ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.02.11 09:02

Б.Билгүүн: Цагаан сарын баярын өдрүүдээр халаасны хулгайн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй

Цагаан сарын өдрүүдийн гэмт хэргийн нөхцөл болон өнгөрсөн нэгдүгээр сард гэмт хэргийн нөхцөл байдал ямар байсан талаар Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилсан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Билгүүнээс тодрууллаа.


-Баярын өдрүүдээр гэмт хэрэг хэр бүртгэгдэв?

-Шинийн 1-3-ны өдөр цагдаагийн байгууллагад нийт 4166 дуудлага мэдээлэл ирсэн. Энэ нь өмнөх оны баярын гурван өдрийнхөөс 8.6 хувиар буурсан байна. Харин гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл шинийн 1-3-ны өдрүүдэд 218 бүртгэгдсэн нь өмнөх оны баярын өдрүүдийнхээс 20 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байлаа.

-Яг ямар төрлийн хэрэг дийлэнх хувийг эзэлж байна вэ?

-Мэдээж хулгайлах төрлийн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлдэг. Энэ жилийн хувьд баярын өдрүүдээр 48 удаагийн хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх жилийн баярын гурав хоногтой харьцуулахад 29.4 хувиар буурсан. Ер нь баярын өдрүүдээр гэмт хэрэг зөрчлийн тоо буурсан байгаа. Харин согтууруулах ундаа, архитай холбоотой дуудлага мэдээлэл гурав дахин ихэссэн. Өмнөх оны мөн үед согтуугийн дуудлага 438 байсан бол энэ оны шинийн 1-3-ны өдрүүдэд 1353 архи согтууруулах ундаатай холбоотой дуудлага бүртгэгдсэн.

-Тэгэхээр эрүүлжүүлэгдсэн хүний тоо мөн өссөн гэсэн үг үү?

-Битүүний өдрөөс шинийн гуравныг хүртэл 753 хүн эрүүлжүүлэгдсэн. Битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 4-ний өдөр 134 хүн эрүүлжүүлэгдсэн бол шинийн нэгэнд 132 хүн эрүүлжүүлэгдсэн. Харин шинийн хоёронд буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр 236, 7-нд 251, 8-нд 259 хүн эрүүлжүүлэгдэв. Хамгийн их буюу нэг шөнийн дотор 324 хүн шинийн таванд эрүүлжүүлэгдсэн. Гэхдээ цагдаагийн байгууллагын зүгээс баярын өдрүүдээр архидан согтуурсан үедээ биеэ авч явах чадваргүй болсон иргэдийг эрүүлжүүлэн саатуулахаас илүү ар гэр, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгөх, зөрчил гаргасан иргэдийг торгохоос илүү сануулаад өнгөрөх ажлыг голчлон хэрэгжүүлсэн.

-Архитай холбоотой гэмт хэргийн дуудлага мэдээлэл яагаад ийм их байна вэ?

-Өнгөрсөн жил Цагаан сарын үеэр дөрөв хоногийн амралттай байсан бол энэ жил Цагаан сарын баярын амралт долоо хоног үргэлжилж байна. Согтуугийн дуудлага гурав дахин өссөн нь баярын үеэрх урт амралттай холбоотой.

-Архидан согтуурсны улмаас хүний амь нас, бие махбодод гэмтэл учруулсан тохиолдол байв уу?

-Хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу биед хүнд, хөнгөн гэмтэл учруулсан тохиолдол баярын гурван өдрүүдэд зургаа бүртгэгдсэн. Гэвч энэ нь өнгөрсөн жилийнхээс 25 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Цагдаагийн байгууллага энэ жил битүүний өдрөөс буюу хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн болохоор гэмт хэргийн үзүүлэлт буурсан, өнгөрсөн жилийнхээс илүү амгалан тайван байлаа.

-Баярын өдрүүдээр хүмүүс орон гэрээ эзгүй орхиж, золголт хийхээр явдаг. Энэ үеэр орон байрны хулгай, автомашин хулгайлах тохиолдол гарав уу?

-48 хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэнээс 34 нь орон байранд халдах төрлийнх байсан бол аж ахуйн нэгж байгууллагад халдсан таван тохиолдол гарсан. Харин автомашинд халдсан хоёр гэмт хэрэг бүртгэгдсэн. Нийт гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллээс 102 нь гэмт хэрэг гэж бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 39.2 хувь буурсан байна. Түүнчлэн зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл баярын өдрүүдээр 2207 бүртгэгдэж өмнөх оны баярын өдрүүдийнхээс 35.9 хувиар буурсан.

-Хүний амь нас хохирсон дуудлага бүртгэгдэв үү?

-Энэ төрлийн дуудлага мэдээллийг өнгөрсөн жилийн баярын гурав хоногийнхтой харьцуулахад 26.6 хувиар буурсан. Өнөө жилийн баярын гурав хоногт 22 хүн нас барсан. Гэхдээ энэ нь дан ганц гэмт хэргийн шинжтэй бус өвчнөөр, эсвэл гэнэтийн байдлаар амь насаа алдсан тохиолдол орж байгаа.

-Энэ жил баярын өдрүүдээр халаасны хулгайн гэмт хэрэг нэг ч бүртгэгдээгүй гэсэн үнэн үү?

-Халаасны хулгай нь нийт хулгайн гэмт хэрэг дотроо харьцангуй бага хувийг эзэлдэг. Баярын өдрүүдээр энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой нэг ч дуудлага бүртгэгдээгүй.

