Цаг үе
2015.05.21 12:05

Б.Лхагважав: Японоос Монголд орж ирэх хөрөнгө оруулалтын урсгал чөлөөтэй боллоо

Монголын худалдаа аж үйлдвэрийн тан­химын тэргүүн Б.Лхагважавтай Япон-Монголын эдийн засгийн түншлэлийн гэрээний талаар ярилцлаа.

-Монгол Японы хоорондох эдийн засгийн түншлэлийн гэрээг Японы тал саяхан баталж, хүчин төгөлдөр боллоо. Энэ гэрээ манай улсад ямар бодит боломжийг авч ирэх вэ?

-Ямартай ч гурван жилийн өмнөөс эхэлсэн уг гэрээ долоон үе шаттай явсаар хоёр тал баталлаа. Гэрээ үндсэндээ 17 бүлэгтэй. Манай улсад тусах гол ач холбогдол нь Японоос Монголд орж ирэх хөрөнгө оруулалт чөлөөтэй болж байгаа юм. Дээрээс нь технологи орж ирнэ. Хамгийн гол зүйл бол инноваци, боловсон хүчин. Японоос эдгээр нэр дурдсан зүйлүүд орж ирснээр Монголын хөдөө аж ахуй, уул уурхай, газар тариалангийн салбарт япон технологи, япон менежмент боловсруулалт хийнэ. Тэгээд бий болсон, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг буцаагаад Японы зах зээл рүү гаргах зам нээгдэж байна. Энэ бүх бололцоог бий болгохын тулд эцсийн дүндээ хүн л ажиллана. Япон, Монголын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд улс төрийн том шийдэл гаргаж өгч байгаа юм.

-Гэрээ батлагдахыг бизнесмэнүүд чих тавин хүлээж байсан. Манайхаас Японы зах зээлдхичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах юм бэ?

-Наад зах нь манайхаас 5700 бараа бүтээгдэхүүнийг Японы зах зээл рүү гаргана. Нэр төрлөөр нь гэрээнд оруулсан байгаа. Улс төр, хууль эрх зүй, боловсролын талаас гэрээ бүх боломжийг нээгээд өгчихсөн. Одоо ашиг орлого олох, тэр Японы том зах зээл рүү гаргах, үр шимийг нь хүртэх гарц нээлттэй болсон. Мөн Японы том зах зээлийг хоёрдогч түүхий эдээр юм уу, тэнд бүтээгдэхүүн нийлүүлэх, хангах бололцоо нь нээгдэж байгаа юм.

-Эдийн засгийн түншлэлийн гэрээ нь хоёр улсын бизнес эрхлэгчдэд татварын таатай орчинг бүрдүүлнэ гэсэн байх аа. Манайхаас хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн Японы импортын гаалийн тарифаас чөлөөлөгдөх вэ?

-Япон бол өөрөө өндөр татвартай. Гэхдээ татварын хэсэгт нэлээд олон зэрэглэлд хуваачихсан. Тэр зэрэглэлийн дагуу татварууд нь үе шаттайгаар багасна. Яваандаа нэг татварын хэмжээнд очино. Гэрээнд энэ нь албан ёсоор суусан байгаа.Мөн гэрээний нэг онцлог бол эрх зүйн орчны бүх тохироонууд тусгагдсан. Дээр нь чөлөөтэй капитал эргэлдэх, бараа бүтээгдэхүүн, хөдөлмөрийн зах зээл чөлөөтэй байх зэргийг суулгасан байгаа юм. Японы зах зээлд экспортлоход импортын тарифаас чөлөөлөх бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гэрээнд тусгасан. Тухайлбал, өнгөт болон хар төмөрлөгийн үйлдвэр, газрын тос, нүүрс-химийн үйлдвэрийн үндсэн хийгээд дайвар бүтээгдэхүүн. Бүх төрлийн ган, төмөр, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, тунгаагаагүй зэс, катодын зэс, нэхмэл сүлжмэлийн 1200 орчим бүтээгдэхүүн, арьс шир, үслэг эдлэл, түүгээр хийсэн гутал, эд анги, цүнх, түрийвч, бээлий зэрэг бүтээгдэхүүнүүдийг Японы тал татвараас бүрэн чөлөөлсөн байгаа юм.

