ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2016.01.24 03:01

​Б.Батболд: “Гудамж” төсөл хэрэгжсэнээр иргэд жилд 25 тэрбум төгрөгийг зөвхөн шатахуунаасаа хэмнэх боломжтой болсон

Чингис бондын санхүүжилтээр хэрэгжсэн “Гудамж” төслийн үр дүнгийн талаар тус төслийн нэгжийн захирал, доктор Б.Батболдтой ярилцлаа.

-Та Японд боловсрол эзэмшсэн байх аа?

-Японд сурахаасаа өмнө 1994 онд америкийн UCLA их сургуульд жил гаран хэлний болон хот төлөв-лөлтийн судлаач оюутан байсан. Японы хоккайдо их сургуулийг 1997 онд орон сууцны бодлогоор мастeр, 2001 онд хот төлөвлөлтөөр доктор цол хамгаалсан. нэг бахархаж байдаг зүйл маань докторантураа төгсөөд Японы зураг төсөл, төлөвлөлтийн номeр нэг “никкэнсэккэй” гэдэг компанид хот төлөвлөлтийн мэргэжилтнээр ажилласан. Тухайн үeд ялангуяа монгол хүн тийм том компанид ажиллах нь тун ховор байж. одоо бол мон-голчууд гадаадад чадалтай, авьяастайгаа ихээхэн харуулж чаддаг болсон байна.

-Тэгвэл та мэргэжлээрээ ажиллаж байгаа юм байна?

-Tийм. Төрийн албанд анх 2005-2008 оны хооронд ажиллаад барилгын яамнаас өөрийн хүсэлтээр гарсан. Гарсан шалтгаан бол, ер нь хувийн секторт ажиллая, бодитоор юм хийж бүтээe гэж. Энэ хугацаанд 350-аад бага орлоготой хүмүүст зориулсан орон сууц барьсан. Хот төлөвлөлтийн төслүүд хийж байсан. “учиргүй гоё юм хийсэн гэхээсээ илүү бодит жижигхэн хотхоны бүтээн байгуулалт хийлээ. Тэрнийхээ гудамж, талбайг нь хүртэл ингэж хийлээ” гэж өөрөө хийж үзүүлэх санаатай л байсан. Тэгээд л 2013 оноос “гудамж” төсөл рүү орж ажиллаж байна даа. Анх хотын хамгийн томоохон элeмeнт болох гудамж, зам, талбайг хэрхэн өөрчлөх, хот төлөвлөлт дэндүү хоцрогдсоныг гадаадаас арван жилийн дараа 2004 онд ирээд л хэлж байсан. Нийслэлийн хот төлөвлөлтийн хүрээлэнд дэд захирлаар ажиллаж байхдаа ч, Яаманд газрын дарга байхдаа ч өнөөдрийн Гудамж төслийн энэ хийж байгаа өөрчлөлтийн талаар санал, судалгаагаа танилцуулж байсан. Бараг л арван жилийн дараа хэрэгжиж байна гэсэн үг. Хамгийн гол нь энэ саналыг Шинэчлэлийн засгийн газар, тухайн үeийн Эдийн засгийн хөгжлийн яам маш их дэмжсэнээр л Гудамж төсөл богинохон хугацаанд маш их бүтээн байгуулалтыг хийж чадлаа.

-Тийм ээ, “Гудамж” төсөл төрөөс хийгдэж буй бүтээн байгуулалтын том ажил. Төрд ажил хийх боломж, эрх чөлөө хэр байна?

-Миний хувьд энэ төслийг мастерлаад зохион байгуулаад, менежерээр нь ажиллаад, өөрөө төслийнхөө дизайныг нь хүртэл хийгээд санаачилгатай ажилласан. Боломж олгох, эрх чөлөөний тухайд бол нэг гараа бариулчихаад, тэгээд урагшаагаа яв гээд байдаг юм бол бий. Ажил хийж байгаа хүмүүсийг элдвээр хардаж сэрдэх явдал их юм. Хэвлэл мэдээлэл нь ч зөв ажлыг ойлгох хүсэл муутай байх юм. Тэр ч гудамжийг гоё болгоё, энийг ч бариад авъя гээд урамтай ажиллаж байхад заавал буруу талаас нь харна. Мэдээж шалгалт хяналт бол гарцаагүй. Гэхдээ зөв хандлагатай шалгах соёл манайд бага байна. Заримдаа ажил хийх гэсэн биш бөөн тээр саад, нерв болох юм. Шинэ бүтээн байгуулалтын ажил дээр урам их хэрэгтэй. Манай багийн ихэнх нь залуус учраас урмаар их ажил хийдэг. Урам өгнө гэдэг бол юун цалин хөлс, шагнал урамшуулалтай жишиж зүйрлэмгүй үнэ цэнтэй зүйл. Урам авсан хүн эрч хүчээр дүүрэн ажилладаг юм билээ. Хамгийн гол нь миний хувьд гэвэл би өөрийн сурсан мэдсэнд бүрэн итгэлтэй байдагтаа энэ ажлыг түүртэлгүй хийж байна. Гудамж төслийн үр дүнг ард иргэд ихэд сайшаадаг, харин тодорхой улс төрийн зорилго бүхий хүмүүсийн таашаалыг хүртдэггүй нь надад хачирхалтай санагддаг. Тэдгээр хүмүүс өдөр болгон л бидний хийсэн гудамж, уулзвараар явж л байгаа баймаар юм.

