ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.08.15 09:08

Б.Баттөмөр: Энэ долоо хоногт Үндсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үү, үгүй юу гэдэг шийдэгдэнэ


УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Эцэг хууль болох Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах торгон үе бидний өмнө ирээд байна. Таны хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлээгүй байсан. Энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа юу?

-Манай улс 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан. Үүнээс хойш бид аль хэдийнэ 27 жилийг өнгөрүүлжээ. Өмнө нь буюу 2000 онд энэ шинэ хуульд нэмэлт оруулж байлаа. Эдүгээ түүнийг дордуулсан долоон өөрчлөлт гэж нэрлээд сурчихжээ. Үндсэн хуулийн дээрх нэмэлтийг уг нь 1999 оны арванхоёрдугаар сард оруулсан юм. Харин хууль баталсны дараа Үндсэн хуулийн цэцийн саналыг аваагүй гэдэг шалтгаанаар цэц Үндсэн хуулийн нэмэлтийг хүчингүй болгож байлаа. Гэвч УИХ-ын ээлжит 2000 оны сонгуулийн дүнгээр байгуулсан парламент, Үндсэн хуулийн 1999 оны нэмэлтийг процедурын алдааг нь засч яг тэр хэлбэрээр үг, үсэг, цэг, таслалын засваргүйгээр дахин УИХ-д өргөн барьж баталсан юм. Түүнээс хойш 19 жил өнгөрчээ. харин өдгөө буюу энэ жил УИХ-ын 62 гишүүн санал нэгдэж, үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьж хэлэлцэж байна.

-Та УИХ-ын гишүүнийхээ хувьд энэхүү нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэрхэн харж байна вэ?

-Яахав, энэ удаа цаг хугацаа бага байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийгээд явах нь зүйтэй байх. Тэгэхдээ шинэ Үндсэн хуулийг бид ярих ёстой. Манай улсын Үндсэн хуулинд тогтоосон өнөөдрийн төрийн тогтолцоо Монголын нөхцөлд таарахгүй байна. Яагаад гэвэл аливаа Үндсэн хуулийн үр дүн гэдэг чухал зүйл бий шүү дээ. 1992 оноос өдийг хүртэлх 27 жилийн хугацаанд энэ хууль маань ямар үр дүнд хүрсэн бэ. Эрүүл ухаанаар дүгнээд үзэхэд оносноосоо алдсан нь их байгаа байхгүй юу.

-Оносноосоо алдсан нь их гэлээ. Тэгвэл 1992 оны Үндсэн хуулийн алдааны үр дүн нь хэрхэн нийгэмд илэрч байна?

-Бодоод үзье. Өдгөө дэлхийн 140 орчим орны дунд хийсэн судалгаагаар манай улсын эдийн засгийн гол үзүүлэлтүүд 100-гаас хойш байна. Ийм л нөхцөл байдалд орсон байна шүү дээ. Зөвхөн эдийн засаг гэлтгүй нийгмийн үзүүлэлтүүд ч дэлхийн ихэнх улс, орнуудаас сул байна. Ажилгүйдэл маш их, тэр хэрээрээ ядуурлын түвшин нэмэгдчихсэн. Монгол хүний дундаж цалин бол 350-400 ам.доллар хүрэхүйтэй, үгүйтэй л байна.

Энэхүү гучаад жилийн хугацаанд 400 ам.доллар байтугай дундаж цалингийн хэмжээ 1500-2000 ам.доллар болчих боломж байсан уу гэвэл байсан. Энэ 1992 оны Үндсэн хууль сайн хууль байж болно. Хэрэгжүүлэх дээ муу байсан байх. Гэхдээ хуулинд бас учир бий шүү дээ. Хуулиндаа маш тодорхой зааж өгөөд төрийн тогтолцоогоо зөв болгох хэрэгтэй. Сахилга, хариуцлагын тогтолцоо ч тэр. Сахилга, хариуцлагын тогтолцоо гэдэг хүний эрхтэйгээ зөв уялдсан байх ёстой. Мөн төр, улс, хамт олон, гэр бүл, хүний өмнө хүлээх иргэдийн үүрэг хариуцлагыг маш тодорхой болгодог хяналтын сайн механизмтай болох ёстой байсан. Ингэсэн бол манай улс ийм хүнд нөхцөлд байдалд орохгүй байлаа. Тиймээс өргөн хүрээнд харж, шинэ Үндсэн хуулийг батлах хэрэгтэй. Одооны УИХ-ын 62 гишүүний өргөн барьж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл хийх ёстой ажлынхаа 20 хувийг л хийж гүйцэтгэсэн гэж миний хувьд үзэж байгаа. Үлдэж буй 80 хувийг шинэ Үндсэн хууль гаргаж байж засч сайжруулж, батлах ёстой.

