ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.11.15 02:11

Б.Баярмагнай: Улс төрийн ажил юуны өмнө олон түмний дэмжлэгээр дүүрэн байх ёстой

МАН-ын бага хурлын гишүүн Б.Баярмагнайтай ярилцлаа.


-МАн-ын хувьд 2016 оны сонгуульд ялснаасаа хойш савалгаа ихтэй байх боллоо. нэг нам байтлаа эвслийн Засгийн газар байгууллаа гэж хүртэл улстөр судлаачид бичиж байна. Энэ бүгдэд та ямар байр суурьтай байгаа вэ?

-МАН-ын хувьд амаргүй цаг хугацаа, хүндэвтэр нөхцөл байдалтай нүүр тулж байна. Манай нам өнгөрсөн хугацаанд нэг биш удаа хүнд нөхцөлд орж байсан ч түүнийгээ даван туулаад өнөөг хүрсэн. Тиймээс одоогийн үүсээд буй хүндрэлийг ч даван туулаад гарах чадвар байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Ийм үед ухаантай, тэвчээртэй байж харилцан ойлголцоод явах нь чухал л даа.

Ингэж ойлголцож буй хэлбэр нь өөрөө нийгэмд эвслийн ч гэнэ үү, нэр өгөхөөр харагдаж байгаа байх. Удахгүй 100 жилийнхээ ойг тэмдэглэх намд тодорхой сорилт тулгарч байгаа нь бодитой учир эрх мэдэл бүхий зарим нөхдүүд маань хор шар, атаа хорслоор аливаад хандахаас илүүтэйгээр эрүүл саруулаар, том зургаар нь харж асуудалд хандах хэрэгтэй байна. Намын их хурал удахгүй болно. Саяхан бид 21 аймгаар тойроод ирлээ. Намын гишүүд, дэмжигчид маань намын их хурлаас их зүйлийг хүлээж байгаа нь мэдрэгдлээ. Тэр их хүлээлтэд жинтэй хариу өгөх хэмжээнд шийдэл гарах ёстой. Ерөнхийдөө гишүүдийн маань итгэл тодорхой хэмжээнд суларч байгаа нь ажиглагдлаа.

-Танай намын их хурлаас ихийг хүлээх хэрэггүй бололтой гэсэн өнгө аяс нийгэмд тодорхой хэмжээнд байх шиг. Таны хувьд?

-Удирдлага солигдох байх. Өнөөгийн манай дүрэм, журам өнгөрсөн хугацаанд хэрхэн хэрэгжиж түүнийгээ гишүүд маань хэр дагаж мөрдөж ажилласан талаарх үнэлэлт дүгнэлтийг энэ их хурлаар хэлэлцэх ёстой. Бид чинь дүрэм журмаа мөрдөж ажиллах тал дээрээ жаахан маруухандуу байсныхаа горыг хангалттай амслаа. Тиймээс цаашид дүрэм журмынхаа хүрээнд тоглодог байх хөшүүргүүдийг намынхаа дүрэмд суулгах ёстой. Энэ чиглэлээр бидний хэсэг нөхөд саналаа боловсруулж намынхаа их хуралд танилцуулах бодолтой байгаа. Олон мянган гишүүдийн маань зүгээс ч ихээр хөндөж байгаа хэд хэдэн асуудал бий.

-Тухайлбал ямар асуудлууд байна?

-Тогоон дотроо ярих асуудлыг тэр бүр тоочоод байх нь зохимжгүй. Зах зухаас нь хэлбэл төрийн болон намын боловсон хүчний бодлого зарим түвшиндээ алдагдаж байгаа тухай, намаас нэр дэвшиж төр, засгийн болон орон нутгийн тодорхой албанд сонгогдож, томилогдсон хүмүүсийн байр суурь, харилцаа хандлага, ёс зүй, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх зайлшгүй шаардлага бий болсон тухай мөн түүнчлэн шат шатны намын байгууллагуудад эв зүйг баримталж ажиллах, нам дотроо асуудлаа нээлттэй яриад шийдлээ гаргадаг зарчим алдагдсан гэх зэрэг олон асуудалд намын гишүүд маань санаа зовниж байна. Цаашлаад намын санхүүжилтийг тодорхой болгох асуудал ч хүчтэй яригдаж байна...

