ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.08.22 10:08

Б.Лхагважаргал: Уулзвар дээр түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглосон

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах тухай Хууль зүй, дотоод хэргийн яамны саналыг дэмжиж, Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн төслийг энэ сарын 8-нд баталсан. Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийг арваннэгдүгээр сарын 1-ээс мөрдөж эхлэх юм. Энэ талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргалтай ярилцлаа.

-Замын хөдөлгөөний дүрэм хамгийн сүүлд 2004 онд батлагдсан. Үүнээс хойш 14 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ нь хуучин замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэх болсон шалтгааны нэг болсон байх?

-Энэ хугацаанд цаг үе, нийгмийн нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Тээврийн хэрэгсэл 2004 онд 200 мянга хүрэхгүй байсан. Гэтэл манай улсад 900 мянган тээврийн хэрэгсэл одоо бүртгэлтэй байна. Мөн жолоодох эрхийн үнэмлэхтэй хүний тоо хэд дахин өссөн байгаа.Зам дуудлага 2004 онд өдөртөө 40-50 ирдэг байсан. Одоо өдөрт дунджаар 200-300 зам тээврийн ослын дуудлага ирж байна. Эдгээр шалтгаанаар замын хөдөлгөөний дүрэмд шинэчлэлт хийх шаардлагатай болсон. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийг 2015 оны наймдугаар сард шинэчлэн баталсан байдаг. Түүнчлэн Замын хөдөлгөөн зохион байгуулалт, замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохиотой холбоотой 17 стандарт 2009-2017 оны хооронд батлагдсан. Эдгээрийг замын хөдөлгөөний дүрэмд тусгах шаардлага бий болсон. Өмнөх замын хөдөлгөөний дүрэм 23 бүлэг 165 зүйл, гурван хавсралттай байсан. Харин шинэчлэгдсэн замын хөдөлгөөний дүрэм нь 27 бүлэг, 224 зүйл, дөрвөн хавсралттай.

-Бусад улсын хувьд Замын хөдөлгөөний дүрмээ хэдэн жил болоод шинэчилдэг юм бол?

-Манай улс л шинэчлэлт хийхгүй 14 жил болсон. Бусад улсууд тогтмол замын хөдөлгөөний дүрэмдээ шинэчлэлт хийж байдаг.ОХУ тухайн үеийн замын хөдөлгөөний нөхцөл байдалдаа уялдуулж замын хөдөлгөөний дүрэмдээ жил бүр шинэчлэлт хийдэг.

-Өмнөх замын хөдөлгөөний дүрмээс одоо хэрэгжихэд учир дутагдалтай байсан заалтууд юу байна?

-Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгсэл жолоодож буй үедээ гар оролцоотой гар утас ашиглахыг хориглоно гэсэн байдаг. Автомашин барьж буй жолооч гарын оролцоотой утас ашиглах гээд байдаг. Гэтэл одоо технологи хөгжөөд таб зэрэг гар утас орлох зүйлээр хүмүүс бүх зүйлээ амжуулдаг болсон. Гэтэл таб нь утас биш учраас тухайн жолоочийг торгоход хуучин Замын хөдөлгөөний дүрэм нь учир дутагдалтай байсан. Иймд тухайн жолоочийн зөрчлийг таслан зогсоох боломжгүй байсан гэсэн үг. Иймэрхүү нийгэм цаг үеэ дагаж өөрчлөгдсөн маш олон зүйлийг шинэчилсэн замын хөдөлгөөний дүрэмд оруулсан байгаа.

Шинэчилсэн замын хөдөлгөөний дүрмийг найруулахад Замын цагдаа нарын саналыг хэрхэн тусгасан бэ?

-Шинэчилсэн “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн төслийг замын цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн, бусад холбогдох аж ахуйн нэгж байгууллагатай хамтарч найруулсан. Мөн олон жил Замын цагдаагаар ажиллаж буй алба хаагчид энэхүү шинэчлэгдсэн дүрмийн найруулгыг хийхэд оролцсон. Замын цагдаа нар энэхүү дүрмийг өөрсдөө маш сайн мэдэж судалсан байх ёстой. Иймд Замын цагдаагийн алба хаагчид энэ чиглэлээр сургалтын ажил эхэлж байгаа. Уг сургалтад Замын цагдаагийн албаны бүх албан хаагчид 14 хоногийн хугацаанд хамрагдана. Дараа нь хөдөө орон нутгийн замын цагдаагийн алба хаагчид сургалт явуулахаар төлөвлөсөн байгаа. Мөн иргэд, жолооч нартаа ирэх аравдугаар сараас замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг танилцуулах ажил шат дараатайгаар хийгдэх болно.

-Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмээс тодруулбал?

-Сүүлийн үед ямар л шинэ нөхцөл байдал үүснэ, тэр бүгдийг замын хөдөлгөөний шинэ дүрэмд суулгаж өгөхийг зорьсон байгаа. Зам тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцөлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайлбал хурдаас шалтгаалсан ослыг бууруулах үүднээс “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газар цагт 20 километрээс илүү хурдтай явахыг хориглоно” гэж тусгасан. Мөн Орон нутгийн зам дээр малчид малаа тууж гаргадаг. Тухайн мал нь замаас гарахгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал зэрэг шалтгаануудаас зам тээврийн осол гардаг. Үүнд малчин болон жолоочид нь хариуцлага хүлээлгэдэггүй байсан. Шинэчилсэн дүрмээр авто замаар хөндлөн мал тууж гарч буй малчинд үүрэг хүлээлгэсэн байгаа. Тухайн малчин малын хоёр талаар гэрэлтүүлэг буюу гэрэл ойлгогчоор жолоочид дохио өгөх ёстой. Ингэсний дараа малаа замаар эгц хөндлөн тууж гарах үүргийг хүлээнэ. Хэрвээ ойлгогч хэрэглэхгүй авто замаар мал тууж гарч байгаад автын осол гарсан тохиолдолд малчинд хариуцлага хүлээлгэнэ гэсэн байгаа. Энэхүү замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг зөрчвөл тухайн жолоочийг Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох, хариуцлага хүлээлгэх болно.

-Хүүхдийг буруу тээвэрлэснээс авто тээврийн ослоор амь насаа алдах тохиолдол их байгаа. Үүний талаар замын хөдөлгөөний шинэ дүрэмд тусгасан уу?

-Эцэг эхчүүд маань хүүхдээ машиндаа харилцан адилгүй тээвэрлэдэг. Зарим нь зориулалтын хүүхдийн суудал байгаа ч “хүүхэд уйлж байна” гэсэн шалтгаанаар буруу тээвэрлэж байна.

Мөн хүүхдийн суудлыг ихэвчлэн жолоочийн хажуу талын суудалд байрлуулдаг нь буруу юм. Бага насны хүүхдийн суудлыг машины баруун хойд талд хойш нь харуулан байрлуулах нь хамгийн аюулгүй тээвэрлэлт юм. Ингэж байрлуулсан тохиолдолд машин хүчтэй тоормослоход хүүхдэд үзүүлэх доргилт бага байдаг. Сүүлийн үед зам тээврийн ослоор хүүхэд амиа алдаж буй гол шалтгаан нь буруу тээвэрлэлт болоод байгаа. Өнгөрсөн оны байдлаар 55 хүүхэд зам тээврийн ослоор нас барсан. Үүний 45 нь хүүхэд нь эцэг эхтэйгээ орон нутгийн замд буруу тээвэрлэгдэж явахдаа амь насаа алдсан байдаг. Хүүхэд эмзэг, туяхан учраас зам тээврийн ослоор гэмтэж бэртэх өндөр эрсдэлтэй байдаг. Шинэ зам тээврийн дүрэмд “Долоон нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно.10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэсэн байгаа.

Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмээс түүвэрлэн хүргэж байна.

Явган зорчигч нь зорчиххэсгээр явж байхдаа утсаар ярихыг хоригложээ

Явган зорчигчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах нэмэлт шинэчилсэн дүрмүүдээс хүргэж байна.Нэгдүгээрт,явган зорчигч нь зорчих хэсгээр явж байхдаа утсаар ярих, гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх, зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохио, анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх, ном, сонин гэх мэт зүйл унших, зорчих хэсэг дээр дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явахыг хориглосон байна. Хоёрдугаарт, жолооч гэр хороолол болон хотхон дотор гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоно. Гуравдугаарт, жолооч явган хүний гарцаар гарч байгаагаас гадна мөн гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөх үүрэг хүлээнэ.

