. Тухайн үед ажиллаж байсан бүх хүн өнөөдөр ажлаа хийгээд явж байна.

-Банкуудыг нэгтгэх шийдвэр гэнэтхэн л гарч хэрэгжээд эхэлсэн гэж олон нийт хардаг. Тэр үед яг ямар процесс өрнөж байсан бэ?

-Монголбанк хоёр сар гаруйн хугацаанд Хадгаламж банкин дээр Хяналт шалгалтын групп гаргаж ажиллаад дөрвөн хувилбар гаргаж ирсэн. Үүнийг нь Засгийн газар шийдвэрлэснээр миний саяны хэлсэн үр дүнгүүд гарсан л даа. Сангийн яам, Монголбанк хоёр шилжилтийн процедур дээр их сайн ажилласан. Шилжилтийн процедур богино хугацаанд өрнөсөн гэдэгтэй санал нэг байна.  

Олон нийтэд мэдээлснээс  хойш 18-хан цагийн хугацаанд бид Монгол орны бүх нутаг дэвсгэрт хүрч, хуучин хаяг, тамга тэмдэг албан бланк зэргийг Төрийн банк болгон шинэчилж,  долдугаар сарын 23-ны өглөө есөн цаг гэхэд бүх салбар нэгжүүдээ Төрийн банкны тамга тэмдэг, хаяг, диллертэй нь ажиллуулж  гүйлгээг хэвийн явуулж эхэлсэн.  Шилжилтийн хоёр дахь үе шат өнгөрсөн оны есдүгээр сарын 6-ны өдөр дууссан. Энэ хугацаанд программ хангамжийг шилжүүлэх бүртгэлийн нэгдсэн системд орох өөрчлөлтүүдийг хийж чадсан.

-Хадгаламж  банк эвгүйдлээ гэсэн мэдээлэл тархахаар мөнгөө хадгалуулсан хүмүүс авч эхэлсэн нь ойлгомжтой. Хадгаламжаа  татсан хүмүүс хэр олон байсан бэ?

-Төрийн банкинд нэгтгэх шийдвэр гарсан долдугаар сарын 22-ноос өмнөх өдрүүдэд хадгаламж татах үзэгдэл маш их байсан. Өдөрт хамгийн багадаа 15 тэрбум төгрөг,  дээд тал нь 40-50 тэрбум төгрөг гарч байсан юм билээ. Гэхдээ энэ үзүүлэлтийг бид мэдэхгүй л дээ. Сүүлд нь харахад ийм үзүүлэлтүүд анзаарагдсан юм.  Нэг сонирхолтой нь банкууд нэгдээд ажиллаж эхэлсэн өдөр буюу өнгөрсөн оны долдугаар сарын 23-ны өдөр 11.40 цагт шинээр хадгаламж нээгдэж байсан. Ер нь хадгаламж эхний сардаа л өсөөд эхэлчихсэн. Иргэдийн хадгаламжийн хэмжээ 50 гаруй хувиар өссөн дүнг гарсан.

-Туршлагатай банкирын хувьд банкууд нэгдэх үед ингэж тэгж ажиллавал ашигтай ажиллана гэсэн төсөөлөл танд  байсан байх?

