ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2015.07.28 10:07

Бөхийн холбоогоор овоглосон Д.Данзан гавьяатынх

Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор Д.Данзангийнд өнжихөөр Жигжидийн зусланг зорилоо. Жигжидийн автобусны эцсийн буудал дээр ирээд утсаар холбогдтол тэрээр “Эндээс охиноо унаатай нь явууллаа. Түр хүлээж байгаарай” гэв. Төд удалгүй Д.Данзан гуайн охин Д.Дэлгэрмаа ирж, биднийг авч явлаа. Нэг буудал хэртэй газар яваад, өтгөн ой мод бүхий уулын өвөр дэх, зуслан дээр нь ирлээ. Амралтын өдөр байсан учраас хүүхдүүд нь гэр бүлээрээ ирсэн харагдав. Зээ нар нь бага сургууль, цэцэрлэгийн ахлах бүлэгт сурдаг болов уу гэмээр балчир хэдий ч ширээний теннисээр тун чиг гарамгай тоглоно. Бага охин Д.Гэрэлмаа байшингийнхаа хажуухан дахь гүний худгаас хувингаар ус хутгаж, хашааны гадаа байгаа машинаа нөхөртэйгөө угааж байв.

Машиныхаа дээврийг багагүй зүлгэж зогссон тэд “Байрны хөгшчүүл цайныхаа дээжийг балкон дээрээсээ өргөөд, доор нь зогсоолд байршуулсан машиныг цагаан алаг болгочих юм. Уг нь гэрээсээ гараад, тэнгэр бурхандаа залбираад өргөвөл зүйд нийцэх юм шиг санагдана. Машин дээр асгарсан цайны дээж, сүү нь арилахгүй юм. Хэд хоногоос машинаа дахин будуулахаас” гэцгээн өөр хоорондоо ярилцаж байлаа.

Биднийг гэрт нь орох үед Д.Данзан гуай “Амралтын энэ өдрүүдэд миний бие Халхын анхдугаар Богд Өндөр гэгээнийхээ ойг үзээд тун чиг сэтгэл хангалуун байна даа. Өндөр гэгээн Занабазарыг Монголын түүхэнд тодорсон дөрвөн аугаа их хүний нэг гэдэг. Үндсэндээ Чингис хаан, Хубилай хаан, Богд Зонхов, Өндөр гэгээн энэ дөрвийг дэлхийн нэртэй эрдэмтэд нэрлэсэн байдаг. Өмнө нь Өндөр гэгээний ойг ингэж ёс төртэй, гол нь Өндөр гэгээн Занабазар хэн бэ гэдгийг олон түмэнд тодотгож өгөх талаар багагүй учир дутагдалтай байсан санагдана. Энэ удаа Монголын төр нь ч, Шинжлэх ухааны академи нь ч Өндөр гэгээнээ байранд нь тавьж өглөө” гэв. Гэрийн эзэн “Зочдодоо цай аягалж өг” гэснээ “Өө нээрээ, саяхан хөдөөнөөс айраг ирсэн шүү дээ. Тэрнээсээ аягалж өг” гэв. Ийнхүү биднийг эхнэрийнх нь төрсөн нутаг болох Архангайн Хотонт сумаас ирсэн чимчгэнэ­сэн сайхан айргаар дайлав. Азарганууд барианд орох үеэр ханын цаг руугаа байн байн харж “Энэ уралдаан 22 км-ийн зайнд болсон. Энэ зайг монгол хурдан хүлгүүд хэр хугацаанд туулж байгааг мэдэх гэсэн юм. Түрүү морь энэ зайг 35 минутанд тууллаа. Энэ мэтчилэн хурдан морьдыг барианд ороход нь уралдааны замаа хэдэн минут секун­дэд туулсан гэдгийг давхар зарлавал зүйтэй санагд­даг. Ингэснээр хурдан морины амжилт үнэмлэхүй баталгаажиж байгаа хэрэг. Бидэнд тэр нь чухал биш юм аа гэхэд жуулчдад энэ төрлийн мэдээлэл нэн хэрэгтэй. Уяачид ч өөрсдийн амжилтаа ахиулахын тулд хичээнэ. Ер нь дан ганц хурдан морины уралдаан гэлтгүй эрийн гурван наадам бол жуулчдыг татах гол арга хэмжээ болсоор удаж байна. Зарим хүмүүс эрийн гурван наадмыг тэр дундаа үндэсний бөхийг олон улсын чанартай болгож, хөгжүүлэхийг санал болгодог. Би үүний эсрэг байр суурьтай байдаг. Яагаад гэвэл үндэсний спорт бол үндэснийх л байх ёстой. Өөрийн гэсэн зүйл­сээ гоочлоод, бүдүү­лэг хоцрогдмол гээд бусдыг дуурайгаад байвал нэг л мэдэ­хэд өөрийн гэсэн зүйл­гүй болчихдог. Олон улсын тэмцээн болгож, шаардлагад нийцүүлэхийн тулд үндэсний өв соёл нь хаягддаг жамтай. Наад зах нь япончууд жүдо бөхөө дэлхий нийтийнх бол­гохын тулд асар их хөрөнгө гаргаж 200 гаруй оронд хувцас хэрэглэл, татами буюу дэвжээгээ байгуулахын сацуу сурах бичиг, мэргэжилтэн багшаар хангаж ажилласан. Ингэж дэлхийд зургадугаарт ордог бөхийн спорт болж хөгжих явцдаа эсрэг дэв­жээ­ний бөх нь цэнхэр өмсгөл­тэй барилддаг болчихсон. Уламжлал ёсоор бол өрсөл­дөгч бөхчүүд хоёул цагаан өмсгөлтэй байх ёстой. Үүнд япончууд хичнээн дургүй байсан ч олон улсынх бол­гохын тулд арга буюу зөвшөөрсөн. Эртнээс жүдо­гийн тамирчид хоёул цагаан өмсгөлтэй байсаар ирсэн нь энгийн мэт боловч нарийндаа бол Японы соёл, өв уламжлалтай нягт холбоотой гэдэг нь ойлгомжтой” гэв. Мөн тэрээр “Дэлхийн бусад бөхийн спортын төрлөөс өмсгөл зүүсгэл, ёс заншил, барилдааны тэсвэр тэвчээр зэргээр үндэсний бөх манлай, төгөлдөр нь” хэмээн давтан хэлсэн юм.

