2020.12.28 08:12

Бөх судлаач Т.Түмэндэмбэрэл: “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаан болсон бол П.Бүрэнтөгс, О.Хангай нар түрүү үзүүрт үлдэх магадлалтай

Нийтлэлч: Норовын Гантулга

Өнөө жил Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 109 жилийн ой тохиож буй. Арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын барилдаан гэж шилдэг 128 бөхийн барилдаан болдог. Уг барилдааны түүх хийгээд ямар бөхчүүд хэрхэн амжилт үзүүлж байв, хэрвээ өнөө жил цар тахал дэгдээгүй, бөхийн барилдаан болдгоороо болсон бол хэн хэн түрүү, үзүүрт шалгарах байсан талаар бөх судлаач, Улсын гарын даа Т.Түмэндэмбэрэлтэй ярилцсанаа хүргэе.


-Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан тухайн жилийн сүүлийн том барилдаан байдаг. Анхны барилдаанд Мөнхбат аварга түрүүлдэг бил үү? Энэ барилдааны үнэ цэнэ, онцлогийн тухай ярихгүй юу?

-2011 оны арванхоёрдугаар сарын 29-нд “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх шилдэг бөхчүүдийн барилдаан”-ыг анх зохион явуулсан түүхтэй. Анхны барилдаанд тэр жилийн дуулиант наадмын түрүү бөх залуу аварга С.Мөнхбат түрүүлж байлаа. Энэ барилдаан бол нэг талаас монголчууд тэмцэж, бас нэгдэж чаддагаа харуулсан түүхэн үйл явдлаа бахдан санах, баталгаажуулан тэмдэглэх, нөгөө талаар баяр цэнгэлийн манлай хүчит бөхчүүдийнхээ тухайн оны эцэс, ирэх оны эхлэлийн чансаа, царааг харах томоохон сорилго юм даа.

-Тэр жил Өсөхбаяр заан аатай сайхан түрүүлж билээ, хоёр дахь цом байх. Тэгэхэд Өвөрхангайн Чимэддорж улсын цол аваагүй байхдаа тун сайн барилдсан, Мөнхбат аваргыг хаяад л шуугиулсан даа?

-Тийм цомын төлөөх хоёр дахь барилдаан байсан. Өсөхөө заан түрүүлээд, тухайн жилийн наадмын үзүүр бөх улсын гарди Рагчаа үзүүрлэж байлаа. Цэндзэсэмийн Чимэддорж начин аймгийн арслан цолтойдоо дөрвийн даваанд шинэхэн арслан П.Бүрэнтөгсийг, тавын даваанд залуу аварга С.Мөнхбатыг орхиод их шөвөгт шалгарсан. Хоёр жилийн түрүү бөхийг дараалан давж байлаа. Ер нь энэ барилдааны түүхэнд улсын цолгүй байхдаа их шөвгөөс дээш шалгарсан цор ганц бөх Чимэддорж начин даа.

-Пүрэвсайхан заан энэ барилдаанд хоёр ч түрүүлсэн. Хэн хэнтэй хэрхэн барилдаж байсныг эргэн санавал... Пүрэвдагва тэр хоёрын тэмцэл энэ барилдаанаас үүдэлтэй ч бил үү, юу билээ?

-Гурав дахь удаагийн барилдаанд улсын заан Пүрэвсайхан улсын начин цолтойдоо түрүүлсэн. Арслан, заан хоёрын тэмцэл, тэнцэл аль эрт аймгийн цолтой байхаас эхэлсэн зүйл л дээ. Тэр жилийн “Ерөнхийлөгчийн цомын барилдаан”-д Сугаржаргал начин, Баасанхүү харцага, Мөнхбаатар арслан, Эрхэмбаяр, Санжаадамба аваргуудыг даваад анх түрүүлсэн дээ, Пүрэвсайхан. Сүүлийн есөн жил зохион байгуулсан энэ барилдаанд хоёр удаа түрүүлсэн хоёр бөх бий нь Мөнхбат аварга, Пүрэвсайхан заан нар. Давтан түрүүлбэл уг барилдааны шилжин явах цомын хувилбар, бага цомыг үүрд хадгалуулдаг журамтай юм. Аварга, заан хоёр л ийм цомтой гэсэн үг.

Бөх судлаач Т.Түмэндэмбэрэл, О.Хангай харцагын хамт

-Баасанхүү бас нэг жил шуугиулсан даа. Өөрийнх нь төрсөн өдөр ч болоод л. Санжаадамба аварга, Жаргалбаяр заан гээд бүгдийг нь хаяад л, үзэгчдийн хөөрөл ч дээд цэгтээ хүрч байсан санагдана?

