ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Өдрийн сонины дугаарт
2017.05.20 11:05

Б.Ганбат: Гурван хэмжээст технологи эмчийн харааны ачааллыг 70 хувь бууруулдаг

Photonic West Олон улсын хурал дээр зүүн гар талаас Мөнх-Учрал, Багш Ким Намын хамт. 2015 он

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль, Электроник холбооны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч профессор, доктор Б.Ганбаттай ярилцлаа.


-Таныг одоо байгаа 3D дэлгэцээс илүү нимгэн дэлгэцийг хэрхэн хийх талаар судалгааны ажил хийж байгаа гэж сонслоо. Энэ тухайгаа дэлгэрүүлээч?

-Энэ судалгааны ажлыг манай тэнхимийн Д.Номин-Эрдэнэ багш гардан хийж байгаа. Бид хоёр цэгэн гэрэлт дэлгэц дээр төвлөрч ажиллаж байна. Бидний судалгааны ажлын гол зорилго бол 3D дэлгэцийн харагдах өнцөг, нягтаршлыг сайжруулахад оршиж байгаа юм. Энэ технологийг амьдралд өргөн хэрэглэж чадахгүй байна гэдэг бол сайжруулах зүйлс байна гэсэн үг. Эдгээрийг сайжруулах олон арга бий ч, үйлдвэрлэлд хямд, хялбар аргыг л нэвтрүүлдэг. Манай арга бусдаас юугаараа давуу юм гэвэл уламжлалт бүтэц дээр ард байдаг гэрлийн тоог нэмж өгсөн юм. Давхар дэлгэц, линз ашиглаж болох ч ингэх тусам өртөг нь ихэснэ. Нягтшил гэдэг бол цэгэн хэмжээ хоорондын зайгаар илэрхийлэгдэг. Хоёр цэгийн хоорондох зай бага байвал тод сайн зураг харагддаг. Нэмэлт гэрлийн үүсгүүр тавьснаар цэгэн гэрэл хоорондох зайг гурав дахин багасгасан. Ингэснээр нэг мм хэмжээтэй гэрэл үүсгэгч ашигласан үед зай нь 0.33 мм болж бараг хоёр хэмжээст дэлгэцийн үзүүлэлт рүү дөхөж байгаа.

-Харагдах өнцгийг сайжруулахад юуг голчлон анхаарч, шинэчлэл хийсэн бэ?

-Харагдах өнцгийг сайжруулах патентаа бид өнгөрсөн намар авсан. Анх энэ санаа 2010 онд төрсөн ч санхүүжилт байхгүй учраас хэрэгжүүлж чадахгүй байсан. Улмаар өнгөрсөн жил Азийн хөгжлийн банкны төслөөр туршилтад хэрэгтэй тоног төхөөрөмж авснаар шинэ санаагаа туршилтаар батлаад байна. Эрдэм шинжилгээний өгүүллээ олон улсын сэтгүүлд хэвлүүлэхээр бэлтгэж явуулсан. Шүүмжлэгчдээс эерэг хариу авсан болохоор хэвлэгдэх байх гэж хүлээж байна.

-3D дэлгэцийг сайжруулах нь хүмүүсийн амьдралд ямар ахиц дэвшлийг авчрах вэ?

-Хэрэглээнд нэвтэрч эхлээд байгаа 3D дэлгэц буюу стерео дэлгэц нь нүдний шил ашигладаг. Энэ нь хүний хоёр нүд өөр зураг хардаг дээр тулгуурладаг юм. Гэтэл хүн болгоны хараа ижил биш, харааны гажиг зэргээс болоод зарим хүн үзэж чаддаггүй тохиолдол ч бий. Хүүхэд, том хүн хоёрын нүд хоорондын зай өөр байдаг учраас ижил зүйлийг харсан ч өөр өөр мэдрэмж авдаг. Харин энэ технологийг амьдралд нэвтрүүлснээр бүх дүрсийг нүдний шилгүйгээр, аль ч өнцгөөс бодитоор харах боломж бүрдэх юм. Ерөнхийдөө стерео дэлгэц зөвхөн хэвтээ тэнхлэгийн дагуу гурван хэмжээсээр хардаг. Харин бидний хөгжүүлж байгаа “Нийлмэл дүрсэн дэлгэц” босоо, хэвтээ аль ч тэнхлэгийн дагуу 3D харах боломжтой.

-Гурван хэмжээст дэлгэцийг хүмүүс “Аватар” киногоор маш сайн мэддэг болсон. Өнөөдөр 3D-гүй бараа бүтээгдэхүүн ч гэж байхгүй болж. Гурван хэмжээст дэлгэцийг аль салбарт, хэрхэн ашиглах нь тохиромжтой вэ?