-Наад асуудал чинь танай намыг хэл амны "бай" болгож байгаа. "60 тэрбум"-ыг бүгд л ярих юм. Харин гарц шийдлийг нь хэлж буй гишүүн харагдахгүй байна л даа?

-Улс төрийн нам дахь мөнгөний нөлөөлөл, санхүүгийн хэрүүл, гүтгэлэг доромжлолын давалгаа эцэс төгсгөлгүй маргаан болж байна.

Жилээс жилд сонгуулийн болон улс төрийн намын үйл ажиллагааны зардал өссөөр байгаа судалгаа бий. Хэрхэн яаж хөрөнгө мөнгөө босгож байгаа нь ний нуугүй хэлэхэд нэлээд бүрхэгдүү байсаар өнөөдрийг хүрлээ. Улс төрийн намууд санхүүжилтээ хаанаас хэрхэн босгох, юунд зарцуулахыг нь хууль эрх зүйн орчноор нь дамжуулж тодорхой болгож өгөхгүй бол дараа дараагийн сонгуулиар магадгүй 600 тэрбумын асуудал яригдаад эхлэхийг ч үгүйсгэхгүй. Бид аливаа үүсч болзошгүй буруу хандлагуудыг цаг алдалгүй засч залруулж явах ёстой. Ер нь бол тодорхой хугацаанд улс төрийн намын санхүүжилтийг зөвхөн гишүүдийн татвар болон төрөөс олгох санхүүжилтээр бүрдүүлж байх нь оновчтой шийдэл болов уу гэж харж байна. Ихэнх судлаачид энэхүү шийдэл нь зөв гэж дүгнэсэн байна лээ. Асар их байгалийн баялагтай улс орны хувьд улс төрийн намыг болон шийдвэр гаргагчдыг хэт их мөнгөний нөлөөлөлд автуулах нь улс орны хөгжилд сайнгүй үр дагавар авчирдгийг гадны болон дотоодын нөхцөл байдал өнгөрсөн хугацаанд олон нийтэд чамгүй л мэдрүүлсэн байх.

-Та 21 аймгаар явсан тухайгаа түрүүн цухас дурдсан. Ер нь намын чинь гишүүд дэмжигчид, иргэдийн санаа бодол хэр байна даа?