-Гудамж төсөлд “Чингис бонд”-оос баахан хөрөнгө зарчихлаа гээд шүүмжилдэг. Шинэчлэлийн засгийн газрын үед “Гудамж” төслийг санхүүжүүлэхээр баталсан 200 сая ам.доллар танай байгууллагын дансанд орсон уу? Ер нь танайх гүйцэтгэгч компаниудыг шууд санхүүжүүлдэг юм уу?

-2013 оны гуравдугаар сард Засгийн газрын 46 дугаар тогтоолоор “Гудамж” төслийн санхүүжилтэд зориулж баталсан 200 сая ам.доллар нь Хөгжлийн банкны дансанд байдаг юм. “Гудамж” төслөөс санал болгосон төсөл хөтөлбөрийг тус банкнаас гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгжийг шууд санхүүжүүлдэг. Одоогоор Хөгжлийн банкнаас төслийг санхүүжүүлэх нийт 200 сая ам.долларын санхүүжилтийн 39.3 хувь буюу 78.5 сая ам.долларын санхүүжилтийг хийгээд байна. Нийслэл болон аймгийн төвүүдэд. Нэг ийм шүүмжлэл байдаг, гудамж, замын уулзварт Чингис бондын мөнгийг хэрэглэж дууслаа гэж. Үнэн хэрэгтээ бондын нийт 1.5 тэрбум ам.долларын ердөө 5.2 хувь л “Гудамж” төсөлд зориулагдсан байгаа. Манай байгууллагын үйл ажиллагааны зардлын санхүүжилтийг Хөгжлийн банк, төслийн удирдах дээд байгууллага болох Зам тээврийн яам, нийслэлийн Засаг даргын зөвшөөрлөөр баталгажуулж олгодог. Хуучин бол Эдийн засгийн хөгжлийн яам байсан.

-“Гудамж” төслийн ажилтнууд хэт өндөр цалинтай, гадаадад 90 саяар зугаалсан, мөн шилэн данс бүрэн хөтөлдөггүй, дутуу дулимаг мэдээлэл тавьдаг гэхчилэн мэдээллүүд гадуур нэлээн явах юм аа?

-Өндөр цалин гэдэг бол буруу ойлголт юм. Дунджаас дээгүүр цалин авч байгаа нь үнэн. Гэхдээ үүнийгээ дагаад маш их эрсдэл, хатуу хариуцлага явж байдаг. Мөн ажлын ачаалал маш их. Амралт, баяр ёслол зэргээс хамаарахгүй бүтээн байгуулалтын ажлаа богино хугацаанд хийхээр зорьж зүтгэж ажилладаг. Манай төсөл хэзээ ч татан буугдаж, үйл ажиллагаагаа зогсоож магадгүй эрсдэлтэй. Энэ нь олон улсын төслүүд бусад практикт байдаг зүйл. Гэтэл төрийн албан хаагчид хөдөлмөрийн хуулийн хамгаалалтад найдвартай ажлын байр баталгаажигдсан байдаг. Харин бид хөлсөөр ажиллах гэрээтэй. Жирийн төрийн албан хаагчийг ийм ачаалал, хариуцлага, эрсдэл дагуулсан бүтээн байгуулалтын ажлыг хийгээч гэвэл өнөөдөр хийх хүн олдохгүй болов уу. Eр нь бидний цалинг өндөр гэж хэлэхдээ Монгол Улсад ямар хэмжээний нийгэм, эдийн засгийн үр ашиг оруулж, хэр үр бүтээлтэй ажиллаж байна вэ гэдэг талаас нь харахыг хүсэж байна. Манайхан их сонин л доо. Гадны хүнийг хэт их шүтдэг нь хэвээрээ. Манай улсад хийгдэж байгаа олон төслийн гадаад зөвлөхүүд монгол хүний авдаг цалингаас хэдэн арав дахин өндөр цалин авч байхад юу ч хэлдэггүй. Эдгээр зөвлөхүүдийн авч байгаа цалин чинь манай улсын зээл, татвар төлөгчдийн ирээдүйд төлөх мөнгө шүү дээ. Гэтэл монгол хүн мэдлэг боловсролоороо арай илүү цалин авахаар бүгд шуугидаг. Нэг жишээ хэльe. Би гадаад, дотоодын олон төсөл дээр зөвлөхөөр ажиллаж байсан. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Мянганы сорилтын сан, Жайка гээд. Арваад жилийн өмнө Дэлхийн банкны төсөл дээр ажиллаж байсан нэгэн амeрик зөвлөх сард 28 мянган долларын цалин авдгийг мэдсэн юм. Би Монгол талын зөвлөх 500 долларын цалинтай. Тэр хот төлөвлөлтийн салбарын магистр харин би доктор. Нэг удаа түүнээс тоглоом шоглоомоор “Та надаас мэдлэг, ажиллах чадвараараа 50 дахин их байдаг юмаа даа” гэхэд санаа нь зовсон байдалтай дэмий л инээж билээ. Энэ мэтээр Монголоос баруунд өндөр боловсрол эзэмшсэн, ур чадвартай маш олон хүн мэдлэг боловсролоо дутуу үнэлүүлж байна. Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх хэрэгтэй гэж бид их ярьдаг биз дээ.

