Эдийн засаг
2021.03.07 10:03

Б.Долгорсүрэн: Биткойнтой холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээ багагүй эрсдэл дагуулдгийг иргэд мэддэг байх ёстой


“Ард санхүүгийн нэгдэл”-ээс “Ард койн”-ы арилжааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гүйлгээнд нэвтрүүлснээс хойш ханш нь хэдэн арав дахин өсөөд байна. Өнгөрсөн нэгдүгээр сард 13 төгрөгт хэлбэлзэлж байсан “Ард койн”-ы ханш долоо хоногийн өмнө 300 төгрөгт хүрсэн нь богино хугацаанд маш өндөр өсөлт үзүүлж байгааг илтгэнэ. Үүнтэй холбоотойгоор хүмүүс уг зах зээлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, дэнчин тавих болсон. Тэгвэл энэ өсөлт нь хөөсрөл эсэх, биткойнд хөрөнгө оруулалт хийхдээ юунд анхаарах талаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнгээс тодрууллаа.


-Сүүлийн саруудад “Ард койн”-ы ханш тасралтгүй өсч, хүмүүс өндөр өгөөж хүртэнэ гэсэн хүлээлттэйгээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийх боллоо. Түүнчлэн, дэлхий дахинд биткойнд хөрөнгө оруулалт хийх хандлага нэмэгдэж, манайхан ч өндөр өгөөжийн төлөө энэ зах зээл рүү зүтгэж эхэллээ. Үүнд танайх ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

-Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд манай байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, энэ хуулиар хорооны ажиллах чиг үүрэг, хамрах хүрээг тодорхойлоод өгчихсөн. Тэгвэл өнөөгийн хуулийн зохицуулалтаар хорооны ажил үүргийн хамрах хүрээнд койн буюу криптовалют, блокчэйн технологид суурилсан зах зээлийн үйлчилгээ хамаарахгүй. Гэсэн хэдий ч хэрэглэгч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах бидний үндсэн үүрэг бий. Иймээс дээрх асуудалтай холбогдуулж хэд хэдэн мэдэгдэл гаргаад байна. Зөвхөн Монголд ийм асуудал үүсээд байгаа юм биш. Дэлхий дахинд виртуал хөрөнгө оруулалттай холбоотой арилжааны чиг хандлага явж байна. Үүнтэй холбоотойгоор олон улсын зохицуулагч байгууллагууд мэдэгдэл, анхааруулга гаргаад байгаа. Тухайлбал, Английн Санхүүгийн зохицуулах байгууллагаас “...Аливаа төрлийн виртуал хөрөнгийн үйлчилгээ авах, хөрөнгө оруулах нь хөрөнгө оруулагчийн хувьд өндөр эрсдэлтэй бөгөөд бүх хөрөнгө мөнгөө алдахад бэлэн байх ёстой” гэж анхааруулсан. Мөн Европын банкуудын зохицуулах байгууллага, Европын үнэт цаасны зохицуулах байгууллага, Европын даатгалын болон тэтгэврийн зохицуулах байгууллагууд иргэдэд зориулж хамтарсан мэдэгдэл гаргаж, “виртуал хөрөнгө худалдан авах нь өндөр эрсдэлийг дагуулах бөгөөд үнийн савлагаа ихтэй, хамгаалалтын тогтолцоогүй” гэдгийг анхааруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, ханшийн өндөр савлагаатай. Ирээдүй нь тодорхой бус. Хэн ч таашгүй. Ийм ойлгомжгүй салбар учир та орохдоо болгоомжтой байгаарай. Таны сонголт шүү. Та өөрийн итгэл үнэмшлээр ор. Гэхдээ та эрсдэлээ өөрөө даагаарай гэдгийг зарласан. Бидний хувьд ч мөн адил иргэдийг энэ зах зээл рүү битгий ор, та авах хэрэггүй гэж огт хэлээгүй. Та итгэл үнэмшлээрээ орж болно. Харин гарсан эрсдэлээ өөрөө даагаарай, хохирсон тохиолдолд төр рүү хандаж гомдоллох боломжгүй шүү гэж байгаа юм. АНУын Санхүүгийн зохицуулагч байгууллагаас тодорхой хэлчихсэн. "Биткойнтой холбоотой бүтээгдэхүүн үйлчилгээ өөртөө багагүй эрсдэлийг дагуулдаг гэдгийг хөрөнгө оруулагчид мэддэг байх шаардлагатай" гэсэн байгаа.

-Зохицуулалтгүй, ирээдүй нь тодорхойгүй энэ салбарт хөрөнгө оруулах бол юунд анхаарах ёстой вэ?