-Шийдвэр маш богино хугацаанд гарсан учраас төсөөлөлтэй байж үнэндээ чадаагүй. Энэ байдлыг анх мэдсэн өдөр гэвэл долдугаар сарын 19. Тэр өдөр Монгол банкнаас бидэнд анх хандсан юм. Бид судалж үзээд 22-нд  шийдвэрээ гаргасан. Хадгаламжийг шилжүүлж авсны дараа хамгийн түрүүнд хүний нөөц дээрээ тулгуурлаж ажиллах ёстой гэж бодсон. Эхлээд бүх ажилтнуудынхаа мэргэжил, ур чадварын түвшинг тогтоож  чадваржуулах ажлыг үе шаттайгаар хийсэн. Шилжилтийг ямар нэг эрсдэлгүйгээр давах шаардлага байсан учраас ажилтнуудаа аймаг сумдад хуваарилж хөрөнгө шилжүүлэх, актив шилжүүлэх гээд процедур бүрийг хянах ажлын хэсгүүдийг томилон ажиллуулсан юм. Дараагийн анхаарсан ажил бол үйлчилгээ үзүүлэх. Харилцагчдаа угтаж авдаг банк байя гээд угтах үйлчилгээг эхлүүлсэн. Чирэгдэлгүй үйлчлэх ёстой гэж үзсэн учраас шинээр цахим бүтээгдэхүүнүүд гаргасан. Заавал банкин дээр ирэлгүйгээр үйлчилгээ авах боломжуудыг нь  нээж өгсөн гэсэн үг. Дараагийн хийсэн ажил гэвэл муу зардлуудаа багасгах аян. Үр дүнд нь 2013 оны эцэст муу зардлыг 2.3 тэрбум төгрөгөөр бууруулсан бол он гарснаар энэ үзүүлэлт 3.5 тэрбум төгрөгт хүрсэн.

-Муу зардлуудыг бууруулна гэхээр илүү хэрэглээгээ хумьсан гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Ажилтнууддаа хандсан зардал банкинд үр өгөөжөө өгч буй зардлуудаас бусад  зардлыг хумьсан гэсэн үг.

 -Танай банкийг  нэгдүгээр эмнэлэгт диализийн аппарат бэлэглэх гэж байгаа гэж сонссон. Ажилтнуудын амьдрал, банкны хөгжилд хэрэгтэй зардлуудаас гадна нийгэм рүү чиглэсэн зардлуудаа хумиагүй гэж ойлгож болох уу?

-Саяын таны асуудаг зүйл бол өөр шалтгаантай. Засгийн газрын тогтоолоор банкны ажилтны өдрийг энэ жилээс анх удаа тэмдэглэж эхлэх гэж байгаа юм. Монголд банкны тогтолцоо үүсч бэхжсэний 90 жилийн ой бас энэ онд тохиож байна. Ой тэмдэглэнэ гэхээр л хүмүүс баярын концерт, хүлээн авалт, шагнал урамшуулал гэж ойлгодог. Бид тэгье гэж бодоогүй. Нийгмийн сайн сайхны төлөө нэг төсөл хэрэгжүүлье гэж шийдсэн л дээ. Банкны системийн 90 жилийн ойд зориулж “90 90” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Сайн үйлсийн сан гэж байгуулаад ажилтан бүр 9090 төгрөг хандивласан чинь  32 сая төгрөг болсон. Ажилтнуудынхаа саналуудаас шигшээд  клиникийг нэгдүгээр эмнэлэгт бөөрний аппарат авч өгөхөөр шийдсэн.

-Зарим улстөрч төрөөс бодлогоор өгч байгаа хөнгөлөлттэй зээлийг Төрийн банкаар дамжуулан өгөх ёстой, Төрийн банк төрийнх юм чинь бусад арилжааны банк шиг барьцаа шаардалгүйгээр зээл өгөх ёстой гэдэг. Үүн дээр та ямар тайлбар хийх вэ?

-Аль ч банкинд суурь нөхцөл шаардлага байх ёстой.  Хамгийн түрүүнд тавих шаардлага гэвэл санхүүжилт хүссэн төслүүд хэрэгжүүлэхэд  үр ашигтай байх хэрэгтэй. Тухайн төсөл үр ашигтай эсэхийг ямар ч банк үнэлж цэгнэх учиртай. Анхаарах хоёр дахь өнцөг нь барьцаа хөрөнгөний шаардлага хангасан байх хэрэгтэй. Аль ч банкинд байх зүйл. Энэ хоёроос бусад зүйлийн хувьд ялгаатай байж болно. Ялгаатай байгаа зүйлүүдийг аль болох багасгах, шуурхайлах өөрчлөлтүүдийг Төрийн банк арай түлхүү хийчихсэн юм байна гэж би харж байгаа. Жишээ нь өнгөрсөн онд бид зээлдэгчийн бүрдүүлдэг бичиг баримтыг 2-3 дахин багасгая, зээл шийдвэрлэгддэг хугацааг 3-4 дахин бууруулъя гэдэг зорилт тавиад ажилласан. Зөвхөн цалингийн зээл дээр гэхэд 9-10 төрлийн бичиг баримт бүрдүүлдэг байсныг 3-4 л болгосон. Хамгийн богино хугацаанд шийдвэрлэгдсэн зээл 72 цагийн дотор шийдэгдэж байсныг таван минут болголоо.  Ийм ажлууд өрнүүлсэн учраас Төрийн банкинд хандах иргэдийн сонирхол нэмэгдсэнийг үгүйсгэхгүй. Түүнээс биш Төрийн банк л байгаа бол ямар ч барьцаа хөрөнгөгүй зээл өгнө гэсэн ойлголт байж таарахгүй.

