ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.11.10 12:11

Б.Банзрагч: Дүү үймүүлээд хичээлийг минь хийлгэхгүй болохоор эмээ рүү явуулсан байх


Гэрэл зургийг Г.БАТЗОРИГ

Ерөнхий боловсролын Гуравдугаар сургуулийн 1д ангийн сурагч Б.Банзрагчтай гийгүүлэгч үсэг бичээд тунчиг завгүй байхад нь багшаас нь багахан завсарлага авч цөөн хором ярилцлаа.


-Ямар үсэг үзэж байна, хичээл хийх хэцүү байна уу?

-Эгшиг долоо, тэгээд хоёр гийгүүлэгчээ үзсэн байгаа. Хичээл хийх гоё. Өглөө босоод цайгаа уучихаад жоохон байж байгаад үсэгнүүдээ уншаад хичээлдээ явдаг.

-Тоглох зав гарч байна уу?

-Зав гарахгүй байгаа. Шөнө хичээлээ хийчихээд жаахан тоглочихоод унтдаг. Цэцэрлэгүүдийн тоглоом гоё ш дээ, ах аа.

-Тийм үү. Цэцэрлэгт орж тогломоор санагддаг юм биш биз дээ?

-Үгүй ээ. Сурагч болно гэдэг чинь том болсон гэсэн үг. Гэрт эвлүүлдэг тоглоом, шоо гээд зөндөө тоглоом байгаа л даа. Бас дүүгийн нэг машин бий. Түүгээр тоглодог.

-Дүү чинь хэдтэй вэ?

-Дүү маань гурван настай. Эрдэнэтэд эмээтэй хамт байгаа. Нэг удаа үймүүлээд хичээл хийлгэхгүй байсан юм. Ээж болиоч гээд дүүд хэлсэн тоогоогүй. Тэгээд бараг дүүг үймүүлээд хичээл хийлгэхгүй болохоор эмээ рүү явуулсан байх. Би ээж, аав, Сайханаа аниатайгаа амьдардаг.

-Хамгийн сүүлд ямар дүн авсан бэ?

-Заримдаа монгол хэл дээр сайн дүн авдаг. Сүүлд онц авсан. Ер нь өдөр болгон онц авч байгаа л даа. Ээждээ загнуулсаар байгаад гоё бичдэг болсон.

-Харин тийм байх. Багш чинь чамайг гоё бичдэг гэж байна лээ?

-Тийм үү. Багш өөрөө гоё бичихийг заадаг ш дээ. Бас ээж хичээл хийлгэдэг. Буруу бичихээр загнахгүй. Гоё бичээрэй л гэдэг. Сүүлдээ бүр буруу бичээд байвал жаахан загначихдаг.

-Ээж нь даалгавраа хийж байхад нь юу гэж хэлдэг вэ?

-Ээж хурдан бичээрэй гэдэг. Гоё бичээрэй гэдэг. Хурдан гоё бичих жаахан хэцүү л дээ. Гэхдээ манай ангийнхан бүгд мундаг. Би ч бас хичээдэг.

-Ангийнхантайгаа найзууд болж байна уу?

-Бүх хүүхэдтэй найзалдаг. Гэхдээ бүх найзынхаа нэрийг цээжилж амжаагүй. Найзуудтайгаа хичээлээ ярьдаг. Тэгээд хүүхэлдэйн кино жаахан ярина. Би хоолны газар сууж байхдаа зурагтаар хар хүн аалз үзсэн. Тэрэнд дуртай болоод байгаа. Миний хажууд суудаг охиныг Цэцэнгүнж гэдэг.

-Гоё нэртэй юм байна?

-Тийм байна лээ.

-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?

-Инженер, зураач болно. Зургийн дугуйланд явж байгаа. Багшийг маань Цэгмэд гэдэг. Муур, монгол гэр хамгийн гоё зурдаг.

-Юунд хамгийн их инээдэг вэ?

-Миний дүү багаасаа хоол идсээр байгаад хацар нь том болоод бумбайчихсан. Харахаар инээд хүрээд байдаг. Бас гэрийнхэн, багш, ангийнхаа найзуудад бүгдэд нь хайртай.

-Төрсөн өдөр чинь хэзээ болох вэ?

-Мэдэхгүй. Ээж л хэлж өгдөг. Би мэлхий нинжад дуртай. Бас аав жинхэнэ гитар авч өгнө гэсэн. Би том болоод өөрийнхөө мөнгөөр морин хуур авна.

Г.БАТЗОРИГ


Онцлох нийтлэлүүд