Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Өдрийн сонины дугаарт
2017.01.11 09:01

Б.Батзориг: Засгийн газраа дэмжиж, үр дүнг нь харах ёстой

УИХ-ын гишүүн Б.Батзоригтой ярилцлаа.


-Шинэ парламент ажиллаад хагас жил өнгөрсөн байна. Гол хийсэн ажил нь юу байв?

-Юуны өмнө шинэ оны мэнд хүргэе. 2016 оны намрын ээлжит чуулган аравдугаар сарын 3-нд эхэлсэн. Энэ хооронд хэд, хэдэн томоохон ач холбогдол бүхий хууль тогтоомжийг баталлаа. Юун түрүүнд мэдээж хэрэг 2017 оны төсвийн тухай хууль. Мөн Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Эдийн засгаа сэргээх хөтөлбөр гэхчилэн хууль тогтоомжийг баталсан байна. Төсвийн орлого 6.1 их наяд, зарлага 8.5 их наяд. Алдагдалгүй төсөв батлах гэж нэлээн хичээсэн ч улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас яалт ч үгүй хамаарсан. Одоо харин урагшаа харж ажиллах хэрэгтэй байна. Хамгийн гол нь МАН сонгуулиар түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг хичээж байгаа. Эдийн засаг хүнд байгаа ч гэлээ Боловсролын зээлийн санд 104.5 тэрбум төгрөг төсөвт суулгасан. Мөн хүүхдийн мөнгийг 60 хувьд нь бэлнээр олгож байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиа үргэлжлүүлэхээр болсон. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 2557 иргэн хүүхэд харагчийн гэрчилгээгээ авчихсан байгаа. Хөтөлбөрт 6300 гаруй хүүхэд хамрагдана. Бас ахмад настны нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулж өгсөн. Жилдээ хоёр удаа насны хишиг олгож байхаар боллоо. Үүнд 20.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ахмадууд маань цагаан сар болон улсын их баяр наадмын өмнө дээрх хишгийг авах юм. Харин оны эхэнд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд шинэчилсэн найруулгаар өөрчлөлт оруулах гэж байна. Мөн тэтгэвэр, тэтгэмж, малчдын нийгмийн даатгалын тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцээд явж байгаа. Гэх мэтчилэнгээр маш олон хууль, тогтоомж батлаад байна.

-Эдийн засаг хүнд байгаа. Гэтэл танай нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа нэрийдлээр мөнгө тарааж байна. Халамжийг хавтгайруулахгүй байж болдоггүй юм уу?

-Эдийн засгийг сэргээхийн тулд томхон төсөл, хөтөлбөрүүдээ хөдөлгөе гэсэн байр суурьтай байгаа. Оюу толгойн далд уурхайн төслийг урагшлуулахаар ярьж байна. Таван толгой, Төмөр замын төслүүдийг хөдөлгөх хэрэгтэй байна. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд гадны банкны салбарыг эх орондоо оруулж ирэхээр ажиллаж байна. Бизнесийн чиглэлийн төслүүд зах зээлийнхээ жамаар хэрэгжээд явна. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тухайд ард түмэндээ амласнаа биелүүлэх ёстой. Тэр утгаараа халамжийн төслүүдийн санхүүжилтийг төсөвт суулгаад явж байгаа. Өнөөдөр иргэдийн амьдрал хэцүү байхад төр барьж буй хүмүүс хараагүй мэт царайлаад явж болохгүй. Тиймээс амласнаа биелүүлж байна. Хүүхдийн мөнгө, насны хишгээ олгоё гэдэг үүднээс ажиллаж байгаа. -УИХ-ын дарга Эмиратад айлчлах үеэр бэлэн төсөл, хөтөлбөр байвал санхүүжүүлье гэсэн байна лээ. Гэтэл манайхан мөнгө л хэрэгтэй гэхээс биш юунд зарцуулахаа нарийн хэлж мэдэхгүй байгаа юм биш үү?