Долоон нас хүрээгүй хүүхдийг харгалзаххүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хоригложээ

Хүүхдийг зам, тээврийн ослоос хамгаалах зарим шинэчилсэн дүрэм. Нэгдүгээрт,"Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл" таних тэмдэг бүхий автобуснаас хүүхэд буулгах, түүнд суулгах үедээ ослын дохионы гэрлээ асааж байх, тус автобусанд ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож урьдчилан өнгөрүүлэхээр болжээ. Хоёрдугаарт, замын хөдөлгөөнд жагсаалаар оролцож яваа хүүхдийн тоо дөчөөс олон бол жагсаалын зөвхөн урд болон ардаас гадна дунд хэсэгт нь насанд хүрсэн хүн хамгаалж явна.

Гуравдугаарт, хүүхэд тээвэрлэх автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байх шаардлагатай.

Дөрөвдүгээрт, долоон нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хоригложээ.Тавд, 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана.

Өөрийн үйлдлийг хянахчадваргүй хөгжлийн бэрхшээлтэй хүнийг харгалзаххүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахыг хоригложээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аюул бэрхшээлгүй замын хөдөлгөөнд оролцох нөхцөлөөр хангах дүрэм. Нэгдүгээрт, харааны бэрхшээлтэй хүний цагаан таяг нь харанхуй үед гэрэл ойлгодог буюу гэрэлтдэг гадаргуутай байх шаардлагыг тусгажээ. Хоёрдугаарт, явган зорчигчийн гэрлэн дохио харааны бэрхшээлтэй хүмүүст явган хүний гарцын байршлыг мэдэгдэх нэмэгдэл дуут дохиотой байж болно.

Гуравдугаарт,“Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл нь замын хориглох тэмдгүүдийн 2.2 «Хөдөлгөөн хориотой», 2.3 «Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой», 2.28 «Удаан зогсох хориотой» тэмдгүүдийн үйлчлэлд хамаарахгүй.

Дөрөвт,“Сонсголын бэрхшээлтэй жолооч”-ийн таних тэмдгийн дүрсийг “цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээг зурна” өөрчлөхөөр болжээ Тавд, Өөрийн үйлдлийг хянах чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй /сэтгэцийн өвчтэй/ хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй.

Хот хоорондын болон аялал, жуулчлалаар явахавтобусан доторхсуудал бүрийг хамгаалахбүсээр тоноглосон байхшаардлагатай

Зорчигчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах шинэчилсэн дүрэм. Нэгдүгээрт,зогсож байгаа тээврийн хэрэгслээс зорчих хэсэг талд ачаа буулгах, ачих, тэр талын цонхоор биеэ болон бусад зүйл гаргахыг тээврийн хэрэгслээр зорчигчид хориглов.

Хоёрдугаарт, автобусаар зорчигчийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.

Гуравдугаарт, зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэхийг хориглосон байна.

Дөрөвдүгээрт, хот хоорондын болон аялал, жуулчлалаар явах автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байх шаардлагыг нэмжээ.Трактор болон өөрөө явдаг машин, механизмд зорчигч тээвэрлэхийг хориглолоо.

Тавдугаарт, жолоочийн өвөр дээр, эсвэл суудлын ба ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хоригложээ

Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглосон байна

Тээврийн хэрэгслийн хурдыг замын хөдөлгөөний шинэ дүрэмд дараах нэмэлт зүйлийг хориглосон байна. Нэгдүгээрт,Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа үйлчилгээний талбайд цагт 20 километрээс илүү хурдтай явахыг хоригложээ.

Хоёрдугаарт, “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглолоо. Зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл (дэнлүү) буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана” гэж заажээ.

Гуравдугаарт, “Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх”, “зам тээврийн осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай саатаж зогссон (зайлшгүй зогсолт хийсэн) жолоочийн дохиогоор зогсож, бололцоотой тусламж үзүүлэх” гэсэн заалтыг нийт жолоочид үүрэг болгожээ.

Дөрөвдүгээрт, Мопедын жолоочид хамгаалах малгай өмсөх, мөн хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байхыг үүрэг болгосон байна.

Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарахболомжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хоригложээ

Түгжрэлийг багасгах үүднээс шинэ замын хөдөлгөөнд дараах дүрмийг нэмэлтээр оруулсан байна. Нэгдүгээрт, суудлын таксинд нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрчээ.

Хоёрдугаарт, зарим уулзварт баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг байнгын нээлттэйгээр зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай болжээ.

Гуравдугаарт, эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна.

Тавдугаарт, нийтийн тээврийн автобус, троллейбуснууд буудлын талбай руугаа бүрэн гүйцэд орж зогсож байхыг үүрэг болгосон байна.

Зургадугаарт,Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хоригложээ.

Эдгээр Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхэд Улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардлагагүй юм байна.


Онцлох нийтлэлүүд