ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2017.01.12 05:01

Б.Обама Ерөнхийлөгчийн хувьд сүүлийн үгээ хэлэхдээ найман жилд хийсэн томоохон амжилтаа дурдлаа

Энэ сарын 20-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп тангараг өргөж албан ажлаа хүлээн авах юм. Харин өчигдөр Америкийн төрийн тэргүүн Б.Обама хамгийн сүүлчийн удаа олны өмнө гарч үг хэллээ. Тэрээр улс төрийн гараагаа эхэлсэн Чикагод хотод Ерөнхийлөгчийн хувьд хамгийн сүүлчийн удаа үг хэлэхээр очсон байна. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн хувьд хэрхэн ажилласан талаараа ярихдаа “Одоогоос найман жилийн өмнө Куба улстай харилцаагаа сайжруулж, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг нэг ч удаа буун дуу гаргалгүй шийдэж, есдүгээр сарын 11-ний өдөр аймшигт халдлага үйлдсэн хүмүүсийг дарж чадна гэж хэлсэн бол та бүхэн хэтэрхий их хөөрцөглөж байна гэх байсан. Гэвч бид энэ бүхнийг хийж чадсан” гэжээ.

Б.Обама найман жил төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа гадаад харилцаанд томоохон ахиц дэвшил гарсан билээ. Түүний нэг нь яах аргагүй олон жилийн туршид ямар ч харилцаагүй байсан Куба улстай АНУ нь дипломат харилцаагаа сэргээсэн явдал юм. Түүнээс гадна олон жил үргэлжилсэн Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар зөвшилцөлд хүрч шийдсэн билээ. АНУ нь дэлхий дэх нөлөөгөөрөө өрсөлдөгч ОХУ, БНХАУ хоёроос хавьгүй илүү хэвээр байгаа гэдгийг Б.Обама сануулсан байна. Куба арал дээр байсан Гуантанамо шоронг хаах шийдвэр гаргаж, гадаадаас газрын тосны хувьд хараат байсныг болиулсан явдал түүний гадаадын бодлогын салбарт гаргасан амжилтууд юм. 2011 онд АНУ-ын эрх баригчид тусгай ажиллагаа зохион байгуулсны хүчээр Пакистанд орогнож байсан “Аль-Каида” бүлгийн толгойлогч Бин Ладеныг устгаж чадсан. Энэ нь терроризмтэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ираны эрх баригчдын хүсэлтээр Иракаас цэргээ гаргаж, мөн Америкийн цэргүүд Афганистаныг орхисон билээ.

Б.Обама төрийн тэргүүний албыг хашиж байхдаа улс орондоо ямар бодлого амжилттай хэрэгжүүлснээ ч дурдав. Түүний хэрэгжүүлсэн эрүүл мэндийн салбар дахь шинэчлэлийг олон улстөрч эсэргүүцэж байсан. Гэвч тууштайгаар хэрэгжүүлсний ачаар 20 сая иргэнээ эмнэлгийн үйлчилгээнд хамруулах боломж олгосон юм. Арьсны өнгөөр ялгаварлан үзэх явдал бүрэн арилаагүй хэдий ч энэ чиглэлээр дэвшил гаргасныг дурдав. Түүнээс гадна иргэний эрхийг дээдлэх асуудал дээр томоохон дэвшил гаргасан нь ижил хүйстнүүдэд гэр бүл болохыг зөвшөөрсөн явдал болохыг онцолжээ.

Б.Обама ийнхүү Ерөнхийлөгчийн хувьд хамгийн сүүлчийн удаа ард иргэддээ хандан үг хэлэхдээ хувийн амжилтынхаа талаар дурдаагүй юм. Гэвч түүнийг нь дурдах нь зүйтэй. Тэрээр Б.Обама АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны хар арьстан билээ. Тэрээр хоёр дахь удаагаа нэр дэвшиж 51 хувийн саналаар ялалт байгуулахдаа сонгуулийн сурталчилгаандаа хамгийн их хандив цуглуулсан билээ. Мөн төрийн тэргүүн байхдаа Нобелийн энхтайвны шагналыг хүртсэн юм.



Ю.ДЭЛГЭР

Онцлох нийтлэлүүд