-Том төсөл, хөтөлбөр бол бий. Таван толгойгоос эхлээд ярьж болно. Гол нь зөв хөдөлгөх хэрэгтэй. Эрдэмтэн судлаачдаа оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж улс орондоо ашигтай байдлаар хөдөлгөмөөр байгаа юм. Төмөр замын төсөл байна. Бидэнд маш хэрэгтэй төсөл. Томхон төслүүдээ ямар нэгэн байдлаар улстөржүүлэлгүйгээр явуулах ёстой. Аливаа нэг том төслөө хөдөлгөе гэхээр улстөржөөд байдаг. Гадны банк оруулж ирье гэхэд дотоодын арилжааны банкууд эсэргүүцээд эхэлдэг. Өнөөдөр манай улсын ажил хөдөлмөр эрхэлдэг ихэнх хүн цалингийн зээлтэй байгаа. Аж ахуйн нэгжүүд ч зээлээр ч бизнесээ эрхэлж байна. Жилд доод тал нь 20 хувийн хүүтэй зээл авч хүүгийн дарамтад амьдарч байна. Гэтэл гаднаас бага хүүтэй зээл өгөх банк оруулаад ирэхэд юу нь буруу гэж. Маш олон төсөл бий. Санхүүжүүлэх мөнгө л дутаж байна.

-Таван толгойг хөдөлгөх асуудал юу болж байна вэ. 49 хувийг хятадуудад худалдах нь гэх яриа гарч байна. Энэ талаар танай намын бүлэг дээр юу гэж ярьсан юм бол?

-Томхон төслүүдээ хөдөлгөхөөр ярьж байгаа. Гэхдээ яг ширээний ард суугаад хоёр талаасаа хэлцэл хийж байгаа зүйл байхгүй юм билээ. Ер нь яаж хөдөлгөх вэ гэдэг тал дээр судалгааны ажлууд хийж байгаа гэх мэдээлэл Засгийн газраас өгсөн.

-Оны эхээр ОУВС-тай хамтарч ажиллах ажил нэлээн тодорхой болно гэж байсан. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах явц юу болж байгаа вэ?

-Засгийн газар ажиллаж байгаа. Өнгөрсөн онд манай улсын зээлжих зэрэглэл –B байсан бол он гарснаар С болж байна. Байдал улам муу болж байна гэсэн үг. Хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа газрууд судалгаагаа явуулж байгаа байх. Яг өнөөдрийн байдлаар шийдчихсэн зүйл алга.

-Засгийн газар хэтэрхий удаан ажиллаад ямар ч асуудал шийдэж чадахгүй байгаа юм биш үү?

-Удаан ажиллаж байна гэж хэлж болохгүй. Харин ч энэ удаагийн парламент маш богино хугацаанд Засгийн газраа бүрдүүлж ажиллаж чадсан. Ажиллаад дөнгөж зургаан сар болж байна. Хийх ёстой ажлуудаа хийгээд л явж байгаа. Байгуулсан Засгийн газраа дэмжиж, үр дүнг нь харах ёстой. Өнөөдөр байгуулчихаад маргааш нь муулаад байвал ажил яаж олигтой урагшлах вэ. Бүтэн жил ажиллаадхаг. Тэр үед сайн уу, муу юу гэдгийг ярья. Хувь гишүүнийхээ хувьд Засгийн газрыг боломжийн ажиллаж байгаа гэж бодож байна.

-Та Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга. Дорвитой ажил хийхгүй юм уу. Улаанбаатарчууд утааны асуудлаас хэзээ гарах юм бэ?

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүлж байгаа. Оны өмнөхөн агаарын бохирдлыг бууруулахын тулд хийж буй ажлуудаа танилцуулсан байх. Агаарын бохирдол нийслэлчүүдийн санааг зовоож буй нь үнэн. Манай улсын тулгамдсан асуудлын нэг болчихлоо. Иймд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хөтөлбөртэй болсон. Хэд хэдэн ажил хийхээр төлөвлөж байгаа. Зүгээр нэг ярьсан төдийгөөр агаарын бохирдлыг бууруулна гэж байхгүй. Аж ахуйн нэгж, иргэн бүрийн оролцоо, санаачилга их чухал. Мэдээж хэрэг төрийн бодлого дэмжлэг хэрэгтэй байлгүй яахав. Юуны түрүүнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг цааш нь үргэлжлүүлэх ёстой. Гэр хорооллын дундуур инженерийн шугам сүлжээ татъя гэж байгаа. Жишээ нь, Баянзүрх дүүрэгт Амгалангийн цахилгаан станц ашиглалтад орсон. Түүнийг түшиглээд аж ахуйн нэгж, иргэдийг дулаанд холбох боломжтой. Ерөнхийдөө гэр хорооллын айл өрх рүү инженерийн шугам сүлжээ татах ажлыг төрөөс бодлогын хувьд дэмжиж ажиллана. Мөн нийтийн тээврийг дизелийн түлш хэрэглүүлэхгүй. Манай улс шиг нийтийн тээвэртээ дизел түлш хэрэглэдэг улс орон бараг байхгүй биз. Тиймээс нийтийн тээвэрт үйлчилж буй том оврын автобусыг дизель түлш хэрэглэхийг нь хязгаарлана. Оронд нь хий, газ ашиглаж болно. Үүнийг Засгийн газраас бодлогоор зохицуулна.

-Түүхий нүүрсний хэрэглээг яах вэ?

-Түүхий нүүрс хэрэглэхээс татгалзаж байгаа. Яаж эхлүүлэх вэ гэхээр эхний ээлжинд төрийн байгууллага үлгэр жишээ болох хэрэгтэй. Гэр хорооллын сургууль, цэцэрлэг, хороо, өрхийн эмнэлгийг дандаа нүүрсээр халааж байгаа. Үүнийг халж нарны эрчим хүч болон цахилгаанаар халаалтаа шийдэх хэрэгтэй. Оны өмнөхөн Ерөнхий сайд эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг тэглэх зоригтой шийдвэр гаргасан. Энэ ажил маш олон жил яригдаж байгаад энэ оноос хэрэгжиж байна. Миний мэдэхээр 2000 оноос хойш яригдаж байгаад Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хэрэгжиж байна. Одоо нэгэнт эрчим хүчний хэрэглээний шөнийн үнийг чөлөөлсөн юм чинь дагаад хийх олон ажил гарч ирж байна. Гэр хорооллын эрчим хүчний хүчдэлийг сайжруулах, кабелийг өргөтгөх, трансформаторыг шинэчлэх гэхчилэн ажил бий. Үе шаттайгаар хэрэгжүүлэхээр иргэд дулаанаа цахилгаанаар шийдэх байх. Ингэвэл маш олон яндан шөнийн цагаар ажиллахгүй. Тэр хэрээр утааны асуудал багасна. Гол нь иргэд, аж ахуйн нэгжийн санаачилга их чухал. Ерөнхий сайдын шийдвэртэй холбоотойгоор зарим нэг компаниуд эхнээсээ маш зөв санал гаргаж байна. “Мон ват” гэж компани л гэхэд шөнөдөө цахилгаан хуримтлуулдаг төхөөрөмж бүтээчихэж. Иймэрхүү санаачилгыг зоригтой дэмжээд ажиллавал ахицтай үр дүн гарах байх.

-Эрчим хүчний шөнийн хэрэглээг төлбөргүй болгосон уг шийдвэр хэр амь бөхтэй байх бол. Иргэд халаалтаа цахилгаанаар шийдсэн хойно эргээд хүчингүй болгочих юм биш биз дээ?

-Иргэд халаалтын системээ цахилгаанаар шийдээд агаарын бохирдол дорвитой буураад явбал уг шийдвэр үргэлжлээд явна.

-Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бэлэн төсөл, хөтөлбөр байхгүй тул ШУА-тай хамтран ажиллана гэж байсан. Тэндээс ямар нэгэн санаачилга гарч байгаа болов уу?

-Аж ахуйн нэгжүүдээс санаачилга гараад эхэлсэн. Үүний хажуугаар нүүрсний хэрэглээнээс татгалзъя гэж маш олон компаниас санал гарч байна. Үртсэн, хорголжин гээд янз бүрийн түлшний санал гарч байгаа. Иймэрхүү санаачилгыг төр зөв олж харж дэмжих нь чухал.


Онцлох нийтлэлүүд