-Японоос импортлох бараа бүтээгдэхүүн бас хямд өртөгтэй байна гэсэн хүлээлт бий. Ялангуяа автомашин дээр их яригдаж байгаа?

-Японоос импортолж байгаа бараа бүтээгдэхүүний 60 гаруй хувь нь автомашин байгаа. Үүнийг дагаад сэлбэг орж ирдэг байгаа. Өнөөдөр манай валютын гол эх үүсвэр бол автомашины худалдаа, сэлбэгт явж байдаг. Өнөөдөр уул уурхай, барилгын салбар зогсонги байдалд орсон тохиолдолд автомашин, сэлбэг дийлж байна.

-Өнөөдөр Монголын хичнээн компани Японтой бизнесийн харилцаатай байдаг вэ?

-МХАҮТанхим дээр бүртгэлтэй 60-аад компани бий. Танхимд Япон Монголын хамтын ажиллагааны зөвлөл гэж байгаа. Манайхаас гадна ОХУ, Солонгос, БНХАУ-д ийм зөвлөл ажилладаг. Япон Монголын зөвлөлийг Токиод Монгол Улсаа төлөөлөн сууж байгаа Даваадорж авч явж байсан. Одоо Т.Хасбаатар гэдэг залуу хариуцан ажиллаж байна. Ерөнхийдөө зөвлөлийн гол онцлог бол түншлэлийн гэрээг аль болох хоёр талын бизнес эрхлэгчдэд сурталчлах, давуу талыг нь ойлгуулах, зөвхөн өөрсдөө биш, өрөөлийг үүн рүү хандуулах үүрэгтэй.

-Хоёр улсын хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулагдсанаар нэг талаар бизнес эрхлэгчдэд том боломж олдож байгаа ч давхар хариуцлага нэмэгдэнэ. Тэгэхээр манай бизнесмэнүүд юун дээрээ анхаарвал зохих вэ?

-Хамгийн гол нь манайхан судалгааны ажлаа сайн хийх ёстой. Нөгөө талаар манайхан 25 жилийн өмнөхөө бодвол харьцангуй бизнесийн гэрээ хэлцлээ тодорхой түвшинд хийж сурч байна. Том төслүүдийн гэрээ хэлэлцээрийг ч хийж байна. Өчигдөр Оюу толгойн II шатны төсөл гарын үсэг зурагдлаа. Бас Таван толгойн гэрээг удахгүй хийхээр ажлууд нь явж байна. Хамгийн чухал нь монгол баялаг бүтээгчид 10 сая ам.доллараас нэг тэрбум хүртэлххэмжээний төслүүд дээр ажиллаад сурсан байна. Энэ бол өөрөө давуу тал. 15-20 жилийн өмнө 10 сая ам.долларын төсөл гэдэг бол ахадсан тоо байлаа. Гэтэл өнөөдөр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай хэд хэдэн үйлдвэрүүдийг бариад эхэлчихсэн байна. Том хөрөнгийг хөдөлгөх эрдмийг сурч байгаа. Мэдээж капиталист нийгэмд хөрөнгө оруулалт, баялаг, технологи, хүний нөөц хэрэгтэй. Үүнд зах зээлд тохирсон хууль эрх зүй ч хэрэгтэй. Мэдээж бидэнд байгалийн нөөц, цөөхөн хүн ам байна. Тэгэхээр сайн технологи, сайн инноваци, хөрөнгө оруулалтаар бид бусад давуу талаа нөхөх бололцоо байгаа. Үүнийг нээх бололцоо Японы түншлэлийн гэрээгээр орж ирэх хөрөнгө оруулалт юм. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хамгийн гол үндсэн эерэг үр дүн бол энэ хөрөнгө оруулалтуудыг хийхэд Монголын талын компаниуд зөв санхүүтэй байх. Ямар ч хөрөнгө оруулагчийн гол тавьдаг зүйл нь шалгуур бол тэр компанийн албан ёсны санхүүг үздэг. Албан ёсны санхүүгээ үзүүлэхэд хэрвээ Монголын татварын байгууллагын тамгатай нэг балансаа үзүүлбэл гадаадынхан тун таатайгаар хөрөнгө оруулдаг. Яагаад гэвэл тэнд төрийн тамга байгаа болохоор. Гэтэл манайд ямар үйлдэл одоо ч гарч ирдэг вэ гэвэл татварын газар 100 сая төгрөгийн борлуулалтын татвар өгчихсөн байдаг. Наанаа хоёр тэрбум төгрөгийн борлуулалттай бичиг гаргаад ирдэг. Хуурамч ийм зүйлээс хөрөнгө оруулагчид зугтдаг. Яагаад гэвэл энэ хүн албан ёсны санхүүгээ уншуулж чадахгүй бол яаж хөрөнгө оруулагчаа олж, хувьцаагаа гаргах юм бэ. Гэхдээ Эдийн засгийн ил тод байдлынтухай хууль энэ бололцоог олгодог юм.