-“Ерөнхийлөгчийн цом”-ын барилдаанд чансаатай 128 бөх барилддаг. Уг барилдаанд багтана гэдэг, зодоглоно гэдэг бөхчүүдийн хувьд нэр төрийн хэрэг байдаг гэж болно. Нөгөө талаар өөрийгөө дүгнэх, тухайн жилийнхээ “дүнг тавиулах” барилдаан учраас бөхчүүдэд маш чухал байдаг байх. Тийм ч учраас бөхийн хорхойтнуудын хүсэн хүлээсэн барилдаан байж, дуулиан шуугиантай болдог. Ер нь хамгийн дуулиантай нь 2016 оны “Ерөнхийлөгчийн цом”-ын барилдаан байх аа. Тэр жилийн наадам ч их дуулиантай болсон доо. Дунд шөвөгт улсын заанаас дээш цолтой бөхчүүд шалгараад л. Бүрэнтөгс аварга ам авахаар бидэн рүү ирж явахад Бөхийн өргөө дүүрэн үзэгчид шуугиад байсан. Аварга шууд над руу гараараа дохиод Пүрэвдагва арсланг амлаж байлаа. Пүрэвдагва арслан Бүрэнтөгсийг сэнжигнээс тойрч дунгуйлдаад давдаг чинь тэр барилдаан шүү дээ. Дараагийн даваанд Пүрэвсайхан зааныг даваад, үзүүрт Санжаадамба аваргын бас л дунгуйлдаад түрүүлж байлаа даа. 2017 оны барилдаанд улсын харцага Төрөөгийн Баасанхүү түрүүлсэн. Жинтэй, бяртай бөхчүүдийг л давсан санагдана. Улсын начин Цогбаяр, харцага Бат-Эрдэнэ, гарди Бат-Орших, аварга Санжаадамба гээд. Үзүүр түрүүнд Жаргалбаяр зааныг татаад өргөхөд хариу мэхээр давж өөрийнхөө төрсөн өдрөөр дэмжигчдэдээ томхон бэлэг барьж байсан даа. Их шөвөгт Санжаадамба аваргатай ч бас их дайчин барилдсан шүү. Баруун золгонгуутаа хутгаад, давхар тахимдаад давчихаж байсан. Сугаржаргал начин, Баасанхүү харцага хоёр “Бидний төрсөн өдөрт зориулсан барилдаан” гэж хошигнодог.

-Энэ жил хэрвээ цомын барилдаан болсон бол хэн хэн өнгөнд барилдах байв. Мэдээж шинэ аварга Бүрэнтөгс зодоглож таарна, аварга түрүүлж чадах байв уу, түүнд хатуу учраа хэн байх байсан бол?

-Шинэ аварга танхимын барилдаан алгасахгүй шахам зодоглодог бөхчүүдийн нэг. Тэгэхээр цомын барилдаан болсон бол барилдаж л таарах байсан болов уу. Доогуурхан давааг түүргүй давчихвал аварга үзүүр түрүү рүү л барилдана даа. Бэлтгэл таараагүй үедээ бага даваанд хааяа бүдэрчих гээд байдаг талтай. Бусдаар бол ер нь үзүүр лүү л очдог бөх дөө. Магадгүй шинэ заан Бадарч, харцага Хангай нарыг их шөвөгт тунаагаад, хэн давсантай нь үзүүрт барилдах байсан байж болох юм. Хангайтай үлдвэл үзүүр, Бадарчтай хоцорвол түрүүлчих байсан болов уу даа. Өмнө нь Хангайтай барилдсан барилдааны харьцаа харцага давуу байгаа, барилдаад сурчихсан гэх юм уу даа. Харин шинэ зааныг арлаар илүүрхээд шуудхан дайрчих болов уу гэж бодогдож байна.

-Хангай, Бат-Өлзий, Бадарч, Орхонбаяр, Анар өөр хэн байна, бэлтгэл сайтай бөхчүүд, бүр санаандгүй хүн дээшээ гараад ирэх ч байв уу. Завханы Лхагвагэрэл гэдэг шиг?

-“Ерөнхийлөгчийн цом” есөн жил болоход улсын цолгүй хүн их шөвөгт нэг удаа л шалгарсан гэж дээр хэлсэн. Ажиглаад байхад энэ барилдаанд ахлах цолтнууд ач холбогдол өгч зорьж, хичээж барилдаж харагддаг юм шүү. Тэгэхээр бага цолтнуудад зай хомс л байсан байх. Намрын байдлаар бол Төв аймгийн хурц арслан Ууганбаяр гайгүй барилдаж мэдэх байсан биз. Бадарч, Хангай, Бат-Өлзий нар бэлтгэлийн горим алддаггүй, жигд байдлаа хадгалж чаддаг онцлогтой бөхчүүд. Ховдын хоёр харцага дунд юм уу их шөвөгт тунахад хэн давсан нь үзүүр лүү ирэх магадлалтай гэх юм уу. Харин Анар харцага энэ зуны наадмаар, бас намрын барилдаануудад бэлтгэл таараагүй ч юм уу, биед нь нэг зовуурь байх шиг харагдсан. Уул нь тийм байдалтай барилддаг бөх биш юм. Баасанхүү харцага намрын барилдаануудад аятайхан барилдаж байв. Том барилдааны одтой бөх шүү дээ. Өсөх идэр начны Орхонбаярын тухайд сэтгэл зүй сайтай, бэлтгэл сургуулилалтаа сайн тааруулдаг “арай өөр” бөх. Хэнтэй ч таарсан хаяна л гэж үзнэ. Тавын даваанд Бадарч заан ам авахаар ирэхэд Ховдын хоёр харцага(Хангай, Бат-Өлзий), Орхонбаяр гурав байж байвал ярвигтай. Гээд бодоход хэрэв энэ жил Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан болсон бол ширүүхэн л болох байлаа даа.