-Намын гишүүд үнэндээ олон зүйлийг шаардахгүй байна. Сонгуулийн үед сонгогчдод амалсан амлалтаа бүхий л шатандаа хийж, хэрэгжүүлж үр дүнд хүргэхийг хүсч хүлээж байна. Зарим аймгийн удирдлага намын гишүүд, дэмжигч, сонгогчдынхоо итгэл дэмжлэгээр гарч ирснээ умартаад, харин ч эсрэгээрээ эрх мэдлээрээ далайлган иргэдийг, гишүүдээ дарамтлах өнгө аястай болчихлоо гэдэгт дургүйцээд байна. Цаашлаад манай намын гишүүд дотооддоо хуваагдах байдал хэр хэмжээнээсээ хэтрэх хандлага нэлээд хүчтэй ажиглагдаж байна. Улс төрийн ажил уг нь харилцан ойлголцож хамтын шийдвэр гаргаж чаддаг, алдсан ч оносон ч ял, ямба хоёроо хамтдаа үүрэлцэж чаддаг зарчимтай байх ёстой л доо. Гэтэл намын маань зарим нөхөд ямбыг нь их эдлэх гэж зүтгээд, хариуцлагыг бусдад үүрүүлэх хандлагатай болчихсон бололтой. Нам өөрөө үзэл баримтлал, үнэт зүйл, зарчим дээр суурилсан хүмүүсийн нэгдэл байхаас илүүтэй өнгө мөнгө, ашиг хонжоо хайсан, эрх мэдэлд дулдуйдсан бүлэглэлүүдийн нэгдэл болох тал руугаа орчихлоо гэсэн эмзэглэл ч гишүүдийн маань дунд их байна. Үүнтэй би ч бас санал нэг байгаа. Энэ байдал нь намын эв нэгдэл төдийгүй нийгмийн тогтвортой байдалд хар сүүдэр тусгаж, сөрөг үр дагавар дагуулахаар хэмжээнд очлоо. Иймээс намынхаа бүтэц зохион байгуулалтыг сайжруулах асуудлыг энэ их хурлаар бас яримаар байна. Сүүлийн жилүүдэд манай нам гишүүдээ сонгуулийн сурталчилгааны ажил эхлэх үетэй давхцуулан санадаг, тэднийгээ ажиллуулдаг, ашигладаг хандлага руу орчихсон байна. Сонгууль болохоор л намынхаа гишүүдийг санаж сэрж, тэдэн рүү очиж "Та нар минь шүү" гэдэг. Тэгээд сонгуулийн дараа үндсэндээ мартдаг. Зүй нь ялж, ялагдсан аль ч үед гишүүдтэйгээ эргэж уулзан санаа бодлыг нь сонсдог, хийх гэж байгаа ажлаа ярилцаж зөвлөлддөг байх ёстой. Ингэхгүй явж ирснээс болж намын гишүүдийн итгэл суларсан байна. Намын гишүүд бол намын хамгийн үнэт баялаг мөн. Үүн дотроосоо намын бодлогыг гардан гүйцэтгэгч 150 гаруй хороо, 1815 үүрийн дарга, идэвхтэн сонгуультнуудын үүрэг оролцоог ч бодитойгоор үнэлэх ёстой. Ний нуугүй хэлэхэд олон жил намынхаа төлөө явсан хэдэн муу бор гишүүд, ахмадуудынхаа нуруун дээр МАН оршин тогтнож ирсэн. Намын үндсэн шинж алдагдаад ирэхээр өнөөдрийн энэ үүсээд байгаа талцал хагарал улам гүнзгийрч, оршин тогтнох уу, үгүй юу гэдэгтээ тулах нь. Энэ удаагийн 28 дугаар их хурал маань баяр ёслолын шинжээ багасгаж, ажил хэрэгч, бүтээлч, үр дүнтэй болоосой гэж хүсч байгаа.

-Толгойноосоо өөр болчихсон нам Их хурлаараа хичнээн бүтэц зохион байгуулалт хийж, хүн солиод өөрчлөгдөх үү. УИХ, Засгийн Газрын үйл ажиллагаанаас их зүйл шалтгаална шүү дээ?

-Өнөөдөртөө манай намын хувь заяа, Монгол Улсын хөгжлийн хувь заяатай салшгүй холбоотой. Шинээр бүрдсэн Засгийн газрыг үүсээд буй хүндрэлүүдийг цэгцэнд нь оруулаад, хариуцлага тооцоод явчих болов уу гэсэн олон түмний найдлага байх шиг байна. Иргэдийн итгэл найдвар тасарчихаагүй байна гэдэг бол нэг талаасаа сайн зүйл. Ард түмний энэ их хүлээлтэд хариулт өгөхийн тулд УИХ, Засгийн газар хурдтай ажиллах хэрэгтэй.

-Засгийн газар хурдтай ажиллах талаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед та бид хоёр ярьж байсан. Удаандуу байна уу даа гэж. Жилийн дараа У.Хүрэлсүхийн Засгийн үед бас л хурдын тухай яриад сууж байх юм?

