ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.01.15 08:01

Б.Баттулга: “Болор цом” яруу найрагч, уншигч хоёрыг уулзуулдаг хамгийн гэгээн наадам гэж боддог

“Болор цом-36” наадмын тэргүүн байрын шагналт, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баттулгатай ярилцлаа.


-“Болор цом-36” наадмын тэргүүн шагналыг хүртсэнд баяр хүргэе. Мөн ерөнхий боловсролын сургуулиас анх удаа ардын багш энэхүү наадамд тэргүүн байр эзэллээ. Нэр тань дуудагдаж байх мөчид ямар мэдрэмж төрж байв?

-Баярлалаа. Тэгэлгүй яахав. Ардын багш ардын цолтон боллоо. Сургууль маань Болор цомтой боллоо. Болор цомын үеэр даваа ахих тусам олон бодол толгойд эргэлддэг юм билээ. Би түрүүлнэ гэж бодоогүй л дээ. Нэрээ сонсоод итгэмээргүй, тэгсэн хэрнээ их гоё мэдрэмж төрсөн. Энэ жилийн наадам Говьсүмбэр аймагт 36 дах удаагаа өнгөлөг, өргөн дэлгэр сайхан болж өндөрлөсөн. Өнгөлөг, өргөн дэлгэр гэж хэлэхийн учир нь Тува, Өвөрмонгол гэх зэрэг хилийн чанад дахь монгол туургатны яруу найрагчид маань МЗЭ-ийн 90 жилийн түүхэн тэмдэглэлт ойд зориулж шүлгүүдээ уншлаа. Миний бие энэ сайхан наадамд тэргүүлсэндээ маш их баяртай байна. Би “Болор цом 21” наадмаас хойш өдийг хүртэл 15 жилийн турш өөрийгөө сойсон. Энэ удаагийн наадамд “Дүүгүүрийн чулуу”, “Эргэх ургахуйн эгшиглэнт тавилан”, “Талархлын шүлэг буюу гүн ухааны сүлжээ бодролууд” хэмээх “Эрхин сонет” шүлгээрээ оролцлоо. Би “Гүн ухааны сүлжээ бодролууд” гэх бүлэг шүлэг бичье гэж бодож байгаа юм. Нэг нэртэй мөртлөө дотроо өөр өөр. “Болор цом” наадмын түүхэнд хамгийн урт шүлэг уншсан л даа. Аливаа зүйлийг өөрчилсөн, шинэчилсэн маягаар хүрсэн байх гэж бодож байна. 2015 оны “Болор цом” наадам ердөө мартагддаггүй. Хүн их сонин юм билээ. Тэр жил би өөрийгөө үхэж байна л гэж зүүдлээд байсан юм. Ийм зүүд ахиж зүүдлэхгүйн тулд өглөө босоод тэрхүү сэрэл мэдрэмжээрээ шүлэг бичье гэж бодсон. Ингээд л “Мөнгөн шөнө” гэдэг шүлгээ бичсэн. Мөн зүүдтэйгээ холбоотой хэд хэдэн шүлэг бичсэн юм. Наадам ч дөхсөн байсан. Ингээд хоёр шүлгээ явуултал тэнцчихсэн. Энэхүү шүлэг маань үхэж байгаа мэт боловч үхлээс нэг хаалт хийсэн байгаа.

Мөнгөн шөнөөр би холын холыг зорино

Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн гэгээнд уусна

Ийм аялалаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд

“Ирж буй цагийн тухай асгаруулан дуулмаар бодогдоно” гэх энэ мөрийг хэлж байгаа юм. Цаашдаа ч уран бүтээл минь үргэлжилнэ гэсэн утгатай.

-“Болор цом” яруу найргийн наадмын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Наадам дөхөөд ирэхээр сэтгэл догдлоод, нойр хүрдэггүй. “Болор цом” яруу найрагч, уншигч хоёрыг уулзуулдаг хамгийн гэгээн наадам гэж боддог. Ийм хэмжээний яруу найргийн наадам цөөхөн оронд л болдог. Жил ирэх тусам наадам маань улам өргөжин тэлж байгааг харах сайхан байна.

-Яруу найрагч болох зам мөр ээжээс тань улбаатай гэж сонсож байсан юм байна. Багаасаа яруу найрагт дурлаж байв уу?

