ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.07.28 11:07

​Б.Нямдорж: Математикийг эхнээс нь зөв системтэйгээр заахгүй бол хүүхэд бодлого бодохоос залхдаг

Румын улсад болсон Олон улсын Математикийн 59 дүгээр олимпиадаас Монгол Улсын баг нэг мөнгө, таван хүрэл медаль хүртжээ. Уг олимпиад нь Румын улсын Клуж Напока хотод долдугаар сарын 4-14-ний өдрүүдэд болсон юм.Олон улсын математикийн олимпиадад манай улсаас “Олонлог” сургуулийн сурагч М.Лханаажав мөнгөн медаль, Нийслэлийн тэргүүний нэгдүгээр сургуулийн сурагч М.Өнөболд хүрэл медаль, Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч Х.Санжаахүү хүрэл медаль, “Шинэ Монгол” сургуулийн сурагч О.Мишээл хүрэл медаль, Нийслэлийн тэргүүний Нэгдүгээр сургуулийн сурагч Б.Батмэнд хүрэл медаль,“Орчлон” сургуулийн сурагч Б.Төрбат хүрэл медаль хүртсэн юм. Энэ нь Монгол Улсын хувьд Олон улсын математикийн олимпиадад гаргасан хамгийн өндөр амжилтад тооцогдож буй ажээ.Ингээд олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн М.Өнөболдын математикийн багш Б.Нямдоржтой ярилцлаа.

-Олон улсын математикийн олимпиад оролцсон зургаан хүүхэд бүгд медаль хүртсэн байна. Багшийн хувьд маш их баяртай байгаа байх. Өөрийн сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-Би М.Өнөболдод зургадугаар ангиас нь өдийг хүртэл математикийн хичээл заасан. Үндсэндээ дөрөв дэх жилдээ зааж байна гэсэн үг. Уг олимпиадад оролцоод амжилт гаргаад ирсэн хүүхдүүддээ баяр хүргэе. Энэ жилийн олон улсын математикийн олимпиадад аймаг, дүүргээс шигшигдсэн зургаан хүүхэд оролцоод ирлээ. Өмнө олон улсын олимпиадад явах хүүхдийг шалгаруулах шатлал нь арай өөр байсан юм. Өөрөөр хэлбэл Улсын олимпиадын өмнө ямар хүүхэд явахыг тодруулчихдаг байсан л даа. Харин энэ жилийн хувьд олон улсын олимпиадад явах хүүхдийг 2-3 удаа шалгаруулж байж энэ багийг бүрдүүлсэн. Одоогийн энэ туршлагаас харвал бага ангиасаа математикт бэлдээд түүндээ урам зориг авч, түүнийхээ шимийг мэдэрсэн хүүхэд дунд ангид ороод тэмцээнд сайн өрсөлдөж байгаа. Энэ нь математикийн бага ангийн олон улсын олимпиад зохиогддог болсонтой холбоотой болов уу. Үүнд манай улс оролцдог болоод арван жил болж байна. Энэ олимпиадад оролцохын тулд хүүхдүүд үеийнхээ хүүхдүүдтэй өөрсдийгөө харьцуулж өрсөлдөх чадвараа сайжруулж байна. Иймээс сүүлийн үед улсаа төлөөлөн тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн амжилт өндөр байгаа. Энэ жил гэхэд 9,10 дугаар ангийн сурагчид, ахлах анги буюу 11,12 дугаар ангийн олимпиадад дэвшиж өрсөлдөөд амжилт гаргасан маш олон тохиолдол байна. Хэрвээ хүүхэд бага ангиасаа үнэхээр сонирхоод хичээллэсэн тохиолдолд амжилт гаргах боломжтой гэдгийг баталж байгаа юм.

-Багаасаа математикийг гүнзгийрүүлж үзсэн хүүхэд дунд ангид орохоороо залхаж, сонирхолгүй болдог гэж эцэг, эхчүүд ярьдаг?

-Энэ бол зөвхөн хүүхдийг хэр хөгжүүлж байна вэ гэдгээс шалтгаална л даа. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний мэдлэгийг пирамидтай зүйрлэж болно. Харин математикийн шинжлэх ухаан бол уруугаа харсан пирамид. Энэ салбарын онцлогийг эхнээс нь зөв системээр заагаагүйгээс хэрэгтэй, хэрэггүй томьёон дунд хүүхдийн толгой нь эргэдэг. Тэгээд математикийн хичээлдээ дургүй болж хоцордог. Түүнчлэн хоцорсон хичээлээ нөхөж үзэхэд хүнд болно. Яагаад гэвэл хялбараасаа хүндэрч явдаг учир системтэй хичээллэхгүй бол юу ч биш болж хувирна. Ялангуяа хүүхдүүд байнга шинэ сонирхолтой бодлого шинэ гарц гаргалгаа тавиад байх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд хүүхэд математикаас залхахгүй. Зөвхөн нэг төрлийн бодлогыг олон дахин бодохоор уйдаж, залхдаг. Мөн хүүхдийн насанд тохирсон бодлого бодуулах, тухайн хүүхдийн сурах арга барилын олж хичээллүүлэх хэрэгтэй. Математик хүүхдийн оюун ухааныг тэлж өгдөг. Математикийн бодлогууд маш баялаг, иймд хүүхэд багаасаа бодлого бодсоноос болж залхдаг гэдэг нь өрөөсгөл ойлголт л доо.