-Та бид хоёр нэг жилийн өмнө "Засгийн газар хийх ажлаа маш тодорхой томьёолоод, олон ажил хийнэ гэхээсээ илүүтэйгээр нийгэмд тулгамдаж буй асуудлуудаа зөв эрэмбэлээд, гарц шийдлээ олон нийтийн оролцоо, дэмжлэг дээр тулгуурлан хэрэгжүүлэх нь бодит үр дүнд хүрэх, цаашлаад аливаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулахдаа хэт хийрхэдэг улс төрчдөө бага оролцуулах, өмнөө тавьсан зорилт, зорилгодоо бид ийм хугацааны дараа хүрнэ гэсэн итгэл үнэмшилтэй, хурдтай ажиллах хэрэгтэй" талаар ярьж байсан. Одоогийн Засгийн газар хэлбэр хөөсөн, тухайн үедээ цаг зуурын шинжтэй олны сэтгэл санааг татах зорилготой ажлуудыг бага хийж, олон түмнийг алсуур нь зөв зүйл рүү чиглүүлсэн ажлыг их хийгээсэй гэж хүсч байгаа. Өнөөгийн нийгэм элдэв шуугианд хөтлөгдөж хуйлрах аястай болчихсон байна. Нийгмийг хэт савлуулсан зорилготой болон зорилгогүй шуугианд хөтлөгдсөн ажлыг төр засгийн зүгээс бага хийх ёстой. Аливаа зүйлд ул суурьтай, бодлоготой, төлөвлөлттэй хандмаар байна.

-Энэ бүгдийг хийж чадах нөөц, потенциал энэ төр засагт, танай намын боловсон хүчний бодлогод байна уу. Ер нь 2020 оны сонгуулийн дүр зураг хэр харагдаж байна?

-Ямартай ч Засгийн газар бүрдэж ажлаа эхэллээ. Шинэ сэргэг, хурдтай ажиллах, олон түмний хүлээлтэд бодит ажлаар хэрхэн хариулт өгөхийг цаг хугацаа л харуулах байх. Засгийн газар ажлаа сайн, муу хийхээс хамаарч МАН цаашдаа олон түмний итгэлийг дааж чадах уу, үгүй юу гэсэн асуудал хөндөгдөнө. Ирэх сонгуульд яах бол гэсэн намын гишүүдийн болгоомжлол их байгаа. Сонгууль болдогоороо л болно. Ажил хийж, амалснаа биелүүлж гэмээнэ бид 2020 онд амжилт гаргана. Тэрнээс биш одоо ирэх сонгуулийн үр дүнг урьдчилж яриад байх нь илүүц асуудал. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадах нөөц Засгийн газарт байгаа гэдэгт итгэж найдахаас өөр яах юм.

-Өнгөрсөн хавар улс төрийн том үйл явдал болж өнгөрлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд танай нам цэвэр тавиуллаа. 21 аймгаар явж байхад олон түмэн, гишүүд дэмжигчид сонгуулийн үр дүнг хэрхэн дүгнэж байна. Нам дотроо алдаа оноогоо ярилцаж, дүгнэсэн үү?

-Уг нь бол нам бүх шатандаа юунаас болж сонгуульд амжилтгүй оролцов, ямар хүчин зүйлүүд нөлөөлөв, намын гишүүдийн бодол санаа юу байна гэхчлэн хэлэлцүүлэг өрнүүлж алдаа оноогоо нээлттэй ярилцах ёстой. Ялангуяа сонгуульд амжилт муутай оролцсон үедээ манай нам өөр хоорондоо нэлээд нухацтай тал бүрээсээ ярилцаж, үнэлэлт дүгнэлт өгч чаддаг байсан он жилүүд бий. Намын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар бодитой үнэлэлт дүгнэлтийг нийгэмд болоод гишүүддээ төдийлөн хүргэсэнгүй. Тийм нэг унтаа хэлбэрт л орчихсон тал бий.

-Та жишээ нь Ерөнхийлөгчийн сонгуульд ямар үүрэг, хариуцлагатай оролцов. Сонгуулийн кампанит ажлын ямар бүтэцэд ажиллав?

