ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.10.18 11:10

Б.Баатархүү: Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нэр дэвшигчийг дайрч, амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна


Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-д нэр дэвшигч Б нь архи, согтууруулах ундаа хэрэглэн иргэн М-ийг машинаараа мөргөж дайрсан гэх мэдээлэл цахим орчноор яваад байсан юм. Тэгвэл бид энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.


-Өмнөговь аймгийн Цогтцэций суманд сонгуульд нэр дэвшиж байсан М-ийг машинаар дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарлаа. Энэ мэдээллийн талаар тодруулахгүй юу?

-Сонгуульд нэр дэвшигчид биенийхээ аминд хүрсэн гэсэн ташаа мэдээлэл хэвлэл мэдээллээр гараад байна. Энэ мэдээлэлд залруулга хийх нь зөв байх. Энэ бол ташаа мэдээлэл. Аравдугаар сарын 14-ний өдөр 15 цаг 10 минутад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаагийн хэлтэст “Машинаар хүн мөргөөд амь насыг нь хохироочихлоо” гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу сумын цагдаагийн бүрэлдэхүүн очиж хэргийн газарт үзлэг хийхэд Цогтцэций сумын харьяат иргэн б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож ухрах үйлдэл хийхдээ иргэн М-ийг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан.

-Хохирогч, этгээд хоёр хоорондоо ямар харилцаатай байсан бэ?

-Иргэн б нь хохирогчийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан. Хоорондоо найзуудын харьцаатай гэсэн мэдээлэл байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн сонгуульд нэр дэвшээгүй, тухайн хохирогчийн сонгуулийн сурталчилгаанд нь ажиллаж байсан хүн байгаа.

-Нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундааг 14,15,16-ны өдрүүдэд худалдаалах, үйлчлэхийг хориглосон шүү дээ. Харин Өмнөговь аймгийн Цогтцэций суманд архи согтууруулах ундааны тал дээр ямар нэгэн захирамж мөрдөгдөж байсан уу?

-Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарч энэ сарын 14-16-ны өдрүүдэд архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх шийдвэр гарсан. Энэ журам нийслэл Улаанбаатар хотод үйлчилнэ. Ер нь сонгуулийн тухай хуулиараа санал авах өдөр архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулж, үйлчилсэн тохиолдолд иргэнийг 10 сая, ААн байгууллагыг 100 сая төгрөгөөр торгох хууль эрх зүйн зохицуулалттай. Харин зарим аймаг сумдад архи согтууруулах ундаа худалдах, борлуулахыг хориглосон захирамж гаргасан. Гэхдээ надад Өмнөговь аймаг ямар захирамж гаргасан тухай мэдээлэл ирээгүй байна. Хэрэв шаардлагатай гэвэл тодруулаад өгч болно.

-Дөрвүүлээ архидан согтуурсан гэсэн мэдээлэл байсан. Хохирогч Б мөн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу?

-Одоогоор цогцост шинжилгээ хийж байгаа. Сумын цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хохирогч 1967 онд төрсөн, харин хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүн 40 настай гэсэн мэдээлэл байна.

-Энэ хэрэгт сонгуультай холбоотой ямар нэгэн маргаан байгаагүй юу?

-Сонгуулиас болсон гэсэн асуудал байхгүй. Мөн эсрэг намын нэр дэвшигчид гэдэг нь ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлж байна. Тухайн хохирогч нь л сонгуульд нэр дэвшиж байсан. Хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа этгээд хохирогчийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Хэргийн мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа учраас нарийн ширийн зүйлийг ярих боломжгүй.

-Цагдаагийн байгууллага орон нутгийн сонгуулийн үеэр ямар зохион байгуулалттай ажиллаж байгаа вэ?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн үед цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын нийт 9232 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Үүнд сонгуулийн хэсгийн хороодын байрны аюулгүй байдлыг хангах хэв журмыг сахиулах, гудамж талбай олон нийтийн газраар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Мөн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гарч болзошгүй газруудад нийт цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.


