ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.11.11 12:11

​Б.Батхүү: Иргэд эрүүл, эмийн үлдэгдэлгүй, чанарын шаардлага хангасан, мах худалдан авах боломжтой боллоо

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүтэй ярилцлаа

- Иргэд хүнсэндээ хаанахын ямар мах хэрэглэж байгаагаа мэдэх боломжтой баар кодтой мах зах зээлд нийлүүлэгдээд эхэллээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу.

- Манай улс жилд нийтдээ 15 сая мал нядалдаг ба түүний 10 гаруйхан хувийг нь үйлдвэрийн аргаар нядалж, үлдсэнийг нь гар аргаар нядлаад иргэдийн ширээнд хүргэж байна. Гар аргын нядалгаа нь хэзээ ямар тариа хийсэн, эмийн үлдэгдэлтэй эсэх, гарал үүсэл нь баталгаагүй, эрүүл эсэх нь тодорхой бус малыг эрүүл ахуйн шаардлага хангахгүй бойны газарт нядлах байдлаар хийгддэг. Нядалгаанаас лангуунд хүртлээ янз бүрийн машинд ачигдаж бохирдон эрүүл ахуйн шаардлага хангахгүй замаар таны ширээнд хүрч байгаа. ДЭМБ-ийн судалгаанд Монголчуудын элэг ходоодны өвчлөлөөр дэлхийд дээгүүрт явж байгаа нь их бага хэмжээгээр үүнээс үүдэлтэй.

2017 оны 12 сард Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, малын генетик нөөцын тухай хууль гээд хоёр том хууль батлуулсан. Мөн “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн хоёрдугаар сард батлуулан хэрэгжүүлж байна. Эдгээр хуулиуд болон үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бий болгохоор тусгасны дагуу “Малын гаралтайтүүхий эдийн нэмүү өртгийн сүлжээ мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ”-г зохион байгуулж байгаа юм. Хэрэглэгчийн ширээн дээр гарал үүслийн баталгаатай, эмийн үлдэгдэлгүй, чанартай махыг хүргэж өгч байна гэсэн үг. Мөн арьс ширний нядалгааны үеийн болон нядалгааны дараах гэмтлийг бууруулах зорилготой. Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл, НҮБ-ийн Secim2 хэмээх төслүүдтэй хамтран энэхүү мөшгих тогтолцооны арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Блокчейн технологийг ашиглан нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх программыг Ногоон алт төслийнхөн хөгжүүлж Мал эмнэлгийн ерөнхий газарт хүлээлгэж өгсөн. Энэ программын тусламжтайгаар мөшгих тогтолцоогоо хэрэгжүүлэх боломжтой болж байна. Өнөөдөр бид хүнсэндээ баталгаатай чанартай мах хэрэглэж байгаа эсэх нь их эргэлзээтэй юм нууц биш. Харин өнөөдрөөс эхлээд хэрэглэгч худалдаж авах махан дахь бар кодыг гар утсан дээрээсээ тусгай апплейкшн уншуулаад аль аймаг, сум, багаас ирсэн мах болохыг таних боломжтой болж байна. Хэзээ аль үйлдвэрт нядлагдсан тухай мэдээлэл хүртэл тодорхой харагдана. Ингэснээр хэрэглэгчийн ширээн дээр эрсдэлгүй мах хүргэгдэх нөхцөл бололцоотой боллоо. Энэхүү загвар арга хэмжээний хүрээнд Мах маркет, Баяндэлгэр хүнс, Дархан Мийт Фүүд зэрэг стандарт шаардлага хангасан махны үйлдвэрүүд, малчдын хоршоод, И-Март, Лавай зах гэх мэт борлуулалтын сувгуудыг хамруулан 45 хоногийн хугацаанд ажиллуулж туршиж үзэж байна. Энэ хугацаанд тулгарах асуудлуудыг олж илрүүлэн, шийдвэрлэх ба ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс тогтолцоогоо улс даяар хэрэгжүүлэх зорилготой байгаа.

-Мах махан бүтээгдэхүүнээс гадна арьс ширэн түүхий эдийн чанарыг сайжруулах боломжтой гэлээ?

-Өнөөдөр манайд түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо алдагдчихсан учраас түүхий эд маань үнэ цэнэгүй болсон байна. Хуучин социализмын үед арьс ширний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо сайн байсан болохоор түүхий эдийн 70 хувь нь нэгдүгээр зэргийн арьс бэлтгэж авдаг байсан. Одоо бид нийт нядалгааны 90 хувийг гар аргаар хийж байгаа учраас арьс ширний нядалгааны үеийн гэмтэл 70 хувь болчихоод байна. Дээр нь амьдын гэмтэл 60 гаруй хувьтай. Амьдын үеийн гэмтэлд хачиг, хувалз, гуур гэх мэтийн шимэгчээс үүдэлтэй арьсны гэмтэл 60 гаруй хувийг эзэлж байна. Мөн малчид бэлчээрээ буруу сонгосноос болж шивээний гэмтэл маш их байгаа юм. Мөн хүмүүс нядалсан хониныхоо арьсанд өлөнг нь боож өгөөд явуулчихдаг. Ингэснээр замдаа үйлдвэрт ирэх хүртлээ ялзрах, нугарч хугарах байдлаа гэмтэж ирдэг. Арьс шир боловсруулах үйлдвэрт ирсэн гэмтэлтэй арьс шир маань сайн бүтээгдэхүүн болох боломжгүй. Ингээд арьс ширэн бүтээгдэхүүнээ борлуулж экспортлох боломжгүй үйлдвэрүүд ашигтай ажиллаж чадахгүй болж байна. Түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцооны загвар арга хэмжээ маань дан ганц махны ашиг шимийн асуудал бус арьс ширэн түүхий эдийн чанарыг дээшлүүлэх боломжтой арга хэмжээ болж байна.

