ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.11.27 12:11

Б.Жавзанханд: Монголд эрсдэлийн үнэлгээний талаар хангалттай ойлголт байдаггүй


Эрх зүйч, судлаач Б.Жавзанхандтай ярилцлаа.


Тэрээр 1997-2001 онд МУИС-ийн ХЗД сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшсэн бөгөөд 2004-2005 онд ХБНГУ-ын Баден Вюртемберг мужийн Штутгартын техникийн их сургуульд түүх судлаач мэргэжлээр суралцах явцдаа өөрийн мэргэжлээр үргэлжлүүлэн суралцах хүсэлдээ хөтлөгдөн тус улсын Бавари мужийн Пассаугийн их сургуулийг Германы эрх зүйн магистрантурт суралцаж төгссөөд эх орондоо ирж, хэсэг нөхдийн хамт судалгаа шинжилгээний “JBM so­cial research consulting” ХХК-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна.

-Танай компанийн танилцуулгаас харахад өнөөгийн манай нийгэмд маш хэрэгтэй үйл ажиллагааны чиглэлээр ажиллаж байгаа санагдлаа?

-Бидний хэдэн нөхөд нийгмийн бүхий л салбар, үйлдвэрлэл, техник технологийн үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчны шинжилгээ, судалгаа, түүнд тулгуурласан норм нормативын зүй зохистой хэрэглээг харгалзан нийгмийн шинж чанартай судалгаа, шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, хувь хүний хөгжил, тэдгээрийн үнэлэмж болон бусад эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг гүйцэтгэж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдалд нөлөөлөх, хувь нэмрээ оруулах зорилгоор санаа нийлэн тус компаниа үүсгэн байгуулсан.

Өнөөдөр нийгмийн аль ч салбарт судалгаа, шинжилгээний ажлууд, түүнд зөв зохистой үнэлэлт дүгнэлт өгөх, тухайн судалгааны ажлуудын үндсэн дээр бодлогын цогц шийдэлд хүрэх гарц гаргалгаа маш муу, бараг л байхгүй гэж хэлэхээр байгаа нь биднийг зорилго нэгтэйгээр энэ компаниа байгуулах үндэслэл болсон гэж болно.

Мөн бизнест учирч байгаа аливаа саад бэрхшээл, үйл ажиллагааны доголдол, тасалдлыг бараг хэвийн үзэгдэл мэт хүлээж авч байгаа өнөөгийн нөхцөлд олон улсын зах зээл дээр бизнесийн үйл ажиллагаанд зөв зохистой дасан зохицоход бэлтгэх, бэрхшээлийг даван туулах, ур чадвартай болгох зорилго бүхий Их британийн “БОСС СЕРТИФИКЕЙШН” компанитай эрсдэлийн үнэлгээ, санхүүгийн шинжилгээ, босс аудитын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.. Анхан шатны яриа хэлцэлүүд хийгдсэн бөгөөд Монголын талаас буюу бидний зүгээс эрсдэлийн үнэлгээ хийлгэх, босс аудит хийлгэх байгууллагуудын олж, бизнесийн санал тавьснаар цаашдын хамтын ажиллагаа эхэлнэ гэж ойлгож болно.

-Олон улсын түвшинд аудит хийгдэг томоохон компанитай хамтран ажиллана гэдэг сайшаалтай ч өнөөдөр Монгол Улсын дотоодын компани, үйлдвэр, байгууллага, аж ахуйн нэгжүүд эрсдэлийн үнэлгээний талаар хэр мэдлэгтэй байдаг юм бол доо?

-Эх орондоо ирсэн цагаас судалгаа шинжилгээний төрөлжсөн байгууллага болох тэр дундаа эрсдэлийн үнэлгээ, хууль эрх зүйн орчны зохистой үр нөлөөний талаар бодит үнэлгээний ажлыг хийхээр зорьсон боловч нийгэмд хангалттай ойлголт байхгүй, төрийн хийгээд бизнесийн байгууллагуудад эрсдэлийн үнэлгээг санхүүгийн аудитын хэмжээнд ойлгож, байгаа учир дутагдалтай байна аа.

-Таны хувьд өнгөрсөн зун төрийн өмчит компаниудад хийсэн Авлигын эрсдэлийн үнэлгээгээ танилцуулж байсан санагдана?

-Өнгөрсөн зургадугаар сард манай байгууллага Хэрэглэгчийн социологийн хүрээлэнтэй хамтраад холбогдох төрийн байгууллагуудын Авлигын эрсдэлийн үнэлгээнд дүн шинжилгээ хийсэн. АТГ-аас Авлигын эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалыг өнгөрсөн онд баталсан ч төрийн байгууллагуудад эрсдэлийн үнэлгээгээ яаж хийх ойлголт, үндсэн ухагдахуун учир дутагдалтай байдал ажиглагдсан.