-Яруу найргийн замд ээж минь болоод багш нар маань хөтлөн оруулсан. Бага насанд минь монгол хэл, уран зохиолын багш Өлзийбат, дараа нь МЗЭ-ийн Цэдэндоржийн нэрэмжит шагналт Л.Мягмарсүрэн багшаа нэрлэх байна. Би хоёрдугаар ангиасаа эхлээд хүмүүсийн шүлгийг уншдаг хүүхэд байлаа. 1980-аад оны эхээр гэсэн үг. Тухайн үед ээж маань Завхан аймгийн Жаргалант нэгдэлд ахлах тогоочоор ажиллаж байсан юм. Намайг дөрөвдүгээр ангийн сурагч байхад нэг өдөр ээж маань “Пионерийн үнэн” сонин аваад ирдэг юм байна. Монголын багш нарын баярыг угтсан хүүхдүүдийн дундах шүлгийн уралдааны зар тэр сонин дээр гарчихсан байсан. Ээж маань “Миний хүү энэ тэмцээнд шүлэг бичиж оролцооч гэдэг юм. Би шүлэг зохиож чадах болов уу гэтэл миний хүү чадна аа чадна” гэж хэлдэг юм байна. Удаа ч үгүй хэд хоногийн дараа бүр хуучирсан “Үнэн” сонин авчирдаг юм байна. Энэ дээр багшийн тухай дөрвөн аятайхан мөр байна. Миний хүү хуулаад биччих. Хаа байсан 50,60-аад оных юм байна. Хэн мэддэг юм гэсэн юм. Тэгэхээр нь би өнөөхийг нь хуулаад л биччихсэн. Нэмээд дөрвөн мөр ээж маань хэлж өгдөг юм байна. Би ч нэг их сүрхий амьтан болж, хоёр хүний найман мөр шүлгээ уралдаанд явуулах гээд сургууль дээрээ аваад ирлээ. Манай сургуулийн Лхамсүрэн багш их гоё бичнэ. Багшаар нэр хаягаа дугтуйн дээр бичүүлсэн чинь миний нэрийг буруу биччихдэг юм байна. Би чинь уг нь Базарсадын Тулгаа юм шүү дээ. Багш Базарсадын Баттулга гээд биччихлээ. Багшийн минь бичиг маш гоё байсан учраас тэр чигээр нь явуулчихсан. Тэгсэн тэр шүлэг уралдаанд тусгай байрт орчихсон. Хуулж бичсэн дөрвөн мөр шүлэг

Ачит багшийн минь алдар

Алтайн уулнаас өндөр дөө

Агуу түүний сургаал нь

Арвин тэнгисээс ч гүн дээ гэх нэрт яруу найрагч, орчуулагч Доржийн Гомбожав агсны дөрвөн мөр байсан.

Харин ээжийн маань хэлж өгсөн дөрвөн мөрт:

А үсгийг зааж өгсөн

Ачит багш таниараа

Багачууд хүүхэд бид

Бахархан дурсаж явдаг даа байсан юм. Ингээд наймдугаар ангиа төгсөөд нэрээ өөрчилсөн дөө. Шүлэг бичих эхлэл маань хуулан бичлэг байсан ч түүнээс хойш хүний мөр бадагнаас нэгийг ч хулгайлалгүй өөрийхөө зүрх сэтгэлийн дагах аян маань эхэлсэн дээ. Би түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн яруу найрагч болохыг хичээсээр яваа. Миний зовлон бол ард түмний зовлон. Зүрх сэтгэлдээ ард түмний шаналал гунигийг тээдэггүй нэг ч яруу найрагч байдаггүй.

-Яруу найрагчид онгод орно гэж ярьдаг л даа. Таны шүлэг бичих онгод хэрхэн төрдөг вэ?

-Би онгод орохоороо шүлэг бичнэ гэж боддог хүн биш л дээ. Өдөр болгон гайхамшигтай, гоё санаа олсон даруйдаа хаана ч хамаагүй тэмдэглэж шүлэг болгохын шаналалд хөтлөгддөг. Би ихэвчлэн үүр цүүрээр шүлэг бичдэг. Үүрээр нэг сайхан шүлэг биччихэд тэр өдрийнхөө ажлын тэн хагасыг хийчихсэн юм шиг санагддаг. МЗЭ-ийн анхны номын худалдаа гэж зарлагддаг юм. Анх 2002 онд “Гэгээн үдшийн хөрөг” гэдэг ном маань шалгараад хэвлүүлж байсан. 2007 онд “Ноён аялгуу” гэх Өмнөговь аймгийн ноён сумын уул усыг магтсан ном гаргаж байсан. Говь нутгийг хангайн хүү яаж мэдэрч байгаагаа харуулсан агуулга бүхий шүлгүүд бий. 2010 онд “Туурвигүй цагийн эгшиглэн”, “Хүн чанарын эрэлд” гэж хоёр ном гаргасан. 2013 онд “Арцад тэнгэр” гэх бүрэн хэмжээний номоо гаргалаа. Сүүлд “Тогоруун дуу яргуй болно” номоо цөөхөн хэвлүүлээд номынхоо зардлаар хотод нүүж ирсэн дээ.