-Осгож нас барсан тохиолдол байв уу?

-Баярын өдрөөр осгож амиа алдсан тохиолдол нэг бүртгэгдсэн. Энэ хэрэг нь шинийн хоёрны өдөр гарсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн нутагт амьдардаг хэн болох нь тодорхойгүй иргэн байсан. Талийгаач ГССҮТ-д хүргэгдэн нас барсан. Мөн архины хордлогод орж таван иргэн амь насаа алдсан.

-Он гарснаас хойш гэмт хэрэг хэр их бүртгэгдэв?

-Улаанбаатар хотын хэмжээнд он гарснаас хойших хугацаанд 2613 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 12 хувиар буюу 360 орчим гэмт хэргээр буурсан үзүүлэлттэй байна.

-Ямар төрлийн гэмт хэрэг буурсан байна вэ?

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг буюу танхай сэдэлтэй, бусдын эрх чөлөөнд халдах гэмт хэргийн үйлдлүүд 9.5 хувиар буурсан. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 75 үйлдэл бүртгэгдсэн нь урьд оныхоос 9.6 хувиар буурлаа. Мөн хулгайлах сэдэлтэй үйлдлүүд бүртгэгддэг. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 31.1 хувиар буурсан байна. Эл гэмт хэрэг нь өнгөрсөн оны нэгдүгээр сард 1167 хулгайн үйлдэл бүртгэгдэж байсан бол өнгөрсөн сард 804 хулгайн гэмт хэрэг бүртгэгдэж, эрс буурсан.

-Хүмүүс нийтийн гудамж талбайд явж байхдаа эд зүйлээ алдах тохиолдол бий. Энэ үзүүлэлт ямар хувьтай байна вэ?

-Халаасны хулгайн гэмт хэрэг өнгөрсөн оны нэгдүгээр сард 153 бүртгэгдэж байсан бол энэ онд 85 үйлдэл бүртгэгдэж, 44.4 хувиар буурлаа. Хулгайн гэмт хэргийн буурсан шалтгаан нь иргэдийн ухамсар дээшилсэнтэй холбоотой. Аливаа гэмт хэргийн халдлагад өртөхөөс өөрийгөө урьдчилан сэргийлж чаддаг болжээ. Түүнээс гадна олон нийтийн газар, зах худалдааны төвүүдээр явахдаа сонор сэрэмжээ дээшлүүлж болгоомжилдог, өөрсдийнхөө эд зүйлд хянамгай ханддаг болсонтой холбоотой. Хамгийн гол нь орон гэрээ эзэнгүй орхихгүй, чанартай цоож, цуургаар гэр орноо цоожилж аюулгүй байдлаа хамгаалдаг болсон нь гэмт хэрэг буурахад нөлөөлж байна. Мөн төр, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа сайжирсан нь энэ үзүүлэлтэд тодорхой хэмжээнд нөлөөлсөн болов уу.

-Тэгвэл өнгөрсөн нэг сарын хугацаанд ямар төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдсэн байв?

-Нэмэгдэлтэй гарсан зөрчил байгаа. Захиргааны зөрчил 14.5 хувиар өссөн. Гэхдээ энэ зөрчлийн өсөлт нь гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж чадаж байна гэж харж болно. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийг бага дээр нь таслан зогсоож чадаж байна гэдэг нь гэмт хэргийн үзүүлэлт буурахад сайнаар нөлөөлж байгаа. Нэмэгдсэн үзүүлэлтийн тухайн залилах гэмт хэрэг 20 хувиар өссөн. Мөн дээрэмдэх гэмт хэрэг нэмэгдэж байна. Тиймээс иргэд шөнө оройн цагаар гэрэлтүүлэггүй, харанхуй газраар битгий яваарай. Өдөрт 2-3 удаагийн дээрмийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Гэхдээ энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 49.5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ оны нэгдүгээр сард 80 удаагийн дээрмийн гэмт хэрэг гарсан.

-Өнгөрсөн сард ямар төрлийн хулгайн гэмт хэрэг түлхүү үйлдэгдэв?

-Өдөрт 20-25 хулгайн гэмт хэрэг бүртгэгдэж байгаа. Өнгөрсөн сард орон байрны хулгай ихэссэн. Хулгайлж байгаа эд зүйл нь дандаа Цагаан сарын холбогдолтой буюу ууц, бууз, бэлгээ алдаж байсан. Мөн автомашины хулгайн үйлдэл нэлээд бүртгэгдсэн. Өдөрт 2-4 удаагийн үйлдэл бүртгэгдэж байна. Ихэвчлэн орон сууц, байгууллага аж ахуйн нэгжийн гаднаас машинаа алддаг. Иргэд өөрсдөө харуул хамгаалалтгүй газар автомашинаа байрлуулснаас болоод гэмт хэрэг өсөөд байна. Мөн автомашин дотор үнэд хүрэхээр эдлэлээ мартаж бууснаас болоод хулгайчдад сэдэл төрүүлээд байна.

-Үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрч байна уу?

-Ер нь бүртгэгдсэн гэмт хэргүүдийн дийлэнх нь архидан согтуурахтай холбоотой байдаг. Архины хэрэглээг зөв зохистой болгох хэрэгтэй байна. Цагдаагийн байгууллагын хяналтад байдаг, байнга зөрчлийн дуудлага ирдэг газруудад алба хаагчид түлхүү ажилласан.

З.МӨНХСУВД

Онцлох нийтлэлүүд