-Гэхдээ үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй хүмүүс хэдий сайн төсөл боловсруулсан ч барьцаа хөрөнгө яах аргагүй асуудал болоод байна л даа. Нэг нь барьцаа үнэхээр байхгүй, нөгөө нь барьцаагүй учраас мөнгө өгөхгүй гээд суугаад байвал үр дүн гарахгүй л байх?

-Барьцааны тухайд банк, харилцагч гэсэн хананы хоёр талд гарчихаад нэг нь барьцаа байхгүй, нөгөө нь барьцаа өгөхгүй гээд суугаад байхаас илүү гарц бий.  Улсын хэмжээнд бүртгэлийн системийг төгөлдөржүүлэх шаардлагатай байгаа. Олон улсад хөрөнгө барьцаалахаасаа илүү данс барьцаалдаг. Манайд харин эсрэгээрээ.  Учир нь манайд гүйлгээ бүр дансаар хийгддэггүй. Харин олон улсад данснаас гадуур гүйлгээ байдаггүй болохоор тухайн хүний дансны гүйлгээнд тулгуурлаад зээлээ олгодог. Манайд данснаас гадуур их  мөнгө эргэлддэг болохоор үл хөдлөх хөрөнгө барьцаалахаас аргагүй  болчихож байгаа юм. 

-Эдийн засаг хэцүү байгаа энэ нөхцөлд хямралыг бага эрсдэлтэй туулахын тулд банкууд дор бүрнээ эрсдлээс хамгаалсан ажлууд хийж байгаа байх.  Төрийн банк эрсдэлд ямар тактиктай ажиллаж байна?

-Төрийн банк хэдэн сарын өмнөөс эрсдлийн тухай ярьж, эрсдэлээс ангид байх бодлогоо боловсруулчихсан. Манай банкны салбар бүрд эрсдлийн хороо ажиллаж байна. Эрсдлээ урьдчилж  харж чаддаг болсон гэсэн үг. Өнөөдөр эдийн засаг тэгтлээ муудсан юм алга. Онолын талаасаа эдийн засаг сайн, муу аль аль замаар нь явдаг. Эдийн засагт өсөлтийн тааз, уналтын шал гэдэг хоёр юм бий. Эдийн засаг энэ хоёрын дунд өрнөдөг. Тэгэхээр өнөөдөр эдийн засаг шалан дээр унатлаа дордоогүй. Өсөлт рүүгээ явж байгаад саармагжсан тал бий. Үүнийг хямрал боллоо гэж  дэвэргэхийн оронд зөв оношилж, зөв аргаар давж гарах л хэрэгтэй.

-Уул уурхайн төслүүдийн зээлийн эргэн төлөлт хэцүүхэн байгаа. Танай банкны хувьд уул уурхайн том төслүүд санхүүжүүлсэн үү?

-Манайд харилцагчийн хоёр сегмент л байдаг. Хамгийн эхнийх нь иргэдийн зах зээл. Хоёр дахь зах зээл нь жижиг дунд бизнес эрхлэгчид.  Манай зээлийн бодлого энэ хоёр чиг рүү түлхүү явж байгаа. 

-Төрийн банкны санхүүжүүлсэн  төслүүдээс өгөөжөө өгөөд эхэлсэн бизнес гэвэл юуг онцлох вэ?

