ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.03.17 01:03

Б.Галаарид: Урианхай бол маш эртний овог аймаг юм

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Б.Галааридтай ярилцлаа.


-Таны “Урианхай өргөжин тэлсэн түүх” нэртэй ном хэвлэгдсэний дараа түүхч, эрдэмтэд оролцсон хэлэлцүүлэг ч боллоо. Номыг тань харахад домог болоод түүхүүдийг оруулж өгчээ?

-Ер нь л домог. Домгууд.

-Ардын аман зохиол талын судалгаа хийж, домог үлгэр цуглуулахад олон газраар явж, олон хүнтэй уулзах шаардлагатай тулгардаг. Тэгэхээр та эдгээр домгийг цуглуулах гэж маш их цаг хугацаа зарцуулсан байх?

-Урьд өмнө нь судалгааны эрэлтэд ороогүй урианхайн түүхтэй холбоотой шинэ домгууд л даа. Гэхдээ тодорхой хүнээс сонссон, ахмад буурлуудаас цуглуулсан домог биш. Энэ бол бөөгийн буултаар буулгаж, онгодын хуучилсан түүхийг дэвтэрлэсэн гэдгээрээ онцлогтой. Арав гаруй жилийн өмнөөс урианхайн удмын түүхээр ном бүтээх ёстой гэдэг зорилго бий болоод өнөө жил дэвтэрлэсэн нь энэ. Домгуудад нь нэг их ач холбогдол өгөхгүй явж байсан чинь нэг домгийг нь сонстол маш их сонирхолтой санагдсан. Тэгээд домгуудыг нь ойр ойрхон сонсоод тэр бүгдийгээ дэвтэрлэсэн. Ийм л учиртай юм.

Энэ номонд урианхайчууд гэж хэн байсан юм, ямар хүмүүс байв, хаагуур яаж нутаглаж, нүүж сууж амьдарч байсан юм. Түүхэнд ямар үүрэг гүйцэтгэж байсан юм бэ гэх мэтийн өнөөдөр таамаг төдий байгаа, эсвэл ерөөсөө бидний огт мэдэхгүй мэдээ зангийг энэ домгууд агуулсан гэдгээрээ ач холбогдолтой. Ном маань Сар шинийн босгон дээр хэвлэлтээс гарсан. Дараагаар нь тодорхой хэмжээний түүхч мэргэжлийн хүмүүс, ном, сонин унших дуртай, үлгэр домог уншдаг мэддэг хүмүүс оролцсон хэлэлцүүлгийг Д.Нацагдоржийн номын санд хийсэн. Энэ хэлэлцүүлэгт хэлж байгаа хүмүүсийн санаа, хэлсэн дүгнэлтүүдийг харахад ийм бүтээлийн эрэлт байсан юм байна гэдэг нь харагдаж байгаа.

Урианхай түмэн минь ер нь хэн юм бэ гэдэг нь өөрөө анхаарал их татдаг. Баян-Өлгий, Ховдод байгаа мөн Алтайн урианхайчууд юм уу эсвэл нүүгүүл суугуул байгаа Монгол даяар тархсан хэдэн урианхайн асуудал биш. Энэ бол ерөөсөө өргөн удам дайдад түгсэн эртний урианхай овог аймгийн ард түмний түүхийн асуудал гэдгийг эдгээр домог харуулж байгаа юм.

-Урианхайчуудын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг чухам юу байдаг юм бол?

-Бид өнөөдөр “Тува бол урианхай биш”, “Якутууд бол биш. Зөвхөн бид л урианхай” гэж яриад байдаг байсан. Гэтэл энэ домгуудаас харахад урианхай нь нэн эртний овог аймаг учраас маш их тарж явсан юм байна, олон улс үндэстний түүхэнд урианхайчууд маш их үүрэг гүйцэтгэж байсан юм байна гэдэг улбаа энд маш тод харагдаж байгаа.