Математикийн ухаанд суралцсан хүн бүр тоо боддог хүн болно гэсэн үг биш. Гагцхүү сайн хуульч, эдийн засагч, эмч болохын тулд математикийн суурь боловсрол эзэмшсэн байх ёстой. Математикч болох, математикийн суурь боловсрол эзэмших хоёрыг л ялгаж салгадаг байх хэрэгтэй. Математикийн боловсролыг гурван түвшинд хувааж үзмээр санагддаг. Нэгдүгээрт, математикийн дунд түвшний мэдлэгтэй байх. Энэ нь малчин, ажилчин хэнд ч болов амьдрал ахуйд нь алхам тутамд хэрэг болно. Хоёрт, бакалаврын боловсрол авч байхдаа математикийг заавал судлах ёстой. Тухайн оюутан эдийн засагч, улстөрч, хуульч, сэтгүүлч, эмч гээд ямар ч мэргэжлээр суралцаж байсан математикийн хичээлийг орхиж болохгүй. Дараагийн шатанд элсэн сурах, мэргэжлээрээ ажиллахад хэрэглээний математик алхам бүрт хэрэг болно. Дэлхийн шилдэг арван мэргэжлийн жагсаалтыг математикч тэргүүлж байна шүү дээ. Гуравдугаарт, энэ түвшин бол мэдээж мэргэжлийн математикчийн хэмжээнд хүрэх. Энэ чиглэлээр судалгаа хийдэг, улс орны стратегийн ач холбогдолтой үнэлгээг захиалгаар хийх, аливаа улсын үнэт капитал болох хэмжээнд хүрнэ гэсэн үг. Аливаа улс эдийн засгийн эрсдэлийн тооцооллыг хийдэг мэргэжлийн математикчтай байдаг.

-Зарим эцэг эхчүүд хүүхдээ, эсвэл хүүхэд өөрийгөө толгой муутай, тоо бодох авьяасгүй гэж дүгнэдэг. Тоо бодоход авьяас чухал уу?

-Толгой муутай, тоо бодож чадахгүй гэх ойлголт буруу. Дэлхийд алдартай, хүлээн зөвшөөрөгдсөн математикч болоход авьяас, аз, хөдөлмөр гурав хэрэгтэй. Энэ бол тусгай асуудал. Бусад тохиолдолд их, дээд сургуулийн математикийн багш болох боломж хүн бүрт бий. Тоо бодох чадваргүй, толгой муутай хүн гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүн байгалиас заяасан нөөц бололцоо байдаг.

-Математикийн хичээлээр хичээллэсний ач холбогдол юу байна?

-Математик бол бусад шинжлэх ухааны суурь шинжлэх ухаан. Сайн хуульч, эдийн засагч, эмч болохын тулд математикийн суурь боловсрол эзэмшсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл аливаа шинжлэх ухааны ямар нэг судлагдахууныг гүнзгийрүүлэн судлахаар түүний цаана математикийн тооцоолол гарч ирдэг. Математикийг судлаад, шинжилсэн хүн бусад өөр төрлийн шинжлэх ухааны судалгаа хийхэд ямар нэгэн хүндрэл гардаггүй. Хийж буй ажилдаа эзэн болно гэсэн үг л дээ. Мөн ямар нэгэн асуудал тулгарлаа гэхэд түүнээс гарах ямар боломж байна, аль нь илүү оновчтой байж болох вэ гэх дүгнэлтийг хийх чадвар хүүхэд сууж өгдөг.

-Математикийн шинжлэх ухаан манай улсад хөгжихөд ямар асуудал тулгардаг вэ?

-Суурь үндсэн таван шинжлэх ухаан байгаа. Энэ таван төрлийн шинжлэх ухааны хичээл Ерөнхий боловсролын сургуульд ордог. Уг хичээлүүдэд зохиогдох олон улсын олимпиадад явах хүүхдүүдийг замын зардлаар хангаж өгдөг. Харин бусад улс орны хувьд тухайн хүүхдийг хаана байрлуулах уу, ямар багшаар хичээл заалгаж бэлдүүлэх вэ, тухайн хүүхэд сургуулиа төгсөөд ямар их сургуульд орох зэрэгт хөтөлбөр боловсруулсан байдаг. Бүр тухайн хүүхдүүдийн хийх дараагийн ажил нь тодорхой байдаг. Гэтэл манай улсад одоогийн байдлаар математикийг хөгжүүлье гэсэн цөөн тооны багш мэргэжилтнүүд, үүгээр хүүхдээ сургая гэсэн эцэг, эхчүүдийн үйл ажиллагаанд үндэслэн явж байна.

-Математикаар гүнзгийрүүлж хичээллэх сонирхолтой хүүхэд хэр их байгаа бол?

-Эцэг, эхчүүдийн санхүүгийн боломж бололцооноос хүүхэд математикаар гүнзгийрүүлж хичээллэх нь шалтгаалдаг. Манай улсад бага ангийн математикийн сургалтаараа хувийн сургуулиуд хүчирхэг байр суурь эзэлж байгаа. Тодруулбал, Олонлог, Сант, Номуун гэх мэт. Энэ сургуулиудад хүүхдээ явуулмаар байгаа ч эцэг, эхчүүд санхүүгийн боломж муутай байна. Иймээс үүнд төрөөс зөв бодлого барьж, хувийн сургуульд хэрэгжиж буй системийг улсын ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлмээр байна. Учир нь энгийн сургалтаар явсан хүүхдүүд багаасаа гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сурсан хүүхдийг гүйцнэ гэдэг хэцүү. Төр математикийн хичээл сонирхдог хүүхдүүдийг ямар байдлаар хөгжүүлэх вэ гэдэгт бодлого барих шаардлагатай байгаа юм. Математикийг гүнзгийрүүлэн сурах сонирхолтой маш олон хүүхэд байгаа.

Румын улсад болсон математикийн олон улсын олимпиадаас хүрэл медаль хүртсэн Нийслэлийн тэргүүний Нэгдүгээр сургуулийн 10г ангийн сурагч Б.Батмэндээс зарим зүйлийг тодрууллаа.

-Олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Тухайн үеийн баярт мөчөөсөө хуваалцаач?

-Би өмнө энэ тэмцээнд оролцож байсан. Тухайн үед их сандарсан. Харин энэ жил сэтгэл зүйн хувьд асар их бэлтгэлтэй орсон болохоор сандраагүй. Улс эх орноосоо мөнгө гаргуулаад тэмцээнд орохоор явчихаад, медальгүй ирэх урамгүй байдаг. Энэ удаад сэтгэл хангалуун ирсэн.Мөн тэмцээнд их оролцох тусам туршлагатай болдог юм байна лээ. Сая тэмцээнд явж ирээд дэлхий ямар том бэ гэдгийг ойлгосон. Одоо надад олон улсын математикийн олимпиадад оролцох хоёр л жилийн хугацаа байна. Цаашдаа сайн хичээллэж байгаад үлдсэн хоёр жилийн хугацаандаа олон улсын математикийн олимпиадаас алт авна гэсэн зорилготой байна даа.

-Математикийг хэддүгээр ангиасаа гүнзгийрүүлж судалж эхлэв. Ер нь математикийн хичээлийг гүнзгийрүүлж үзсэнээр чамд үлдэж буй үр шим нь юу байна?

-Хоёрдугаар ангиасаа эхлэн математикийг гүнзгийрүүлж үзэж эхэлсэн. Математикийн суурьтай болохоор надад бусад хичээлийг хийхэд амархан санагддаг. Мөн бодлого бодохын тулд маш олон талаас нь харж, яг ямар аргаар бодох вэ гэдэгт байнга анализ хийж байдаг. Энэ нь өөрийн гаргах шийдвэртээ үнэлэлт, дүгнэлт өгөхөд хэрэг болдог. Түүнчлэн сониуч, бүтээлч болчихдог юм байна лээ.

-Математикийн шинжлэх ухаанаар шимтэн хичээллэхэд хэн нөлөөлсөн юм бол?

-Ах нар маань намайг математикаар хичээллэхэд их нөлөөлсөн. Би дээрээ хоёр ахтай. Хоёр ах маань улсын математикийн олимпиадын улсын аваргаас удаа дараа алтан медаль хүртэж байсан. Намайг ийм зөв зам руу оруулсан, байнга дэмждэг гэр бүлийнхэн, багш нартаа баярлалаа. Би багадаа математикт дургүй байсан. Гэтэл өнөөдөр миний хувьд бодлого бодох хобби болоод байгаа.

Ер нь чөлөөт цаг гарсан үедээ юу хийх дуртай вэ?

-Тоо бодсон үед маш олон цагийн турш хөдөлгөөнгүй төвлөрөөд суух хэрэгтэй болдог. Өдөр бүр 6-8 цаг хичээллэдэг учраас их ядардаг. Бас олон цаг суудаг болохоор бие буруу хөгжих гээд байдаг. Иймээс хөдөлгөөн их шаардсан спортоор хичээллэж өөрийнхөө биеийг зөв хөгжүүлэхийг хичээдэг. Чөлөөт цагаараа сагс, гар бөмбөг, шатар тоглож толгойгоо амраана. Бас би гитар тоглож сурч байгаа.


Онцлох нийтлэлүүд