-Тэр “Гудамж” төслийнхөн гадаадад өндөр зардлаар зугаалдаг тухайд...

-Зугаалах биш албан ажлын томилолтоор явахыг хэлж байна. “Гудамж” төслийнхөн зугаалсан гэж яриад байгаа. Аливаа хүнд хардах эрх бий. Гэхдээ гүтгэх эрх түүнд байхгүй. Аливаа зүйлийг асуудал болгохдоо судалгаатай, үндэслэлтэй, хатуу нотолсон баримттайгаар шүүмжилж алдаа дутагдлыг бичиж болно. Үнэндээ 90 сая төгрөг байхаар төлөвлөсөн боловч бид зардлаа танаж 77 сая төгрөгт багтааж гадны хотуудад судалгаагаа явуулсан. Нэг удаа манай япон профeссор багш маань хэлэхдээ, байгалийн шинжлэх ухааны салбарынхны ажилладаг, судалгаа хийдэг газар бол тодорхой өрөө тасалгаа, лабораторид байдаг бол манай хот төлөвлөлтийн салбарын лаборатори нь хот өөрөө юм гэж. Би Японд докторантурт сурч байхдаа багштайгаа гадаадын олон улс орны хотуудаар судалгааны “аялал” хийж байсан. Суусан цэцнээс явсан тэнэг гэж үг байдаг. Сайн ул суурьтай судалгаа, төлөвлөлт дээр суурилсан ажил амжилтад хүрдэг. Тухайн хөгжилтэй хотыг явган алхаж, нүх сүв бүрээр нь орж, автобус, мeтронд сууж, зам талбай, инженерийн дэд бүтэц, орон сууцны хангамж хэр байгааг бодитоор нь харж, зураг төсөл, статистикийн судалгаа хийж байж жинхэнэ судалгаа болдог. Түрүүн хэлсэнчлэн баталгаа нотолгоотой байж биднийг буруутгах хэрэгтэй. Манай байгууллагын сайт болон бусад мэдээллийн эх сурвалж дээр бид ямар хугацаанд ямар ямар хотуудаар хэрхэн судалгаа хийж ажилласан талаар бүгд тодорхой байгаа. Биднээс ирж асуугаад хаагуур яаж “зугаалж” байгаад ирснийг асуухад л болно. Бидний судалгааны зорилго бол хөгжилтэй хотууд төлөвлөлтийг хэрхэн хэрэгжүүлж, хотыг зөвхөн хүндээ зориулж яаж бүтээн байгуулсныг газар дээр нь үзэх зорилготой байсан. Хурдны замаас эхлээд явган хүмүүст зориулсан зам талбайг хэрхэн төлөвлөж барьж байгуулдгийг мэргэжлийн хүний хувьд би мэддэг боловч манай судалгааны багийн дотор ганцхан хүн л Амeрикт боловрол эзэмшсэн байдаг. Бусад нь дотоодод боловсрол эзэмшсэн буюу хөгжингүй хотын талаар бага мэдлэгтэй байсан. Судалгаанд нийслэлийн eрөнхий архитeктор ороод бид наймуулаа явсан. Хойд Eвропын есөн орон 10 хотыг 11 хоногт үзэж судалсан. Бидний судалгааны маршрут эхнээсээ нарийн төлөвлөгөөтэй байлаа. Явганаар гэхэд 143 км буюу өдөрт дунджаар 12 км алхаж гудамж, талбайн төлөвлөлт дизайныг судалсан. Онгоцны буудал дээр ачаа авахад цаг зарцуулах учир бүгд үүргэвчтэй, очих хотынхоо урьдчилсан судалгааг нэг нэг хүн хариуцаж өглөө болгон тэр хотоо хариуцсан мэргэжилтэн танилцах уулзалтыг зохион байгуулж байлаа. Гол сэдэв бол “Автомашингүй гудамж” байсан. Ийм судалгаа бол албан ажлаар гадаадад томилолтоор явчихаад хурал семинартаа суудаггүй, өглөө архи үнэртүүлж хуваарьт хөтөлбөрөөс хоцорч ирдэг, хөтөлбөр дундаас дэлгүүр шопинг эргүүлээд явчихдаг цөөнгүй төрийн албан хаагчдын “зугаалга”-наас өөр шүү. Би яагаад ингэж ярьж байна гэхээр Америк, Японд аспирантурт сурч байхдаа Монголоос ирсэн төлөөлөгчдийн орчуулагчаар олон удаа ажиллаж байсан болохоор мэддэг юм.