-Таны ярьж байгаагаар шинэ Үндсэн хуулийг батлах ёстой юм байна. Тэгвэл бид шинэ Үндсэн хуулиндаа хамгийн түрүүнд ямар өөрчлөлтийг оруулж өгөх нь зүйтэй вэ?

-Мэдээж хамгийн эхэнд төрийн тогтолцоо шүү дээ. Үүнийг л нэн тэргүүнд өөрчлөх хэрэгтэй. Өнөөгийн нөхцөлд төрийн тогтолцоог өөрчлөх маш олон хувилбарууд бий.

-Ямар хувилбарууд?

-Өнөөдрийн Монголын төрийн тогтолцоо нэгэнт манай улсад тохирохгүй юм байна гэдэг нь үр дүнгээрээ батлагдчихаад байна. Тиймээс төрийн тогтолцооны олон хувилбарууд дээр судалгаа хийх нь зүйтэй. Жишээ нь, парламентын засаглалтай, хоёр танхимтай байж болно шүү дээ. Ерөнхийлөгчийн засаглалтай байх ч боломж бий. Хүчтэй ерөнхий сайдын засаглалтай ч байж болно. Эдгээр хувилбарууд дээр судалгаа хийгээд хамгийн нэгдүгээрт Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, шийдэх ёстой. Хоёрдугаарт, манай Үндсэн хуулинд хүний эрхтэй холбоотой 22 заалт байдаг. Харин эсрэгээрээ хүний үүргийг зааж өгсөн дөрвөн заалт бий. Уг нь эрх, үүрэг хоёр маань уялдаж явах ёстой биз дээ. Тиймээс хүний үүрэг гэдгийг Үндсэн хуулиндаа нарийвчлан оруулах ёстой. Хүний үүрэг гэдэг маань нэг үгээр хариуцлага гэсэн үг. Үндсэндээ хариуцлагын тогтолцоо манай улсад алдагдчихжээ.

-Нийгэмд хэрхэн хариуцлагын тогтолцоо алдагдав. Энэ нь хэрхэн илэрч байна вэ?

-Нийгэмд ил тодоор илэрч байгаа. Наад зах нь боловсон хүчний томилгоо дээр хариуцлага гэдэг зүйл алга. Монголын төрийн шийдвэрийг гаргаж байгаа эрх бүхий хүмүүсийн шийдвэрт хариуцлага гэдэг зүйл алга. Тийм учраас хариуцлагын тогтолцооны талаар шинэ Үндсэн хуулинд маш сайн зааж өгөх ёстой. Түүнчлэн баялгийн менежмэнтийг асуудлыг хөндмөөр байна. Монгол ядуу буурай жижиг орон. Тэгэхээр баялгийн менежмэнтийг Монгол Улс, ард түмэнд ашигтайгаар эцэг хуулинд оруулж өгөх нь зөв. Жишээ нь нэг хүн Монголын стратегийн бүлэг ордуудыг ганцаараа авч, газрын доорх ашигт малтмалыг хятадуудтай нийлээд урагшаа гаргачихаж байна шүү дээ. Ийм менежмэнт Монгол Улсад хэрэггүй. Үүнээс үүдэж орлогын тэгш бус хуваарилалт Монголд үүсчихсэн. Энийг одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиар зохицуулж өгөөгүй. Энэ мэтчилэн олон зүйл заалтыг шинэ Үндсэн хуулиар засах хэрэгтэй. Тиймээс би шинэ Үндсэн хуулийг батлахын төлөө байгаа.

-Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд өөрийн төсөл, саналаа хүргүүлсэн. Тэнд УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох санал мөн орж ирсэн байгаа. 1992 оноос хойш манай улсын хүн амын тоо нэг саяар нэмэгдэж, УИХ-ын гишүүдийн тоо хүн амын тоотой харьцуулахад цөөн хэвээр байгаа нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл алдагдахад нөлөөлж, парламентад зүй бус нөлөөлөл орох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа гэсэн. Үнэхээр парламентын гишүүдийн тоог нэмэх шаардлага Монгол Улсад үүссэн үү?