-Та Завхан аймгийн уугуул хүн. Таны тухай Б.Золбаяр сэтгүүлч “Гэгээн хэсүүлчин” гэх хөрөг бичсэн. Та тэгэхээр их л аймаг хошуу дамжиж явдаг хүн байж дээ гэж бодогддог юм?

- Би Завхан аймгийн Их-Уул сумын хүн. Аав маань анчин хүн байсан. Миний аав цэрэгт татагдаад 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөгдөх дайнд оролцож байсан. Аав минь урт насалж чадаагүй л дээ. 1982 онд намайг гуравдугаар ангид орох жил бурхан болсон. Тухайн үед аавтайгаа явж байгаа хүүхдүүдийг хараад цагаахан атаархдаг байлаа. Би аавдаа зориулж гурван шүлэг бичсэн. Монголын уудам нутгийн сум сумдад очиж монгол хэл, уран зохиолын багш хийгээд явдаг. Аль зүүн аймгаас шагналд авсан хургаа өвөртөлсөөр баруун талд байх уугуул хотондоо авч очиж билээ. Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын IV арван жилийн сургуульд багшилж байсан. 2017 оноос Сүхбаатар дүүргийн тэргүүний “Эрдмийн хөтөч” 58 цогцолбор сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байна даа. Ховдын дуутаас Дорнодын чулуун хороот хүртэл их сайхан нутгаараа бүтэн сайхан тэнэж үзэх хүсэлтэй хүн дээ гэж би хэлж байсан юм. Ер нь бол тийм хүсэл мөрөөдөл үргэлжид бодогдож явдаг. Сайхан эх орноо тойрч тэндээс төрсөн сэрэл мэдрэмжээ шүлэг болгох сон хэмээн боддог. Тэр агуулгаар ч “Гэгээн хэсүүлчин” гэж нэрлэсэн байх. Би амьдралыг аялал гэж боддог. Энэ дэлхий бол түр зуурын амралтын газар. Тиймээс үргэлж буцна гэдгээ бодож сайн сайхан юм бүтээж өнгөрөөх ёстой. Нэгэнтээ А.Эрдэнэ-Очир агсан маань

“Амьдрал гэдэг богинохон, яарах хэрэгтэй

Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй” хэмээн хэлсэн байдаг шүү дээ.

-Таны үеийнхнийг мөнгөн үеийнхэн хэмээн нэрийддэг шүү дээ?

-Анх 1989 онд МУИС-д элсээд 1994 онд таван жилээр төгсдөг сүүлийн төгсөлт нь болж байсан юм. Манай үеийнхэнд А.Эрдэнэ-Очир агсан, Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо, Ц.Хулан гэх зэрэг мундаг найрагчид маань багтана. Ц.Хулан маань нэг жилийн чөлөө аваад дараа жил нь манай ангид орж байсан юм. А.Эрдэнэ-Очирыгоо арай эрт буцчихлаа гэж харамсдаг. Ийм хүчирхэг үе тэнгийнхэн байгаа учраас би хүчирхэг байх ёстой, сайн бүтээл туурвих ёстой гэж боддог.

-Танайх таван хүүхэдтэй гэхээр өнөр өтгөн айл байна шүү. Удахгүй шинэ хүнээ хүлээж авах гэж байгаа гэж сонссон. Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?

-Миний ханийг Мөнхсайхан гэдэг. Багаас нь аав, ээж нь Янзага гэж дууддаг байсан учраас хүмүүс Янзага гэж дууддаг. Би МУИС-ийн Хэл, уран зохиолын ангийг төгсөөд, Архангайд багш болж очоод суусан юм. Одоо бид хоёр зургаа дахь хүүхдээ хүлээж авах гэж байна. Том хүү маань гэрлэчихсэн. Би өвөө болчихсон л доо. Бусад нь 58 дугаар цогцолбор сургуульд маань сурдаг.

Дашрамд миний уран бүтээлийг үргэлж дэмждэг Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, мөн аймгийн утга зохиолын нэгдэл болон нутгийн зон олондоо баярлаж явдагаа хэлмээр байна. Мөн “Эрдмийн хөтөч” 58 дугаар цогцолбор сургуулийн хамт олондоо МЗЭ-ийн түүхэн 90 жилийн ойн мэндийг хүргэе.


Онцлох нийтлэлүүд