-Намын гишүүний хувьд сонгуульд оролцолгүй яахав. Нийслэлд, зарим дүүрэг дээр залуучуудтайгаа хамтран боломжийнхоо хэмжээнд ажиллалаа. Өөрсдийн баг дотроо алдаа оноогоо ярилцсан. Ерөнхийдөө том зургаараа МАН энэ сонгуульд нүсэр бүтэцдээ хэт найдчихвуу даа. Нөгөө талаасаа эрх барьж байгаа намын нэг зовлон байдаг бололтой. Тодорхой ажил албатай нөлөө бүхий хэсэг нь "Надтай, надгүй болох байлгүй дээ" гэж алгуурласан хандлага их ажиглагдлаа. Бүгд ч биш л дээ. Манай намын мэдээлэл, сурталчилгаа олон түмэнд зөв нөлөөлж чадсангүй. Дээр нь бидний ажигласнаар сонгуулийн сурталчилгааны ажлыг удирдан чиглүүлж байгаа бүтэц маань их олон толгойтой, удирдлагатай байх шиг байсан. Сонгуульд их олон толгой оролцоод ирэхээр бүгд хариуцлагаас зугтсан, ажлаас бултсан, бие бие рүүгээ ажлаа түлхсэн шинжтэй болчихдог. Ийм тохиолдолд их хүнд л дээ. Алдсан ч оносон ч хариуцлагаа хамтдаа хүлээдэг баг бүрдэж байж ажиллах учиртай. Энэ удаагийн сонгуулийн дараа ямар хүмүүс хариуцлага хүлээх нь ойлгомжгүй болоод үлдэж байх шиг байна.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг Засгийн газрын үйл ажиллагаатай холбон тайлбарлах хэсэг байна лээ?

-Шууд утгаараа Засгийн газрын үйл ажиллагаатай холбож харах нь учир дутагдалтай л даа. Засгийн газрын үйл ажиллагаа уг нь дөрвөн жилээр хэмжигдэж дүнгээ ард түмнээр үнэлүүлдэг. Тиймээс УИХ-ын сонгууль бол Засгийн газрын үйл ажиллагаатай шууд хамаарал бүхий болдог. Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд Засгийн газрын бодлого шийдвэр тодорхой хэмжээнд нөлөөлдөг хэдий ч үндсэндээ намынх нь өөрийн үйл ажиллагаа, зохион байгуулалт тухайн нэр дэвшигчийн багийн үйл ажиллагаа, хувь нэр дэвшигч ч өөрөө их хамааралтай. Сая бол 100 хувь засаг руу бурууг өгөх хандлага ажиглагдсан. Энэ бол буруу.

-Сая Засгийн Газар огцорсон үйл явдлыг иргэд, гишүүд дэмжигчид чинь юу гэж дүгнэж байна?

-Ойрхон болсон процесс учраас Засгийн газар огцорсон асуудлаар намын гишүүд байр сууриа их илэрхийлсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан нь буруу гэх хандлага нэлээдгүй байна. Ерөнхийлөгчийн сонгууль ч тэр, сая Засгийн газар огцорсон байдал ч тэр ерөөсөө манай нам эхлээд асуудлаа олонхоороо сайн ярьж хэлэлцээгүйн алдаа бололтой. Намынхаа бүлэг дээр, нам дээрээ, нээлттэй сайн ярилцаж шийдвэр гаргаж байсан бол ийм алдаанууд бага гарах байсан байх. Ер нь манай намын удирдлагууд маань өөр хоорондоо аливаа асуудлаа “сайн” ярилцахаа больчихсон юм шиг байна. Энэ нь цаашлаад намын ажилд гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, санаа бодлыг тусгадаг тогтолцоог зайлшгүй бий болгох шаардлагатай болсны илрэл юм. Үзэл бодол, үйл ажиллагааны зөрүү байж болно. Шийдвэрээ л олонхынхоо санал дээр тулгуурлаж гаргадаг, цөөнхөө хүндэлдэг тэр зарчим МАН-д алдагдсанаас энэ бүх сөрөг үр дагавар гарч байна. Бусдыгаа сайн сонсох хэрэгтэй. Сайн муу үг сонсож байж намын ажлыг, төрийг ажлыг явуулна, илүү ус нь шахагдаж гардаг. Тиймгүй болохоор ингэж их донслоод байх шиг. Тааламжгүй үг хэлсэн нэгнээ буланд шахдаг. Тааламжтай үг хэлснээ тэнгэрт тултал хөөргөж, өргөмжилдөг байдал энэ намд "гай" болж эхэлсэн дүр зураг хаа сайгүй л ажиглагдаж байна. МАН бол хэн нэг хүний юм уу, хэсэг бүлэг хүний хувийн өмч биш. Эрх мэдлээ хадгалж үлдэхийг хичээдэг оромж нь бүр ч биш. Олны дэмээр гарч ирсэн бол буцаад тэдэнтэйгээ хүн шиг харьцаатай байх ёстой гэсэн наад захын зарчим, ёс зүй байх ёстой.