Данзан доктор усан луу жил буюу 1952 онд Засагт хан аймгийн Сүрэн гүний хошуу буюу одоогийн Ховд аймгийн Дарви суманд, хоньчин Довдон­гийн ууган хүүхэд болон мэндэлжээ. 1966 онд буюу түүнийг 14 настай байхад ээж нь отгон дүүг нь төрүүлээд бурхан болсны дараахан сумын төвөө барааджээ. “Ээж минь 32 настайдаа отгон дүүг минь төрүүлээд, өвчний улмаас нас барчихсан. Ингээд л аавыгаа дагаад, зургаан дүүтэйгээ сумын төв орсон. Хамгийн бага нь дөнгөж төрсөн өлгийтэй нярай байсан гэсэн үг шүү дээ. Сумын төвийн хүүхдүүдийн нэгэн адилаар усаа зөөнө, түлээгээ бэлтгэнэ. Том нь учраас дүү нараа харж, хандана. Ингээд л 1972 онд аравдугаар ангиа төгсөөд Монгол Улсын их сургуулийн физикийн ангийн оюутан болох үед бид гэр бүлээрээ нүүж ирсэн. Сургуулиа 1977 онд төгсөнгүүтээ төрөлх сургуульдаа үргэлжлүүлэн багшлах болсон. Тухайн жил Монгол Улсын их сургуулийн захиргаа төгсөгч нараасаа сурлага сайтай 20-иод залуусыг багшаар авч үлдсэн юм. Тэдэн дотор надаас гадна Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж багтсан. Ингээд 1993 он хүртэл бид хоёр их сургуульдаа багшилж байгаад үндэсний бөхийн холбоог байгуулж, тэргүүн, дэд тэргүүнээр нь ажиллах болсон” хэмээн өгүү­лэв. Дарви суманд хэзээнээс Олхонууд овгийнхон амьдарч ирсэн бөгөөд тус нутаг усанд төрсөндөө бахархдаг талаараа бидэнд хуучлав. “Мэргэдийн Чилэдү баатар Олхонууд овгоос Өүлэн хатныг аваад явж байхад нь Есүхэй баатар булаагаад авчихсан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр Олхонууд овгийнхон бол Өүлэн хатны хойч үр сад гэдэг нь ойлгомжтой. Манай суманд Монгол Улсын хэмжээний эрдэмтэн, улсын аварга малчин, гавьяатууд, баатрууд, ардын хувьсгалын партизан, улсын цолтой бөх, уяач зэрэг алдар цолтой 200 гаруй хүмүүс бий. Алдарт хоньчин баатар С.Цогтгэрэл, “Жалам хар”-ыг бичсэн хөгжмийн зохиолч Э.Чойдог, малын үүлдэр угсааг сайжруулах тал дээр дорвитой ажил хийсэн мал зүйч Ч.Дамдиндорж зэрэг гурван ч төрийн шагналтантай. Олимпийн анхны медальт, самбо бөхийн дэлхийн аварга Н.Бүрэнзэвсэг тэргүүтэй таван ч улсын цолтой бөхтэй. Дээрээс нь гурван академич, 20 гаруй шинжлэх ухааны доктор, 80 гаруй боловсролын доктортой. Ийм олон алдарт­нуудтай сум Дарвиас өөр байхгүй. Тэр ч утгаараа зарим хүмүүс манай сумынхныг “Мон­голын еврейчүүд” ч гэх нь бий” хэмээн сэтгэл хангалуун өгүүллээ.