Авлигын эрсдэлийн үнэлгээ маань эрсдэлийн үнэлгээний зөвхөн нэг хүчин зүйл. Дэлхийд эрсдэлийн үнэлгээг хийхэд 3000 гаруй факторын хүрээнд эрсдэлийг нь тодорхойлдог бол манайд 20-30 хүчин зүйлээр л авч үзэж байгаа нь харагддаг. Төрийн байгууллагуудад жилд нэг удаа авлигын эрсдэлийн үнэлгээг хийж байгаа нь дэвшилттэй алхам бөгөөд үндсэн эрсдэлээ тодорхойлуулах нь өөрөө бас чухал ач холбогдолтой.

Ийм ч учраас эрсдэлийн үнэлгээгээ хийлгүүлж, үйл ажиллагаандаа баримтлах зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн нь төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, бизнесийн байгууллагууд болон томоохон аж ахуйн нэгж, компаниуд эрсдэлийн үнэлгээгээ хийлгүүлээд үйл ажиллагааныхаа хаана нь ямар доголдлууд байна вэ гэдгээ мэдээд авах боломжтой болно.

-Эрсдэлийн үнэлгээ хийлгэх нь олон талын давуу талтай байх?

-Жишээлбэл, бизнесийн байгууллагууд байна. Бизнес гэдэг бол 4-5 жилийн дараа хөл дээрээ тогтож эхэлдэг. Монголын зах зээлд он удаан жил болсон бизнесийн байгууллага гэж байхгүй. Хамгийн урт настай нь л гэхэд 30-аад жилийн настай, 20-иод жилийн түүхтэй компаниуд л байгаа. Тухайн байгууллагууд хаанаа, ямар доголдлууд байна. Тухайлбал, хүний нөөцийн бодлого дээрээ алдаа гарч байна уу, эсвэл санхүүгийн тайлан баланс дээрээ алдаа гарч байна уу, зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч байна уу техник, технологийн хүчин зүйлээс хамаарч байна уу гэдгээ тодорхойлуулна. Тухайн компанийг цаашид хөгжихөд тээг болоод байгаа үндсэн эрсдэл чухам хаана нь байна вэ гэдгийг нь тодорхойлж гаргаж ирнэ.

-Та бүгдийн танилцуулгаас хувь хүний хөгжлийн үнэлгээ гэсэн нь сонирхол татаж байна л даа, бас таны өөрийн товч танилцуулгыг харахад сонирхолтой санагдаад энэ асуултыг асууж байна. Хүнийг CV буюу намтраа хэрхэн бичсэнээр нь тодорхойлж болдог гэсэн. Үүнийг дэлгэрэнгүй сонирхуулахгүй юу?

-Биднийг Германд дөнгөж очиход, бараг эхний долоо хоногт өөрийгөө танилцуулах талаар болон дөнгөж очсон 20-иод насны арав гаруй оюутнуудад хоол идэх соёл, халбага сэрээгээ яаж хэрэглэх зэргийг зааж байхад нь тухайн үедээ гайхаж л байсан.

. Түүнчлэн биднийг энд тэндхийн хотуудаар авч явж музей, үзмэр үзүүлж, түүх соёлын газруудаар дагуулж явж танилцуулсан. Тухайн үед хорин хэдэн настай хүүхдүүдэд бүх юм гоё санагдаад “Гоё байна аа” гэж баярлаж байсан ч одоо эргээд харахаар хамгийн эхэлж тухайн орны соёлтой танилцуулж, хүн байх боломж, соёлт ертөнцөд биеэ хэрхэн авч явах вэ гэсэн нөхцөл байдлыг л бидэнд зааж сургаж байжээ.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр гэж хүн асуудалд холбогдоод байна. Энэ хүний биеэ авч явах соёл нь бүрэн төлөвшөөгүй байна гэж хувьдаа харж байна. гэсэн үг. Б.Жавзанханд гэж хүн ямар түвшинд яаж төлөвшсөн бэ, тэр хэмжээгээрээ бусдад үнэлэгдэнэ.

