ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.06.15 12:06

Б.Дарамбазар: Бясалгал гэдэг нь оюуны болон сэтгэл зүйн дархлаа


Номын ертөнцөд нэгэн шинэ ном мэндэлжээ. “Чухаг эрдэнэ” хэмээх ариусахуйн гэгээрлийг харуулсан номын зохиолч Б.Дарамбазартай ярилцлаа.


-Номыг яагаад бичих болов?

-Бичих санаа бол нэлээд хэдэн жилийн өмнө төрсөн юм. Хүмүүст бурхан шашны сургаалийг ойлгоход хялбараар амьдрал дээр буусан, ойлгуулах үүднээс бичвэл зүгээр гэж бодож явдаг байлаа. 2017 онд Унгар Улс руу олон улсын эрдэм шинжилгээний хуралд явсан юм. Тэнд хуралд оролцоод, Австри, Швед зэрэг хэд хэдэн газраар явж үзсэн. Тэдгээр орнуудаар явахдаа бахархах сэтгэл төрж, Нобелийн музейг үзээд монголчууд маань яагаад дэлхийн нэр хүндтэй энэ шагналыг авч болохгүй гэж бодогдсон. Номын үүднээсээ хүн бол маш их потенциалтай. Дахин давтагдашгүй, оюун ухаан сэтгэл санааны хувьд чадамж өндөр. Олон төрөлт амьтдаас хамгийн сор нь хүний төрөл гэж ярьдаг. Монголчууд оюуны өндөр чадамжтай. Хүмүүсийн сэтгэлгээний чадамжийг нээх өдөөх, өөртөө итгэх, хийж бүтээх, уншиж сэтгэх чадамж өндөр байгаа нь харагддаг. Түүнд хүрэхийн тулд шашны сургааль номыг хүмүүст ойртуулах юмсан гэдэг үүднээс уг номыг бичсэн.

-Бэрхшээл тохиолдсон зүйл бий юу?

-2017 оноос хойш бодож явсаар арваннэгдүгээр сард “Дөрвөн бумын бясалгал” нэртэй дөрвөн удаагийн бясалгал хийж, дундуур нь бясалгалын тухай ном орчуулсан. Орчуулсан номоо хүмүүст тараагаад, түгээгээд, хамтарч бясалгал хийгээд түүний үр дүн нэлээд өгөөжтэй байсан. Тэр үед номоо бичих санаанууд орж ирсэн. Үг хэллэгийг нь ч гэсэн хөнгөн маягаар, хүмүүсийн өнөөгийн ойлголтод дөхүүлэх маягаар энгийн байхаар бичсэн. Тэгээд л одоо ном минь уншигчдын гар дээр хүрч байна.

-Сүүлийн үед хүмүүс иог, бясалгалд их явах болжээ. Энэ нь хүмүүст хэр ач тустай вэ?

-Бясалгал гэдэг нь ерөөсөө л оюуны дархлаа. Ялангуяа сэтгэл зүйн хувьд дархлаа суулгаж өгдөг. Бурхны шашны холбогдолтой “Дөрвөн бумын бясалгал” гэдэг нь дөрвөн төрлийн бясалгал байгаа юм. Итгэлийн, Базарсадын, Мандалын, Багшийн егүүзэрийн бясалгал гээд. Энэ дөрөв бурхны шашинтай хүмүүст хамгийн анх урдчилж, хийж анхааран авдаг бясалгал. Итгэлийн бясалгал гэдэг нь “Хүн өөрөө өөрийнхөө аврагч гэж бурхны шашинд үздэг. Өөртөө итгэлтэй байж зөв замаар явахад туслах, зүг чиг нь болж, үзэж судлах, хань нөхөр нь бясалгал. Бидний шүтэж, биширч дагах ёстой гурван зүйл бий. Бурхан, ном, хуврага юм. Бурхан багш бол энгийн л хүн байсан. Зургаан жилийн хугацаанд тасралтгүй хажуужил туулж, бясалгал бүтээл хийж байж гэгээрэлд хүрсэн. Хүний оюун ухаан гэгээрч болдог юм байна гэж нотолсон. Хүний сэтгэлийн үндэс гэгээлэг бурхаглаг чанартай. Гагцхүү бидний сэтгэлийн тэр сайхан чанарыг уур уцаар, хараал хилэн халагхлаад байгаа юм. Муу сэтгэлийг ялан дийлж, зөв сайхан сэтгэлээ хөгжүүлэх, өөрийнхөө оюун ухааныг гэгээрүүлэх зүйл нь бясалгал.

-Зөв замаар явахад юу чухал вэ. Яаж өөрийгөө удирдаж чиглүүлэх үү?

-Хүнд бодь сэтгэл гэж байдаг. Түүнийг төрүүлэхэд хүний буян их харгалздаг юм байна. Буян бага байвал хүний сэтгэл догширч, зан араншин өөрчлөгдөн, дуу хоолой нь хүртэл харгис хэрцгий болоод эхэлдэг гэж байгаа юм. Буян хураагаад зөв зам мөрд хичээгээд, зөв үйл хийгээд эхлэх юм бол хүний сэтгэл зөөлөрч, номхон дөлгөөн болж, үг яриа нь хүртэл намуухан, сэтгэл оюунд нь бодогдож, ургаж байгаа бодлууд нь гэгээлэг, эерэг бодлууд ургаж эхэлдэг байх нь. Тэгэхээр буян хураах гайхамшигтай арга нь мандал өргөх үйл. Мандалыг өргөхөд буяны чуулганыг асар их хураана. Буяныг чуулганаа асар ихээр хураагаад ирэхээр бодь сэтгэлийг төрүүлэхэд хялбар болно.

-Бясалгал хийхийн тулд энгийн хүнээс ямар нэгэн чадвар шаардах уу?

-Авьяас чадвар гэхээсээ илүү хүнээс бясалгал хийе гэсэн чинхүү хүсэл зориг л шаардана. Нэг эхэлсэн бол түүнийхээ эцэст хүрэх шаардлагатай. Дөрвөн дараалсан бясалгал бий. Үүнд урт хугацаа шаардана. Нийтдээ нэг сар гаруйн хугацаа орно. Аливаа эрдмийг сурахад гурван янзын үйл явц байна л даа. Бурхан шашны онолоор нэгдүгээрт, сонсох, хоёрдугаарт, санах гуравдугаарт, бясалгах. Сонсох нь суралцах үйл явц. Санана гэдэг нь ерөнхийдөө дадлага хийх. Сонссон мэдээллээ эргэцүүлэн тунгааж, зөв бурууг нь шүүж, өөр дээрээ буулгах. Бясалгал гэдэг нь түүнийгээ амталж, мэдэрхийг хэлээд байгаа юм.

-Номоо яагаад “Чухаг эрдэнэ” гэж нэрлэсэн юм бол?

-Чухаг гэдэг ховор нандин гэсэн үг. Хүн төрөлхтний оюун санааны хамгийн охь оргил болсон чухаг гурван эрдэнэ байна. Түүнийг бурхан, ном, хувраг гэж хэлээд байгаа. Бурхан гэдэг өөрөө төгсгэгээрсэн. Оюун санааны оргил өндөрлөг нь. Ном гэдэг нь төгс гэгээрсэн оюун ухаанаас урган гарсан мэдлэг, онол, сургааль. Хувраг гэдэг түүнийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд бодит замч нь болж өгдөг. Тэгэхээр үүнийг бурхны шашинд “Чухаг эрдэнэ” гэж хэлдэг юм.

Онцлох нийтлэлүүд