Биднийг ийн хууч хөөрөх зуур зээ нар нь хэд хэдэн удаа түүний өвөр рүү мацан гарч, үнсүүлчихээд өрөө рүүгээ гүйчихнэ. Тэгснээ зээ хүү нь өөрийн тоглоомыг барьж ирээд, “Өвөө тоглоё л доо” гэвэл зээ охин нь “Хоёулаа гадаа тоглоё” гээд гарнаас нь гулдарна. Д.Данзан огтхон ч төвөгшөөсөн янзгүй “Тэгнэ ээ. Өвөө нь удахгүй завтай болчихоороо тоглоно оо. Харин миний хүүхдүүд гараад тоглож бай” гэвэл тэд уриалгахнаар “За” гэчихээд гараад өгөв. Хашаан дотроо тоглох зээ нараа цонхоороо хэсэг харж зогссоноо “Өөрснөө зусланд амрахаасаа илүү эд нарыгаа цэвэр агаарт цэцэг ногоон дээр тоглуулах гэсэн хэрэг. Бямба, ням гаригуудад эдэнтэйгээ хамт инээж хөхөрч, тоглож наадан өнгөрүүлэхэд жинхэнэ утгаараа амралт болж байгаа юм даа” хэмээв.

Зочны өрөөний хананд Ерөн­хийлөгч асан Н.Энхбаяраас Соёлын гавьяатын цол тэмдгээ авч байх үеийнхээ зургаа өлгөжээ. Хажууханд нь гэргий­тэй­гээ татуулсан зургаас гадна хэд хэдэн сумын засаг ноёдын дурсгасан байгалийн үзэсгэлэнт газруудын зураг харагдав. Зочны өрөө­­нийхөө нэг буланд гал тогоо­гоо байрлуулжээ. Хотын төвийн айл шиг крант онгойлгоод л цэвэр усаа авч байгаа харагдсан, зуслангийн байрандаа боловсон жорлон хүртэл суурилуулсан байна. Байрандаа зочны өрөөнөөс гадна дахин хоёр ч том гэгчийн өрөө гаргажээ. Зуны амрал­таараа зээ нар нь амарч, өөрсдөө амрал­тын хоёр өдрөөр ирж амьдар­даг учраас эдгээр өрөөнүүдэд хувцасны шүүгээ, толь, сандал зэргээс өөр зүйлс харагдсангүй. Тэрээр эхнэртэйгээ 1977 онд гэрлэж, 40-өөд жил амьдрахдаа гурван охинтой болжээ. Харин өнөөдөр охид нь бүгд хүнтэй сууж, таван зээтэй болжээ.