Ч.ЧИНБАТ: ИТХ-ЫН СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ 396 ГОМДОЛ ИРСНЭЭС 23 НЬ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ БАЙНА

Мөн сонгуулийн санал авах өдрийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил гомдлын мэдээллийн талаар цагдаагийн хурандаа Ч.Чинбат /өчигдөр/ 19 цагийн байдлаар мэдээлэл хүргэсэн юм. Тэрбээр “Цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн анги байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Сонгуулийн үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах, аюулгүй байдал, ямар нэгэн нөлөөлөлгүй сонгуулийг явуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Цагдаагийн байгууллага хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой байж болзошгүй нийт 369 гомдол мэдээллийг хүлээн авч шалгаж байна. Мөн эрүүгийн хуулийн 14.5,14.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй 23 гомдол мэдээллийг шалгаж харьяаллын дагуу Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн байна. Мөн эрүүгийн хуулийн 14.5, 14.8, 23.2 дугаар зүйлийн нэгд заасан гэмт хэргийн шинжтэй найман гомдол мэдээллийг шалгаж байна. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан зөрчлийн талаарх 338 гомдол мэдээллийг хүлээн авч долоон гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа явуулж байна. Улмаар гурван гомдол мэдээллийг Мэргэжлийн хяналтын байгууллага, ШӨХТГ-т харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Мөн одоогоор 169 зөрчлийн шинжтэй гомдлыг үргэлжлүүлэн шалгаж байна.

Мөн энэ үеэр Цагдаагийн хурандаа Ч.Чинбатаас Өмнөговь аймгийн Цогтцэций суманд болсон хүн амины хэргийн талаар болон Чингэлтэй дүүргийн VII хороонд тусгай ногоон наалт бүхий тэмдэглэгээтэй машинаар хүн зөөж, мөнгө тараасан гэх мэдээллийн талаар сэтгүүлчид тодруулсан юм.


-Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амиа алдсан иргэн аль намын нэр дэвшигч байсан бэ?

-Өмнөговь аймгийн Цогтцэций суманд асуудал гарч харамсалтай явдал боллоо. Гэхдээ мөрдөн байцаах ажиллагаатай холбоотой асуудлуудыг шүүж ярихад бэрхшээлтэй. Хуулиараа хориотой зүйл. Амиа алдсан нэр дэвшигч аль нэг нам бус бие даан нэр дэвшигч гэсэн мэдээлэл байна.

-Баянзүрх дүүргийн V хороонд мөнгө тараагаад байна гэсэн. Мөнгө тараах, сонгогчдын саналыг худалдаж авч байгаатай холбоотой сонгуулийн хууль зөрчсөн хэдэн зөрчил илэрсэн бэ?

-Өнөөдрийн /өчигдөр/ 18 цагийн байдлаар эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-т зааснаар Тагнуулын ерөнхий газар мөрдөн шалгах ажиллагаа явуулах харьяалалтай. Гэхдээ цагдаагийн байгууллага 23 гомдол мэдээлэлд шалгалт хийж холбогдох байгууллагууд руу шилжүүлчихсэн байгаа. Мөн аймгуудаас булган, Дорноговь, Хөвсгөл, Өмнөговь, Увс, Сүхбаатар, дүүргээс Сонгинохайрхан, Сүхбаатар, баянголд цагдаагийн алба хаагчид гомдол мэдээллийг илрүүлсэн. Үүнд мөнгө, эд зүйл тараасан, сонгогчдын эрх чөлөөг зөрчсөн байж магадгүй үйлдлүүд байна. Ер нь санал авах зорилгоор эд зүйл тараана гэдэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл шүү дээ. Тэгэхээр гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг манайх шалгаж тогтоох ажиллагаа явуулж байна.

-Чингэлтэй дүүргийн VII хороонд ногоон наалт бүхий машинууд хүн зөөж, улмаар мөнгө өгч байна гэсэн. Энэ асуудал дээр цагдаагийн байгууллага хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэмт хэрэг зөрчлийн талаар ярих нь ерөнхий асуудал л даа. Бид иргэд буюу хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг зөрчил дээр анхаарал хандуулж мөнгө тараах, амлалт өгөх зэрэг асуудлууд дээр анхаарч байна. Хулгай хийх, эд зүйл гэмтээх, ухуулах хуудас, самбар гэмтээсэн тохиолдлуудыг нэг бүрчлэн тайлбарлах боломж алга.