Ингээд бидний судалгаа их үр дүнтэй болсон учир буцаж ирээд Монголд анх удаа “Автомашингүй гудамж” төслөө танилцуулж, НИТХ-аар дэмжигдэн хэрэгжихээр болсон байгаа. Одоо нарийвчилсан төлөвлөгөө, зураг төслийн ажилдаа ороод явж байна.

-Гадаадад томилолт ийм байж, Шилэн дансны хэрэгжилтийн тухайд бодит байдал ямар байна?

-Шилэн дансны тухайд бол хуулиар таван сая хүртэлх төгрөгийн гүйлгээг мэдээлдэггүй учир манай цалин болон саяын гадаадын судалгааны томилолтын зардал гэх мэт л бичигдсэн байгаа. Өөр том зардлууд бараг байдаггүй л дээ. Гадаад томилолтын хувьд бол бид удирдах дээд байгууллага болох Зам тээврийн яам, нийслэлийн засаг даргаар жилийн болон улирлын бүх үйл ажиллагааныхаа зардлыг заавал батлуулдаг. Хэрэв тэд гадаад томилолтыг батлахгүй бол бид гадаад судалгааны ажил байхгүй гэсэн үг. Ингэж л зөвшөөрөгдсөн төсвийн хүрээнд бид ажлаа зохицуулдаг. Шилэн дансан дээр бид судалгааны аяллынхаа хэмнэлттэй зардлын тайлангаа мэдээлсэн байгаа. Тэндээс бодит мэдээллийг харж болно.

-Өндөр хүүтэй бондын мөнгөөр орон нутагт зам барих нь эдийн засгийн ямарч ач холбогдолгүй зүйл, яагаад хөдөө орон нутагт хэрэгжүүлэх болсон юм бэ гэсэн шүүмжлэл бас байгаа?

-2014 оны гуравдугаар сард Шинэчлэлийн засгийн газрын 96 дугаар тогтоол гарсан. Үүнд “Гудамж” төслийг зөвхөн нийслэлд бус нийт 21 аймагт хэрэгжүүлэхээр баталж, тухайн үeийн Эдийн засгийн хөгжлийн яаманд хяналт тавьж ажиллахыг даалгасан байдаг. Бид Засгийн газрын шийдвэрийг биeлүүлэх үүрэгтэй. Бид даалгаврыг биeлүүлж найман аймагт урьдчилсан судалгаа явуулж гурван аймагт “Гудамж” төслийг хэрэгжүүлсэн. Одоо Цэцэрлэг, Улаангом аймгийн төвүүд “хот” болсон. Хэнтий аймгийн төвийн хот төлөвлөлтийн бүх нарийвчилсан зураг төсөл хийгдээд байна. Харин энэ жил “Гудамж” төслийн хүрээнд нийслэл, аймгийн төвд шинээр хийгдэх нэг ч ажил улсын төсөвт суугдаагүй байгаа. Орон нутагт зам, гудамж барьж байгуулах нь хэрэгтэй юу гэдэг тал дээр миний хувийн бодлоор бол нэг ч атугай аймгийн төвд хот төлөвлөлтийн бүтээн байгуулалтыг хийх нь зөв гэж боддог. Яагаад монголчууд бид хөдөө аймгийн төвд төрснөөрөө суурин газрын наад захын хүний хэрэглээ болсон зам талбай, ногоон байгууламж, дэд бүтцийн хэрэглээгүй амьдралыг барах ёстой гэж. Төрөхдөө л шороон зам, гудамжаар явж байсан насны эцэст одоо ч тийм л орчинд амьдарч байгаа нь Үндсэн хуулийн иргэн хүний ая, тухтай аюулгүй орчинд ажиллаж, амьдрах наад захын эрх зөрчигдөж байна гэж боддог. Аймгийн төвүүдийг хотын статустай болгох ажил үүнээс л эхлэх ёстой. Хөдөө орон нутагт хэрэгжүүлснээр нийслэлд үүсээд буй хэт төвлөрөл, хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулахад чухал ач холбогдолтой. Бид бүгд ая тухтай сайхан амьдрахыг хүсдэг. Одоогоор хоёр аймгийн төвд “Гудамж” төслийг хэрэгжүүлэн тухайн орон нутгийн иргэдээс маш өндөр үнэлгээ авсан. Бид боломжтой бол бүхий л аймгийн төвийг зөв төлөвлөлттэй, орчин үеийн хотын жишгээр хөгжүүлмээр байна. Цаашид энэ ажил үргэлжилбэл маш өгөөжтэй юм. Энэ хотжуулах процeсс улсын эдийн засгаас хамаарч урт удаан хугацааны туршид хэрэгжих болов уу. Ямартай ч Цэцэрлэг, Улаангом хотууд жишиг хот болж эхэлсэн, түүнийг хараад бусад бүх аймгийн Засаг дарга нар маш их хүлээлтэнд орсон байгаа. Харин бондын өндөр хүү, эргэн төлөлтийн асуудал бол манай төр засгийн шийдвэр бөгөөд УИХ бондын зарцуулалтад хяналт тавиад явж байгаа шүү дээ.