Түүнээс үндэсний бөхтэй амьдралаа холбосон талаар нь асуутал “Бөхийн амьдралыг мэдэхийн хувьд 1990 онд ардчилсан хувьсгал ялсны дараа нам дагалгүй, наймаа худалдаа хийх гэж оролдолгүй шуудхан л үндэсний бөх хэмээх өв соёлыг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж эхэлсэн. Тухайн үед бөхчүүд өөрсдийн ажлаа хийж яваад наадам, цагаан сарын барилдаанд оролцдог байсан. Тэд маань ихэвчлэн хар бор ажил хийдэг байсан даа. Үндэсний бөх, жүдо, чөлөөт, самбо зэрэг бөхийн хамтарсан орон тооны бус удирдлагатай, бөхийн холбоо нэр төдий байгууллага байсан. Яагаад нэр төдий гээд байна гэхээр энэ холбоо самбо, чөлөөт, жүдо бөхийн төрлөөр тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэлд голчлон анхаарахаас бус үндэсний бөхийг ойшоодоггүй байсан. Шагнал урамшуулал нь ч багаас гадна бөхчүүд бэртэж гэмтэх тохиолдол элбэг. Дархан аваргыг одон­гоор ч шагнахгүй хэрнээ бөхийн бусад төрлөөр тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон бөхийг одон медалиар харамгүй шагнана. Үндэсний бөхийн спортоор дархан аварга үүнээс яав ч дутахгүй гавьяатай, уг нь. Дээр нь социалист нийгмийн үед үндэсний бөхийн барилдаанаас олсон орлогыг Спортын төв ордон хураан авч, багахан хэсгийг түрүү үзүүр бөхөд өгчихөөд өөрийн санхүүжилтдээ зарцуулдаг байсан. Зүй нь бол үндэсний бөхөөр олсон учраас энэ спортыг хөгжүүлэхийн төлөө зарцуулах ёстойсон. Энэ бүхнийг би дэндүү ойроос харж, мэдэрч байсан хүний хувьд “Спортын мэдээ” сонинд долоо найман ч нийтлэл бичсэн. Үндэсний бөхийн спортыг шинэчлэх өөрийн санал санаачилгыг хэрэгжүүлж, ажил хэрэг бол­гох үүднээс өөрийн бич­сэн “Бөхийн хөдөлмөр” хэмээх нийтлэлээ бариад Ардын их хурлын нарийн бичгийн дарга Ц.Готовтой уулзсан юм. Ингэж 1989 онд анх­лан бөхийн асуудлаа шийдүүлэхийн төлөө төрийн ордон руугаа орж байлаа. Бөхийн холбооны дарга Ж.Гүррагчаатай давхар уулзан, бөхчүүдийн эрүүл мэнд хөдөл­мөрийн аюулгүй байдлыг анхаарахаас өгсүүлээд бай шагналыг дээшлүүлье, улсын наадамд зодоглоход албан байгууллагаас нь цалинтай чөлөө өгье гэсэн санаагаа алд хэмжээтэй цаасан дээр бичээд өгчих­сөн. Ингээд төрийн удирдлага, бөхийн холбооны дарга хоёрт хэлчихсэн юм чинь асуудлууд нэг мөр шийдэгдэх болов уу гэсэн чинь нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Тиймээс зайлшгүй өөрийн хувь нэмрээ оруулах шаардлагатай болсон гэх үү дээ. Ер нь ямарваа нэгэн ажлыг санаачилж, сэдсэн хүн л өөрөө түүнийгээ хэрэгжүүлэхгүй бол өрөөл бусдад ингэмээр байна гэж хэлэхээр амны гарз болдог шиг байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Улсын заан Р.Давааням төрсөн ах Р.Нямдоржтойгоо үндэсний бөхийн өв соёлыг хамгаалахын тулд дорвитой алхам хийх хэрэгтэй гэсэн зүйлсийг ярьж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан байгаа юм. Ингээд л 1990 оны дөрөв­дүгээр сард Үндэсний бөхийн холбоогоо байгуулсан. Бөхийн холбоог байгуулсны дараахан буюу дөрөвдүгээр сарын 14-ний билэгт сайн өдөр Р.Давааням заан, Р.Нямдорж, Соёлын яамны дэд сайд асан, П.Даваасамбуу, улсын заан Д.Мягмар бид тав тус бүр 100 төгрөг гаргаж, холбооныхоо санг бүрдүүлж байлаа. Ингэж л тамга тэмдгээ хийлгүүлж, төд удалгүй холбооныхоо нэрэмжит барилдааныг зохион байгуулж байлаа. Өнгөрсөн хавар манай холбооны 25 жилийн ой тохиож, хоёр барим­тат кино, мөн төчнөөн ном гаргаж, 1024 бөхийн барилдаан зохион байгуулснаас гадна эрдэм шинжилгээний хурал хүртэл зохиосныг та бүхэн мэдэж байгаа байх. Бидэн шиг ойгоо өргөн дэл­гэр хийдэг байгууллага байх­гүй. Бид л анхлан 6000 бөхийн барилдааныг зохиож, Геннисийн номонд бичүүллээ. Үүнээс үлгэр авч морины холбоо хоёр жилийн дараа морины уралдаанаа Геннисийн номонд оруулсан” хэмээв.

Тэрээр Бөхийн өргөөний барилгын зургийг 1991 оны нэгдүгээр сард холбооны ерөнхийлөгч Р.Нямдоржтой гаргажээ. Тэд бөхийн өргөөтэй болъё хэмээн шийдээд, шуудхан харандаа цаас аваад зурж эхэлсэн гэдэг. Ийн өөрсдийн зурсан 2500 хүний суудалтай, дугариг хэлбэрийн өргөөний гар зургаа мэргэжлийн архитекторуудад өгч зуруулжээ. Ийнхүү зурган дээр бэлэн болсон үндэсний бөхийн өргөөгөө барих газраа тэр даруй хайж эхэлсэн ч багагүй хугацаа алджээ. Анхлан бөхийн өргөөг баруун дөрвөн замд байгуулахаар шийдэн, дүүргийн Засаг даргын тамгын газар хандсан гэнэ. Гэсэн ч өөр барилга байгууламж баригдахаар урьдчилаад төлөвлөчихсөн байсан учраас өөр газар хайжээ. Тус газарт хожмоо Голомт хотхон сүндэрлэжээ. Ийнхүү Их дэлгүүрийн баруун урд тал дахь замын эсрэг талын төв зам дагуух сул газрыг бөхийн өргөөний зориулалтаар ашиглая гэсэн боловч дүүргийн удирдлагууд зөвшөөрөөгүй байна. Энэ газарт өдгөө Улаанбаатар их дэлгүүр баригдсан байгаа юм. Үүний эцэст Хөдөлмөрийн яамны өмнөх, Баянзүрх дүүрэг дэх газрыг олж, зөвшөөрлийг нь авчээ. Газрын хэмжээ төлөвлөснөөс бага байсан учраас 58 орчим метрээр төлөвлөсөн өргөөний тойргийн уртыг хоёр гурван метрээр багасгажээ. Ийнхүү арван эгнээ бүхий найман хэсэг суудалтай, голдоо 34 метрийн диаметртэй дэвжээ бүхий бөхийн өргөөний шавыг 1992 онд тавьжээ. Д.Данзан “Улсын начин, заан цолтой бөхчүүдийг цуглуулаад бөхийн өргөө байгуулах гэж байгаа талаараа дуулгатал тэд нэг их ойшоодоггүй. Тэгэхээр нь бөхийн өргөө гэдэг таван ханатай гэрийн төдий байгууламж биш. Өндрөөрөө найман давхар барилгын дайтай гэдгийг би хэлтэл бөхчүүд дүнгэнэлдээд явчихсан. Дүвчин заан “Өө би тэр 120-д байдаг дугариг байшин шиг жижигхэн гэр юм байх гэж бодоод хаана нь бөх барилдаж, хаана нь үзэгчид суух юм бол гэж гайхаад л сууж байлаа гэсэн. Ингэж бөхчүүд ажлыг минь үнэн сэтгэлээсээ ойлгож эхэлсэн. Түүнээс биш өндөр нь 28 метр, диаметр нь 50 гаруй, дэвжээ нь 40-өөд метр гэхээр бууж өгөхгүй байсан хэрэг л дээ. 520 гаруй бөхийн хорхойтон, хүчит бөхчүүдийнхээ хан­диваар үндэсний бөхийн өргөө барилгын ажил таван жил гаруй үргэлжилсний эцэст 1998 оны арванхоёрдугаар сарын 26-нд Монгол бөхийн өргөө нээлтээ хийсэн” гэсэн юм. Энэ их нөр ажлыг нугалсан учраас холбооны тэргүүн Р.Нямдорж болон Д.Данзан нарыг дөрвөн жил тутам болдог зөвлөлийн хурлаараа улираан сонгосоор байдагт эргэлзэх зүйл алга.

Түүнийг бөхийн холбооны дэд тэргүүн, шинжлэх ухааны доктороос гадна яруу найрагч гэдгийг нь тэр бүр мэддэггүй болов уу. Эл эрхэм найрагч Монголын ард түмний дунд хит болсон олон дууны шүлгийг бичсэн юм. Тухайлбал нэг ус нутаг буюу Ховдын Дарви Сутай хайрханы хүү, ардын жүжигчин Дашийн Мяасүрэнтэй “Түшээт ханы Намхай аварга”, Монгол Улсын гавьяат багш Лувсанцэрэнгийн Галмандах агсантай “Насны хайр”, “Гэртээ ирлээ”, Гомбын Эрдэнэчулуунтай “Монгол эрийн жавхаа” зэрэг дуунуудыг хамтран бүтээсэн байна. Данзан докторын гэргий Чимидын Оюунбилэг нь эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэгэн ажээ. Тэрээр Монгол Улсын заан Гочоосүрэнгийн төрсөн дүү гэнэ. Намуухан яриа хөөрөөтэй намбалаг сайхан эмэгтэй нөхөр, ач зээ нарынхаа хамт биднийг гаргаж өгсөн юм.

М.Ууган-Эрдэнэ

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Онцлох нийтлэлүүд