-Ийм цаг мөчид та намынхаа мянга мянган гишүүд рүү очиж, уулзаж ярилцлаа. "Мартагдах учиргүй маргааш" гэсэн томоохон лекц уншлаа. Ингэснээр нам-гишүүд хоёрынхоо дунд гүүр боллоо гэж харж байгаа?

-Та их хөөргөж байх шиг байна. Сүрхий гүүр болоод байх нь ч юу юм \инээв\. Монголынхоо өргөн уудам нутгаар хөндлөн гулд явж олон мянган хүнтэй уулзсандаа баяртай байгаа. Ард түмний маань амьдрал сайнтай муутай л байна. Төрийн сүлдэндээ залбиран, өглөө бүр цайны дээжээ өргөсөөр байгаа ээжүүдийг харах сайхан байлаа. Бас цөөнгүй хэсэг нь "За эд нарын хэн нь ч адилхан юм даа" гэсэн цөхрөлтэй болчихсныг ч олж харлаа. Бидний уншсан лекцийг орон нутгийн иргэд маань олноороо ирж сонсож бас урмын үгийг ч харамгүй хайрлаж байсан. Дахиад ер нь олон сэдвээр ард түмэнтэйгээ ярилцах хэмжээний энергиэр цэнэглэгдээд ирсэн шүү.

-Ганзага дүүрэн иржээ, та. Олон түмний чамгүй их захиасыг намынхаа нөхдүүдэд хэрхэн хүргэе гэж бодож байна?

-Бүх аймгийн иргэдийнхээ үзэл бодол, дуу хоолой, намынхаа гишүүдийн санал хүсэлтийг сайтар тусгасан нийтлэл, нэвтрүүлгийг бэлтгэж төр засгийн удирдлагуудад болон намынхаа нөхдөд хүргэнэ. Тодорхой хэсгийг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийгэмд түгээнэ. Намын жирийн гишүүд маань "Бид намынхаа их хуралд очоод үзэл бодлоо сайн илэрхийлж чаддаггүй юм. Үг хэлэхээр "намын нэр хүнд..." гэсэн зүйлээр халхалж үг хэлүүлэхгүй байх ажлыг зохион байгуулдаг" гэж их ярьж байна. Тийм учраас миний хувьд олон мянган гишүүдийнхээ үзэл бодол, үгийг нийгэмд болон намынхаа удирдлагуудад элдэв хачиргүйгээр хүргэхийг зорьж байгаа. Мөн бичгээр олон мянган саналыг авсан. Тэр бүгдийг багцлан илтгэл бэлдэж байна. Боломж олдвол намынхаа их хуралд танилцуулна гэсэн бодолтой байгаа.

-Таны энэ бүх ажлыг танай намын удирдлагууд хэр хүлээж авах юм бол. Үр дүн гарах уу?