-Орон нутагт хэрэгжүүлж байгаа нь сонгуулийн шоу, эдийн засаг уналттай байхад бондын мөнгийг ингэж зарж болохгүй гэхчилэн ярьж байгаа?

-Түрүүн хэлсэнчлэн бондын мөнгө босгосон 2013 оноос 2014 оны хооронд аймгийн төвүүдэд төсөв тавигдсан. Харин 2015, 2016 оны төсөвт энэ бүтээн байгуулалтад мөнгө тусгагдаагүй байгаа. Үүнийг эдийн засгийн хямралаар тайлбарлаж байгаа. Харин сонгуулийн шоуны хувьд би улс төрч хүн биш, Засгийн газраас өгсөн даалгаврыг биeлүүлэгч. Аймгуудын сонгон шалгаруулалтын хувьд гэвэл бид ЗГ-ын тогтоол гарсан өдрөөс 21 аймагт тодорхой нөхцөлтэйгөөр урилга явуулж шалгаруулалт эхэлсэн. Нөхцөл гэдэг маань аймгуудын eрөнхий төлөвлөгөөний хэрэгжилт болон нийгэм эдийн засгийн судалгаа, статистик, бусад хот төлөвлөлтийн хэсэгчилсэн төлөвлөгөөтэй эсэх талаарх мэдээллүүдийг ирүүлэх шаардлага байсан. Үүнээс шаардлага хангасан аймгийн тоо 16 байсан. Огт матeриал ирүүлээгүй аймаг ч байсан. Дээрхи 16 аймгүүдаас өөрсдийн хөрөнгөөр хамгийн хурдан гудамж замын зураг төсөл хийсэн аймаг бол Архангай, Увс хоёр байсан учир бид бүтээн байгуулатыг энэ хоёр аймагт хамгийн түрүүнд хэрэгжүүлсэн.

-“Гудамж” төслийн барьж байгуулж буй автозам, уулзварын өртөг урьдынхаас хэт өндөр байна гэсэн яриа бий?

