ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.06.15 11:06

Б.Мөнхмаа: Туркт аав, ээжийгээ дагаж очоод гурав, дөрвөн жил хичээл завсардсан хүүхдүүд ч байдаг


БНТУ-д 5000 гаруй монголчууд ажиллаж амьдардаг бол 400-гаад оюутан суралцдаг. Стамбулд монгол хүүхдүүдэд зориулсан бага сургууль үүдээ нээгээд гурав дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд хүүхдээ сургуульд сургах хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж. Тус сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг, БНТУ дахь “Монгол ахан дүүсийн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Мөнхмаатай ярилцлаа.


-Монголчууддаа зориулж сургууль нээсэн нь сайхан санагдлаа. Монгол хүүхдүүд олон байдаг уу?

-Манай 35-аас дээш насныхан гэр бүлээрээ Туркт ирж ажиллах нь их байдаг. Эсвэл дөнгөж сургууль төгссөн хүүхдүүд ирдэг. Монголчууд олноороо амьдарч байгаа болохоор тэднийхээ эрх ашгийг хамгаалах үүднээс “Ахан дүүсийн холбоо” төрийн бус байгууллагыг 2016 онд ерөнхий консул Э.Мөнх-Очирын дэмжлэгээр байгуулсан. Дэргэдээ “Дээж Монгол төв”-ийг байгуулан ажиллаж байна. Мөн “Дээж” нэртэй монгол хоолны газар ажиллуулдаг. Мөн “Билгүүн-Эрдэм” бага сургууль нээгээд гурван жил болж байна. Манайхаас гадна гурван ч монгол төв ажилладаг. Туркт аав, ээжийгээ даган очиж, амьдардаг 300 гаруй хүүхэд байдаг. Эцэг, эх нь оршин суух албан ёсны зөвшөөрөлгүй бол Туркийн улсын сургуульд хүүхдүүд нь сурах боломжгүй байдаг. Ийм байдлаар хүүхдүүд хичээл завсардах нь их байна. Бүр дөрвөн жил сургуульд суугаагүй хүүхдүүд ч байдаг. Тиймээс ямар ч байсан бага ангийн хүүхдүүдэд зориулсан сургууль нээе гэж бодоод ажиллаж эхэлсэн. Одоо сургууль маань 1-5 ангийн хоёр бүлэгтэй, нийт 45 хүүхэдтэй, гурван багш, нэг жолоочтой үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Монголын ерөнхий боловсролын сургуульд хэрэгжиж байгаа “Цөм” хөтөлбөрийн дагуу сургалтаа явуулдаг. Мөн хажуугаар нь монголчууддаа зориулж турк хэлний сургалт явуулдаг.

-Хичээлийн байраа түрээсэлдэг үү?

-Түрээсийн байранд ажилладаг. Бид хүүхдүүдээ өглөө очиж, аваад хичээл тарахаар гэрт нь хүргэж өгдөг. Өдрийн хоол ундтай. Хүүхдүүдийн хичээл 17 цагт тарахаар оюутнууд ирдэг.

-Бага сургууль албан ёсны зөвшөөрөлтэй юу?

-Бид БСШУЯ-наас албан ёсны зөвшөөрөл хүссэн ч татгалзсан хариу өгсөн нь асуудал болоод байна. Хэрэв манай сургуульд зөвшөөрөл өгөхгүй бол хүүхдүүд маань төгсөхдөө Боловсролын гэрчилгээгүй төгсөхдөө тулаад байгаа юм.

-Ямар шалтгаанаар зөвшөөрөл өгөхгүй гэсэн юм бол...

-Сургалт явуулах өөрийн гэсэн байртай байх ёстой, эсвэл тухайн байраа 20 жил түрээсэлсэн байх ёстой гэх мэт маш өндөр шалгуур тавьсан байсан. Бид одоо төрийн бус байгууллагынхаа хоёр өрөөг суллаад хичээлээ явуулж байгаа. Хүний газар өөрийн гэсэн байр худалдаж авах боломж бидэнд байхгүй. Гэхдээ нэг үнэн юм байгаа нь Турк улсад 5000 монгол хүн ажиллаж амьдарч байна. Аав, ээжтэйгээ хамт 300 гаруй сургуулийн насны хүүхэд байгаа нь үнэн. Энэ хүүхдүүд маань сургууль завсардаад яваад байх уу, эсвэл өөрсдийнхөө боломжоор сургалт явуулж байгаа сургалтын төвүүдээ дэмжээд ажиллах уу гэдэг асуудал байгаа юм. Хүүхдээ сургуульд өгөх эцэг, эхийн тоо нэмэгдэж байгаа ч бид байрны багтаамж, багшийн хүрэлцээ зэргээсээ шалтгаалж тэр бүр нэмж авах боломж муу байна. Үнэндээ хүүхдүүд ээж, аавыгаа ажилд явсан хойгуур гэртээ л цоожтой өнждөг. Зурагт үзэж, утас тоглоно. Манай сурагчид амралтын өдөр ч гэсэн сургуульдаа ирье гэдэг юм. БСШУЯ энэ асуудлыг дахин нягталж, бидэнд, энд байгаа монголчууддаа хэрэгтэй шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.

-Монголчууд Туркт албан ёсоор оршин суух зөвшөөрөл авахад хэцүү юу?

-Харьцангуй гайгүй. Бид монголчууддаа албан ёсоор оршин суух зөвшөөрөл авахад нь тусалж, бичиг баримтыг нь бүрдүүлж өгдөг. Одоо нэг үеэ бодвол манай төвийг маш олон хүн мэддэг болсон. Төвийн гурван утас тасралтгүй дуугарч байдаг. “Эмнэлэгт байна, ирж орчуулга хийж өгөөч”, “Цагдаагийн газар байна, туслаач” гэх мэт байнга л ажил ундарч байдаг юм. Тэр бүрт манайхөн өдөр шөнө гэлтгүй очиж чадах ядахаараа тусалдаг. Бид ашгийн төлөө ажилладаггүй, буяны байгууллага шиг л зүтгэж байна. Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа төлөө ажиллаж байгаа манайх шиг төв, төрийн бус байгууллагыг улс орон нь дэмжмээр санагддаг. Тухайн жилийнх нь ажлын тайланг шалгаж, үйл ажиллагааг нь үнэлж цэгнээд тодорхой төсөв мөнгө суулгаж өгвөл бидний ажил маш их дэм болно.

Д.ОЮУ

Онцлох нийтлэлүүд