-Хүлээж авна гэдэгт эргэлзэхгүй байна. Намынхаа гишүүдийн санаа бодлыг сонсож үйл ажиллагаандаа тусгаж ажиллах нь намыг удирдан чиглүүлж байгаа хүмүүсийн үндсэн үүрэг. Үр дүн гаргахын төлөө ажиллах нь миний үүрэг. Ер нь олон нийт, гишүүддээ өөрийгөө танилцуулж, цаашид юу хийхээр зорьж байгаа, өнгөрсөн хугацаанд ямар зүйлсийг хийж бүтээснээ ойлгуулж улмаар тэднийхээ дэмжлэгийг авах замаар бодсон санаснаа хэрэгжүүлдэг тогтолцоог бүрдүүлэх нь бидний зорилго. Хүн бүхэнд төрөл бүрийн эрх ашиг бий. Эрх ашгийнхаа эрэмбийг зөв тодорхойлоод, үндсэн зорилго дээрээ бүгд нэгддэг хандлага руу нам явчихвал хэн нэгэн “том” даргаас хамаарч хувь заяа нь шийдэгддэг байдал буурна. Энэ мэт ээдрээтэй асуудлуудыг санаачилгатай, зоригтой ярьж хэлэлцэн, гарцаа зөв тодорхойлж чадвал энэ удаагийн их хурал зорилгодоо хүрнэ гэж бодож байна.

-Том дарга нар чинь намын их хурлын 1300 төлөөлөгчийг багцалж орж ирээд харцаараа санал өгүүлнэ. Бага хурлыг чинь харахад тийм л юм болсон?

-Хувь хүн болгон өөрийн бодолтой байгаа байх. Төлөөлөгчид маань зөв зүйлийг дэмжье гэсэн ч чадахгүй байх тийм зүйл рүү очиж магадгүй. Гэхдээ өнөөдөр та бид хоёр энэ асуудлыг ярьж байгаа нь өөрөө хэн нэгэнд санаа сэдэл, зөв бодлыг өгч л байгаа. Улс төрийн ажлын үр дүн урт хугацаанд гардаг. Хэлж байгаа маань зөв, хийж байгаа үйл маань зөв байхад хэзээ нэгэн цагт биелэлээ олох л болно. Ер нь улс төрийн ажил юуны өмнө олон түмний дэмжлэгээр дүүрэн байх ёстой. Намын шат шатны удирдлагуудын дийлэнх нь гишүүдийнхээ олонхын санаа сэтгэлд нийцсэн хүн байх учиртай. Намын дүрэм журам, бүтэц зохион байгуулалт нь ийм хүмүүсийг олноор гаргаж ирэхэд хөшүүрэг дэмжлэг болох ёстой. Ийм өөрчлөлтийг энэ удаагийн хурлаар хийж амжихгүй тохиолдолд дараагийн удаад хийлгэхийн төлөө ажилласаар байх болно.

-Монголчууд ямарч ажилд цаг хугацаа их алдаж байна л даа?

-Цаг хугацааг наашлуулахын төлөө л ярьж байна. Дуугарахгүй байх тусам улам цаашилна. Хүсч мөрөөдсөн нийгэмдээ бид амьдармаар байна. Тийм болохоор дуугараад л явж байна шүү дээ.

-Дуугараад явахаар "За энэ хэний хүн бэ, Миеэгийн хүн үү, Хү-гийн хүн үү, С.Баяр-ын хүн үү" гээд ярина. Тэгэхээр та хэнийх нь хүн болж таарах уу?

-/инээв/ Өөрийнхөө баримталдаг зарчим, намынхаа жанжин шугамаа алдагдуулахгүйн төлөө өнөөг хүртэл зүтгэж байна. Хэний хүн бэ гэж та асуулаа. Олон жил тодорхой хугацаанд аль алинтай нь хамтран ажиллаж байлаа, хүндлэлгүй яахав. Төрд, намд өөрсдийн орон зайгаа бий болгосон хүмүүс. Цаашдаа ч хамтран ажиллах боломж олон удаа тохиолдоно гэдэгт би эргэлзэхгүй байна. Улс төрд миний бие багийн тоглогч байх зарчмыг урьтал болгодог. Аливаад зорилго нэгтэй нөхөдтэйгөө хамтран цаашид олон зовлон бэрхшээлийг даван туулна гэж боддог. Ер нь улс төр лидер дагасан хэлбэртэйгээр явах нь зайлшгүй байх. Гэхдээ дагуулж байгаа хүн нь ноён нуруутай, аливаад хор нь гарсан, түмний төлөө гэсэн сэтгэлтэй баймаар. Ханцуйн дотроо бүгдийг наймаалцдаг, тохирдог, намын гишүүн бүрийг миний, чиний гэж хардаг хүмүүс олноор үржээд байвал намын цаашдын хувь заяанд сайнаар нөлөөлөхгүй. Хийх ажил, хүрэх зорилгоо тодорхойлчихсон удирдагчийн нүдэнд "Тэр хэний хүн бэ" гэж харахаас илүүтэй, энэ ажлыг хэн нь илүү хийж чадах вэ гэсэн сонголт харагддаг гэж би боддог. Тийм хүмүүстэй ч би хамтарч ажиллаж байсан.