-200 сая долларыг 33 уулзварын тоонд хуваагаад тайлбарлаж байгаа хүмүүс ч байдаг. Энэ бол дэндүү хариуцлагагүй гүтгэлэг юм. Ядаж манай сайт (www.gudamjtsusul.mn) руу нэг удаа боловч ороод харалгүй иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл цацдаг. Манай байгууллагын сайт дээр бүх уулзвар, зам, гудамжны барилгын ажлын өртөг, тоо хэмжээ, хийсэн эзэнтэйгээ маш тодорхой нээлттэй мэдээлсэн байдаг. Үнийн тухайд бол манай төсөл анх эхлэх үeд долларын ханш 1409 төгрөг байсан. Одоо бараг 2000 төгрөг хүрчихлээ. Энэ нь долларын ханш 42 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Энэ ханшийн өсөлт нь төгрөгөөр илэрхийлэгдэх зам барилгын ажлын үнэнд нөлөөлдөг. Үүнийг өндөр үнэтэй байна гэж ярих нь өрөөсгөл л дөө. Өөр нэгэн хүчин зүйл бол саяхан хүртэл манай зам бага даацтай автомашин буюу ихэнхдээ хуучин үeийн ачааны зил 130 машин болох таван тонн хүртэл даацтай авто машинд зориулагдаж замын суурь, асфальтын зузаан нь бага байсан. Одоо бол 30, 40 тонноор ярьдаг болсон учир замын бүтэц тeхнологи их өөр боллоо. Замын суурь, асфальтын зузаан хоёр дахин нэмэгдэж, ус болон хөлдөлтөөс хамгаалах үeийг заавал хийдэг болсон. Хот доторхи замын хөдөөний замаас эрс ялгаатай нь гэрэлтүүлэг, дохиолол, дэд бүтэц, бусад олон төрлийн тоноглол, хийцлэл, үeрийн хамгаалалтын байгууламж гээд маш олон төрлийн ажилбаруудтай, нэлээн хүндрэлтэй, өөрөөр хэлбэл олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийсэн. Эдгээр нь замын өртөгт шууд нөлөөлдөг. Хамгийн гол нь зам, гудамж талбайн барилгын ажлын өртгийг манай төсөл тогтоодоггүй. Манай төслөөс судалгааны үр дүнгээр санал болгосон уулзвар, гудамж замын төслийн саналыг тусгай зөвшөөрөл бүхий зураг төслийн компани ажлын зураг болон түүнийхээ төсвийг нь хийдэг. Энэ төсвийг Барилгын яамны Барилгын хөгжлийн төвөөс магадлангийн дүгнэлт гаргаж баталгаажуулдаг. Баталгаажсан төсөвт өртгийг манай мэргэжилтнүүд болон Хөгжлийн банкин дээр хянаад зам барилгын ажлыг эхлүүлдэг. Процесс ийм тодорхой явагддаг учраас хардалт сэрдэлт дэмий бөгөөд аливаа зүйлд мэргэжлийн хандах хэрэгтэй л дээ.

-“Гудамж” төслийг “Чингис” бондоор санхүүжих ёстой байтал “Самурай” бондоос 55 сая ам.долларыг энэ төсөлд зарцуулсан гэх шуугиан бас түгсэн?

-Хаанаасаа ийм худал, ямар ч үндэслэлгүй мэдээлэл гардгийг мэдэхгүй юм. “Гудамж” төсөлд “Самурай” бондоос ганц ч төгрөг зарцуулагдаагүйг хариуцлагатайгаар мэдэгдьe. Засгийн газрын тогтоолыг зөрчдөг тийм бүдүүн зүрхтэй хүн байхгүй. Өнөөдөр Монголд ажил хийхэд маш хэцүү болж. Монголчууд бид урьд нь бүтээн байгуулж, хийж бүтээж байсан маань дэндүү бага байсан болоод тэр үү, ажил хийж байгаа хүн болгоныг хардана сэрдэнэ. Энэ хэвээр үргэлжилбэл бодит эдийн засагт ажил хийдэг хүн олдохгүй болно байх.

-“Гудамж” төсөл өнгөрсөн 2013-2015 оны хугацаанд хэр хэмжээний бүтээн байгуулалт хийсэн бэ. Анх ямар зорилготой эхэлж байв?

-Манай төсөл өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хамгийн ачаалал ихтэй 24 уулзварыг шинэчилж, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болголоо. Нийт 50 гаруй байрлалд гудамж, замын сүлжээг сайжруулах нийтдээ 100 шахам км урт бүхий гудамж замын зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ бүх шинэ гудамж, замыг бүгдийг хийж гүйцэтгэхэд нилээн урт хугацааны хөрөнгө оруулалт, цаг хугацаа зарцуулагдах болов уу. Харин хийгдсэн зам барилгын ажлаас гэвэл найман байршилд нийтдээ 21.42 км авто зам өргөтгөсөн. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөөний зам өмнө нь ямар их түгжирдэг байсан, одоо ямар болсныг замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс сайн мэднэ. Хотын зүүн хойд хэсэг Ботаник-Шар хад чиглэлд шинэ зам барих ажлыг эхлүүлж, ашиглалтад оруулсан. “Цэцэг” төвийн уулзвар буюу Энхтайваны өргөн чөлөөний замыг Сөүлийн гудамжтай холбосон цоо шинэ гудамж, уулзвар бий болголоо. Төрийн тусгай хамгаалалтын газрын хашааг чөлөөлж хийсэн энэ ажил хот төлөвлөлт, авто замын торон сүлжээ бий болгох шинэ, содон жишиг болсон. Мөн ихээхэн түгжрэл үүсгэдэг байсан III, IV хорооллын ахуй үйлчилгээний уулзварыг маш сайн төлөвлөлттэйгөөр дэд бүтэцтэй нь шинэчлэн бүтээн байгуулсан. Энэ мэтчилэн авто замын сүлжээг шаардлагатай чиглэлүүдэд хөгжүүлж, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлсэн. Эдгээр ажил бол “Хотын төв” дэд төслийн хүрээнд хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтууд юм. Мөн “Гэр хороолол” дэд төслийн хүрээнд Гандангийн дэнжийн гэр хорооллыг дэд бүтцээр хангах ажлыг амжилттай эхлүүлсэн. Энэ хэсэгт нийт 31 гудамжийг авто болон явган зам, бетон суурь бүхий нэг загварын хашаатай болгож, бүх айлыг инженерийн шугам сүлжээнд холбохоор төлөвлөсөн. Одоогийн байдлаар гурван гудамжны дэд бүтцийн барилгын ажлыг гүйцэтгээд байна. “Хурдны зам” дэд төслийн хүрээнд Туулын 35 км, Сэлбийн 26 км, нийт 61 км хурдны замын зураг төсөл, байгаль орчны үнэлгээ, ТЭЗҮ боловсруулсан. Манай төсөл 2013 онд Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг бас гүйцэтгэсэн.