-Чанарын шаардлага хангасан мах иргэдэд зах зээлээс өндөр үнэтэй хүрэх үү? Одоогоор хаагуур худалдаалагдаж байна?

-Манай туршилтын арилжаа И-Март, Лавай захуудаар хийгдэж байгаа. Лавай захын арилжааны үнэ захын үнэтэй адилхан. Үний тухай асуудал бол зах зээлийн хуулиараа зохицуулагдаж явах нь тодорхой. Их өндөр үнэтэй бол хэрэглэгч худалдаж авахгүй биздээ? Тогтолцооны хувьд малчдад болоод бүх оролцох аж ахуйн нэгжүүдийн хувьд маркетингийн том үр ашгийг бий болгох, өрсөлдөх чадварыг сайжруулах боломжтой. Үр ашиг дээшлэнэ гэхээр махыг үнэд оруулна гэсэн үг биш. Зорилтот зах зээлдээ ямар үнээр хүрдэг тэр хэвээр хүрнэ гэж харж байна. Стандарт шаардлага хангасан нядалгааны үйлдвэр гэдэг өөрөө маш том бүтэц ажилладаг. Энэ утгаараа махны өртөг нэмэгдэж таарна. Гэхдээ ченжүүдийн ашиг үйлдвэрлүү шилжих учраас эцсийн хэрэглэгчдэд үнийн хүндрэл бага мэдрэгдэх байх гэж найдаж байна. Өнөөдөр Хүчин шонхор, Нарантуул гэх мэт захуудаар махны бөөний худалдаа явагдаж байгаа. Тэд эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд манай арга хэмжээнд нэгдэхэд нээлттэй. Монголд 52 махны үйлдвэр үйлдвэр байгаагаас одоогоор долоон махны үйлдвэр хамтарч ажиллахаар болсон.

Хүний оролцоотойгоор махан дээр бохирдол үүсэж болзошгүй тул аль болохоор нэмүү өртгийн сүлжээний бүхий л оролцогчдын эрсдлийг бууруулж хэрэглэгчийн ширээн дээр эрүүл хүнс тавигдах нь чухал. Иймээс ложистик дээр мөн анхаарал хандуулж байгаа. Махны үйлдвэрт нядлагдсан эрүүл махыг эрүүл ахуйн шаардлага хангасан чигээр нь дэлгүүрт аваачиж өгөх ёстой. Тэгэхээр махны үйлдвэрээс дэлгүүрт түгээлт хийх машин нь мөн зориулалтын автомашин байх шаардлагатай ба түгээлтэнд гарахдаа үйлдвэрээс лацдаж эрсдлийг бууруулна. Хүлээж авч худалдааны байгууллага лацыг нь шалгаад авна. Бидний одоогийн хэрэглэж байгаа мах үүнээс илүү шат дамжлага дамжиж байгаа ба тэр хэрээр өртөг нэмэгддэг. Дэлгүүрийн ширээн дээр баталгаатай, баталгаагүй хоёр мах байвал альныг сонгох вэ. Мэдээж баталгаатайг нь сонгоно. Махны үнэ өндөр хөөсрөхгүй гэж бодож байна.

-Гадаадад мах махан бүтээгдэхүүн экспортлох боломж нэмэгдэх үү?

-Манай махны экспортод тулгамдсан нэг томоохон асуудал бол гарал үүсэл, эрүүл ахуйн баталгаа байдаг. Хорио цээрийн хатуу бодлогыг экспортлох орнууд маань хэрэгжүүлдэг. Бид энэхүү мөшгөх тогтолцоог нэвтрүүлснээр махны үйлдвэрүүдэд маш том боломж үүсч байгаа хэрэг юм. Эрүүл, эмийн үлдэгдэлгүй малыг малын эмч үзэж баталгаажуулсныг үржил бүртгэлийн мэргэжилтэн бүртгэж ээмэгжүүлнэ. Ээмэгтэй мал махны үйлдвэрт орж ирэх ба ээмэгний мэдээлэл бар код болж хэвлэгдэн махан дээр наагдаад худалдааны байгууллагуудад очно. Гэмтэлгүй арьс шир нь гүн боловсруулах үйлдвэрт нийлүүлэгдэнэ. Ингэснээр экспортод мэдэгдэхүйц нөлөөлнө гэж харж байна. Өнөөдөр махны экспортын хэмжээ нэмэгдсэн ч экспортын үр ашиг хангалттай биш байна. Гадны худалдан авагчид малчдаас мал худалдаж аваад махны үйлдвэрт нядалгааны хөлсийг нь төлж нядлуулж аваад өөрийн орондоо өндөр үнээр худалдаж ашиг хүртэж байна. Зүй нь махны үйлдвэрүүд өөрсдөө гадны зах зээлээс өндөр үр ашгаа хүртэх юм. Бидний зохион байгуулж буй энэ арга хэмжээ маань зөвхөн мах, арьс ширний асуудлыг шийдээд зогсохгүй маш олон талын үр ашгийг бий болгож байгаагаараа онцлог юм.

-Манай уншигчдад чухал мэдээлэл хуваалцсанд баярлалаа.

-Баярлалаа

Онцлох нийтлэлүүд