-Та төрд удирдах ажлыг багаасаа хийсэн. Монголын хүн амын бараг 20 хувьтай тэнцэх хэмжээний иргэдтэй Чингэлтэй, Сүхбаатар дүүргийг удирдаж байсан. Тэр албан тушаалд хэн нэгний дэмжлэгээр очиж байв уу, намдаа хүлээн зөвшөөрөгдөөд л очсон хүн үү?

-Хийж ирсэн ажлын маань үр дүн, олон нөхдийн минь дэмжлэг байна. Дээр нь тодорхой эрх мэдэлтэй, шийдвэр гаргах түвшний хүмүүс дэмжилгүй яахав. Аль алиных нь дэмжлэг байсан. Тал талын нөхцөл бүрдэж байж төрийн ажлыг хийх боломж надад олдсон. Тодорхой хэмжээнд нэр төртэйгөөр хийж гүйцэтгэхийг, олны итгэлийг алдахгүйгээр ажиллахыг хичээсэн. Олон сайхан нөхдийн минь дэмжлэг цаг ямагт миний дэргэд байдаг болохоор сайн үр дүнгүүд гарсанд баярладаг.

- Төрийн болон намын ажлын чамгүй туршлагатай хүний хувьд та одоо хаана явж байна вэ. 60 тэрбумд хандивлах мөнгө танд байсангүй юу, татаас дэмжлэг дутав уу. Үүнийг би асууж байгаа юм биш, таны үеийн, таныг дэмждэг цөөнгүй залуусын дунд болдог ярианы сэдэв учраас асууж байна л даа?

-Жилийн өмнө танд би ярилцлага өгөхдөө "Бялуу хийхэд нь төдийлөн оролцоогүй байж, бялуу хүртэхэд нь оройлон гүйгээд яах вэ" гэж хэлж байсан. Сонгуулийн ажил эхлэх үетэй давхцаад би дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн. Тиймээс сонгуулийн болоод намын ажилд төдийлөн идэвхтэй оролцож чадаагүй юм. Сонгуулийн жилийн хариуцлагатай, зовлон ихтэй цаг хугацаанд хамт яваагүй мөртлөө албан тушаал хуваарилах үед "Би дарга болох ёстой" гээд гараад ирэх нь миний баримталдаг зарчим бишийг та мэднэ. Ажлыг болохоос нь болохгүйг нь хүртэл хийж, ард нь гарсны дараа хэний ч өмнө нүүр бардам "Би одоо ахиад ийм ажил хиймээр байна" гээд зогсохыг л зорилгоо болгосоор ирсэн. Бидний үеийнхэнд нийгмийнхээ өмнө “гавьяа” байгуулах асар том боломж байна. Тийм учраас гараа хумхиад сууж огтхон ч болохгүй цаг үед бид амьдарч байна. Улс төрийн ажлыг бохир заваан гэж ярьдаг. Тэгээд цэнгэг болгох ажлыг хэн хийх вэ? Бид хамтдаа хийж гүйцэтгэхээс өөр гарц байхгүй. Улс төрийн ажил уг нь хийж бүтээе гээд зүтгэж байгаа хүнд бол нэр хүндтэй сайхан ажил байгаа юм. За ингэсгээд яриагаа өндөрлөх үү дээ.

Ярилцсан танд баярлалаа.

Онцлох нийтлэлүүд