Нэгээс аравдугаар анги хүртэл хамт сурсан найз нөхдийнхөө дунд орвол хүүхэд байхдаа ямар байсан, тэр харилцаагаараа харилцана. Тэр харилцаагаар минь найзууд нөхөд минь намайг хүлээж авна. Би тэдэнтэйгээ 20, 30 жилийн дараа уулзахдаа албан харилцаанд ордог шигээ албаны байдалтай байгаад байвал тэр хүмүүс маань намайг гайхна биз дээ. Хүүхэд насны найз гэдэг бол гайхамшигтай, хүний мөн чанарт чухал хүмүүс байдаг. Гэтэл дараагийн харилцаа юу байх вэ, оюутан цагийн найзууд. Арай нэг төлөвшчихсөн. Бие биенээ үнэлж эхэлдэг үе. Хувь хүнийх нь хувьд үнэлж эхэлнэ. “За, манай Жавзанханд ямар ч байсан хичээлээ хийдэг юм шүү. Дөрвөн жил хамт суухад лекцийн ширээний хамгийн урд сууж хичээлээ хийсэн шүү” гэж үнэлнэ. Эсвэл би хамгийн арын ширээнд сууж унтаад байдаг оюутан байсан байж болно. Эсвэл хичээлдээ суухгүй, хичээлээ таслаад, хааяа ирнэ гэх мэтчилэн янз бүрийн байдлаар оюутан нас өнгөрдөг.

Энэ бүхэн бол тухайн оюутан ирээдүйд ямар мэргэжлээр хэрхэн яаж бэлтгэгдэхээс хамаараад нийгмийн харилцаанд цаашид яаж оролцох, ямар хэлбэрээр бэлтгэгдэх хамгийн гол төлөвшлийн хугацаа байдаг. Миний хувьд оюутны дөрвөн жилийг хамгийн чухал үе гэж үнэлдэг. Яагаад гэхээр оюутны дөрвөн жилд тухайн хүний зорилго зорилт нь тодорхой болж,цаашдынх нь ажил амьдралын гараа нь гэрэлтэй болох тэр л цаг үе.

За ингээд ажлын байран дээр гарлаа. Хамт олныхоо дунд ямархуу байдлаар биеэ авч явах вэ, хариуцлагын түвшинд ямар байх вэ, ёс зүйн хувьд ямар байх вэ. Удирдах албан тушаалд очлоо, ажилтан албан хаагчдадаа ямархуу байдлаар нөлөөлөх вэ, тэр хамт олныг нэг баг болгож зангидах уу гэсэн энэ хувь хүний хөгжлийн асуудал чинь шат дараатай явагдаж байдаг.

2020 оны сонгуулийн уур амьсгал одооноос орж “Энийг сонгохгүй, тэрийг сонгоно. Тэрийг дэвшүүлнэ, энийг дэвшүүлэхгүй” гэж яриад эхэллээ. Ингэж талцаж байхаар тухайн хүний намтартай нь танилц л даа гэж зөвлөмөөр байна.

-Намтраа өөрсдөө л зохиогоод шахуу биччихдэг болохоор үнэмшилтэй юу?

-Хувь хүний намтартай нь танилцаадах. Тэр хүн 8-18 нас хүртэл хаана, хаана сурсан юм. Хэдэн сургууль дамжсан юм. Ямархуу байдлаар суралцсан юм. Гэтэл манайхан намтартаа үүнийг дэлгэрэнгүй бичихээс цааргалж “Бүрэн дунд” гэсэн хоёрхон үгээр л биччихдэг. Гэтэл тэр хүн хүүхэд байхдаа хөдөөнөөс хот руу шилжиж ирээд, буцаад хөдөөдөө очих зэргээр маш их шилжсэн байх нь бий. Ийм шилжилт хөдөлгөөн их. Хэрвээ тэр хүн энэ бүгдийгээ үнэн зөв биччихсэн байвал “Аа, энэ хүн тийм хүүхэд байжээ” гэж харна. Үүнээс нь тэр хүүхэд байхдаа ямар гэр бүлд өссөн бэ гэдэг нь харагдана. Гэр бүлийн нөхцөл байдлыг нь ингэж намтраас нь судалж болдог. Мөн цэрэг, цагдаагийн даргын хүүхдүүд, аав ээж нь байнга томилолтоор явдаг айлын хүүхдүүдийн намтраас ийм шилжилт хөдөлгөөнүүдийг харж болно. Тэр тоолонд хүүхдэд нь шинэ орчин, шинэ нөхцөл, шинэ ахуй бүрэлдэж байдаг. Дараа нь тэр хүүхэд арван жилээ төгсөөд ямар их, дээд сургуульд элсэн орсон бэ. Зорилготой, зорилттой, зүтгэлтэй хүүхдүүд шалгалт өгөхөд өндөр оноо авбал МУИС-д голдуу ордог шүү дээ. Хөдөө орон нутагт 10-15 дугаар байрт орсон хүүхдүүд МУИС-д ордог. Тэрнээс хойш жагссан нь ШУТИС-д ордог гээд эрэмбэтэй. Манай нийгэм харьцангуй эрх тэгш нийгэм. Тэр хүн өөрөө л зүтгэлтэй байвал гараад ирэх боломж бий. Үүний дараа ажил хөдөлмөрийн гараагаа яаж эхэлсэн бэ гэдэг нь намтраас нь ажиглагдана. Байлдагчаасаа генерал болсон уу. Эсвэл шууд генерал болсон уу гээд бүх юм харагдана л даа.