-300 гаруй санал гомдол ирсэн гэлээ. Үүнийг ангилаад хэлж болох уу?

-Тодорхой хоёр аймгийн нутаг дэвсгэрээс хүн зөөж, мөнгө өгч байна гэх нэг гомдол, нэг мэдээлэл албан ёсоор цагдаагийн байгууллагад ирсэн. Одоогоор шалгах ажиллагааг явуулж байна. Хүн зөөж байгаа үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэлд орно. Ер нь дийлэнх хувийг нэр дэвшигчийн нэр төрийг гутаан доромжилсон гомдол эзэлсэн. Түүний дараагаар хууль бус сурталчилгаа буюу сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан өөр арга хэрэгслээр сурталчилгаа явуулахыг хориглосон гомдол мэдээлэл зонхилж байна.

-Харьяаллын дагуу саналаа өгөхгүй байна гэсэн гомдлын талаар тодруулахгй юу?

-Тийм зүйл тогтоогдсон юм одоогоор алга. Иргэний хурууны хээ, мэдээлэл давхцахгүй сонгуулиа өгдөг учраас өөр тойргийн хүнийг авч ирээд хурууны хээг нь уншуулаад санал өгөх боломж байгаа гэдэгт би эргэлзэж байна.


ӨМНӨГОВЬ АЙМАГТ БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ: “БҮЛЭГ ХҮМҮҮС ЯДАРСАН ХҮМҮҮСЭЭР ТОГЛОЛТ ХИЙДЭГ ГЭЭД ОЛОН СОНИН МАРЗАН ЗҮЙЛИЙГ ҮЗЛЭЭ”

Бид Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 22-дугаар тойрогт бие даан нэр дэвшигчтэй холбогдож сонгуулийн нөхцөл байдлын талаар тодруулсан юм. Тэрбээр “Одоогоор эцсийн хариу зарлагдаагүй байна. Ер нь мөнгө төгрөг тараасан, санал худалдаж авсан зүйл байна. Гэхдээ одоохондоо илчлээд яахав. Сүрхий мундаг нэр дэвшигчид ч байна. Хууль зөрчиж мөнгө тараасан, намын дарамт учруулсан зүйл зөндөө бий. Тийм зүйл хийсэн хүмүүсийн амьдрал ахуйд нь нөлөөлчих вий гэж бодоод л даруухан байгаад байна. Ил болгоё гэхээр надад итгэж байсан хүмүүст ч муухай байх болов уу. Сонгуулийн нөхцөл байдлыг ерөнхийд нь ярихад, би анх удаа л ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Гаднаас нь харахад юу ч мэдэгддэггүй шүү дээ. Яг дотор нь орсон чинь сонин зүйл их байдаг юм байна. Энэ байдал ер нь хэзээ засрах юм бол. Засрах юм болов уу, үгүй юү их гайхлаа. Яаж ч засах юм. бүлэг хүмүүс, их мөнгөтэй байхад амьдрал ахуй нь сайжраагүй ядарсан хүмүүсээр тоглолт хийгээд л... Тэр бүх зүйлийг ярьж болох уу, гэдэг шийдвэрийг гаргаж чадахгүй л байна. Ер нь бол оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалаад явна гэдэг үүднээс нэр дэвшсэн. Нэр дэвших арван хэдхэн хоногийн хугацаанд би их ч юм үзлээ. Марзан, инээдтэй зүйл их байна. би яруу найрагч хүн учраас энэ бүхэнд хачин гэгээлэг хандаж байсан. Өөрчлөгдсөн болов уу гэж бодсон. Гэтэл бохир юманд хутгалдаад арван хэдэн хоног болчихлоо. Үнэн бодит байдлыг цааш нь ярина. Гэхдээ зарга хийж биш, үнэнийг ухуулж, дүгнэлт хийж ярина” гэв.

С.ЛХАМСҮРЭН

Онцлох нийтлэлүүд