Их Монгол Улсыг байгуулахад урианхайчууд ямар үүрэгтэй байсан бэ гэдэг нь “Монголын нууц товчоо”-ноос л эхлэлтэй л дээ. Бурхан халдун ууланд Шинчи баян урианхайд хандаж нутаг гуйж байдаг ч юм уу. Тэнд урианхай хүн буга намначихаад сууж байхад хишиг гуйсан ч байдаг юм уу гэх мэтээр урианхайтай холбоотой 50 гаруй мэдээ, баримт “Монголын нууц товчоо”-нд бий. Их Монгол Улс байгуулагдсаны дараа Их хаанд шадарлаж хамгийн ойр дотно явсан хүмүүсийнх нь дотор Сүбээдэй, Зэлмэ тэргүүтэй домог түүхтэй баатрууд байсан. Тэдний үр хүүхдүүд удам дамжин төрд зүтгэж явсан үнэнч хүмүүс. Бурхан халдунд Эхсийн хоригийг сахидаг урианхайчууд, хар, цагаан сүлдийг сахидаг урианхайчууд гээд урианхайчуудтай холбоотой зүйлүүд яваад байдаг. Домог гэдэг бол үнэн бодит түүхийг агуулж байдаг. Энэ маань түүнийг тодотгоход нэмэртэй түүхүүд юм болов уу. Цаг хугацааны хувьд их өргөн утгатай. Домог “Төдий үед...” гэдэггүй. Эрт үед гээд явчихдаг. Яг л тэр зарчмаар домгууд өгүүлэгдсэн. Энэ домгууд дотор урианхай түмэн ирээдүйд Монголд ийм их аугаа хаан төрөх юм байна, энэ хүн ийм ийм зан чанартай хүн байх юм байна, эрдэмтэй, мэдлэгтэй, үнэнч хүмүүсийг түшиж том төрт улсыг байгуулах юм байна гэдгийг харж шинжсэн тухай гарна. Ийм ийм үйл явдалд болно. Тэр үйл явдлуудад урианхай түмэн маш их үүрэгтэй оролцох юм байна гээд тэрэндээ бэлдэж байгаа тухай их өргөн агуулгатай домогтой. Ирэх 99 жил гэж гарч байгаа юм. Тэр нь бидний ойлгодог 99 жил гэдэг тоон утгаар биш. Ерөөсөө ирээдүйд болох үйл явдалд бэлдээд урианхайчууд удам сайт хөвгүүдээ тэсвэр тэвчээртэй болгож хүмүүжүүлээд ирээдүйд их улс байгуулахад хэрэг болно гээд зүг зүгийн улс руу явуулж тэр газрынхаа сонин хачныг олж мэдээд зарим газраас нь ирээдүйн төрд хэрэг болох юмыг бүтээж авчирч байгаа тухай гарна. Жишээ нь, илд сэлэм үйлдвэрлэдэг газраас хар сүлдний зэвийг жинхэнэ сайн чанарын ган төмрөөр бүтээлгэж залж ирлээ гэж гарна. Их сонин сонин юм бий. Эсвэл ирээдүйд Монгол Улстай холбоотой газар болгон руу хүмүүсээ явуулж ураглаж буй сонин түүхтэй. Угсаа гарвалтай арван хөвгүүн төрөхөөс ес төрсөн. Тэр хөвгүүдээ есөн зүгт явуулж байгаа тухай энэ домогт гардаг. Тэр есөн хөвгүүн очсон газар болгоноосоо сонин хачныг сонсч, олж ирсэн. Зарим нь тэндээ ураг удмаа тэлж үлдээсэн ч гэдэг юм уу сонирхолтой үйл явдалтай. Яг энэ домгийг уншсан хүнд их сонирхолтой. Хэл зүйн талаасаа бол орчин үеийн монгол хэлэнд буулгасан. Тиймээс хүн ойлгохгүй юм үгүй. Гэхдээ бөөгийн яруу найраг гэдгээрээ утга агуулга баялаг, гайхамшигтай цэгцтэй ийм л домгууд.

-Бөөгийн яруу найргийг ингэж буулгаж судалж байсан нь эртний улбаатай байх шүү. Бямбын Ренчин гуай бөөгийн яруу найргийг ихэд судалдаг байсан?

-Тэгэлгүй яахав. Б.Ренчин гуай бөөгийн буултуудыг судлаад ном судар хийж үлдээсэн. Олон хүн ийм ном хийж байсан. Харин тодорхой овог аймаг, угсаатны түүхтэй холбоотой домгийг багцаар нь буулгаж байгаагүй байх. Энэ бол анхны тохиолдол гэж хэлж болно.