-Ярилцлагаа сонирхолтой болгох үүднээс УИХ-ын www.parliament.mn хуудас руу орж цагаан толгойн үсгийн дарааллаар хамгийн эхэнд байгаа УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн намтрыг сонирхъё л доо. (Эрхэм гишүүний намтрыг гаргаж ирж үзүүлэв.сурв). Төгссөн сургууль, мэргэжил гэсэн ангилалд зөвхөн ганцхан он бичсэн байна. Уг нь элссэн, төгссөн он нь хоёулаа байх ёстой санагдана. Гадаадад сургуульд төгсөж ирсэн хүмүүсийн намтар маш дэлгэрэнгүй, хэнд ч итгэл төрүүлэхээр байдаг. Гэтэл УИХ-ын албан ёсны хуудсан дээр ийм дутуу CV байршуулжээ. Бусад гишүүдийнх ч мөн ялгаагүй ийм байна билээ?

-Манайхан анзаарахгүй орхигдуулдаг учраас хаячихаад байдаг. Сургууль төгссөн л гээд байдаг. Тухайн хувь хүний намтар дээр шүүмжилж яримааргүй байна.

Миний товч намтраас улбаалаад УИХ-ын гишүүд намтраа хэрхэн бичсэнтэй нь харьцуулсны үндсэн дээр ингэж асуулаа гэж бодож байна.

Гадаад улс орнуудад аливаа тэтгэлэгт хамрагдахад тухайн суралцагч эссээгээ хэрхэн бичсэнээс нь хамаарч тэтгэлэг авах уу, үгүй юү гэдэг нь шийдэгддэг энэ бол олон улсын жишиг. Тухайн хүн өөрийгөө зөв илэрхийлж чадсан л бол тэр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах өндөр боломжтой. Тийм учраас өнөөдөр дэлхий монгол залуучуудад нээлттэй байхгүй юу. Би оюутнуудад хэдэн жил хичээл заахдаа анзаарсан нэг зүйл байсан. Эссээ бичлэгийн түвшинд байтугай өөрийгөө илэрхийлэх чадваргүй, бичиг үсгийн асар их алдаатай, утга найруулгын алдаатай бичдэг тийм хүмүүс их, дээд сургуулийг төгсч байна.

Эндээс эхлээд чадварлаг боловсон хүчний асуудал яригдаж эхэлнэ. Төрийн ажил улам л муудаад байна гэж ярьдаг. Шүүх, цагдаагийн байгууллагаар орно. Шүүгчийн туслах гээд хүмүүс байна. Тэр хүмүүс ажилдаа сэтгэлтэй хандахгүй чадваргүй, чадамжгүй байгаагаас ард иргэдэд маш их чирэгдэл учруулж байна.

Хүмүүсийн CV-г харахад “Гадаадад төгссөн” гээд байдаг. Германд төгссөн гээд байдаг.

-Тэгдэг?

-Дэлхийн аль ч сургууль өөрийн гэсэн нэртэй, хаягтай, төгсгөж гаргадаг мэргэжилтэй. Тийм учраас хаана, ямар байдалтай сурснаа CV дээрээ бичих ёстой. Жишээ нь, миний хувьд Германд гурван муж дамжиж сурсан. Тэгэхээр CV дээрээ сурсан муж болгондоо ямар чиглэлээр, яаж сурсан, яаж төгссөн, төгсөөгүй бол төгсөөгүйгээ орхичихдог. Ингэж л CV-гээ бичсэн. Би “Тэнд төгссөн” гэдэг үгэнд итгэдэггүй. Би эрхэм гишүүний намтарт шүүмжлэлтэй хандах эрх нь байхгүй. Гэхдээ төрийн албан ёсны сайт дээр байгаа намтар энгийн хүмүүст учир дутагдалтай харагдаж байна аа гэдэг нь цаашид тэр хүний бусад илэрхийлэл нь ямар байх вэ гэдэг тодорхойлолт болно гэж бодож байна.

УИХ-ын албан ёсны сайтад тавигдсан гишүүдийн намтрыг оруулсан, энэ ажлыг хариуцаж байгаа ажилтан ажилдаа хариуцлагагүй хандаж байна гэж өөрийн зүгээс харж байна.


Онцлох нийтлэлүүд