-Ерөнхийдөө 3D загварчлалыг дэлхий нийт цэрэг дайны болон эмнэлгийн салбарт өргөн ашигладаг. Тухайлбал, эмч нар дурангийн хагалгаа хийхэд 3D камер, дэлгэц ашигласнаар эмчийн харааны ачаалал 70 хувь хүртэл буурдаг. Ингэснээр эмчийн хагалгаанд зарцуулах цаг ихэсч, бүх анхаарлаа хандуулан ажиллах боломж бүрдэх юм. Мөн уул уурхайн хүнд машины жолоодлогын дадлагад өргөн ашиглаж болно. Хүнд машин механизм барих гээд очсон хүмүүсийг шууд машин бариулаад онхолдуулж болохгүй. Бодит юм шиг 3D загвар дотор суулгаад бариулж үзээд туршлагатай болсон хойно бариулдаг. Цаашлаад тоглоомын дизайн гаргах, реклам сурталчилгаа, энтертайнмент чиглэлд ашиглах гэх мэтээр гурван хэмжээст технологийн хэрэгцээ нэмэгдсээр байна.

-Цаашлаад зурагт дэлгэцийн салбарт ямар ахиц дэвшил гарч, хүн төрөлхтнийг гайхуулах бол?

- Ер нь бол өнөөдөр лабораторийн орчинд манай тоног төхөөрөмжөөр хамгийн томдоо 3х3 см хэмжээтэй жижигхэн дэлгэц хийж байна. Яваандаа 2D шиг том том 3D дэлгэцүүд өдөр тутмын амьдралд нэвтэрч хүмүүс түүнээс орон зайн мэдрэмж автал хөгжүүлэх ёстой. Монголчууд шинэ нээлт, огт хүний санаанд оромгүй зүйлс зохион бүтээхийг хүсээд, хүлээгээд байдаг. Гэтэл хүн төрөлхтөн гар утсыг зохион бүтээчихлээ гээд зүгээр суугаад байсан бол өнөөдөр Galaxy S2 гэх мэтчилэн S8 хүртэл утас гарч ирэхгүй байсан. Үүгээр юу хэлэх гээд байна гэвэл гар утсыг бага багаар судалж, хөгжүүлсээр байгаад өнөөдөр ийм түвшинд хүргэсэн шүү дээ. Түүнтэй адил судалгааны ажил гэдэг бол байгаа зүйлийг хөгжүүлэх юм. Судалгааны ажил бүрт шинэ нээлт, санаа байдаг. Тэр нь явсаар байгаад том ахиц дэвшлийг авчирдаг. Өнөөгийн залууст нэг сайхан санаа төрөөд интернэт рүү ортол тэр зүйл байж байдаг. Тэгэхээр л байдаг юм байна гээд санаагаа орхидог. Тэгж болохгүй. Дэлхий ертөнц дээр байгаа бүх л зүйлсийг илүү сайжруулах хэрэгцээ шаардлага байдаг. Тухайлбал, одоо ажиллаж байгаа пуужингуудын зардлыг яаж бууруулах вэ гээд л шинэ санаа, судалгааны ажил байж болно. Одоо байгаа юмыг судлаад ямар дутагдал байгааг нь судалж олоод түүнийгээ сайжруулсан шинэ санаа гаргаж ирэх нь өнөөгийн судалгааны ажил. Түүнээс биш өнгөрсөн олон зуун жилүүдэд хийгдсэн шиг том том нээлт хийх хэцүү.

-Танай сургууль дээр хүмүүсийн амьдралд хэрэгтэй өөр ямар судалгааны ажлууд хийгдэж байна вэ?

-Дээхнэ үед Монголд академи л судалгаа хийдэг гэж боддог байсан. Гэтэл их сургуулиудын хийдэг нэг том ажил бол судалгаа. Манай МУИС судалгааны их сургууль болох зорилго тавьсан. Энэ ч үүднээс судалгааны төслийг өөрөөсөө санхүүжүүлдэг болж жилдээ 800 сая төгрөгөөр судалгааны төслүүдээ санхүүжүүлдэг болсон. Энэ нь багш нарыг судалгааны ажил хийхэд идэвхжүүлж өгч байна. Олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх болон патент авах нөхцөлтэйгөөр олон шат дамжлагагүйгээр төслөө авна. Ингэж судалгаа хийснээр шинэ мэдлэгийг бий болгож, оюутнууддаа өгөхөөс гадна их сургуулийн багш нар судалгааны бүтээлээ патент болгоод оюуны өмч болгож зарах боломжтой юм. Үүний тод жишээ болж Ж.Батхүү багш “Зуу наслаарай цай”-ны патентыг худалдаж “Моннис” компанид шилжүүлсэн явдал юм.

Мөн МУИС дээр өнөөдөр олон сонирхолтой судалгааны ажил хийгдэж байна. Тухайлбал, манай хэл шинжлэлийн төвийнхөн команд биелүүлдэг гар утасны аппликейшн, компьютертой яриад шатар тоглодог программууд хийсэн байгаа. А.Энхбаяр багш Занабазарын дүрсийн моделийг гэрлээр сканердаж, 3D хувилбарыг бий болгож байна. Гэрлээр сканердахад сүүдэр талыг яаж бүтэн болгож харуулах вэ гэдэг асуудал байдаг. Үүнийг шийдвэрлэсэн. Ирээдүйд эм гэдэг генийн түвшинд очно. Энэ талаар А.Баярбаатар багш судалгаа хийж байна. Тодруулбал, хүний генийн моделийг харж байгаад тэр өвчинд тохирсон эмийг зохиож өгөх юм. Энэ мэт олон сонирхолтой ажил хийгдэж үр дүн нь гараад байна.


Онцлох нийтлэлүүд