-Хоёр улсын хооронд байгуулагдаж буй гэрээ хэлэлцээрийн гол хамгаалах зүйл нь шүүх засаглал байх нь зайлшгүй. Японтой байгуулсан Эдийн засгийн түншлэлийн энэ гэрээнд үүнийг хэрхэн тусгасан бэ?

-Гэрээний хамгийн сүүлийн бүлэгт арбитрын шүүхийн асуудлыг нэлээд томоор хийж өгсөн. Гэхдээ бид аль болох арбитрт хүрэхгүйгээр хоорондоо гарсан маргаанаа эвийн шугамаар шийднэ гэсэн үндсэн зарчимтай. Тэр маань шийдэгдэхгүй бол арбитрт очно шүү дээ. Арбитрын шүүхийн хэсэг бол тусдаа бүлэг болж орсон байгаа. Яагаад гэвэл энэ маань сүүлийн 20 жилд явсан сөрөг талын үр дүнгээс бүхэл бүтэн бүлэг болж орсон байх л даа. Яагаад гэвэл манайхны зарим нь шударга байж чаддаггүй. Гадны хөрөнгө оруулагчдыг хулхиддаг, гэрээ хэлцэлдээ хүрдэггүй. Бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэггүй. Хүний нөөцөө хангадаггүй зэрэг энэ бүгдээс сэргийлж шүүхийн хэсэг нэлээд томорсон байх. Энэ бол бидний сөрөг замын л үр дүн.

-Ямартай ч гэрээ байгуулагдчихлаа. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлэхэд таатай орчин бүрдүүлэх хууль эрх зүй ямар байх ёстой вэ?

-Япон бол арав гаруй улстай 100 хувь түншлэлийн гэрээ хийдэг юм билээ. Монгол Улс 16 дахь нь. Тэгэхээр гэрээ хэлцэл хийж хоёр талаас улс төрийн хувьд шийдвэр гаргачихлаа. Хоёр талдаа хууль эрх зүй, татвар, шүүх, санхүү, мөнгөн урсгал, хүний эрх, эрх чөлөө, өмч хамгаалах асуудал байна уу гэдгийг яг тэнцүү шаардаж байгаа юм. Эдгээр тэнцүү болсон тохиолдолд албан ёсны гэрээ хэлэлцээр хэн хэндээ ялагч-ялагч буюу win-winзарчмаар үйлчилнэ. Энэ шаардлагуудыг бүгдийг нь тавьж байгаа юм.

-Манай талаас юун дээр анхаарах ёстой вэ?

-Татвар, хууль эрх зүйн орчноо тэнцүү болгох хэрэгтэй байх.Татварын хэмжээний хувьд манайх Японд давуу тал олгож байгаа. Татвар авч байгаа процесс, хүндрэлтэй асуудлуудыг гадныхан байтугай дотоодынхон ч ойлгохгүй байдаг. Үүнийг нөгөө талын гэрээ хэлэлцээрт орж байгаа хүмүүс бүгдийг нь ил тод ойлгомжтой болгохыг шаарддаг.

-Японоос ямар хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх бол?

-Хамгийн гол нь гэрээний талаар сайн танилцуулах ёстой. Энэ хоёр танхимын үүрэг, бизнесмэнүүдийг холбож байгаа байгууллагуудын үүрэг аль болох сайн сурталчилж, сайн мэдүүлэх тусам энэ хөрөнгө оруулалтуудыг татна. Технологитой хүмүүсийн хөрөнгө оруулалтыг татахын тулд хүч хөдөлмөр шаардана.

-Манайх Японы зах зээлд хонь, ямааны мах гаргана гэж байсан. Энэ ажил хэр нааштай явж байна?