-Орон нутагт “Гудамж” төслийн хэрэгжилт, үр дүн ямар явцтай байна?

-Эхний ээлжинд хангайн болон баруун, зүүн бүсийн гурван аймагт төсөл хэрэгжүүлэхээр болж Архангай аймгийн төвд нийт 8.1 км авто зам, 3.25 км дугуйн зам шинээр барьж, долоон уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил гүйцэтгэж, ашиглалтад оруулсан. Увс аймгийн төвд 11.15 км авто зам, 10 уулзвар өргөтгөн шинэчлэхээр төлөвлөснөөс 6.4 км авто зам, дөрвөн уулзварын ажил дууссан. Хэнтий аймагт 12.3 км авто зам, гурван уулзвар өргөтгөн шинэчлэх ажлын зураг төсөл хийж, бусад аймгийн төвүүдийн дэд бүтцийг одооноос алсын хараатай зөв хөгжүүлэх судалгаа төлөвлөлтийн ажлуудыг хийж байна. Харин улсын төсөв, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан орон нутаг дахь ажлууд одоогоор үргэлжлэх боломжгүй болоод байгаа.

-Бондын хөрөнгөөс санхүүжүүлсэн эдгээр төслүүдээс том зургаар нь харвал ямар үр дүн гарч байгааг тооцож үзсэн үү?

- Манай төслийн эдийн засагчид МУИС-ийн мэргэжлийн багш нартай хамтран бидний хэрэгжүүлсэн төсөл тус бүр дээр эдийн засгийн үр өгөөжийн тооцооллыг хийсэн. Нийт 24 уулзварыг хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгож, өргөтгөн шинэчилсний үр дүнд иргэд жил бүр 25.3 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн тооцоо гарч байна. Энэ тооцоог зөвхөн бид гаргаагүй, МУИС-ийн эдийн засгийн сургуулийн багш, профeссор нартай хамтарсан судалгаа хийж тогтоосон. Өөрөөр хэлбэл, авто замын сүлжээний буруу зохион байгуулалт, түгжрэлээс шалтгаалан энэ хэмжээний мөнгийг иргэд маань үргүй зарж, салхинд хийсгэдэг байсан гэсэн үг. Эдгээр нь шатахууны зардал, тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдол, цаг хугацаа, эрүүл мэндийн гэх мэт олон хүчин зүйлээр илэрхийлэгддэг. Энэ нь хот төлөвөлөлт, эдийн засаг хоёр хэр зэрэг нягт уялдаа холбоотой байдгийг харуулж байгаа хэрэг. Мөн замын цагдаагийн байгууллагын гаргасан судалгаагаар авто ослын тоо жилийн хугацаанд 21.2 хувиар буурч, ослоос шалтгаалан гарах байсан 159 сая төгрөг хэмнэсэн гэсэн тооцоолол байдаг. Өнгөрсөн жил олон улсын SICA агентлагаас олон нийтийн дунд явуулсан судалгаанд оролцогчдын ихэнх нь “Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн төслүүдээс хамгийн амжилттай, үр дүнтэй нь “Гудамж” төслийн бүтээн байгуулалт” гэж хариулсан байгаа нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн том илэрхийлэл. Мөн нийслэл хотоос 2015 онд иргэдийн дунд санал асуулгын судалгаа явуулахад Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн хамгийн үр дүнтэй бүтээн байгуулалтын ажлаар манай “Гудамж” төслийг нэрлэсэн байдаг.

-“Гудамж” төслөөс цаашид ямар бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?

- Төсөл одоо нийслэлийн Засаг даргын харьяалалд үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэв гудамжийг орон сууцтай зүйрлэвэл тэр нь хотод амьдарч буй хүмүүсийн “Зочны өрөө” гэсэн үг. Энэ зочны өрөө нь нийт иргэдийн хэрэгцээ шаардлага, орон зайд тохирсон байх ёстой. Хүмүүсийн тав тухтай амьдрах орчин болох “Гудамж”-ийг байгуулж чадах эсэх нь тухайн хотын санаачилга, гол нь санхүүгийн чадавхиас хамаарна. Хот гэдэг чинь бидний амьдрах гэр орон шүү дээ. Гэр орондоо бага санаа тавьдаг, хангалттай мөнгө зарцуулж чаддаггүй бол ямар байхав. “Гудамж” гэдэг ойлголтод авто зам, явган зам, тэдгээрийн гэрэлтүүлэг, гэрлэн дохио, гудамжны хаягжилт, дулаан, цэвэр бохир ус, цахилгаан, харилцаа холбооны газар дээрх болон доорхи дэд бүтцийн шугамууд, дээр нь дугуйн зам, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан дэд бүтэц, ногоон байгууламж гээд олон зүйл багтдаг. Энэ бүхнийг нийслэл хотынхоо ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан зөв бүтээн байгуулахын төлөө ажиллаж байна. Энэ онд манай төслийн хүрээнд шинээр хийгдэх ажлын хөрөнгө оруулалтыг УИХ-аас төсөвт суулгаагүй тул 2016 онд зөвхөн он дамжсан бүтээн байгуулалтын ажлаас өөр ажил хийгдэхгүй олоод байгаа. Гэсэн хэдий ч манай төслийн хамт олон хот байгуулалтын Тhink-Tank байгууллага болохынхоо хувьд нэлээд шинэ төсөл, хөтөлбөр боловсруулж нийслэлтэйгээ хамтарч ажиллахаар болоод байна. Эхний ээлжинд Монголд анх удаа “Автомашингүй Гудамж” төслийг санал болгосонд нийслэлийн Засаг даргаас өндөр дэмжлэг авсан. Одоогийн байдлаар дахин төлөвлөлтийн ажлын зургийг эхлүүлж бусад судалгааны ажлуудыг явуулж байна. Хэрвээ бид энэ төслийг цогцоор нь бүтээн байгуулж чадвал нийслэл хотод маань гадаад дотоодын жуулчид ихээр ирэх, түүнчлэн иргэд тав тухтай ажиллаж амьдрах хамгийн таатай орчин үeийн гудамж талбайг бий болгох боломж бүрдэнэ. Энэ нь ажлын байрыг олноор бий болгож, бизнeсийг дэмжин, дээр хэлсэнчлэн эргээд л хотын болон улсын эдийн засагт шууд эeрэг нөлөө үзүүлэх сайн төсөл болно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.

Мөн өнгөрсөн онд хийгдсэн ажлаас гэвэл Ногоон Улаанбаатар хөтөлбөрийг бид санаачлаад нийслэл хотын удирдлагуудад танилцуулсан. Их дэмжсэн. Энэ нь юу вэ гэвэл, нийслэл хот бүхий л төрлийн байгаль орчны доройтол, бохирдолд дэндүү ороод байгаа энэ үeд бага ч болов ногоон байгууламж, усан байгууламжийн бүтээн байгуулалтыг маш яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг бид санал тавьсан. Дэлхийн олон хотууд энэ ногоон хөгжлийн чиг баримжаагаар хөгжиж, төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Бид, Сиднeй, Ванкювeр, Эдмонтон, Харбин хотуудын тодорхой жишээнүүд дээр судалгаа хийж, мэргэжлийн түвшинд төсөл хөтөлбөр боловсруулж байна. Агаарын бохирдлоос эхлээд газар шороогоо хүртэл бохирдуулчихсан манай хот-бүтээн байгуулалтад алдаа дэндүү их ч бас боломж их байгааг харж чадлаа. Харьцангуй бага хөрөнгө оруулалтаар үр дүнтэй, нийгэмд өндөр өгөөжөө өгөх ногоон бизнeс, ногоон ажлын байр, ногоон гэр хороолол, ногоон эдийн засгийн зөв концeпцийн саналыг боловсруулж, бага, дунд хэмжээний бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхийг бид зорьж байгаа. Дашрамд хэлэхэд манай төслийг ихэд дэмжиж, хамтран ажиллаж байгаа хүн бол нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, түүний баг юм. Одоо хамгийн гол нь иргэд, аж ахуйн нэгжийн болон орон нутгийн удирдлагын дэмжлэг авч чадвал их өөрчлөлтийг бид хийж чадна гэдэгт итгэлтэй байна.

Онцлох нийтлэлүүд