-Монгол Улсад он гараад койн гээд нийгэмд давлагаа үүслээ.Хүмүүс хуйларч байгаа шалтгаан нь энгийн юм. Маш богино хугацаанд хэт өндөр ашиг авах гээд хошуурч байна. Дээр нь монголчуудын өвөрмөц зан бий. Сургаар амьдардаг. Нэг аюул нь ойр дотны хүмүүсээ татаад оруулчихдаг. Бид мэдэгдэл гаргаад байгаагийн цаад шалтгаан нь өмнө нь пирамид хэлбэрийн луйварт ах дүү, амраг саднаараа ороод бүгд унаж байсан. Ингээд эцэст нь бие биенээ уучлахын аргагүй хүнд байдал үүсдэг. Тиймээс бие биенээ битгий уруу татаарай. Та өөрөө эрсдэл хийж болно. Гэхдээ олон улсын хөрөнгө оруулалтын алтан дүрэм бийг санах хэрэгтэй. Бүх хөрөнгөөрөө дэнчин тавьж бүү хөрөнгө оруулалт хий. Ялангуяа, эрсдэлтэй, алдах магадлал өндөр ийм салбарт хамаг хөрөнгөө аваачаад хийчихэж огт болохгүй. Хөрөнгө оруулалт хийхийн өмнө ойр дотныхоо эрх ашгийг давхар бодолцоорой гэдэг зарчим юм. Дараагийн нэг дүрэм бол та оролцож болно. Ингэхдээ бага хэмжээгээр буюу алдлаа гэхэд сүртэй харамсахгүй, ард нь амьдрал үрэгдэхгүй байх ёстой. Зарим нь 10 мянга, бүр 10 сая төгрөг алдаад харамсахгүй хүн ч бий. Тэгэхээр энэ хувь хэмжээгээ бодох учиртай. Гуравдугаарт, ер нь богино хугацааны тоглолт үр ашиг багатай байдаг. Тийм учраас аливаа аливаа хөрөнгө оруулалтыг урт хугацаанд хийх нь зүйтэй гэж зөвлөдөг. Энэ үүднээс бас асуудалд хандах нь чухал.

- “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааны ханш он гарснаас хойш 300 хувийн өсөлт үзүүлсэн тухай харсан. Гэхдээ тус компанийн худалдан авсан “Булган-Ундарга” компанийн арилжааг ханш нь үндэслэлгүй өсч байна гэсэн шалтгаанаар зогсоосон. Энэ талаар тодруулахгүй юу?

-Үнэт цаасны зах зээлийн тухай хууль бий. Зах зээлийг урвуулан ашиглах тусгай заалтуудтай. Үүгээр зохицуулж шийдвэрлэсэн асуудал юм. Хуулийн үзэл баримтлалаар хувьцааны үнэ ханшид ямар нэг хэмжээгээр нөлөөлөх үйлдлүүдийг хийхийг хориглодог. Хийсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авагддаг. Зөрчлийн хуулиас гадна энэ нь зохион байгуулалттай, олон удаагийн давтамжтай бол Эрүүгийн тухай хуулиар ялтай. Найман жил хүртэл ялтай. Энэ нь өөрөө зах зээлийг хамгаалах чухал механизм юм. Яагаад гэвэл хэн дуртай нь ханшаа дуртай үедээ өсгөж, буулгаад дундаас нь ашиг хүртэх нөхцөлийг бүрдүүлээд байж болохгүй. Үнэ ханш эрэлт нийлүүлэлтээр л зохицуулагдана шүү дээ.

-Гэхдээ 1990-ээд оны үеийн үнэлгээтэй компани аваад хөрөнгө оруулалт хийгээд одоогийн үнэлгээний түвшинд аваачихын тулд ийм алхам хийхээс өөр аргагүй байсан талаар тус компанийн удирдлагууд тайлбарлаж байсан. Энэ нөхцөл байдлыг хэрхэн харгалзаж үзэх ёстой вэ?

-Хөрөнгийн биржийн гуравдугаарт самбарт байгаа компаниуд 1990-ээд оноос үйл ажиллагаа нь зогсчихсон. Цаасан дээр байгаа компани болоод хувирчихсан байгаа. Тэр компаниуд 1990-ээд оны үнэлгээгээр байна. Тэрнээс хойш ханш хэд дахин өссөн. Хэдийгээр энэ нь үнэн боловч өнөөдөр үнэт цаасны зах зээлийг зохицуулж байгаа хууль дүрэм журмын хүрээнд л асуудал явагдана. Дүрэм журмаа өөрчилж, нийцүүлэх нь дараагийн асуудал. Бид энэ чиглэлээр Монголын хөрөнгийн биржтэй ярьж, бодлогын хэмжээнд зах зээлийг тохируулах ажил хийгдэж байгаа.

-“Ард санхүүгийн нэгдэл”-ийн удирдлагууд итгээрэй, аваад дарчихвал урт хугацаанд өгөөжтэй шүү гэдгийг хэлж байгаа. Хүмүүс үүнд итгэж хөрөнгө оруулалт хийсээр байна?

-Хуулийн бас нэг гаргалгаа нь зах зээлийг урвуулан ашиглахыг дотоод мэдээтэй холбож өгдөг. Нэг ёсондоо шийдвэр гаргаж байгаа хүн энд оролцохыг хориглодог. Өнөөдөр би компанийн мэдээлэлтэй захирал гэж бодъё. Энэ компани ашигтай гэрээ авсан. Энэ гэрээг авахад хувьцаа өснө гэдгийг мэдэж байгаа. Ингээд тэр хүн дотоод мэдээллийг эзэмшиж байгаа учир ханш нь өснө гэдгийг тооцоод хувьцаа худалдаад авчих боломжтой байхгүй юу. Тэгвэл энэ нь зах зээлийг урвуулан ашиглана гэж харагдана. Дээр нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хоёрдугаар дэд бүлэг 80 дугаар зүйлд зах зээлийг урвуулан ашиглахтай холбоотой дтодорхой заалтууд бий. Тодруулбал, 80.1-д үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийх, үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх болон бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахыг хориглоно. 80.4.1-д бодит бус, төөрөгдүүлсэн, эсхүл хуурамч мэдэгдэл, амлалт, таамаг гаргах, нийтлэх, чухал үйл баримтыг нуун дарагдуулсан, 80.4.2-д бодит үйл баримтын талаар худал мэдэгдэл хийх замаар хэлцлийн нөгөө талыг төөрөгдүүлсэн бол зах зээлийг урвуулан ашигласан гэж үзнэ гэх зэргээр заасан.

Г.БАТ

Онцлох нийтлэлүүд