-Манай банкны хөрөнгө оруулалтын зээлээр байгуулсан Дархан таван нуур гэж гурилын том үйлдвэр байна. Дархан Сэлэнгэд тариалсан буудайгаар гурил хийж  бүс нутгийн дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж байна. Манай банкнаас жил бүр эргэлтийн хөрөнгө оруулалтыг нь шийдэж өгч байгаа. Манайх орон сууцны зах зээл дээр ажилласан  туршлагатай банк. Зургаан хувийн зээл гээд нэлээд асуудал болж байсан даа. Энэ хөтөлбөрийн ачааны хүндийг үүрч, асуудлыг зохистойгоор шийдэж чадсан. Засгийн газар,  Монгол банк, Барилга хот байгуулалтын яамтай хамтарч найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр үүсгэхэд Төрийн банк идэвхтэй оролцсон. Үр дүнд нь орон сууцны найман хувийн хүүтэй зээл бүхий л банкуудаар дамжин амжилттай хэрэгжиж байна.

-Орон сууцны зээлийн эргэн төлөлт өндөр байдаг гэж мэдээлдэг. Танай банкны хувьд орон сууцны зээлийн эргэн төлөлт ямархуу байгаа вэ?

-Манай банкны хувьд зээлийн эргэн төлөлт дээр арилжааны банкууд дотроо хамгийн сайн үзүүлэлттэй байгаа. Манай банкнаас  олгосон зээлүүдийн  99.1 хувь нь цаг хугацаандаа төлөгдөж байна. Банкны системийн дундажтай харьцуулбал 4-5 дахин сайн үзүүлэлт. Тэр дундаа орон сууны зээл бараг 100 хувийн эргэн төлөлттэй явж байгаа.

-Валютын ханш өссөөр байна. Монгол банкны барьж буй бодлого хэр зөв гэж та бодож байна?

 -Урсаж байгаа усыг хүчээр барьж болно. Хүчээр далан барихад нэг хэсэг хугацаанд торгоох ч сүүлдээ  дийлдэхээ болино. Тэгэхээр усыг хүчээр барилгүйгээр зүй тогтолд нь тохируулсан зохицуулалт хийх нь урт хугацаандаа үр дүнгээ өгнө.  Валютын ханшийг өмнө нь  дандаа хүчээр барьж  байсан. Хүчээр барьж байсан учраас сүүлдээ дийлэхээ больж том хямрал бий болдог. Тийм учраас Монгол банкны хүчээр барих биш, зүй тогтолоор нь удирдах бодлого урт хугацаандаа үр дүнтэй гэж харж байна. 

-Зарим шинжээч ам.доллар 2000 төгрөг хүрэх эрсдэл бий гэж байгаа. Жамаар нь гээд сул тавьж болохгүй байх. Монгол банкны зүгээс ханшийн өсөлтийг цаг зуурынх гэсэн тайлбар хэлсэн. Таныхаар валютын ханш хэзээнээс тогтворжих бол?

-Саяын хэлсэнчлэн ерөнхий хэв маягийг эвдэхгүйгээр урсгалыг нь  өөрчлөх  бодлогууд хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр бодлогуудыг хэрэгжүүлээд эхэлчихсэн. Нэг үеэ бодвол хөрөнгө оруулалтын орчин таатай болчихлоо. Экспортыг дэмжих бодлогууд эхэлчихлээ.   Дотооддоо импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг дэмжсэн хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэ бүхний дүнд ам.долларын  ханш тогтворжино. Монголын эдийн засагт нэг буруу зүйл байна. Сенсацийн эдийн засаг болчих гээд байдаг тал бий. Хэн нэг нь ам.доллар  өсөх гээд байна шүү гэхээр олноороо доллар аваад хадгалж эхэлдэг.  Хэрэггүй мөртлөө валют аваад байгаа маань ханш өсөх эрсдэл болоод байна. Ийм хандлагууд эргээд бизнес болчихоод байна  л даа. 

 Ц.БААСАНСҮРЭН

Онцлох нийтлэлүүд