-“Урианхай өргөжин тэлсэн түүх”-ээс өөр сонирхолтой зүйл байвал сонирхуулж болох уу?

-Хааны удам тасрах гэж байхад урианхай түмэн ураглаж тэр хааны удмыг сэргээж өгсөн ч гэдэг юмуу ийм их сонин түүх бий. Энэ дотор бас нэг сонирхолтой зүйл байгаа нь бидний тайлбарлах гээд байдаг, одоогоор баримт нотолгоогүй учраас тэр болгон барим тавим тайлбарлачихаж чадахгүй, үнэн гэж нотолж чадахгүй байгаа зарим үйл явдлын тухай нэмэлт мэдээлэл маягтай таамаг дэвшүүлэх боломжуудыг олгосон мэдээ зангиуд бий.

-Ямар мэдээ, зангиуд вэ?

-Хас. Нүүдэлчид угаас хасыг эрхэмлэдэг. Дэлхий даяар хасын соёл гэж том соёл байж байна. Тэгтэл хасыг тайлбарлахдаа “Нар зөв хасыг дээдэлж голд нь хаан дээдэс сууж, хаан төр оршиж, эрчит дөрвөн үзүүр эргэх их хөдөлгөөнд нь эгэл түмэн улам улам хүчийг авна” гэсэн байх жишээтэй. Домог болгоныг хараад байхад сонин сонин юмнууд бий. Эртний түүхэн судруудад урианхай гэж нэр гардаг. Ялангуяа Хятад сурвалжуудад улианхай гэж байна хэмээн үздэг. Зарим сүүлийн үеийн судлаачид “Энэ бол Урианхай гэж үг биш ээ” гэж мэтгэсэн нь ч байна билээ. Ерөнхийдөө дэлхий нийтээр юу гэж үзэж байна вэ гэхээр урианхай бол маш эртний овог аймаг юм гэдэг дээр судлаачид санал нийлдэг. Энэ овог аймаг маань Рашид Ад Диний “Судрын чуулган”-д дурдагддаг. “Монголын нууц товчоо” бол наахан үеийн, дундад зууны үеийн сурвалж болж байгаа юм. Гэх мэтээр яваад сүүлдээ урианхайн тухай нэлээд судалсан. Гадна, дотны эрдэмтэд өөр өөрийн хувилбар таамгуудыг дэвшүүлсэн байдаг. Манайд урианхайгаар дагнасан судалгааг, ялангуяа Алтайн урианхайгаар дагнасан судалгааг доктор Ц.Гантулга маш сайн хийсэн. Ховдын Ганболд доктор энэ чиглэлээр нэлээд тууштай ажиллаж байна. Гэх мэтээр урианхайн түүхээр тууштай ажиллаж буй хүмүүс байна. Хэл зүй, тууль талаас нь түгээмэл судалсан шүү дээ. Олон ч туульчдын туулийг буулгасан. Гэхдээ яг урианхай түмэн гэж хэн юм, түүх нь юу юм гэдэг дээр сүүлийн үед анхаарал хандуулаад байна.

Тува нар өөрсдийгөө урианхай, урианхайн хязгаар гэж үздэг. Тува, урианхайтай холбоотой бүх мэдээ, зангиудыг долоон том боть болгоод “Тува дэвтэр” гээд хэвлээд гаргачихсан, ОХУ-ын төр нийгмийн томоохон зүтгэлтэн Сергей Шойгу. Шойгу урианхай хүн л дээ. Энэ долоон том ботийг эмхэтгэхэд их хувь нэмэр оруулсан. Энэ ботийг надад хэдхэн хоногийн өмнө хүн авчирч бэлэглэсэн. Үүн дээр урианхайтай холбоотой эртний бүхий л баримт, мэдээ зангиудыг нэгтгэж оруулахыг хичээсэн байдал харагдаж байна. Мэдээж туватай холбоотой асар их мэдээлэл байгаа.

-Урианхайчуудыг дотор нь хар, цагаан гэж тодотгосон тухай домогт өгүүлжээ?

-Цагаан урианхай, хар урианхай, халтар урианхай, цоохор урианхай гээд бидний мэддэггүй байсан нэршлүүдийг оруулаад тэрийгээ тайлбарласан байна. Жишээ нь, Тагнын урианхайг хар урианхай гэдэг байсан. Цагаан урианхай гэж өнөө цагийн саха буюу якутууд юм гээд шууд ойлгогдохоор хэлчихэж байгаа юм. Цас мөсний орон, цаа буганаас өөр унаагүй газар урианхайн Зөнч гэж хөвгүүн олон дагуултайгаа очоод тэндээ үлдсэн нь Цагаан урианхай үүсвэй гэж гардаг. Гэтэл якутын өөрсдийнх нь гарал үүслийн тухай домог түүхийг нь хайгаад үзэхээр Байгал нуураас энүүхнээс нүүж очсон, эцгийн талаасаа урианхайчууд гэсэн байдаг. 1937 онд Г.В.Ксенофонтов гэж якутын эрдэмтэн судлаач хоёр боть ном бичээд тэрэндээ Урианхай-Сахалар (Ураангхай-сахалар) гэж бичиж үлдээсэн нь бий. Өөрсдийгөө урианхай гэцгээдэг. Тээр хойд мөсөн далайн наад талд л урианхайчууд явж байх жишээтэй.

Гэтэл өмнөд нутагт Хянганы нуруу, Цагаан хэрэм хүртэл түгсэн тэр л нутагт урианхайчууд сууж байсан, харчин, хорчинтой нийлж холилдож байсан. Одоогийн зүүн талд бол урианхайчуудын олон зуун жилээр аж төрж байсан тэр түүх нь байж байна. Баруун талд ч тэр. “Монголын нууц товчоо”-нд ч байж л байдаг. Тэр үеэс асар өргөн нутагт тархан амьдарч байсан, тэр нь олон зуун жилийн хугацаанд байгаа байгаа газрынхаа хэл соёлд ууссан, хэлний хувьд өөр өөр болсон. Ёс заншил нь өөр өөр болсон ч түүхийг нь ухаад үзэхээр урианхай асар их түгсэн ард түмэн байжээ гэдэг нь харагдаж байгаа юм.

-Урианхай гэдгийг домогт юу гэж тайлсан байна вэ?

-Урианхай гэдэг үгийг эрдэмтэд олон янзаар тайлбарласан, тайлсан байдаг. Уриалан дуудагч гэдэг утгаар тайлбарласан нь харагддаг. Олон янзаар тайлбарласан нь бий. Интернэт рүү ороод харахад л урианхай гэдэг үгийн тайлбарыг хэд хэдэн янзаар хийчихсэн байна. Энэ домогт урианхай гэдэг бол угаас язгуур нэршил нь урианхай. Урианхай гэдэг нь уриалж дуудах, хаан хүн, хаан төрийг түшиж явдаг, хаан болох хүнийг хажуунаас нь дэмжиж тэтгэж, өсгөж босгож, хаан төрд хүргэдэг.

Урианхайчуудын өргөсөн хүн нь хаан болдог гэх мэтээр урианхайчуудын тухай тодорхой гаргасан. Урианхай хүний өргөсөн хүн хаан болдог, урианхай хүний өрсөн бөх нь түрүүлдэг, тавьсан сум нь тав тогтоодог гэж домогт дурдсан.

-Тэгвэл урианхай хүний гол шинж юу вэ. Зан ааш, бие бялдрынх нь хувьд юу гэж дүрсэлсэн байдаг вэ?

-Урианхайчууд хаадыг уригч, хаадыг төрүүлэгч, хаадыг сургагч, хаадыг өсгөгчид. Хаан хүнд хамгийн үнэтэй хүмүүс. Удам дотор чинь олон хүн байвал урианхай хүнд итгэ. Урианхайчууд үнэнч, итгэл даадаг гэдгийг домогт онцлоод урианхай хүн өргөн ханхар цээжтэй, өндөр том биетэй, өсгөлүүн чийрэг төрхтэй, хацар шанаа томтой, хар бор нүдтэй, бахим том гартай, бат түшигтэй хөлтэй. Эр хүмүүс нь хүч чадал ихтэй, эхнэр хүмүүс нь үг хэл өөнтөгч шооч. Үйлийг үгээр зодож хийдэг. Битүү үгээр их ярина. Билэг сайтай уужим хүмүүс гэж тодорхой тайлбарласныг домгоос дэлгэрүүлж уншиж болно.


Онцлох нийтлэлүүд