-Түншлэлийн гэрээ хийх үеэр манай нэг бизнесмэн залуу Японтой махны асуудлыг нэлээд нарийн ярьсан. Хонины мах, ямааны мах гэж нэрийг нь зааж оруулсан. Япончууд монгол малын махыг их сонирхож байгаа. Хонины мах авахын тулд малынх нь бүх вакцин, халдваргүй байдлын технологийг хангана. Аль аймгаас хэдий хэмжээний мах авах зэрэг бүх төсөл нь хийгдчихсэн байгаа. Одоо вакцин нь орж ирээд малд хийгдэхээс өгсүүлээд олон ажил явагдаж байгаа юм билээ. Ингээд стандарт хангагдвал Япон руу мах гаргахад ойрхон байна лээ. Гэхдээ үүнийг бүр томоор хараад явж байгаа монгол залуус бий. Бүр Японы төсөвт мөнгө суулгуулчихсан байгаа юм. Саяхан авсан мэдээгээр Японоос ирсэн хүмүүс манай төмс, хүнсний нөгөөг онгоцоор зорчихдоо хүртэл аваад явдаг сурагтай. Яагаад гэвэл тэнд атомын бөмбөг дэлбэрч байсан.Мөн дөрвөн жилийн өмнө станц дэлбэрсэн. Тиймээс агаар, хөрснийх нь асуудал хүнд байгаа болохоор Монголын эрүүл хөрсөнд ургасан ногоо, малын махыг идэх сонирхол их байна.

-Та түрүүн Японд дутагдаж байгаа эрчим хүчний нөөцийг хангах үүднээс манай улс давуу талаа ашиглах ёстой гэлээ. Японд эрчим хүч худалдана гэсэн үг үү?

-Японы парламентад 15 жил ажилласан, хотын захирагч байсан Тэцундо Ивакуни гэж хүн манай улсад ирсэн. Тэрбээр өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Ээжийн төгөл” нээж мод тарьсан юм. Энэ хүн нэг зүйл хүсч байсан “Бид олон жилийн харилцаатай Монгол Улсад модтарьж байгаа нь чухал юм. Гэхдээ бид та бүхнээс нэг зүйл гуйя. Манайд нарнаасаа өгөөч. Танайд 360 хоногийн 300 гаад хоног нь нартай байдаг юм байна. Харин Японд эсрэгээрээ. Манай газар нутгаас дөрөв дахин их хэрнээ хүн ам нь 40 дахин бага. Тэгэхээр нар та бүхэнд их байна. Нарнаасаа өгөөч” гэсэн. Уг нь 2012 онд Японд С.Батболд сайд байхдаа айлчлах үеэр тус улстай санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тэр компани Монголд 10 жилийн хугацаанд 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад Дорнод, Дорноговь хээр талын бүсэд нарны эрчим хүчний станц барих тухай байсан. Энэ тухай Тэцундо Ивакунид би хэлж, сануулсан. “Та улстөрчийнхөө хувьд үүнийг ажил хэрэг болгохыг хичээгээрэй. Манай говийн хэсэгт нарны эх үүсвэртэй цахилгаан станц барих юм бол тэр япон руу буцаад нар очно” гэсэн. Тэр үед төслийг бид танилцуулж байхдаа, хэрвээ 10 жилийн дараа нарнаас авсан эрчим хүч нь 2012 онд Японы үйлдвэрлэж байгаа нийт эрчим хүчнээс тав дахин илүү цахилгаан үйлдвэрлэнэ гэж байсан. Тэрийг Япон руу гаргах өндөр хүчдэлийн шугам гээд ажил ундарна л даа.

-Японд мянган инженер сургахад МУИС, ШУТИС, МҮХАҮТ гурав хамтраад нэг гэрээнд гарын үзсэг зурсан. Танхимын зүгээс ямар оролцоотой юм бэ?

-Япон руу мянган инженер бэлтгэх төслийг хоёр жилийн өмнө Л.Гантөмөр сайдсанаач­лаад энэ нь ажил хэрэг болоод, 1000 инженер явах эхнийхээ болзлыг хангаж байгаа юм байна. Магистр, докторын хэмжээнд, зэргийн бус сургалт байгаа. Залуус Японд суралцаад ирэхэд нь ажиллах зах зээл нь бэлэн байх ёстой. Тийм учраас танхим тэднийг хөдөлмөр эрхлэхэд нь зуучлах юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд