ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2014.06.02 08:06

Б.Обама Европт айлчилж, ОХУ-ын эсрэг байр суурийг улам бэхжүүлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама энэ сарын 3-ны өдрөөс эхлэн Европын гурван улсад айлчилна. Тэдгээр улс болон Европын бусад улсад Украины асуудалтай холбогдуулан Оросыг шахах бодлогоо үргэлжүүлэхийг шаардах болно гэж “AP” агентлаг мэдээлэв.
 Ерөнхийлөгч Б.Обама Польш, Бельгид айлчилсны дараа Брюссель хотноо болох "Их 7"-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоод, дараагаар Парист очиж Францын Ерөнхийлөгч Ф. Олландтай уулзах юм. ОХУ Украины хилээс цэргээ татсан боловч Украины зүүн нутагт хүчирхийлэл үргэлжилж байгаа үед шинээр сонгогдсон П.Порошенко нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй үед Б.Обамагийн Европ дахь айлчлал болж байгаа нь онцлог юм. Украины асуудалд зарим нэг ахиц гарсан боловч, ОХУ нөхцөл байдлыг намжаах ямар нэг арга хэмжээ авахгүй байна гэж АНУ үзэж байгаа билээ. Брюсселийн "Их-7"-гийн уулзалт бол Украины асуудлаар Сочигийн "Их-8"-ын уулзалтыг цуцлан Оросоос бусад долоон улсын зохион байгуулж буй дээд хэмжээний уулзалт юм. Б.Обама энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар Европын орнууд ОХУ-ын талаар нэгдсэн байр суурьтай байгаасай гэж найдаж байгаа. Түүнчлэн "Их-7"-гийн уулзалтаар Европыг Оросын байгалийн хийн хараат байдлаас ангижруулах арга зам болон Орост авах нэмэлт хориг арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэх бололтой. АНУ, Европын Холбоо өнгөрсөн хугацаанд Оросын пүүс компани, Ерөнхийлөгч В.Путины хүрээлэлд хориг арга хэмжээ авч ирсэн бөгөөд цаашид тус улсын эдийн засгийн гол цөмд илүү чиглэсэн хориг арга хэмжээ авна хэмээн сүрдүүлэх болсон. Гэхдээ ОХУ-тай эдийн засгийн салшгүй нарийн харилцаатай Европын орнууд Оросын эдийн засгийн цөмд чиглэсэн хориг арга хэмжээ авах тал дээр маш хянамгай хандаж байгаагийн дээр Украины асуудлаар зарим нэг ахиц гарах төлөв ажиглагдаж ирсэн тул Б.Обама тэднээр нэмэлт хориг арга хэмжээ авахуулах тийм ч амаргүй байх болов уу. Б.Обама "Их-7"-гийн уулзалтын дараа Францад айлчлаад дараа нь Нормандын газардах ажиллагааны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцоно. Харин уг арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Европын бусад орны төрийн тэргүүний хамт оролцох гэж байгаа нь Европ ОХУ-ыг ганцаардуулж байгаа эсэхэд Б.Обамаг эргэлзэхэд хүргэж байгаа юм. Цагаан ордноос мэдээлж буйгаар, В.Обама, В.Путин нар Нормандын газардах ажиллагааны 70 жилийн ойн арга хэмжээний үеэр болох хүндэтгэлийн үйл ажиллагаануудад хамт оролцох боловч тусдаа уулзахгүй аж. В.Путиныг хүндэтгэлийн арга хэмжээнд урьсан нь Европын орнууд болон ОХУ-ын харилцаа сэргэснийг илтгэхгүй гэж Цагаан ордныхон үзэж байгаа юм.

Онцлох нийтлэлүүд