-Би Дархан-Уул аймгаас сонгогдсон хүн. Тэгээд Дарханы иргэдтэйгээ Үндсэн хуулийн талаар уулзсан. Ганц Дархан ч гэлтгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар олон газраар иргэдтэй уулзаж, ярилцлаа. Тэдний зүгээс Их хурлын гишүүдийн тоог нэмэх нь үнэхээр илүү зохицуулалт, ийм байх боломжгүй ээ, хүн амын тоо ихэслээ гээд парламентын гишүүдийг тоог нэмдэг практик дэлхийн хаана ч байхгүй ээ гэж ярьж байна. Нэг жишээ татахад Хятад улс 1.3 тэрбум хүн амтай шүү дээ. Гэтэл Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын чуулган байнгын 3000 гаруй төлөөлөгчтэй. Яг манай нэг гишүүн 40 мянга гаруй хүнийг төлөөлж буй харьцаагаар бол 30, 40 мянган төлөөлөгчтэй байх ёстой юм шиг байна лээ. Тэдний нэг нь л гэхэд бараг хагас сая хүнийг төлөөлж байна. Тэгэхээр гурван сая хүн амтай манай улс 10 хүрэхгүй гишүүнтэй байна гэсэн үг үү. Тэгэхээр хүнийхээ тоонд энэ асуудлууд байдаггүй юм аа. Парламентын гишүүдийн тоог нэмэх нь гол асуудал биш ээ. Өөрөөр хэлбэл тогтолцоогоо өөрчлөөд хариуцлагатай хүмүүсийг сонгох ёстой. Энэ утгаараа 76 гэдэг тоо хивэндээ байсан нь зүйтэй.

-Сонгуулиар 108 гишүүнийг сонгох доо 50 хувийг мажоритар тогтолцоогоор, 50 хувийг жагсаалтаар оруулж ирнэ гэж байгаа шүү дээ. Хэр зөв бэ?

-Ийм зүйл байж болохгүй. Сонгууль бол шударга, олон нийтийн хяналт дор явагдах ёстой гэдгийг л Үндсэн хуульд зааж өгөх ёстой. Тэрнээс сонгуулийг яаж явуулах вэ гэдэг нь сонгуулийн хуулиараа зохицуулагдана шүү дээ. Тиймээс эдгээр заалтуудтай би санал нэгдэхгүй байгаа. Үндсэн хууль бол улс төрийн баримт бичиг. Нэг ёсондоо нийгэмтэйгээ хийсэн гэрээ. Энгийнээр бол ерөнхий заалтууд орж ирдэг. Тиймээс учир зүггүй нарийвчилж, намын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд оруулах шаардлагагүй. Салбар хуулиудаар нь зохицуулаад өгч болно шүү дээ. Тухайлбал, Сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль гэх мэтийн салбар хуулиудаараа л нарийвчлан зохицуулах хэрэгтэй.

-Түүнчлэн Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төсөл, санал дээр УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааг таван жил болгох санал орж ирсэн..

-Өөрчлөх шаардлага байхгүй. Дөрвөн жил гэдэг хамгийн боломжит хугацаа. Таван жил болгохгүйгээс болоод хуучин гишүүд нь ажлаа хийж чадалгүй тараад явчихсан юм алга.

-Өнөөдөр(өчигдөр) МАН-ын бүлгийн хуралдаан болсон. Ерөнхийлөгчийн оруулж ирж буй төсөл, санал дээр ямар байр суурьтай оролцохоор тогтов?

-Бүлгийн хуралдаанаар бид Ерөнхийлөгчийн оруулж ирж буй төсөл, саналын заалт бүр дээр тулж ажиллаж, маш тодорхой ярьцгаасан. Энэ асуудалд нэлээд нухацтай хандсан. Ерөнхийлөгчийн зарим саналууд дээр зөвшилцлийн ажлын хэсэг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. Зөвшилцлийн ажлын хэсэг хуралдсаны дараа маргааш(өнөөдөр) өглөө 10:00 цагаас дахин үргэлжлэн хуралдана. Энэ долоо хоногт үндсэндээ Үндсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үү, үгүй юу гэдэг шийдэгдэнэ дээ.


Онцлох нийтлэлүүд